Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 00056

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                    Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                  Д.Уранчимэг

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                  А.Хандмаа

                         Шүүгдэгч                                                Б.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Б.Номин-Эрдэнэд холбогдох 201718020085 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн 4-1-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МБ:88083104/ Шарнууд овогт Бат-Очирын Номин-Эрдэнэ.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолоор:

 

         Б.Номин-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 2-р хэсгийн 10-5 тоотод байрлах “BNJNВ” ХХК-ийн Маргад нэртэй баарны гал тогооны өрөөнөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Нарантуяагийн “Samsung galaxy” J-7 маркын гар утас хулгайлж 640,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:               

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Номин-Эрдэнэ мэдүүлэхдээ: ... 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах “Маргад” нэртэй караокед найз нартайгаа орсон. Тухайн үед би нилээн согтсон байсан. Тэгээд бие засах гээд тус газрын хойд талын хаалгаар нь гарахдаа гал тогооны өрөөний аяга таваг хатаагчин дээр Samsung Galaxy J7 маркийн гар утас байхаар нь утсаар ярих гээд аваад гарсан. Тэгээд тэр чигээрээ гэрлүүгээ хариад унтаад өгсөн. Өглөө босоод харахад гэрт гар утас байсан гайхаад хэнийх юм бол гэж бодоод утсыг нь аваачаад өгвөл намайг хулгайч гэж бодох юм бол уу гээд өгөөгүй. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна гэжээ.

            Хэрэг бүртгэлтэнд хохирогч Ц.Нарантуяа мэдүүлэхдээ: … 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн орой 23 цагийн үед Би караоке баарныхаа хойд талын өрөө буюу гал тогооны өрөөний аяга хатаагч дээр тавьчихсан байсан Samsung Galaxy J7 маркын гар утсаа алга болсныг маргааш өглөө нь буюу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өглөө мэдсэн юм. Тэгээд би урьд шөнө нь надтай хамт байсан манай найз нар болох Нараа, Хишигжаргал, Урнаа, Хишгээ нарын гар утаснууд руу нь залгаж “Миний гар утас алга болчихлоо үзэж харсан хүн байна уу” гэхэд манай найз нар бүгд л хараагүй гэж хэлсэн юм. Харин манай найз болох Нарантуяа надад “урьд шөнө 00 цагийн үед танай караокед орж ирсэн Номин гэх хүүхэн танай гал тогооны өрөөний аяга таваг хатаагчийн орчимд буруу харчихсан зогсож байсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд тэр Номин гэдэг хүүхэнтэй уулзах гэж байгаад за хүн хэлмэгдүүлээд хүнд буруу санаад яах вэ гэж бодоод тэртэй тэргүй шинэ гар утас байсан болохоор сириал дугаараар нь хөөгөөд олчихно гэж тооцоод Мобикомын салбарт хандчихсан байсан юм. Тэгтэл харин ашгүй цагдаагийн байгууллага олж өгсөнд баярлалаа гэх мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар хуудас/

            Хэрэг бүртгэлтэнд гэрч Н.Нарантуяа мэдүүлэхдээ: … Тэгээд өглөө нь босоод Ц.Нарантуяа надаас “Чи миний гар утсыг харсан уу гар утас маань алга болчихсон байна шүү дээ” гээд явж байсан юм. Тэгснээ л урьд орой хамт байсан Хишгээ, Уранаа нар луу залгаж асуугаад байсан. Тэгээд би Нарантуяагаас “гар утас чинь яг хаана байсан юм бэ" гэхэд Ц.Нарантуяа надад “би өчигдөр орой утсаа унтраагаад караоке-ны арын гал тогооны өрөөний аяга таваг хатаагч дээр тавьчихсан байсан шүү дээ” гэж хэлэхээр нь би Ц.Нарантуяад “тэгвэл өчигдөр орой тэр танай караоке-ны гал тогооны өрөөнд Номин гэдэг хүүхэн буруу харчихсан зогсоод байсан шүү дээ тэр хүүхэн авчихсан юм болов уу” гэж хэлэхэд Ц.Нарантуяа “арай үгүй байлгүй дээ” гэж байсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/

         2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэнд: ... Samsung Galaxy J7 маркын гар утас 640000 төгрөг гэх дүгнэлт /ХХ-ийн 17 дугаар хуудас/

 Хэрэг бүртгэлтэнд Б.Номин-Эрдэнэ мэдүүлэхдээ: … 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би найзуудынхаа хамтаар Маргад караоке бааранд валентины баяр тэмдэглэж архи, пиво уусан юм. Тэгээд нэлээн согтоод тэр баарнаас гарахдаа гал тогооны өрөөнд байсан гар утсыг нь аваад гарчихсан байсан. Би маргааш өглөө нь хүний гар утас авсан байна гэдгээ мэдсэн. Тэгээд хэний утас гэдгийг мэдээгүй болохоор буцаагаад өгөхөөр намайг хулгайч гээд бодчихно гэж бодоод эзэнд нь буцааж өгөөгүй юм. Тэгээд цагдаад баригдаад шалгагдаж байна. Буруу хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 26 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Номин-Эрдэний ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /28 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

                                                                                                                             

           Шүүгдэгч Б.Номин-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 2-р хэсгийн 10-5 тоотод байрлах “BNJNВ” ХХК-ийн Маргад нэртэй баарны гал тогооны өрөөнөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Нарантуяагийн “Samsung galaxy” J-7 маркын гар утас хулгайлж 640,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

                  

        Хэрэг бүртгэлтэнд хохирогч Ц.Нарантуяагийн мэдүүлэгт: … 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн орой 23 цагийн үед Би караоке баарныхаа хойд талын өрөө буюу гал тогооны өрөөний аяга хатаагч дээр тавьчихсан байсан Samsung Galaxy J7 маркын гар утсаа алга болсныг маргааш өглөө нь буюу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өглөө мэдсэн юм. ... Харин манай найз болох Нарантуяа надад “урьд шөнө 00 цагийн үед танай караокед орж ирсэн Номин гэх хүүхэн танай гал тогооны өрөөний аяга таваг хатаагчийн орчимд буруу харчихсан зогсож байсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд тэр Номин гэдэг хүүхэнтэй уулзах гэж байгаад за хүн хэлмэгдүүлээд хүнд буруу санаад яах вэ гэж бодоод тэртэй тэргүй шинэ гар утас байсан болохоор сириал дугаараар нь хөөгөөд олчихно гэж тооцоод Мобикомын салбарт хандчихсан байсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар хуудас/,

        Хэрэг бүртгэлтэнд гэрч Н.Нарантуяагийн мэдүүлэгт: … Нарантуяагаас “гар утас чинь яг хаана байсан юм бэ" гэхэд Ц.Нарантуяа надад “би өчигдөр орой утсаа унтраагаад караоке-ны арын гал тогооны өрөөний аяга таваг хатаагч дээр тавьчихсан байсан шүү дээ” гэж хэлэхээр нь би Ц.Нарантуяад “тэгвэл өчигдөр орой тэр танай караоке-ны гал тогооны өрөөнд Номин гэдэг хүүхэн буруу харчихсан зогсоод байсан шүү дээ тэр хүүхэн авчихсан юм болов уу” гэж хэлэхэд Ц.Нарантуяа “арай үгүй байлгүй дээ” гэж байсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэнд: ... Samsung Galaxy J7 маркын гар утас 640000 төгрөг гэх дүгнэлт /ХХ-ийн 17 дугаар хуудас/,

     Хэрэг бүртгэлтэнд Б.Номин-Эрдэний мэдүүлэгт: … 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би найзуудынхаа хамтаар Маргад караоке бааранд валентины баяр тэмдэглэж архи, пиво уусан юм. Тэгээд нэлээн согтоод тэр баарнаас гарахдаа гал тогооны өрөөнд байсан гар утсыг нь аваад гарчихсан байсан. Би маргааш өглөө нь хүний гар утас авсан байна гэдгээ мэдсэн. Тэгээд хэний утас гэдгийг мэдээгүй болохоор буцаагаад өгөхөөр намайг хулгайч гээд бодчихно гэж бодоод эзэнд нь буцааж өгөөгүй юм. Тэгээд цагдаад баригдаад шалгагдаж байна. Буруу хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Номин-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 2-р хэсгийн 10-5 тоотод байрлах “BNJNВ” ХХК-ийн Маргад нэртэй баарны гал тогооны өрөөнөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Нарантуяагийн “Samsung galaxy” J-7 маркын гар утас хулгайлж 640,000 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Гэвч шүүгдэгч Б.Номин-Эрдэний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай баримт үйлдэж нотариатаар батлуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байх тул Б.Номин-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Номин-Эрдэнэд өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:               

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овогт Бат-Очирын Номин-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Номин-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Номин-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Номин-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

4. Б.Номин-Эрдэнэд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.                                   

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ж.ЭРДЭНЭБАТ.