Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2021/01042

 

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2021/01042

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, ... тоот хаягт оршин байх, Н.Г.Т ХХК /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин байх, Г.П ХХК /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Б-ын З /РД: .../ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 39,275,357 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Г.Т ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонгын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Г.П ХХК-тай харилцагчийн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу зарлагын баримтаар бараа нийлүүлж ажилладаг байсан. Эдгээр бараанд тос, шампунь, саван, живх, өрмөнцөр, шоколад, жигнэмэг зэрэг бүтээгдэхүүнийг Г.П ХХК нь манай компаниас худалдан авдаг байсан бөгөөд Г.П ХХК-д зах зээлийн борлуулалтын үнээс 20 хувийн хөнгөлөлттэйгөөр нийлүүлдэг байсан. Хариуцагч Г.П ХХК-д нийлүүлсэн барааны үнээс 20 хувийн хөнгөлөлтөө хасаж нийт 25,214,479 төгрөг болсон бөгөөд одоог хүртэл уг төлбөрийг хариуцагч нь төлөөгүй байна. Энэхүү мөнгөө өгнө гэж 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, 2 компанийн захирлууд гарын үсгээ зурсан. Худалдах, худалдан авах гэрээний 6.1, 6.2-т гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алданги нэхэмжлэх эрхтэй гэж тохиролцсон байдаг. Иймд Г.П ХХК-иас гэрээний үүрэгт 25,214,479 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 12,607,239 төгрөг, нийт 37,821,718 төгрөгийг Г.П ХХК-иас гаргуулж өгнө үү. Мөн Б.З нь Н.Г.Т ХХК-иас компанийнхаа хувиар биш иргэнийхээ хувиар бараа худалдаж авсан байдаг бөгөөд уг барааны үнийн дүн нь 1,453,639 төгрөг болсон, уг төлбөрийг мөн Б.З нь төлөөгүй байгаа түүнээс 1,453,639 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуугийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Г.П ХХК болон Н.Г.Т ХХК нар нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр тооцоо нийлсэн гэж ярьдаг боловч 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр гэх огноо байдаггүй. Г.П ХХК-ийн захирал Б.З нь 1,453,639 төгрөгийн барааг компанийнхаа нэр дээр авсан, тооцоог нийлэхдээ тамгаа мартсан байсан учир тамгаа дараагүй гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Б.Зоос 1,453,639 төгрөгийг нэхэмжлэхдээ ямар гэрээний үндсэн дээр уг мөнгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Б.З нь уг тооцоо нийлсэн 2 акт нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр тооцоо нийлсэн гэж үзэж байгаа юм. Мөн Г.П ХХК-ийн захирал Б.Зт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 дугаар зүйлийн 20.16.1-т заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт 2019 оноос мөрдөн байцаах ажиллагаа явагдаж, 2020 оны 01 дүгээр сард шийтгэх тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Амгалангийн 419 дүгээр хорих ангид ял эдэлж байсан. Г.П ХХК-ийн үйл ажиллагааг Б.З  нь өөрөө удирдан явуулдаг байсан бөгөөд Б.Зийг ял эдэлж байх хугацаанд нь тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах боломж байгаагүй юм. Учир нь Б.Зийн эхнэр нь нөхөр нь ял эдэлж байсан тул өөрөө 2 хүүхдээ харах ёстой байсан болохоор уг барааг мөн борлуулах боломж байгаагүй. Яармагт байрлах агуулахад уг барааг хадгалж байсан бөгөөд одоо хугацаа нь дууссан. Г.П ХХК-ийн захирал Б.З нь Н.Г.Т ХХК-ийн захирлын эхнэр Эрдэнэтуяа гэх хүнтэй 2 автомашины төлбөр дээр уг гэрээний төлбөрийг тохиролцсон байдаг бөгөөд үүнийг нотлох баримт байхгүй байгаа учир нотолж чадахгүй байгаа юм. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч “Ньюгранд трейдинг” ХХК нь хариуцагч Г.П ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 37,821,718 төгрөг, хариуцагч Б.Зт холбогдуулан гэрээний үүрэгт 1,453,639 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг хариуцагч нар “... иргэн Б.Зоос ямар гэрээний үндсэн дээр төлбөр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Б.З нь 1,453,639 төгрөгийн барааг компанийнхаа нэр дээр авсан, тухайн өдөр компанийн тамгаа мартсан тул дарж чадаагүй. Мөн 2019 оноос Б.З нь эрүүгийн хэрэгт мөрдөгдөж, ял эдэлсний улмаас авсан бараагаа борлуулж чадаагүй агуулахад хадгалж байгаад хугацааг нь дуусгасан” гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Г.П ХХК-тай харилцагчийн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тос, шампунь, саван, живх, өрмөнцөр, шоколад, жигнэмэг зэрэг 25,214,479 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг Г.П ХХК-д худалдсан, мөн өдөр хариуцагч Б.Зтой гэрээ байгуулж 1,453,639 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдсан ба зохигчдын хооронд хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Г.П ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу зарлагын баримтаар бараа нийлүүлж ажилладаг байсан. Эдгээр бараанд тос, шампунь, саван, живх, өрмөнцөр, шоколад, жигнэмэг зэрэг бүтээгдэхүүнийг Г.П ХХК нь манай компаниас худалдан авдаг байсан бөгөөд Г.П ХХК-д зах зээлийн борлуулалтын үнээс 20 хувийн хөнгөлөлттэйгээр нийлүүлдэг байсан. Хариуцагч Г.П ХХК-д нийлүүлсэн барааны үнээс 20 хувийн хөнгөлөлтөө хасаж нийт тооцооны үлдэгдэл 25,214,479 төгрөг болсон бөгөөд одоог хүртэл уг төлбөрийг хариуцагч нь төлөөгүй байна. Энэхүү мөнгөө өгнө гэж 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, 2 компанийн захирлууд гарын үсгээ зурсан. Худалдах, худалдан авах гэрээний 6.1, 6.2-т гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алданги нэхэмжлэх эрхтэй гэж тохиролцсон байдаг” гэснийг  хариуцагч нар “... иргэн Б.Зоос ямар гэрээний үндсэн дээр төлбөр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Б.З нь 1,453,639 төгрөгийн барааг компанийнхаа нэр дээр авсан, тухайн өдөр компанийн тамгаа мартсан тул дарж чадаагүй. Мөн 2019 оноос Б.З нь эрүүгийн хэрэгт мөрдөгдөж, ял эдэлсний улмаас авсан бараагаа борлуулж чадаагүй агуулахад хадгалж байгаад хугацааг нь дуусгасан” гэж маргажээ.

 

Талуудын дээрх тайлбараас үзэхэд хариуцагч Г.П ХХК нь нэхэмжлэгчээс 25,214,479 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн худалдан авсан болохоо зөвшөөрсөн, мөн хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч Н.Г.Т ХХК, хариуцагч Г.П ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Харилцагчийн худалдах, худалдан авах гэрээ, мөн 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хоорондын тооцооны үлдэгдэл баталгаажуулах баримтаар дээрх бараа бүтээгдэхүүнийг худалдсан нь тогтоогдож байна. Харин хариуцагч Б.З нь 1,453,639 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг худалдаж авсан болох нь хариуцагч Б.Зийн 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдөр нэхэмжлэгч Н.Г.Т ХХК-тай байгуулсан Хоорондын тооцооны үлдэлдэл баталгаажуулсан баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Н.Г.Т ХХК, хариуцагч Г.П ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Харилцагчийн худалдах, худалдан авах гэрээний 6.1-д “Худалдан авагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө” гэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж зааснаар хариуцагч нь алданги төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь хугацааны хэтрүүлсэн алдангид 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 12,607,239 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасантай нийцжээ.

 

Иймд хариуцагч Г.П ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 25,214,479 төгрөг, алдангид 12,607,239 төгрөг, нийт 37,821,718 төгрөг, хариуцагч Б.Зоос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,453,639 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.Г.Т ХХК-иад олгохоор шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Г.П ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 25,214,479 төгрөг, алдангид 12,607,239 төгрөг, нийт 37,821,718 төгрөг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Зоос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,453,639 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Г.Т ХХК-иад олгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,327 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 347,059 төгрөг, хариуцагч Б.Зоос 38,208 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР