| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/02837/И |
| Дугаар | 102/ШШ2020/02966 |
| Огноо | 2020-10-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2020/02966
| 2020 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2020/02966 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоотод оршин байх, Ш сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, Б овогт ***ын Т /РД:***/-д холбогдох,
Сууц өмчлөгчийн холбооны төлбөрт 461,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А , хариуцагч Д.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш сууц өмчлөгчдийн холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус сууц өмчлөгчдийн холбоо нь 2005 онд байгуулагдаж, үйл ажиллагаа эрхлэх тухай Баянгол дүүргийн засаг даргын 59 дугаартай гэрчилгээтэй. Харьяа орон сууцнуудын орц, хонгил, талбайн гэрэлтүүлгийг хамгаалах, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах, оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн ханган ажиллаж байна. Манай холбоонд тус хорооны 12 дугаар байрны 6 дугаар орцны 197 тоотод оршин суух Д.Т нь 2018 оны 4-өөс 12 дугаар сарын 153,900 төгрөг, 2019 оны 1-ээс 12 дугаар сарын 205,200 төгрөг, 2020 оны 1-ээс 6 дугаар сарын төлбөр 102,600 төгрөг, нийт 461,700 төгрөгийг төлөөгүй байна. Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэх тухай мэдэгдлийг үл тоон, нийт оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байгаа нь холбооны хэвийн үйл ажиллагааг доголдох үндэслэл болоод байна. Манай холбоо нь 1 айлаас сард засварт 4,000 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээнд 4,000 төгрөг, лифт 6,000 төгрөг, хогны төлбөрт 3,000 төгрөг, баримтны 100 төгрөг, нийт 17,000 төгрөг авдаг. Иймд хариуцагч Д.Т аас 461,700 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Т ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.А гэж хүн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр СӨХ-ны өрөөнд орж ирж тухайн үед албан ёсоор сонгогдсон байсан СӨХ-ны дарга Т.Н , хяналтын зөвлөлийн дарга байсан Б.А нарыг зодож, тамга тэмдэг, өрөөнийх нь түлхүүрийг бүгдийг нь булааж авсан. Үүнээс болж оршин суугчид бид хурлаа хийж, энэ хүний талаар прокурор дээр 2 удаа, Баянгол дүүргийн шүүх дээр 20 удаа гомдол гаргасан. Энэ хүн яадаг вэ гэхээр н.*** гээд их сургуулийн хуулийн багшаар хууль заалгаж байгаад бүх юмыг хийсэн. Энэ хүн өөрөө 7 дугаар анги төгссөн ямар ч боловсролгүй хүн. Тэр багшаар бидний эсрэг бүх зүйлийг хийлгэсэн. Би өөрөө Баянгол дүүргийн прокурор дээр 2 удаа очсон. Эрүү үүсгэсэн гэсэн бичиг нь байгаа. Баянголын шүүх дээр оршин суугчид очиж олон удаа гомдол гаргасан. Бид байдал ийм болсон гэдгийг эхлээд нууж байсан. Би Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө томилоод Т.Н , н.А гэж хүмүүст ажлаа өгсөн. Хоёр эрэгтэй хүн бас нягтлангууд өрөөндөө сууж байхад энэ хүн орж ирж зодоод хамаг юмыг нь авсан гэсэн. Битгий хэлээрэй гээд бид шүүхэд хандаж байсан. Хамгийн сүүлд 2019 оны 4 дүгээр сард би бүх орцоор явж албан ёсоор хурлаа зарласан. Би СӨХ-ны дарга байсан болохоор манайхан намайг зөв хүлээж авдаг. 40 гаруй хүн хурлаа хийх гээд сууж байхад н.А ийг ажлаа өгсөн гэж хуурамч бичиг баримт бүрдүүлснээс нь болоод 68, 69 настай тэр хөгшин хүн хурал дээр харваад 3 хоногийн дараа ухаан орохгүй байсаар байгаад эмнэлэгт нас барсан. Би дахиад хурлаа хийгээд удирдах зөвлөлийн даргаа сонгосон. Энэ хүн ажлаа өгдөггүй. Яагаад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж байгаа вэ гэхээр энэ гэрчилгээний жинхэнэ эх надад байгаа. Надад талийгаачийн бүх материал байгаа. Энэ хүн С.***тай хуйвалдаж худал гэрчилгээ гаргасан байна. Ц.Ц гэж хүн хэзээ ч хурал дээр сонгогдоогүй. Ц.Ц энэ хоёр долоон буудалд нэг хашаанд цугтаа амьдарч байсан хүмүүс. Манай 213 тоотод байдаг хүн надад намайг гуйж байгаад гарын үсэг зуруулсан гэж хэлсэн, чи яагаад энд гарын үсгээ зурсан юм бэ гэж асуухад чиний нэр байна гэж намайг гуйгаад байсан болохоор би нэг удаа зурсан шүү гэж хэлсэн. СӨХ-ны мөнгөндөө асуудал байгаа юм биш. СӨХ-ны дээд байгууллага буюу оршин суугчдын хурлаар бүх асуудлыг хэлэлцдэг. Байшин хувьд очсон учраас оршин суугчдын хурлаар бүх асуудлыг шийдэх ёстой. Энэ хүн хүн амины хэрэгтэй. Олон удаа давтан хүнээр зодуулсан, малгайг нь булааж авсан. Авгай нь гомдлоо гаргаад явж байгаа байх гэж бодож байна. Би тэр хүнтэй уулзаж чадахгүй байгаа. Хурал дээр нас барсан бүх бичиг баримтууд нь байгаа. 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр С.О гийн гарын үсэгтэй гэрчилгээ гарсан. Манай СӨХ 12,000 м.кв талбайтай гэх бүх бичиг баримт надад байгаа. Гэтэл дахиад гэрчилгээ гаргасан байна. Яагаад дахиад гэрчилгээ гарсан юм. 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ц.***-оор гарын үсэг зуруулаад, ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэхээр томиллоо гэсэн байна. Би яагаад бичиг баримтыг хуурамч байна гэж байгаа вэ гэхээр манай удирдах зөвлөлд энэ хүнд байхгүй. Оршин суугчдын хурлыг нэг ч хийгээгүй. Миний хийсэн 2 удаагийн хурлын нэгэн дээр нь хүн нас бараад хурлаа хойшлуулсан. 2 дахь хурал дээр удирдах зөвлөлөө сонгосон. Энэ хүн утсаа авдаггүй, уулздаггүй. Шөнө нь ТҮЦ-ндээ ороод зогсдог, өдөр нь үүдээ түгждэг. Шонхор плазад гуталчин хийж байсан хүнээр нягтлангаа хийлгэдэг. Гуталчин хүн нягтлан хийж, байцаагч хийж чадахгүй. Монгол улсын СӨХ нь олон нийтийн байгууллага ч гэсэн боловсролтой хүн удирдах ёстой. Манай СӨХ намайг захиал байхад л нэг өрхөөс сард засварын зардалд 4,000 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээнд 4,000 төгрөг, лифт 6,000 төгрөг, хогны төлбөрт 3,000 төгрөг, баримтны 100 төгрөг, нийт 17,000 төгрөг төвлөрүүдэг, би ажлаас өгснөөс хойш буюу 2018 оны 4 дүгээр сараас хойш төлбөр төлөөгүй, мөнгөндөө гол нь биш гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Т т холбогдуулан 2018 оны 4 дүгээр сараас 12 дугаар сарын хүртэл хугацааны засвар, цэвэрлэгээ, үйлчилгээ, лифт, хогны төлбөрт 153,900 төгрөг, 2019 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл хугацааны төлбөрт 205,200 төгрөг, 2020 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарыг хүртэлх хугацааны төлбөр 102,600 төгрөг, нийт 461,700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд татгалзлын үндэслэлээ ... Д.А нь сууц өмчлөгчдийн холбооны захирлын ажлыг хууль бусаар авсан, СӨХ-ны гэрчилгээг хууль бусаар гаргуулж авсан байна, гэрчилгээний эх хувь нь надад байгаа, би СӨХ-ны төлбөрийг төлөөгүй, мөнгөндөө гол асуудал байгаа юм биш гэж тайлбарлажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.
*** тоот орон сууцны оршин суугч, өмчлөгч нь хариуцагч Д.Т мөн эсэх, тухайн орон сууц нь Ш сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг эсэх талаар талууд маргаагүй байх тул хариуцагч нь тус сууц өмчлөгчдийн гишүүн байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.
Хариуцагч Д.Т нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний төлбөрийг 2018 оны 4 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацааны төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ш сууц өмчлөгчдийн холбоо нь сард нэг өрхөөс засварын зардалд 4,000 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээнд 4,000 төгрөг, лифт 6,000 төгрөг, хогны төлбөрт 3,000 төгрөг, баримтны 100 төгрөг, нийт 17,000 төгрөг төвлөрүүдэг гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, энэ талаар зохигчид маргахгүй байна.
Иймд хариуцагч Д.Т аас 2018 оны 4 дүгээр сараас 12 дугаар сарын хүртэл хугацааны засвар, цэвэрлэгээ, үйлчилгээ, лифт, хогны төлбөрт 153,900 төгрөг, 2019 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл хугацааны төлбөрт 205,200 төгрөг, 2020 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарыг хүртэлх хугацааны төлбөр 102,600 төгрөг, нийт 461,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Т аас 461,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15,727 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,727 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР