Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 00053

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                      Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                    Д.Уранчимэг

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                    А.Хандмаа    

                         Шүүгдэгч                                             Э.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэчимэгийн Гантөмөрт холбогдох 201718020070 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр  сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Хараагийн 01-39 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /МР:82070710/ Боржигон овогт Эрдэнэчимэгийн Гантөмөр.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Э.Гантөмөр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.Ганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган улмаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гантөмөр мэдүүлэхдээ: ... 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би үсээ засуулаад дэлгүүр орчихоод явж байхдаа Гомбо буюу Ганбаатар ахтай Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны төвд байрлах “Цагаан” нэртэй дэлгүүрийн урд таарсан. Тэгээд би та адилхан хүн байж манай аавыг айлын гэрээс хөөгөөд байхдаа яадаг юм бэ гэсэн чинь битгий хуц гээд над руу дайрахаар нь би хөлрүү нь хавираад унагачихсан. Тэгээд би цаашаа яваад дэлгүүр ороод гараад ирсэн чинь Гомбо буюу Ганбаатар ах босоогүй сууж байсан. Тэгээд яасан бэ ахаа гэхэд хөл хугарчихлаа гэсэн. Тэгтэл Ганбаатар ах, ахдаа 1 шил архи аваад өг гэсэн. Тэгээд би архи авч өгөөд эмнэлэг рүү хүргэж өгсөн. Эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.  

           Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Ганбаатар мэдүүлэхдээ: … 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагийн орчим Э.Гантөмөр согтуу миний хажууд ирээд “чи миний аавыг айлаас хөөдөг хэн юм бэ” гэхээр нь би хэзээ, хаана хөөсөн юм бэ гээд хэрэлдэж маргалдаж байгаад би Э.Гантөмөрийн аавыг шаймий Батболд гээд хэлсэн чинь намайг барьж аваад тонгорч унагаад миний хөл рүү дээрээс 2-3 удаа өшиглөхөд миний баруун хөл хугарсан. Эмчилгээний зардалд 1600000 төгрөг гарсан ба Э.Гантөмөр хохирлыг бүрэн барагдуулсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-9-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Н.Төмөрсүх мэдүүлэхдээ: … Эрдэнээ бид хоёр тамхи аваад гараад иртэл Монхоо хочтой Э.Гантөмөр Б.Ганбаатарыг тонгорч унагаад дээрээс нь өшиглөж байгаа харагдахаар нь Эрдэнээ бид хоёр очиж салгасан. Тэгээд Б.Ганбаатарыг босгох гээд татсан чинь босч чадахгүй “хөл хугарчихсан байна” гээд хэвтээд байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн11-12-р хуудас/

             Мөрдөн байцаалтанд гэрч Л.Эрдэнэсайхан мэдүүлэхдээ: … Б.Ганбаатар, Э.Гантөмөртэй маргалдаад байхаар нь юу болоод байгааг асуухад, Э.Гантөмөр Б.Ганбаатарыг “энэ пизда чинь манай аавыг шаймий Батболд гээд байна шүү дээ, чи мэддэг юм уу” гээд маргалдаад байсан. Тэгээд Н.Төмөрсүх бид хоёр, дэлгүүрээс тамхи авахаар ороод гараад ирсэн чинь Э.Гантөмөр Б.Ганбаатарыг хавирсан уу, тонгорсон уу, ямар ч байсан унагааж байгаа харагдсан. Тэгэхээр нь Н.Төмөрсүх бид хоёр болиулахад Э.Гантөмөр Б.Ганбаатарыг нэг өшиглөөд дэлгүүр лүү орсон. Тэгээд Б.Ганбаатарыг босгох гээд татсан чинь босч чадахгүй “хөл хугарчихлаа” гэхээр нь хөлийг нь барьж үзтэл нэг л эвгүй болчихсон надаар бариулахгүй байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 13- 14-р хуудас/

                  Мөрдөн байцаалтанд гэрч Т.Байгалмаа мэдүүлэхдээ: … 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байхаа 13 цагийн орчим “Цагаан” нэртэй дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад манай дэлгүүрийн цонхны ойролцоо Монхоо хочтой Э.Гантөмөр Б.Ганбаатар нар маргалдаад хальт харахад ноцолдож байгаа харагдсан. Тэгсэн удалгүй Э.Гантөмөр манай дэлгүүрт орж ирээд “нэг шил архи өгөөч” гэхээр нь яах гэж байгааг асуухад “Б.Ганбаатар манай аавыг ууланд байхад Түнхэлээс зайл шаймий Батболд гэсэн байна лээ, тэгээд бид хоёр муудалцаад унагаасан чинь хөл нь хугарчихлаа гээд байна” гэхээр нь архи өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-р хуудас/

               Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №73 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

                  1. Ганбаатарын биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

                  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 23 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд: Э.Гантөмөрийн иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 53 дугаар хуудас/, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 55 дугаар хуудас/, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 58 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Гантөмөр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.Ганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган улмаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Ганбаатарын мэдүүлэгт … 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагийн орчим Э.Гантөмөр согтуу миний хажууд ирээд “чи миний аавыг айлаас хөөдөг хэн юм бэ” гэхээр нь би хэзээ, хаана хөөсөн юм бэ гээд хэрэлдэж маргалдаж байгаад би Э.Гантөмөрийн аавыг шаймий Батболд гээд хэлсэн чинь намайг барьж аваад тонгорч унагаад миний хөл рүү дээрээс 2-3 удаа өшиглөхөд миний баруун хөл хугарсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-9-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд гэрч Н.Төмөрсүхийн мэдүүлэгт: … Эрдэнээ бид хоёр тамхи аваад гараад иртэл Монхоо хочтой Э.Гантөмөр Б.Ганбаатарыг тонгорч унагаад дээрээс нь өшиглөж байгаа харагдахаар нь Эрдэнээ бид хоёр очиж салгасан. Тэгээд Б.Ганбаатарыг босгох гээд татсан чинь босч чадахгүй “хөл хугарчихсан байна” гээд хэвтээд байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн11-12-р хуудас/,

          Мөрдөн байцаалтанд гэрч Л.Эрдэнэсайханы мэдүүлэгт: … Э.Гантөмөр Б.Ганбаатарыг хавирсан уу, тонгорсон уу, ямар ч байсан унагааж байгаа харагдсан. Тэгэхээр нь Н.Төмөрсүх бид хоёр болиулахад Э.Гантөмөр Б.Ганбаатарыг нэг өшиглөөд дэлгүүр лүү орсон. Тэгээд Б.Ганбаатарыг босгох гээд татсан чинь босч чадахгүй “хөл хугарчихлаа” гэхээр нь хөлийг нь барьж үзтэл нэг л эвгүй болчихсон надаар бариулахгүй байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/,

           Мөрдөн байцаалтанд гэрч Т.Байгалмаагийн мэдүүлэгт: … Э.Гантөмөр манай дэлгүүрт орж ирээд “нэг шил архи өгөөч” гэхээр нь яах гэж байгааг асуухад “Б.Ганбаатар манай аавыг ууланд байхад Түнхэлээс зайл шаймий Батболд гэсэн байна лээ, тэгээд бид хоёр муудалцаад унагаасан чинь хөл нь хугарчихлаа гээд байна” гэхээр нь архи өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-р хуудас/,

                  Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №73 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

                  1. Ганбаатарын биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

                  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 23 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Э.Гантөмөрийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.Ганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган улмаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байх ба ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Э.Гантөмөрийг хохирогч Б.Ганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган улмаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.

Хохирогч хохирол төлбөрөө бүрэн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргаж, энэ нь хавтаст хэрэгт авагдсан байх тул хохирол төлбөр төлөгдсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Гантөмөрийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус тусгах нь зүйтэй байна.   

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

     1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэчимэгийн Гантөмөрийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасныг баримтлан Э.Гантөмөрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан Э.Гантөмөрт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Гантөмөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Эрдэнэчимэгийн Гантөмөрт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Э.Гантөмөрт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.  

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Гантөмөрт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.