Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1315

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Ц.Ганцэцэг (томилолтоор),

шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Сд холбогдох эрүүгийн 2408024270701 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Л-ийн С, Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, гурван хүүхдийн хамт  *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Л.С нь хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаангүй, хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Л.С нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 02-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарны замд Toyota Prius маркийн *** дугаартай хэрэгслийг согтуугаар (3,93 промиль) жолоодсон хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Үүнд:

- Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах дэслэгч С.С 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Эрх бүхий тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, драгер багажаар үүлгэж шалгуулсныг баримтжуулсан гэрэл зураг (хавтаст хэргийн 3-6 дахь тал),

- Цагдаагийн ерөнхий газрын Жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 10 дахь тал),

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.03-ны өдрийн 2024/ЗШ/856 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 24-26 дахь тал),

- Иргэний хариуцагч Л.А-ийн “…Би 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр болсон асуудлын талаар эхлээд мэдээгүй. Сүүлд дүү Л.С-с мэдсэн. Тоёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Л.С юм. Тухайн үед банк бус санхүүгийн байгууллагаас анх миний нэр дээр гаргуулж авч байсан ба мөнгийг нь Л.С төлж дуусгасан. Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Л.С юм…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгч Л.А-ийн “…Уг тээврийн хэрэгсэлд ямар нэгэн хохирол байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

- Гэрч Ж.Х-ын “…Би 2014-2015 онд Булган аймгийн Тэшиг суманд миний бие ахлах холбоочноор томилогдож анх очих үед Л.С тэнд ажилладаг байсан ба тэр үед бид хоёр анх танилцаж байсан. Тэр үеэс хойш бид хоёр найзалж нөхөрлөж байгаа бөгөөд Л.С нь хотоос очоод удахгүй байсан. Хувийн зан байдлын хувьд ажилсаг, гэр бүлийнхээ хүмүүст анхаарал халамж сайтай, гэнэн, хүнд итгэмтгий зантай, сүүлд гэр бүлээс салсны дараа юмыг их эмзгээр хүлээн авдаг болсон. Хааяа сэтгэлээр унасан үедээ бага зэрэг архи дарс хэрэглэсэн байсан. Тэгээд тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодон яваад замын цагдаад баригдсан байсан. Л.С-д ямар нэгэн муу зуршил хэлээд байх зүйл байхгүй. Харин эсрэгээрээ гэрийн ажилдаа сайн, үр хүүхдэдээ хайр халамжтай, гурван хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр нь хамгийн бага хүүхдээ 3 настай байхад нь орхиод явж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан.

Тус зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно.” гэсэн.

Шүүгдэгч Л.С нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь хэрэгт авагдсан жолоодох эрхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарны 03-ны өдрийн 2024/ЗШ/856 дугаартай шийтгэвэр зэргээр тогтоогдож байх тул түүнийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ.

Мөн зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Эрх бүхий тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, драйгер багажаар үлээлгэж шалгуулсныг баримтжуулсан гэрэл зургаар шүүгдэгч Л.С-ын амьсгал дахь спиртийн агууламж 3.93 промиль байсан нь тогтоогдож байх тул түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Л.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.3.       Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэл хийснээр гэмт хэргийн шинж бүрэн хангагдах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд тус хэргийн улмаас бусдад шууд учирсан хохиролгүй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Л.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч: “...би үнэхээр их харамсаж байна. Дахиж ийм зүйл болохгүй. Би бага насны хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Надад хорихоос өөр ял оногдуулж өгнө үү...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 9, 55 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 10, 56 дахь тал), хорооны засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 11 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 12, 57 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 13-15, 59-61 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 17, 54 дэх тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 18 дахь тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 19-20 дахь тал), хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 21 дэх тал), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Л.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амьсгал дахь спиртийн агууламж 3.93 промиль хэмжээтэй/, шүүгдэгчийн хувийн байдал /6-13 насны гурван хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Л.С-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт Л-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5,000 (таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-д оногдуулсан 5,000 (таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.С-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.АМАР