Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 291

 

М.Г, Б.Ө, Б.Ч, Ж.Е нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч М.Г-гийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар магадлалтай, М.Г, Б.Ө, Б.Ч, Ж.Е нарт холбогдох 201512000131 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ч-гийн өмгөөлөгч Х.Отгонжаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт М-ийн Г,

2. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 01 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-гийн Ө нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Бийн Ч нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Давтан үйлдлээр, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон, Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялыг өршөөн хэлтрүүлсэн, Ш овогт Ж-гийн Е нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр, бүлэглэж, машин механизм хэрэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Е-гийн Б.Ч-тэй бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт байрлах Г.О, С.Э нарын бууцан дээрх өвөлжөөний байшингийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч нийт 5,658,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан, Б.Ө, Б.Ч нарын М.Г-тэй бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 13-21-ний хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.Д-гийн өвөлжөөн дээрх ёмкость болон амбаарын цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж нийт 41,127,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон Ж.Е, Б.Ө, Б.Ч нарыг цагаатгаж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Г-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 болгон хөнгөрүүлэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ч-д сонсгосон ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 болгон өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах тухай улсын яллагчийн саналыг хангахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Г-г бусдын агуулах саванд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Ч-г давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан бусдын агуулах саванд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн шүүгдэгч Ж.Е-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Ө, Б.Ч нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг хүчингүй болгож, 201512000131 дугаартай хэргийг Дундговь аймгийн прокурорын газарт буцааж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч М.Г-д 4 жил хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д 6 сар баривчлах ял тус тус шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-гийн цагдан хоригдсон 266 хоногийг баривчлах ялд дүйцүүлэн Б.Ч-г шүүхээс оногдуулсан 6 сар баривчлах ялыг эдэлсэнд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д оногдуулсан ялыг нээлттэй хорих ангийн тусгай зэрэглэлд эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, М.Г, Б.Ө, Б.Ч, Ж.Е нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ч-гийн өмгөөлөгч Х.Отгонжаргал гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд хэргийг тусгаарлаж шийдвэрлэх талаар хуульчилсан. Улсын яллагч шүүгдэгч Ж.Е-д холбогдох хэргийг прокурорт буцааж тусгаарлаж шийдвэрлүүлэхээр санал гаргасан ба үүнийг ямар ч боломжгүй гэж үзэж байна. Тухайлбал, шүүгдэгч Б.Ч нь Адаацаг суманд үйлдэгдсэн хулгайн хэргээс гадна 2015 оны 09 дүгээр сард Гурвансайхан суманд үйлдэгдсэн хулгайн хэрэгт шүүгдэгч Ж.Е-тэй хамт холбогдсон. Иймээс Ж.Е-гийн үйлдлийг тусгаарлаж шийдвэрлэх боломжгүй, хэрэв тусгаарлаж шийдвэрлэвэл Б.Ч шүүхээр хоёр удаа шийтгүүлж, эрх зүйн байдал нь дордоно. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар улсын яллагч шүүгдэгч Ж.Е-г яллахаас татгалзсан тухайгаа бичгээр гаргах ёстой атал саналаа бичгээр өгөөгүй, мөн яллахаас татгалзсан шалтгаан нь Ж.Е-г гэм буруугүй гэж үзсэн бус харин дахин шалгах хүсэлт гаргасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт яллахаас татгалзах үндэслэлийг “шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзсэн, эсхүл хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн” тохиолдолд гэж заасан байна. Дээрх үндэслэлүүдийн алийг нь ч дурдаагүй, зөвхөн шүүх хуралдаан дээр санал гаргаснаар хэргийг тусгаарлаж, прокурорт буцааж болохгүй гэж үзэж байна. Энэ хэрэгт хийгдэх ёстой бүхий л ажиллагаа хийгдсэн, цаашид хийгдэх ямар ч ажиллагаа байхгүй, шинээр гаргах нотлох баримт ч байхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч М.Г-гийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн хэлсэн саналдаа “...М.Г нь Б.Ө, Б.Ч нартай хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаараа удаа дараа тогтвортой мэдүүлсэн. Мөн хулгайн эд зүйлийг Б.Ө, Б.Ч нар нь барьцаанд тавьж, зарж борлуулсан талаар гэрчүүд тодорхой мэдүүлдэг. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байгаа бөгөөд хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой тул анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. Шүүгдэгч М.Г, гэрч Ж.Т-гийн мэдүүлэг болон таньж олуулах ажиллагаагаар шүүгдэгч Б.Ө, Б.Ч нар хэрэгт хамтран оролцсон нь хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх хэргийг буруу шийдвэрлэж, яллах талын нотлох баримтыг хэрхэн няцааж байгаагаа тайлбарлаж чадаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргалын гаргасан гомдлыг үндэслэн М.Г, Б.Ө, Б.Ч, Ж.Е нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос М.Г, Б.Ө, Б.Ч нарыг бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, тээврийн хэрэгсэл ашиглаж 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс мөн сарын 21-ний хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн урсгалын бууц” гэх газарт байрлах Ц.Д-гийн өвөлжөөн дээрх ёмкост болон модон амбаарын цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч мөнгөн тоноглолтой эмээл 5 ширхэг, мөнгөн хул 3 ширхэг, мөнгөн аяга 13 ширхэг, 30 кг үхрийн борц зэрэг 24 төрлийн эд зүйлсийг хулгайлж, 41,127,000 төгрөгийн хохирол,

Б.Ч, Ж.Е нарыг бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Шар хадны бууц” гэх газарт байрлах Г.О-гийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 10 ширхэг мөнгөн аяга, цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг зэргийг хулгайлж, 3,720,000 төгрөгийн хохирол,

мөн өдөр Гурвансайхан сумын 3 дугаар багийн “Тахил” гэх газарт байрлах С.Э-гийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч мотор 2 ширхэг, 60 кг ааруул, 6 шил Болор архи зэргийг хулгайлж, 1,938,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэлдээ М.Г, Б.Ө, Б.Ч нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Ж.Е нь мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдах үндэслэлтэй гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Е-г хохирогч Г.О, С.Э нарын эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Ө, Б.Ч нарыг хохирогч Ц.Д-гийн эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэгт бүлэглэн оролцсон болох нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр тэднийг цагаатгаж,

хохирогч Г.О, С.Э нарын эд зүйлсийг хулгайлсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Ч ганцаараа үйлдсэн,

хохирогч Ц.Д-гийн эд зүйлсийг хулгайлсан гэмт хэргийг М.Г ганцаараа үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх “улсын яллагчаас Ж.Е-г яллахаас татгалзаж, хэргийг тусгаарлан буцааж, дахин шалгах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээж авалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18, 34.7 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг ноцтой зөрчсөн,

2002 оны Эрүүгийн хуулийн онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн, Б.Ч-гийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн заалтгүйгээр өөр зүйл, хэсгээр хэргийг хянан шийдвэрлэсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Е, Б.Ө, Б.Ч нарын үйлдэл, холбогдол нотлогдоогүй гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа прокуророос яллах үндэслэл болгосон нотлох баримтууд ямар нотлох баримтаар хэрхэн няцаагдаж байгаа үндэслэлээ тодорхойлоогүй нь тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо болон гэрчийн мэдүүлэгтэй хэрхэн тохирч, эсхүл үгүйсгэгдэж байгаад дүгнэлт хийж, хэрэгт холбогдсон этгээдүүдийн үйлдэл, оролцоо, гэм буруугийн шинж чанарыг тогтоох шаардлагатайгаас гадна давж заалдах шатны шүүхийн магадлалд тэмдэглэгдсэн зөрчил нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтооход шаардлагатай талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхдээ шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдлуудыг дутуу үнэлж, дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна.

Харин хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах шаардлагагүй байна. Учир нь Ж.Е-г мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүдэн шүүсэн эсэх асуудал тусдаа шалгагдах боломжтой бөгөөд энэхүү хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтооход шууд нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц бодит нөхцөл байдлыг нотолсон баримтууд хэрэгт авагдаагүй тул хэргийг шүүх хуралдааны шатнаас хэлэлцүүлэх тухай өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Дээр дурдсан нөхцөл байдлууд нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, магадлалд зохих өөрчлөлт оруулах тодорхой үндэслэлүүд тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар магадлалын тогтоох хэсгийн “...урьдчилсан хэлэлцүүлэгт...” гэснийг “шүүхийн хэлэлцүүлэгт” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ч-гийн өмгөөлөгч Х.Отгонжаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                     ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН