| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Эрдэнэбилэг |
| Хэргийн индекс | 204/2020/00034/э |
| Дугаар | 2020/ДШМ/34 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2020/ДШМ/34
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Д.Ганцэцэг
Өмгөөлөгч Г.Гандөш /цахим сүлжээгээр/
Шүүгдэгч Т.О
Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, Э.Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Г.Гандөш нарын давж заалдсан гомдлоор Т.О-д холбогдох 2027000000036 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Туучид овгийн Т.О
Т.О нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 17 настай Ц.А-г нуруун тус газарт хутгалан алсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, Т.О-г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүугийн хуулийн еренхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Т.О-д 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Т.О-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Т.О-н цагдан хоригдсон 89 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн сиди 1 ширхгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, талийгаач Ц.А, шүүгдэгч Т.О нарын гарын хумс 2 уут, хутга 1 ширхэг, цамц 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлж, Т.О нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хзрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зуйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.О-н өмгөөлөгч Г.Гандөш гаргасан гомдолдоо:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 2020/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг өмгөөлөгч Г.Гандөш би эс зөвшөөрч Өвөрхангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-т “ ... .Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ. 1.1-т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-т хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, 1.5-д өөрийгөө илчилсэн, 3-т шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно...” гэж,
Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д "... Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно...”, 8.5 дугаар зүйлийн 1-т “шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгаж шийдвэрлэнэ...” гэж тус тус заажээ.
Дээрх заалтуудтай холбогдуулан хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах нөхцөл байдлуудыг анхаарч үзээсэй гэж хүсч байна.
Шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээж, үнэн зөвөөр мэдүүлэг тайлбараа өгсөн байдлыг анхаарч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатанд 2 удаа яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгч байсан. Мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч миний бие байлцсан.
Шүүгдэгчийн хохирлоо төлж барагдуулсан байдал, хэдийгээр хүний амь насыг мөнгөөр хэмжишгүй ч гэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгахаар сэтгэл гаргаж байгаа байдал зэргийг харгалзан үзээ ч гэж хүсч байна. Шүүгдэгч Т.О нь өөрөө энэ хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан боловч ар гэрийн хүмүүсээр дамжуулан оршуулгын зардлыг төлсөн, боломж бололцоогоороо нэмж 5 сая төгрөг өгсөн. Хохирогч талаас ч энэ талаар шүүх хуралдаанд хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа бичгээр хүсэлт гаргаж өгсөн байгаа.
Мөн шүүгдэгч нь урьд эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй, зөрчлийн хэрэгт холбогдож байгаагүй, зан байдлын хувьд төлөв даруу, хүнд тусархуу эмээ, ээждээ тусалж мал маллан амьдардаг хүүхэд байгаа юм.
Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэг хэрхэн хаана яаж үйлдэгдсэн асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй байх гэж бодож байна. Гэмт хэрэг гарах үед 2020 оны ээлжит цэрэг татлага болж байсан. Сумын Засаг даргын захирамжаар архи согтууруулах ундааг хориглосон шийдвэр гарсан байсан. Энэ үед цэргийн албанд явах гэж байгаа залуучууд сэтгэлийн хөөрлөөр архи согтууруулах ундаа хэрэглэж, хоорондоо хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, нэг нь нэгийгээ зодож, нөгөөх нь нэгнийнхээ амь насыг хохироосон харамсалтай үйл явдал болсон. Хэрвээ тэр өдөр дөнгөж насанд хүрч байгаа 18 настай хүүхдүүдэд сумын Засаг даргын захирамжаа мөрдөн архи согтууруулах ундаагаар дэлгүүр үйлчлээгүй бол энэ хэрэг мэдээж гарахгүй байсан, энэ нь тухайн гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.
Шүүгдэгч насны хувьд тухайн гэмт хэрэг гарах үед дөнгөж 18 нас 28 хоногтой байсан нь хавтаст хэрэгт авагдсан нас тоолсон тэмдэглэлээс харагддаг. Хохирогч ч гэсэн дөнгөж 18 настай хүүхэд байсан. Мөн амь хохирогчийн хууль бус, зүй бус байдал энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үздэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан ихэнх баримтуудаас харагддаг ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тусгагдсан байгаа хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал харагдаж байгаа юм.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг шүүх хянан үзэж шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тухайн зүйл хэсгийн хорих ялын доод хэмжээ буюу 8 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэсний дагуу журамлан 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгаж шийдвэрлэнэ гэсний дагуу эдлэх ялыг 2 дахин багасгаж 4 жил хорих ялаар шийтгэж эдлэх ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэж анхан шатны шүүхэд хүсэлтийг гаргаж байсан.
Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага нь хуучнаар А дахь насанд хүрээгүйчүүдийн 411 дүгээр хорих анги бөгөөд амьдрах ухааны, хэлний, урлаг спортын зэрэг 30 гаруй төрлийн сургалт тогтмол явагддаг, хоригдогч нарт хүмүүжүүлэх тал дээр маш сайн нөлөө үзүүлдэг байгууллага байгаа юм.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байсан ч Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болохоор буюу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэднийг нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол олгох, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулахын тулд сургалт хүмүүжлийн байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр тогтоосон. Ийм байдлаар нийгмээс тусгаарласнаар гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, бусад хүмүүсийн нөлөөнөөс ангижруулах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх чухал ач холбогдолтой байдлыг гол зорилго болгон хууль тогтоогч журамласан гэж үзэж байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж 4 жил хорих ялаар тогтоож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хүсч байна... гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Т.О нь 17 настай Ц.А-г нуруун тус газарт хутгалан улмаар Ц.А-н амь хохиржээ.
Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн холбогдогч болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй, Т.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байна.
Тус үйл баримт нь Т.О-д холбогдох хэрэгт авагдсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-н “...А айлын хамгийн бага хүүхэд бид хэд нийлээд эхээс зургуулаа миний дүү 2002 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдсэн эмнэлэгт төрсөн. Манай аав Ц 2015 онд А-г 13 настай байхад нь өвчний улмаас нас барсан. Б гэх залуу гар хурууг нь бариагүй байсан бол биеэ хамгаалж болох байсан. Тийм учраас энэ хэрэгт Б-г холбогдуулан шалгуулах хүсэлтэй байна... зөв зүгээр дүүгээ хүний гарт алдсанд маш их гомдолтой байна. Манай ээжийн байдал маш муу байна. Харж хандаж хажууд нь байнга байдаг ганц хүн нь байхгүй болчихлоо...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-122 х/,
Насанд хүрээгүй гэрч С.Б-н “...Намайг 00-н тэнд бөөлжөөд байж байсан чинь А-н хамраас цус гарчихсан байдалтай С-тэй хамт гараад ирсэн. А О хоёр хашааны дотор талын үүд хэсэгт ярилцаад зогсож байсан. Тэр хоёрын яриаг сонсоход А О-д хандаж чи яаж байгаа юм хамрын цус гоожуулдаг нь гэж хэлсэн чинь ... О юм дугараагүй тэрхэн зуур л А О-г унатал нь шаагаад авах шиг болсон. Тэгээд очоод хартал Одхүү газар унасан байсан. Тэр хоёрыг М салгасан. О-н ах урд талын хашаанаас гарч ирэхээр нь бүгд тараад гэр гэр лүүгээ явсан. Эмнэлгийн урд талд А-тай таарсан тэгээд над дээр ирэнгүүтээ хоёулаа О-д очъё гэж хэлсэн тэгээд А-г сундлаад О-н гэрт очсон чинь А дотогшоогоо О-н гэр лүү орчихсон би гэр лүү нь ороогүй гадаа мотоцикльтойгоо гадаа байж байсан чинь урд талын хашаан дээр О-н ах Г Ш гээд нэг залуутай байж байснаа намайг дуудсан. Тэгэхээр нь намайг очиход Гэ бууж ирээд надад нэг юм хэлсэн би тэрийг нь сайн санахгүй байна. Тэр үеэр А гарч ирсэн тэгсэн Г А-г заамдаад томроод байж байх үед О гүйж гарч ирээд А-н нуруу руу цохих шиг болсон чинь А эвхрээд ойчсон. Тэгэхээр нь би нурууг нь харсан чинь цус гоожоод байсан… А өөрөө босч ирээд миний мотоциклийг унаад намайг сундлаад манай хашааны урд хэсэг хүртэл очсон, явж байхдаа надад мань чинь үхлээ ш дээ гэж хэлээд байсан би хойд талд нь уйлаад яваад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх- ийн 162-164х/, гэрч Б.Д-н мэдүүлэг /2 -р хх-ийн 225х/,
“ ...Талийгаач Ц.А-н цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хөндий нэвтэрч, өрц, баруун уушгины доод дэлбэнд хатгагдсан шарх, баруун далны гадна шугамаар 10-11 дүгээр хавирганы түвшинд шарх хамрын нуруу, дээд урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба цээжний хөндий нэвтэрч, өрц, баруун уушгины доод дэлбэнд хатгагдсан шарх, баруун далны гадна шугамаар 10-11 дүгээр хавирганы түвшинд шарх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хамрын нуруу, дээд уруулд үүссэн зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
Өрц цээжний хөндий, уушгины эдийн нэвтэрсэн шарх, гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамрын нуруу, дээд уруулд үүссэн зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
Талийгаач Ц.А-н цусанд 1 промилли спирт илэрсэн байна. 1 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.
Талийгаач Ц.А-н цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.
Талийгаач Ц.А нь “...өрц, цээжний хөндий, баруун уушгины эдийн нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цээжний баруун хөндийд цочмог цус алдаж, улмаар баруун уушги агааржилтгүй болж нас баржээ...” гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №35 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 171 -173х/, Хэрэг учралын газар, цогцос, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-20х, 23-35х/, мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Т.О-н мэдүүлгүүд зэрэг бичгийн бусад нотлох баримтууд буюу Т.О-н гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Анхан шатны шүүхээс Т.О-г гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлоо төлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг гомдол саналгүй болгосон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, түүнийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүугийн хуулийн еренхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Т.О-д 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Т.О-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, үндэслэл бүхий болжээ.
Т.О-д оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн Т.О-н өмгөөлөгч Г.Гандөшийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Т.О-н өмгөөлөгч Г.Гандөшийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан буюу 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс Т.О-н цагдан хоригдсон 41 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.