Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0184

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Н.Пүрэвжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргал, Ц.Оюунбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1080 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, Н.Пүрэвжаргалын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1080 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалын Н.Пүрэвжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Пүрэвжаргалын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 4.003.931 /дөрвөн сая гурван мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг нэхэмжлэгч Н.Пүрэвжаргалд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1080 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Тус шүүхийн шийдвэрээр “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалын Н.Пүрэвжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай” гэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Н.Пүрэвжаргал нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/272 дугаар тушаалаар тус газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын Хяналтын хэлтсийн даргаар томилогдон, төрийн захиргааны албан хаагч, ахлах түшмэл, ТЗ-9-4 зэрэглэлд хамрагдан ажиллаж байсан.

Байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын Хяналтын хэлтэс нь өөрчлөгдөн байгуулагдаж, газрын зохион байгуулалтад орж, нэгжийн чиг үүрэг өөрчлөгдөж, хэлтсийн даргын орон тоо хасагдсан.

Н.Пүрэвжаргалыг ажлаас чөлөөлж, ажилд томилох шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтлан эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийн оролцоог хангаж, ажлын байр хасагдсан талаар урьдчилан мэдэгдэж, өөр ажлын байранд ажиллах эсэх тухай санал солилцсон.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Хууль зүйн сайдын 2015 оны А/304, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2016 оны А/16 дугаар тушаалуудаар тус байгууллагын ерөнхий бүтэц, чиг үүргийг тодорхойлохдоо 2015 онд “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийн 3.2.10-т “Хяналт, шинжилгээ үнэлгээний асуудал хариуцсан нэгжийн 6 чиг үүргийг тодорхойлсноос бүгдэд нь улсын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагааг тусгаж өгсөн байна. Харин 2016 онд “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийн 4.7-д Хяналтын асуудал хариуцсан нэгжийн 10 чиг үүргийг тусгаснаас 4 үйл ажиллагаа нь улсын бүртгэлтэй холбоотой, үлдэх 6 чиг үүрэг нь оюуны өмчтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлж өгсөн байх тул нэхэмжлэгч Н.Пүрэвжаргалын эрхэлж байсан ажлын чиг үүргийн дийлэнх нь хэвээр хадгалагдсан гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 cap хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан.

Улсын Дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 08 дугаар тогтоолын 15-д “... мөн зүйлийн 27.2.4-т заасан “...орон тоо хасагдсан...” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно”, Улсын Дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.1.1-15.1.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. Мөн хэсэгт заасан “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж тус тус тайлбарласан байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр хяналтын асуудал хариуцсан нэгж өөрчлөн зохион байгуулагдсан, хэлтсийн даргын ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдээгүй, шинээр бий болсон газрын даргын албан тушаалын ангилал, зэрэглэл ТЗ-10-д хамаарагдах бөгөөд газрын даргын албан тушаалд төрийн албан хаагчийг “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд тухайн албан тушаалд томилох нөхцөл байдал үүссэн, Н.Пүрэвжаргал нь ажлаас чөлөөлөгдөхдөө ТЗ-9 ангилал, зэрэглэлийн албан тушаалыг эрхэлж байсан тул Хяналтын газрын даргын удирдах албан тушаалд шууд томилогдох боломжгүй байна” гэж зөв дүгнэсэн байна.

Гэвч шийдвэрийн Тогтоох хэсэгт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/39 дүгээр тушаалын Н.Пүрэвжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэснийг үндэслэлгүй, гаргасан дүгнэлтээ үгүйсгэж, эсрэг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/39 дүгээр тушаалаар Н.Пүрэвжаргалыг мэргэжил, мэргэшлийн дагуу сул байгаа хамгийн боломжтой ажлын байр болох нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч /ТЗ-7-5/-аар томилж, орон тоо нь хасагдсан төрийн албан хаагчийн эрх ашиг сонирхлыг байж болох хэмжээнд нь хангасан.

Байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Н.Пүрэвжаргалын мэргэжил, мэргэшлийн дагуу ТЗ-9 ангилал, зэрэглэл бүхий хэлтсийн даргын албан тушаал шинээр бий болоогүй тул хуулийн дагуу Н.Пүрэвжаргалын цалин хөлсийг бууруулахгүй, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хөндөхгүйгээр зэрэг дэв, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг дээд хязгаараар тогтоож, ажлын байраар хангасан.

Гэтэл Н.Пүрэвжаргал нь хяналтын газрын даргаар ажиллах ёстой хэмээн томилогдсон ажлын байранд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажиллахгүй, ажлын байрыг сул орхиж, төрийн албыг үл хүндэтгэн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг өнөөдрийн өдрийг хүртэл алдагдуулсаар байна.

Төрийн албан хаагч хуулийн дагуу эрх ашгаа хамгаалах нь зүйтэй боловч төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, томилогдсон ажлын байранд ажиллаж, төрийн албыг тасралтгүй явуулах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах үүрэгтэй. Нэхэмжлэгч Н.Пүрэвжаргал нь өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах нэрээр томилсон ажлын байранд ажиллаагүй, бүтэн 6 сарын туршид Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлээгүйгээс төрийн үйлчилгээг түргэн шуурхай иргэдэд үзүүлэхэд хүндрэл, бэрхшээл саад тотгор үзүүлэн, ажлын байрыг эзэнгүйдүүлсэн байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин 4,003,931 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийг цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилохыг даалгаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Н.Пүрэвжаргалын ажлын байрны орон тоо нь хасагдсан хэдий ч түүнийг ажлаас бүрэн чөлөөлөхгүйгээр цаашид тус байгууллагад ажиллах нөхцөл боломж, ажлын байраар хангасан байхад Н.Пүрэвжаргал нь уг ажлын байранд ажиллаагүй байж, ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн, түүнийг шүүхээс хангаж шийдвэрлэж байгаа нь төрийн захиргааны байгууллага түүнээс төрийн үйлчилгээ авч байгаа иргэдийн эрх ашгийг харгалзаж хүндэтгэн үзээгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Монгол Улсын шүүх зөвхөн иргэний төдийгүй төрийн алба, төрийн захиргааны байгууллагын хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гаргасан тушаал, шийдвэрийг бодитой үнэн, зөв үнэлж дүгнэн, шударга ёсыг сахиулан ажиллана гэдэгт итгэж байна.

Шүүхийн шийдвэрт дурдсаны дагуу нэхэмжлэгч Н.Пүрэвжаргалыг мэргэжил, мэргэшлийн дагуу хяналтын улсын байцаагчийн ажлын байраар хангасан байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1080 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хамаарахаар болжээ. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/16 дугаар тушаалаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/05 дугаар тушаалаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /хуучин нэрээр/-ын албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Тухайн үед нэхэмжлэгч Н.Пүрэвжаргал нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 272 дугаар тушаалаар тус газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын Хяналтын хэлтсийн дарга /ТЗ-9-4 зэрэглэлтэй/-аар томилогдон ажиллаж байжээ. Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түүнийг дээрх Б/05 дугаар тушаалаар тус албан тушаалаас нь чөлөөлж, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/39 дүгээр тушаалаар албан тушаал бууруулан Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч /ТЗ-7-5/-аар томилсон нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсанаар тус газрын Хяналтын асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэгт оюуны өмчтэй холбоотой чиг үүргүүд нэмэгдсэнээс гадна нэхэмжлэгч Н.Пүрэвжаргалын эрхэлж байсан Хэлтсийн даргын орон тоо хасагдсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Пүрэвжаргалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилох нь зүйтэй байжээ. 

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь өөрчлөн байгуулагдсан боловч бүртгэл, хяналтын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байхад байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн гэх үндэслэлээр 2003 оноос эхлэн бүртгэлийн байгууллагад тогтвортой ажилласан нэхэмжлэгч Н.Пүрэвжаргалыг албан тушаал бууруулан томилсон нь төрийн жинхэнэ албан хаагчийг нэмэгдэл баталгаагаар хангаагүй, хууль бус шийдвэр болсон байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээрхээс үзвэл, хариуцагчийн “Н.Пүрэвжаргалыг мэргэжил, мэргэшлийн дагуу сул байгаа хамгийн боломжтой албан тушаалд томилж, орон тоо нь хасагдсан төрийн албан хаагчийн эрх ашиг сонирхлыг байж болох хэмжээнд хангасан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд зааснаар орон тоо нь хасагдсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан сул байгаа албан тушаалд томилох бус, цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилохоор байна.

Мөн шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,003,931 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Н.Пүрэвжаргалд олгохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д тус тус нийцжээ.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болох бөгөөд анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч Н.Пүрэвжаргал нь шүүх хуралдаан дээр “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байхад шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1080 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Пүрэвжаргал “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

            ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

            ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН