| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Эрдэнэбилэг |
| Хэргийн индекс | 204/2020/00033/э |
| Дугаар | 2020/ДШМ/33 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2020/ДШМ/33
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ч.Энхжаргал
Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор Д.Д-д холбогдох эрүүгийн 1826004830063 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Сарт овгийн Д.Д
Д.Д нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 1478669 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, Д.Д-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 1478670 төгрөг, усны нөөцөд учруулсан хохиролд 15805440 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн Д.Д-н өмчлөлийн хуучин төмрөөр хийгдсэн ашигт малтмал угаах зориулалт бүхий 40 скрубер усан буу 1 ширхэг, Роbех 2900lс маркын экскаватор 1 ширхгийг улсын төсөвт шилжүүлж, П.Б-н өмчлөлийн шар өнгийн North benz маркын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, шар өнгийн Word маркын ковш 1 ширхгийг П.Б-д буцаан олгон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт хэсэгт зааснаар П.Б-н өмчлөлийн шар өнгийн North benz маркын тээврийн хэрэгсэл 1 ширхгийн үнэ 19.800.000 төгрөг, шар өнгийн Word маркын ковш 1 ширхгийн үнэ 19.600.000 төгрөг буюу нийт 39.400.000 төгрөгийг шүүгдэгч Д.Д-с гаргуулж улсын орлогод оруулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Д-н өмчлөлийн хуучин төмрөөр хийгдсэн ашигт малтмал угаах зориулалт бүхий 40 скрубер усан буу 1 ширхэг, Роbех 2900lс маркын экскаватор 1 ширхэг, П.Б-н өмчлөлийн шар өнгийн North benz маркын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, шар өнгийн Word маркын ковш 1 ширхгийг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Д.Д-н өмгөөлөгч Г.Д давж заалдах гомдолдоо:
Миний бие эрүүгийн хэргийн холбогдогч Д.Д-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу 5, 6 дугаар заалтыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолд: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Д-н өмчлөлийн хуучин төмрөөр хийгдсэн ашигт малтмал угаах зориулалт бүхий 40 скрубер усан буу 1 ширхэг, Роbех 2900lс маркын экскаватор 1 ширхгийг улсын төсөвт шилжүүлж, П.Б-н өмчлөлийн шар өнгийн North benz маркын тээврийн хэрэгсэл 1 ширхгийн үнэ 19.800.000 төгрөг, шар өнгийн Word маркын ковш 1 ширхгийн үнэ 19.600.000 төгрөг буюу нийт 39.400.000 төгрөгийг шүүгдэгч Д.Д-с гаргуулж улсын орлогод оруулсугай” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн
1. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,
2. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”.
3. “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Шүүхийн шийтгэх тогтоолд хураахаар шийдвэрлэсэн хуучин төмрөөр хийгдсэн ашигт малтмал угаах зориулалт бүхий 40 скрубер усан буу 1 ширхэг, Роbех 2900 lс маркын экскаваторыг уг гэмт хэрэгт ашигласан, завдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад Улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэхээр байна.
Мөн шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 6 дугаар заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь заалтыг үндэслэл болгосон бөгөөд уг үндэслэл болсон заалтанд тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулах зохицуулалт байхгүй юм.
Харин Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ.” гэж заасан бөгөөд уг зохицуулалт нь гэмт хэрэг үйлдэх үед өөрийн өмчлөлд байсан хөрөнгийг гэмт хэрэг үйлдсэнээс хойш хууль ёсны дагуу хэлцэл хийж хэн нэгэн этгээдэд шилжүүлсэн бол тухайн эд хөрөнгийн үнийг шүүгдэгчээс төлүүлэх зохицуулалт юм.
Гэтэл П.Б-н өмчлөлийн шар өнгийн North benz маркын тээврийн хэрэгсэл, шар өнгийн Word маркын ковш нь гэмт хэрэг үйлдэх үед ч П.Б-н өмчлөлд байсан бөгөөд шүүх дээрх тээврийн хэрэгслийн үнэ болох 39.400.000 төгрөгийг шүүгдэгч Д.Д-с гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу 5, 6 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Д.Д нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 1478669 төгрөгийн хохирол учруулжээ.
Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн холбогдогч болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй, Д.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байна.
Тус үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан шүүгдэгч Д.Д-н “...Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Байгаль орчинд учруулсан хохиролд 1478670 төгрөг, усны нөөцөд учруулсан хохиролд 15805440 төгрөг төлсөн. шар өнгийн North benz маркийн тээврийн хэрэгсэл, шар өнгийн Word маркын ковш зэрэг техникүүд нь манай хадам ээжийн эзэмшлийнх учраас хураалгамааргүй байна. Усан буу, экскаватор зэрэг техникүүд нь миний эзэмшлийнх ...” гэсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Хохирогч Х.Л-н “...Д.Д нь Баярс гоулд ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээтэй хэдий ч зөвшөөрөлтэй талбайгаас гарч зөвшөөрөлгүй газар хууль бусаар ашигт малтмал олборлосон. ...Д.Д нь Б ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээ байгуулаад Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багт Бүргэдэйн ам гэх газар үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн хугацаандаа тусгай зөвшөөрлийнх нь талбайгаас гарч эрүүл газар ашигт малтмал олборлосон. Уг зөрчлийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн хэсгийн алба хаагч нартай явахад илэрсэн. Тэгээд 08 дугаар сарын 29-ний өдөр дахиж сумын цагдаагийн хэсгийнхэнтэй очиж зөвшөөрөлгүй эрүүл талбайд үйл ажиллагаа явуулсан газрыг нь хэмжилт хийсэн. 0.61 га газар эвдэж үйл ажиллагаа явуулсан байсан. Туслан гүйцэтгэх гэрээтэй, гэхдээ тухайн ашиглалтын талбайдаа үйл ажиллагаа явуулах ёстой байхад талбайгаас гарч эрүүл газарт орсон байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42-44 х/,
Гэрч П.Б-н “...Би 2016 онд надад өртэй байсан нэг хүнээс, шар өнгийн Норд бенз маркийн ачааны автомашиныг авсан. Тэгээд уг автомашиныг өөрийн төрсөн охин болох Анхбаярыг өөрийн нэр дээр шилжүүлээд авчих гэж хэлсэн. Үүний дагуу манай охин өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Нөхөр бид хоёр уурхай ажиллуулж байгаад 2013 онд уг уурхайгаа хүргэн Д, охин А өгсөн. Энэ үед тэр хоёр уг автомашиныг шар өнгийн ковшийн хамт түрээсээр авсан. Уг ковш, норд бенз хоёр нь миний эзэмшлийнх байгаа юм...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 54-55 х/, гэрч С.Б /1хх-ийн 49х, 2хх-58х/, Ц.Б / 1хх-ийн 50х, 2хх-56 х/, П.Д /1хх-ийн 51-52 х/, Т.Б /1хх-ийн 52-53х/, Т.С /1хх-ийн 55-56 х/, Ц.Э /2хх-ийн 11 х/, Д.Л /2хх-ийн 12 х/, Э.А /2хх-ийн 52-53 х/ нарын мэдүүлгүүд,
“... Иргэн Д.Д нь нийт 348.73 м2 болон 75.67 м2 бүхий 2 хэсэг талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбай нь хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр нь тооцож үзлээ. /Хохирлын нийт хэмжээ 623.872.11 төгрөг/, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд... зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг 1.478.669.46 төгрөгөөр тогтоосон.
Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт иргэн Д.Д-н хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газар нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.3-т заасан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эхтэй бүрэн давхцалтай байна ...гэсэн “МОНСЛОВ” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18/105 дугаартай албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 59-75 х/,
Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Д нь хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх солбицлуудыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн санд шүүн үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна...” гэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 7/7978 тоот албан бичиг /1хх-72х/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх-25-26/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 12-18х/, Хөрөнгийн үнэлгээний “ВЕНДО ХХК”-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ӨВ19-2 дугаартай үнэлгээний тайлан /1хх-ийн 28-38х/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/48 дугаартай тайлан /2хх-68-73х/, хохирол төлсөн баримт /1хх-ийн148х/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болон Д.Д-н гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Анхан шатны шүүхээс Д.Д-н тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн Д.Д-н өмчлөлийн 40 скрубер усан буу, Роbех 2900lс маркын экскаваторыг улсын төсөвт шилжүүлж, П.Бямбасүрэнгийн өмчлөлийн North benz маркын тээврийн хэрэгсэл, Word маркын ковшийг П.Б-д буцаан олгон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт хэсэгт зааснаар П.Б-н өмчлөлийн North benz маркын тээврийн хэрэгсийн үнэ 19.800.000 төгрөг, Word маркын ковшийн үнэ 19.600.000 төгрөг, нийт 39.400.000 төгрөгийг шүүгдэгч Д.Д-с гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, үндэслэл бүхий шийдвэрлэжээ.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн этгээдэд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжээр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд Д.Д-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Д.Д-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон хувийн байдалд тохирсон байна.
Харин анхан шатны шүүхээс Д.Д-н өмчлөлийн ашигт малтмал угаах зориулалт бүхий 40 скрубер усан буу, Роbех 2900lс маркын экскаваторыг улсын орлогод шилжүүлэхдээ эдгээр техникүүдийн үнийг орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад дурдсан техникүүдийн үнийг нэмж бичин өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээн Д.Д-н өмгөөлөгч Г.Д-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Д-н өмчлөлийн” гэсний дараа, “6.400.000 төгрөгийн үнэ бүхий” гэж, “40 скрубер усан буу 1 ширхэг” гэсний дараа “22.600.000 төгрөгийн үнэ бүхий” гэсэн нэмэлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Д.Д-н өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.