Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/864

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,                              

улсын яллагч М.Эрдэнэзаяа,    

шүүгдэгч Д.Ш*******, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

Монгол улсын иргэн, 19** оны 2 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүрэг ** дугаар хороо, Баянголын ** дугаар гудамжны * тоотод оршин суух,

урьд Октябрийн районы шүүхийн 1986 оны 1 дүгээр сарын 01-ний шүүхийн тогтоолоор эрүүгийн 168 дугаар зүйлийн 168 Б, 169 дүгээр зүйлийн 169 Б хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 330 дугаартай тогтоолоор ЭХТА-н 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар

2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар

      Нийслэлийн шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаартай тогтоолоор ЭХТА-н 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

         Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-н 112 дугаар зүйлийн 112.2.4. 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт тус тус зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-н 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Х*****л овогт Д*******н Ш******** /РД:**********/.   

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Д.Ш******* нь 2024 оны 4 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "О****" худалдааны төвийн Б1 давхарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр иргэн С.А********н биед нь халдаж улмаар эрүүл мэндэд нь дээд баруун 2-р шүд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ш*******: “...2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө ажлаасаа бууж гэртээ ирсэн. А******** 9 цагийн үед 5000 төгрөг барьж орж ирээд ахаа мөнгө байна уу архи авч ууя гэсэн. Би түүнтэй 1 шил архи хувааж уугаад би орондоо орсон. А******** нэг хүүхэнтэй утсаар ярьсан. Би наад хүүхэн чинь 2,3 хүүхэдтэй чамайг тоохгүй байхад яагаад гүйгээд байгаа юм бэ хэрэггүй шүү дээ гэж хэлэхэд тэр уурлаад над руу утсаа шидсэн. Удалгүй А******* надаас мөнгө зээлчих цалин буухаар өгье гэсэн. Би түүнтэй дахин нэг шил архи хувааж уугаад түүнд наад бүсгүй чинь хэрэггүй гэх талаар зөвлөгөө өгөхөд тэрээр уурлаж надтай муудалцсан. А******* намайг эхлээд цохиж бид маргалдаад улмаар зодолдсон. Би түүнийг зодсон нь үнэн. Би гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч С.А*********н өгсөн:

“...Өчигдөр шөнө буюу 2024 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд амьдардаг байр болох БГД-ийн **-р хороо О****н бөөний төвийн ажилчдын байрандаа байж байтал гаднаас Ш гэх ах согтуу орж ирээд намайг найзтайгаа утсаар ярьж байтал гэнэт толгой хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэр үед нь би газарт унасан, газарт унасны дараа их олон удаа миний нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөсөн бөгөөд ямар нэгэн шалтгаан хэлээгүй ба юм яриагүй Яагаад намайг зодсоныг нь мэдээгүй. Миний хамар болон амнаас цус гарч амны дээд болон доод хэсгээс 4-5 шүд унасан байсан. Би зодуулчхаад хэвтэж байгаад тэр чигтээ унтаж байтал манай эгч Ц****н /97******/ гаднаас орж ирээд миний нүүрийг хараад цагдаад дуудлага өгсөн. Тухайн Ш гэх хүн нь цагаан сараас хойш миний амьдардаг ажилчдын байранд хамт амьдарч байгаа. Эгч маань СӨХ-ийн дарга хийдэг ба цагаан сарын үеэр намайг хөдөө Багахангайд байж байгаад ирэхэд Ш гэх хүнийг гадна талбайн цэвэрлэгчээр ажилд авсан байсан. Мөн тухайн хүн Вокзалын ард талд барилга дээр туслах хийдэг гэж байсан. Би сайн танихгүй. Ажилчдын байранд хамт амьдардаг юм. Өөр гэр орон байхгүй гэж байсан. Нэлээн уудаг архины хамааралтай хүн байсан. Уухаараа намайг зодож дээрэлхдэг юм. 2 сар гаруйн өмнө ажлаа тараад ирэхэд байрны гадна талбай цэвэрлэсэнгүй гэж зодож байсан. Өөрийгөө шоронд сууж байсан гэж ярьж байсан. Архи уухаараа агсам тавьдаг. Хамт нэг өрөөнд амьдардгаас өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй бөгөөд хамт архи уусан зүйл байхгүй. Ажлаа тарж ирээд би унтаад өгдөг. Эгч маань мөн сайн танихгүй. Ажилд л авсан гэсэн 2 нүд хавдаж хөхөрсөн, 4-5 ширхэг шүд унасан. Толгой өвдөж байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжилнэ. Мөн ажилд яваагүй өдрийн цалингаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Ц*****н өгсөн:

“...2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байрны Подвалд засвар хийхээр болоод сөхийнхөө хүмүүсээс асуухад нэг танил маань Ш гэж хүнийг авч ирсэн юм. Ш нь Вокзалын орчимд барилга дээр туслах хийдэг, ажилтай ойрхон тул энэ ажилчдын байранд чинь байгаад подвалын чинь засварт туслаад өгье гэсэн тул би орон гэргүй хөгшин хүнийг гээд өрөвдөөд ажилчдын өрөөнд оруулсан юм. Тэгэхдээ ямар нэгэн цалин мөнгөөр тохироогүй бөгөөд тамхиных нь мөнгийг өгөөд, амьдрах газартай болгосон юм. Гэтэл Ш нь ирснээсээ хойш байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, агсам тавьж, хүргэн дүүг маань цохиж зодож, дээрэлхдэг байсан. Хүргэн дүү А маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, Түк-д ажилладаг тул манайд байрлаад ажилдаа явж, ойр зуурын зүйлд тусалдаг юм. Штэй нийлж архи согтууруулах ундааны зүйл уугаад байдаггүй юм. Гэтэл өнөөдөр өглөө Аийн ажлын газрын хүн залгаад А ажилдаа ирсэнгүй гэсэн тул А руу очиход өрөөндөө нүүр ам нь хавдаж цус болчихсон өрөөнийх нь эд зүйл ундуй сундуй болчихсон, Ш согтуу орилоод цагдаа дууд гээд байсан тул би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. А мөн надад Ш-д зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Ч***д-О***н 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 57** дугаартай хүний биед хийсэн 1.С.А-ийн биед дээд баруун 2-р шүд, доод баруун 3.4-р шүдний булгарал, буйланд шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Дээрх "дээд баруун 2-р шүд, доод баруун 3.4-р шүдний булгарал, буйланд шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт", "хамрын нуруу. зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал" гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт, "нуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт" гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4. Дээрх гурван шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 алдагдуулна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дүгээр хуудас/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

            -иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дугаар хуудас/

           - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

  

Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Д.Ш нь 2024 оны 4 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "О***н" худалдааны төвийн Б1 давхарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр иргэн С.А********** биед нь халдаж улмаар эрүүл мэндэд нь дээд баруун 2-р шүд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

  

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Д.Ш******г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч сэтгэл санааны хохирол болон баримтаар хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Гэхдээ бусдыг амарч байх үед хохирогч эхэлж архи уух санаачилга гаргаж улмаар маргалдаж хохирогчийн зүй бус үйлдлээс энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Ш нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч биеэр хөдөлмөрлөн хохирол 1.500.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч талаас гомдол саналгүй гэсэн байгаа...” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

            Шүүгдэгч Д.Ш нь 2024 оны 4 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "О*****" худалдааны төвийн Б1 давхарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр иргэн С.А*******н биед нь халдаж улмаар эрүүл мэндэд нь дээд баруун 2-р шүд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч С.А********н өгсөн:

“...Өчигдөр шөнө буюу 2024 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд амьдардаг байр болох БГД-ийн **-р хороо О***н бөөний төвийн ажилчдын байрандаа байж байтал гаднаас Ш гэх ах согтуу орж ирээд намайг найзтайгаа утсаар ярьж байтал гэнэт толгой хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэр үед нь би газарт унасан, газарт унасны дараа их олон удаа миний нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөсөн бөгөөд ямар нэгэн шалтгаан хэлээгүй ба юм яриагүй Яагаад намайг зодсоныг нь мэдээгүй. Миний хамар болон амнаас цус гарч амны дээд болон доод хэсгээс 4-5 шүд унасан байсан. Би зодуулчхаад хэвтэж байгаад тэр чигтээ унтаж байтал манай эгч Ц*****н /97******/ гаднаас орж ирээд миний нүүрийг хараад цагдаад дуудлага өгсөн. Тухайн Ш гэх хүн нь цагаан сараас хойш миний амьдардаг ажилчдын байранд хамт амьдарч байгаа. Эгч маань СӨХ-ийн дарга хийдэг ба цагаан сарын үеэр намайг хөдөө Багахангайд байж байгаад ирэхэд Ш гэх хүнийг гадна талбайн цэвэрлэгчээр ажилд авсан байсан. Мөн тухайн хүн Вокзалын ард талд барилга дээр туслах хийдэг гэж байсан...Ажилд л авсан гэсэн 2 нүд хавдаж хөхөрсөн, 4-5 ширхэг шүд унасан. Толгой өвдөж байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжилнэ. Мөн ажилд яваагүй өдрийн цалингаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Ц*********н өгсөн:

“...2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байрны Подвалд засвар хийхээр болоод сөхийнхөө хүмүүсээс асуухад нэг танил маань Ш********* гэж хүнийг авч ирсэн юм. Ш******** нь Вокзалын орчимд барилга дээр туслах хийдэг, ажилтай ойрхон тул энэ ажилчдын байранд чинь байгаад подвалын чинь засварт туслаад өгье гэсэн тул би орон гэргүй хөгшин хүнийг гээд өрөвдөөд ажилчдын өрөөнд оруулсан юм. Тэгэхдээ ямар нэгэн цалин мөнгөөр тохироогүй бөгөөд тамхиных нь мөнгийг өгөөд, амьдрах газартай болгосон юм. Гэтэл Ш******* нь ирснээсээ хойш байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, агсам тавьж, хүргэн дүүг маань цохиж зодож, дээрэлхдэг байсан. Хүргэн дүү А маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, Түк-д ажилладаг тул манайд байрлаад ажилдаа явж, ойр зуурын зүйлд тусалдаг юм. Ш********тэй нийлж архи согтууруулах ундааны зүйл уугаад байдаггүй юм. Гэтэл өнөөдөр өглөө А*********н ажлын газрын хүн залгаад А ажилдаа ирсэнгүй гэсэн тул А руу очиход өрөөндөө нүүр ам нь хавдаж цус болчихсон өрөөнийх нь эд зүйл ундуй сундуй болчихсон, Ш согтуу орилоод цагдаа дууд гээд байсан тул би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. А мөн надад Шд зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5**3 дугаартай хүний биед хийсэн 1.С.А**н биед дээд баруун 2-р шүд, доод баруун 3.4-р шүдний булгарал, буйланд шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Дээрх "дээд баруун 2-р шүд, доод баруун 3.4-р шүдний булгарал, буйланд шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт", "хамрын нуруу. зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал" гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт, "нуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт" гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4. Дээрх гурван шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 алдагдуулна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Ш нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан субьектив санаа зорилготой байжээ. Шүүгдэгч Д.Ш******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж цохисон идэвхтэй гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг хангасан байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ш******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Ш нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирлын талаар

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.А********н өгсөн “...Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжилнэ. Мөн ажилд яваагүй өдрийн цалингаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/-д авагдсан бөгөөд хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч: “...шүүгдэгч Д.Ш*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг 15.000 төгрөгөөр тооцож 30.000 төгрөгийг хасаж 970.000 төгрөгөөр торгох уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Ш******н хувийн байдлыг харгалзан 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш********д 570 /таван зуун дал/ нэгжтэй тэнцэх хэмжээний 570,000 /таван зуун далан мянган/ төгрөгөөр ял оногдуулж шийдвэрлэлээ.   

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х****л овогт Д*******н Ш*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш*******д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш******н цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 30,000 төгрөгийг эдлэх торгуулийн ялаас хасаж тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Ш******д оногдуулсан 570 /таван зуун дал/ нэгжтэй тэнцэх хэмжээний 570,000 /таван зуун далан мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

5. Шүүгдэгч Д.Ш*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Хохирогч С.А******** гэмт хэргийн улмаас учирсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Ш******с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ш*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ