Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/02259

 

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/02259

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***, өөрийн байранд байрлах Г банк ХХК /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, *** овогт ***ийн М /РД: ***/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 2,191,102.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , хариуцагч А.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч А.М нь 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Г банктай *** дугаартай кредит карт эзэмших гэрээ байгуулан 500,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 42 хувийн хүүтэйгээр, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 24 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь гэрээгээр тохиролцсон зээлийн эрх бүхий картаа ашиглан зарцуулсан төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд түүнтэй байгуулсан гэрээний хугацаа дуусч, гэрээний үүрэг зөрчигдөж байна. 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 1,031,175 төгрөг, үндсэн хүү 1,013,116.31 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 64,895.83 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 46,515.79 төгрөг, АТМ-ын шимтгэл 400 төгрөг, жилийн хураамж 35,000 төгрөг болсон тул хариуцагчаас 2,191,102.93 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2019 оны 5 дугаар сарын 4-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 500,000 төгрөг төлсөн, эдгээр төлбөрийг хассан дүнгээр нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч А.М ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 9 дүгээр сард кредит карт авч хэрэглэсэн үнэн. Надад хэт өндөр хүүтэй зээл өгсөн. Миний бие гадагшаа ажлаар явж ирээд Г банкин дээр төлбөрөө хийх гээд зээлийн мэргэжилтэнтэйгээ уулзахад тухайн үед 1,000,000 гаруй төгрөг болсон байсан. Гэтэл намайг найваргүй зээлдэгч гэх ангилалд оруулчихсан байсан. Төлбөрийг төлөхөд арилах уу гэхэд арилахгүй гэж хэлсэн. Үүнээс болж зөрчилдсөн. 2019 оны 5 дугаар сард төлбөр нь 2,000,000 төгрөг болчихсон байсан. Би 1,500,000 төгрөг тушаасан. Гэтэл 600,000 төгрөг үлдсэн байсан боловч дахиад 2,000,000 төгрөг болчихсон байна гэв.

 

  Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч А.М д холбогдуулан гэрээний үүрэгт 2,191,102.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд татгалзлын үндэслэлээ ... төлбөрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хэт өндөр хүүтэй зээл надад өгсөн, би төлбөрөөс 1,500,000 төгрөгийг төлсөн гэж маргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г банк ХХК, хариуцагч А.М нар нь 2016 оны 11 дүгээр сарын 10ы өдөр Г банктай *** дугаартай кредит карт эзэмших гэрээ байгуулан 1,00,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3.5 хувийн хүүтэйгээр, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлжээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 450 дугаар зүйлийн 450.1Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан, энэ өдрөөс нэхэмжлэгч шаардах эрх үүссэн ба хариуцагч зээлийн эрхтэй картаас хэрэглэсэн төлбөрөө төлөх үүрэгтэй. Хариуцагч А.М нь гэрээ байгуулсан өдрөөс төлбөр төлсөн гэх 2019 оны 5 дугаар сарын 4-ны өдрийг хүртэлх 2 жил 8 сарын хугацаанд зээлийн хүүнд 1,120,000 төгрөгийг /1,000,000:3.5%=420,000 төгрөг, 420,000х32 сар=1,120,000/ төлөх үүрэгтэйгээс 2019 оны 5 дугаар сарын 4-нд 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 7-нд 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдааны явцад зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул 1,500,000 төгрөгөөс төлбөл зохих хүү буюу 1,120,000 төгрөгийг хасч, үлдэх 380,000 төгрөгийг үндсэн зээл буюу 1,000,000 төгрөгөөс хасч, 620,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй гэж үзлээ. Хариуцагч нь 620,000 төгрөгийн үндсэн зээлийн үүргийг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгээгүй тул дээрх 11 сарын хугацааны хүүнд /620,000:3.5%=23,800 төгрөг, 23,800х11 сар=261,800 төгрөг/ 261,800 төгрөгийг төлөх нь зүйтэй байна. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд зааснаар хариуцагч нь зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, АТМ-ын шимтгэл, жилийн хураамжийг төлөх нь зүйтэй байна.

Иймд хариуцагч А.М ээс үндсэн зээлийн төлбөрт 620,000 төгрөг, үндсэн хүүнд 261,800 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 64,895.83 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 46,515.79 төгрөг, АТМ-ын шимтгэл 400 төгрөг, жилийн хураамж 35,000 төгрөг, нийт 1,059,786.62 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,131,316.31 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 450 дугаар зүйлийн 450.1заасныг баримтлан хариуцагч А.М ээс үндсэн зээлийн төлбөрт 620,000 төгрөг, үндсэн хүүнд 261,800 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 64,895.83 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 46,515.79 төгрөг, АТМ-ын шимтгэл 400 төгрөг, жилийн хураамж 35,000 төгрөг, нийт 1,059,786.62 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,131,316.31 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 50,007.65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29,985 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР