Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 119/ШШ2022/0032

 

                                                            Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                                                                 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай                                                                                                                        

             Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би А.Л, Г.Г нарын ОА-ийн ЗД-д холбогдуулан гаргасан “ОА-ийн ЗД-ын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/623 дугаартай “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтад заасан Э.Т, Б.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн “Нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзал”-ыг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч А.Л, Г.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/21 тоот захирамжаар иргэн Г.Г-д Эрдэнэ багт байрлалтай 824 м2 ногооны зориулалттай газар,  А.Л-д 964 м2 ногооны зориулалттай газрыг тус тус эзэмшүүлсэн. Эзэмшигч миний бие цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өөрийн газрыг 2 жил ашиглаагүй байх хугацаанд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны А/623 дугаар захирамжаар иргэн Б.Т-д Эрдэнэ багийн  Жаргалант 1-7б тоотод 1014 м2, иргэн Э.Т-д Жаргалант 1-7в тоотод 1013 м2 газрыг гэр бүлийн  зориулалтаар бидний газар дээр давхар эзэмшүүлсэн байсан.  Иймд иргэн Г.Г, А.Л нар АЗД-ын 2019.09.16-ны А/623 тоот захирамжийг эсэргүүцэн нэхэмжлэл хүргүүлсэн. Уг нэхэмжлэл нь хуулиар шийдвэрлэгдсэн тул иргэн Г.Г, А.Л нар нь өөрсдийн гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Г.Г, А.Л нар нь ОА-ийн ЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж, тэр тухайгаа шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 /... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ....эрхтэй/, 66 дугаар зүйлийн 66.1 /Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно/ дэх хэсэгт тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах, тухайн нэхэмжлэлээсээ татгалзах нь түүний хүсэл зоригийн асуудал, тодруулбал, хариуцагч, гуравдагч этгээд юу гэж үзэхээс үл шалтгаалах учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч А.Л, Г.Г нарын ОА-ийн ЗД-д холбогдуулан гаргасан “ОА-ийн ЗД-ын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/623 дугаартай “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтад заасан Э.Т, Б.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, 119/2022/0031/з тоот индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч А.Л, Г.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

    

                  ШҮҮГЧ                                       Д.САРАНГЭРЭЛ