Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/913

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,

улсын яллагч А.Марал,

хохирогч ,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бат-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403005770785 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1954 оны 4 дүгээр сарын 05-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 70 настай, эрэгтэй, дээд боловсролтой, команд штабын мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 2*******, *******ын *******ны  *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ХД*******/, ******* овогт *******ын *******.

       Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 15 цаг 27 минутын орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх нялхсын эмнэлгийн урд талын уулзвар замд “Toyota Aqua” маркийн УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрөө тэтгэврийн хүн. Үр хүүхдүүдтэйгээ ярьж байгаад энэ хүний хохирлыг төлнө л гэж бодож байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ “ Би эрүүл мэндийн хувьд байнгын эмнэлгийн хяналтад байдаг болсон. Эмчилгээ цаашдаа хийлгэхээр болсон. 12 сард дахиж эмнэлэгт хэвтэнэ. Би группэд байдаг. Энэ хэргээс болоод бие маань улам өвддөг болсон. Байнга эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болсон. Дараа нь дахиад юу илэрч өвдөхийг би мэдэхгүй байна. Би цайны газарт ажилладаг байсан. Ажлаа хийж яваад машинд мөргүүлсэн. Маш их гомдолтой байна. Яагаад ийм хариуцлагагүй байдаг юм бэ гэж бодож байна.  Одоо тархины цус хуралттай холбоотойгоор цус хуралтыг шимэгддэг эмчилгээ хийгдэж байгаа. Сүүлд эмнэлэгт үзүүлэхэд тархины хавантай байна гэж байсан. Би бие болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байгаа. Би өдрийн 50.000 төгрөгөөр цайны газарт ажиллаж байсан. Нийгмийн даатгал төлдөггүй, цалингаа бэлнээр болон дансаар авдаг байсан. Миний хохирлыг хурдан барагдуулж өгнө үү л гэж хүсэх байна.” гэв.

Хоёр: Эрүүгийн 2403005770785  дугаартай хэргээс.

1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал)

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-09 дэх тал)

3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “******* нь 0.00 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн хохирогчоор өгсөн: “Би Гурван-э нэртэй цайны газар ажилладаг байсан юм. Тэр өдөр хүргэлтийн хоол хүргэж өгөхөөр ажлаасаа гараад 1000 нэрийн барааны дэлгүүрт хоол хүргэж өгөөд буцаад ажил руугаа явж байгаад явган хүний гарц дээр машинд мөргүүлчихсэн. Зам түгжрээгүй чөлөөтэй байсан. Би гарцаараа гарч байсан. Намайг зам хөндлөн гарах гэж байхад эхний хоёр машин зам тавьж өгсөн. Тэгэхээр нь би зам хөндлөн гарч байхад саарал өнгийн машин ирж мөргөж газар унагаасан. Эхний хоёр машин зам тавьж өгсөн, тэгтэл 3 дугаар эгнээгээр явж байсан машин ирж намайг мөргөсөн. 1000 нэрийн барааны дэлгүүр ороод ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зам хөндлөн гарч байсан. Ямар нэгэн эд зүйл эвдэрч гэмтээгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй. Зам тээврийн ослын улмаас эмчилгээний зардал болон ажилгүй байсан үеийн цалинг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар ямар нэгэн хохирол барагдуулаагүй байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад -ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Баянгол дүүрэг 17 дугаар хороо, Эх нялхсын урд уулзвар замд 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 15 цаг 27 минутын орчимд “Toyota Aqua” маркийн УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч явган зорчигч ийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас нь 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.639.320 төгрөг гарсныг *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал)

6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 10331 дугаартай “ийн биед зүүн зулай яснаас чамархай яс, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, их тархины зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал)

7. “Автотээврийн үндэсний төв” Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 404 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 69-72 дахь тал)

8. 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан мөрдөгчийн 1605 дугаартай магадлагаа “...Явган зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. “Тоуоta Aquaмаркийн УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал)

9. Хохирогч ийн өвчний түүх болон хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 25-34, 63-65 дахь тал)

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн яллагдагчаар өгсөн: “Би тэр өдөр өөрийн эзэмшлийн “Тоуоta Aqua” маркийн УАУ улсын дугаартай машинтай Од кино театрын зүүн талын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байхад миний баруун гар талаас явган хүн гарч ирээд миний урдуур яваад би машиныхаа урд хэсгээр шүргэхэд тэр хүн зүүн гараараа цохиж унасан.  Намайг 3 дугаар эгнээнд явж байхад тэр хүн явган хүний гарцаар гарч байсан. Би гарцын өмнө хурдаа хасаж орж ирсэн хурд багатай явсан. Би машиныхаа зүүн урд хэсгээр шүргэсэн. Би машинаасаа буугаад харахад эмэгтэй хүн байсан. Замын боржур дээр хэвтчихсэн гараас нь цус гарч байсан. Эмнэлгийн яаралтай түргэн тусламж дуудаж үзүүлээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн дахь тал)

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал) жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн  59 дэх тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хэрэгт авагдсан баримтуудаар ******* нь 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 15 цаг 27 минутын орчимд Баянгол дүүрэг 17 дүгээр хороо Эх нялхсын урд уулзвар замд “Toyota Aqua” маркийн УАУ улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган хүний гарцаар гарч байсан ийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 16. Явган хүний гарц нэвтрэх, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж мөргөсний улмаас хохирогч ийн эрүүл мэндэд нь зүүн зулай яснаас чамархай яс, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, их тархины зүүн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учирсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-09 дэх тал), Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал), ийн хохирогчоор өгсөн: “...Намайг зам хөндлөн гарах гэж байхад эхний хоёр машин зам тавьж өгсөн тэгэхээр нь би зам хөндлөн гарч байхад саарал өнгийн машин ирж мөргөж газар унагаасан. Эхний хоёр машин зам тавьж өгсөн 3 дугаар эгнээгээр явж байхад машин ирж мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), -ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 10331 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал), “Автотээврийн үндэсний төв” Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 404 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 69-72 дахь тал), 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1605 дугаартай мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 ******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 16. Явган хүний гарц нэвтрэх, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч ийн биед учирсан хүнд гэмтэл бүхий эрүүл мэндийн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хохирогч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх нийт 295.350 төгрөгийн  баримтууд хавтаст хэрэгт хавсаргуулжээ. (хавтаст хэргийн 63-65 дахь тал)-д авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн шинээр гаргаж өгсөн хавтаст хэргийн 108 дахь талд авагдсан баримтаар шүүгдэгч ******* нь хохирогч ийн данс руу 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 295.350 төгрөгийг шилжүүлсэн байна.

Мөн хавтаст хэргийн 52, 107 дахь талд авагдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлүүлсэн нийт 1.639.320 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн сан банк дахь дугаарын данс руу шилжүүлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй байна.

Хохирогчоос ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой хавтаст хэргийн 98 дахь талд авагдсан “BAMH” Co, LTD гэсэн албан баланктай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өргөдөл гаргах нь гэж хаяглагдсан он, сар, дугааргүй “ овогт /УК/” гэж бичигдсэн хууль заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтаар хохирогч ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхив.

Иймд хохирогч нь цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчид тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.

Сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ болох 19.800.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч т олгохоор шийдвэрлэв.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын  хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Улсын яллагчаас гаргасан зорчих эрийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй байна. Учир нь миний үйлчлүүлэгч нь байнгын эмнэлгийн хяналтад үзүүлдэг эрүүл мэндийн шалтгаантай.  Мөн сэтгэцэд учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хохирол хор уршгийн шинж чанар болон хувийн байдалд хамаарах насны байдал (70 настай) зэрэг байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний жолооны  үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                  

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар  *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /гурав/ 03 жилийн хугацаагаар  хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

4Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар *******аас сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 19.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч т олгосугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй болохыг дурдсугай.

9. Хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний жолооны  үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ