Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/02703

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо, 00 тоот хаягт байрлах, Х ХХК /0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 00байранд байрлах, Б ХХК /РД:0000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 00 байранд байрлах, Б ХХК /РД:000000/ нарт холбогдох,

 

Гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 13 029 002 580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д /ШТЭҮД-0000/, хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч БХХК-тай хэлэлцээр бичиг нэртэй, 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт гэрээ нэртэй гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагч тал Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээрх тухайн үед баригдаж байсан 14 дүгээр хорооллын барилгын ажлын хүрээнд F1, F2 барилгуудыг барих газрыг худалдан авч чөлөөлөх, үүнтэй холбоотой зардлыг ХХХК хариуцах, уг хоёр барилгын зураг төслийг бэлтгүүлэх, шаардлагатай зөвшөөрлүүдийг авч бэлтгэх, барилга угсралтын ажлын явцад төр захиргааны эрх бүхий байгууллагуудтай харьцаж барилга угсралтын ажил хэвийн явагдах нөхцлийг хангах, орон сууц борлуулах үйл ажиллагаанд манай компанид туслах үүргийг БХХК хүлээсэн. Харин манай компани уг гэрээг байгуулснаар хариуцагчид газар худалдан авч чөлөөлөхтэй холбоотой зардлыг шилжүүлж, БХХК-ийн нэрийн дор дээрх барилгын угсралтын ажлыг иж бүрнээр нь явуулж, ашиглалтад оруулж, улмаар худалдан борлуулж ашиг олох явдал байсан бөгөөд ийм зорилгоор хариуцагчтай уг гэрээг байгуулж гэрээнд заасан үүргээ биелүүлж хариуцагчид нийтдээ 1 652 141 748 төгрөгтэй тэнцэх төлбөрийг шилжүүлсэн. Б ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд дээрх төлбөрийг хүлээн авч айлуудын газрыг худалдан авч чөлөөлөх үүргээ биелүүлж нийтдээ 16740,9 м.кв газрыг чөлөөлж өгсөн ба уг газар дээр манай компани И ХХК-иар барилга угсралтын ажлаа гүйцэтгүүлж эхэлсэн. Гэтэл 2008 онд дэлхийн эдийн засаг хямарч Улаанбаатар хотын барилгын зах зээл мөн муудсан учраас бид барилга угсралтын ажлаа түр зогсоож хүлээлтийн горимд шилжээд байсан. Ийнхүү түр зогсох хүртэл буюу 2008 оны төгсгөл гэхэд нийт барилга угсралтын ажлынхаа 55 хувийг гүйцэтгэсэн байсан тул хариуцагч талтай 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээгээр барилга угсралтын ажлаа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулахаар харилцан тохиролцсон байсан боловч биднийг эзгүй байх хооронд буюу 2011 онд хариуцагч тал манай F1, F2 барилгуудын угсралтыг дур мэдэн өөрсдөө гүйцээн барьж ашиглалтад оруулсан, цаашилбал бусдад худалдан борлуулж дуусган бүх орлогыг өөртөө авч завшин манай компанийг хохироогоод байна. Үүний дараа бид хариуцагч талыг тухайн орон сууцны барилгыг худалдан борлуулах үедээ нийтэд тарааж байсан зар сурталчилгааны материалаас орон сууцны талбайг хамгийн багадаа 1 450.000 төгрөгөөр худалдсан болохыг олж мэдсэн тул F1, F2 барилгын нийт талбай болох 11.973,04 м.кв хэмжээгээр үржүүлэхэд 17 360 908 000 төгрөг, үүнд 30 ширхэг автомашины зогсоолыг 18 000 000 төгрөгөөр үржүүлэхэд 540 000 000 төгрөг болж байгаа буюу нийт борлуулалтын орлого нь 17 900 908 000 төгрөг болж байна. Үүнээс манай компанийн хувьд тухайн барилгуудыг барихад гарах зардал буюу анх тооцоолж байсан 6 880.510 ам.доллар буюу 7 992 040 321 төгрөгийг хасвал 9 978 867 679 төгрөгийн цэвэр ашиг олсон тооцоо гарч байна. Хэрэв манай компани тухайн орон сууцаа өөрөө барьж ашиглалтад оруулж бусдад худалдан борлуулсан бол энэхүү 9 978 867 679 төгрөгийн цэвэр ашгийг олох ёстой байсан гэсэн үг. Энэхүү нөхцөл байдал нь манай компанитай гэрээгээр тохиролцсон тохиролцоонд огт байхгүй өөр үйлдэл хийж, өөр үйл ажиллагааг дур мэдэн хэрэгжүүлж компанийн эрхийг зөрчиж хохироосон үйлдэл юм. Үүнээс манай ХХХК-г анх барихад гарсан зардал буюу тооцоолж байсан 5 200 651 800 төгрөг болж байгаа. Нэмбэл 15 179 519 479 төгрөгийг гаргуулахаар байна. Өмнөх хуралдаанд манай гаргасан хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтаас харахад нийт талбайн хэмжээ нь 12 023.65 м.кв байх тул тооцооллыг дахин боловсруулж, нэхэмжлэлийн шаардлагыг 13 029 002 580 төгрөг болгон багасгаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол гаргуулахаар шаардаж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ярьдаг. Энэ маргааныг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 6 жил гэж байна. Бидний хамтын ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгө бий болох байсан гэдэг агуулгаар 6 гэж ойлгож байгаа. Барилга угсралтын ажил нь 68 хувийн гүйцэтгэлтэй явж байсан тул үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан гэж үзэж байна. Өмнө гэрчилгээ авсан эсэх талаар мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч БХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой харилцааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэгдүгээрт хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхэлнэ гэж хуульчилсан нэхэмжлэгч ХХХК нь эрх зөрчигдсөн гэх албан тоотыг 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр БХХК-д хүргүүлсэн. 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эрх зөрчигдсөн гэдгээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна. ХХХК-ийн нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдуулан 2014 оны 7 дугаар 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 03793 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д эрх бүхий этгээд гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй гэж хуульчилсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж байгаа. Нэхэмжлэгч тал нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үүрэг шаардаагүй харин гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх байгаа учир 3 жилийн хугацаа дууссан гэж үзэж байна. 2018 оны 4 сарын 20-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр байгуулагдсан гэрээ нь ХХХК болон БХХК-ийн хооронд байгуулагдаагүй. Тус гэрээг ХХХК нь Бтэй байгуулсан. Бын ерөнхий захирал н.М болон Бын тамга тэмдэг дарагдсан байдаг. Энэ нь хавтаст хэргийн 11-13 дахь талд байна. Мөн хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд Бын ХХХК-д гаргасан албан бичгээр Б болон ХХХК нь хооронд 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр нэмэлт гэрээ байгуулагдсан гэдэг нь тодорхой тусгагдсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор 3 үндэслэлээр татгалзлынхаа үндэслэлийг тайлбарлана. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа БХХК-д холбогдуулан гаргасан бөгөөд манай байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, албан бичиг ирүүлж байгаагүй тул шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Харин 2021 оны 5 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд Б ХХК-г хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт гаргасан нь анх удаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна. Иргэний хуулийн 76.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргасан өдрөөс эхлэн тооцно. Иргэний хуулийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бол нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолно гэж заасан байна. Нэхэмжлэлийн шаардлага бол БХХК-тай байгуулсан гэрээний үүргийг шаардаж байна гэж үзээд үүнтэй холбоотой асуудал нь Б ХХК-тай хамааралгүй байна гэж үзэж байна. Хамгийн анх байгуулсан 2008 оны 4 сарын 23-ны өдрийн гэрээ, түүний үндсэн дээр байгуулсан 2015 оны гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй байна. Эрх зүйн бүрэн чадвар чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн гэрээ биш байна. Учир нь нэхэмжлэгч нь улсын бүртгэлд 2008 оны 4 сарын 23-ны өдөр бүртгэгдсэн гэж байна. Энэ бол хавтаст хэргийн 124 дэх талд авагдсан хуулийн этгээдийн гэрчилгээнд байна. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар бол хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж заасан байна. Тэгэхээр 2008 оны 4 сарын 20-ны өдөр буюу улсын бүртгэлд бүртгэгдэхээс өмнө гарын үсэг зурж тамга дарсан байна. Иргэний эрх зүйн харилцаанд оролцох чадваргүй этгээдийн байгуулсан хэлцэл нь өөрөө хүчин төгөлдөр бус, мөн түүнтэй холбоотойгоор байгуулагдсан хэлцлүүд нь хүчин төгөлдөр бус байна. Манай зүгээс ямар нэгэн байдлаар үүрэг үүсээгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч Б ХХК, БХХК нарт холбогдуулан 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хэлэлцээр бичиг, 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээ зэрэгт үндэслэн орон сууцыг дур мэдэн гүйцээн барьж, ашиглалтад оруулан бусдад худалдан борлуулж олсон орлогын цэвэр ашиг болох 9 978 867 679 төгрөг, барилга угсралтын ажилд зарцуулсан 5 200 651 800 төгрөг, нийт 15 179 519 479 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 13 029 002 580 төгрөг болгон багасгаж, багасгасан шаардлагаа дэмжиж мэтгэлцэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч болох БХХК нь үүргээ зөрчсөнөөс үүдэн гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол буюу гарсан зардал, олох байсан орлого нийт 13 029 002 580 төгрөгийг хохиролд тооцон хариуцагч нараас гаргуулна... гэж тайлбарласан ба хариуцагч Б ХХК нь хариуцвал зохих этгээд биш гэж, хариуцагч БХХК нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр тус тус эс зөвшөөрч маргав.

 

ХХХК болон БХХК-ийн хооронд 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хийгдсэн хэлэлцээр бичгийн дагуу 2 тал Баянзүрх дүүргийн 14-р хороолол төсөлд хамтран хөрөнгө оруулахаар тохиролцож, нэхэмжлэгч нь орон сууцны барилгад хөрөнгө оруулах, F1-F2 орон сууцны барилгыг эхэлж барих бөгөөд уг барилгуудыг худалдан борлуулж, борлуулалтын орлогыг хүлээн авах, хариуцагч нь газрыг худалдан авч, нүүлгэн шилжүүлэх, тус газарт барилгын ажил эхлүүлэхтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлэн ажил эхлэх зөвшөөрлийг авч, төр засгийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох зэрэг холбогдох зардлыг гаргах, урьдчилан зарагдсан болон борлуулагдсан орон сууцны мөнгийг ХХХК-д тушаах үүргийг тус тус хүлээж, нэхэмжлэгч компани нь төслийн 1 дүгээр зэргийн хөрөнгө оруулалтад шаардлагатай нийт зардлын 50 хувийг төлөх, карказны ажил дууссаны дараа 30 хувь, барилгыг ашиглалтад оруулсны дараа үлдэх 20 хувийг төлөхөөр тохиролцож, талууд гарын үсэг зуран, өөрсдийн компанийн тамга, тэмдгийг дарж баталгаажуулжээ. /хх.9-10/

 

Дээрх тохиролцооны дагуу хариуцагч БХХК барилга барих газрыг худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлсэн болох нь хэргийн 36-44 дүгээр талд авагдсан Баянзүрх дүүргийн 14-р хороо, 19 дүгээр гудамж, кино үзвэрийн байрны 1-9 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар, харин нэхэмжлэгч ХХХК нь орон сууцны барилгын хөрөнгө оруулалтад 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 30 000 000 төгрөг, 2008 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1 930 000 юань, 2008 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1 070 000 юань, 2008 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 200 000 ам.доллар, 2008 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 90 000 ам.доллар, 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 200 000 ам.доллар, 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 300 000 ам.доллар, 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 86 759,20 ам.доллар шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтууд болон талуудын мөнгө хүлээж авсан талаарх албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх.24-35/

 

Харин эдийн засгийн болон барилгын зах зээлийн нөхцөл байдал зэргийн улмаас талууд 14-р хорооллын F1, F2 орон сууцны барилыг угсралтын ажлыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулахаар тохиролцож, 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний нэмэлт болгож 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт гэрээ байгуулжээ. /хх.11-13/

 

Дээрх баримтуудаар талуудын хооронд Баянзүрх дүүрэг 14-р хорооны нутаг дэвсгэрт F1, F2 орон сууцны барилга барихтай холбоотой харилцаа үүссэн болох нь, хэлэлцээр бичигт тохиролцсоны дагуу нэхэмжлэгч тал хөрөнгө оруулалтын зардлыг хариуцагч компанид шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч ХХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 6-р хэсэгт орших 164 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэх гэрээг ИХХК-тай байгуулсан гэрээний маргааныг талууд арбитраар шийдвэрлүүлсэн болох нь 13/10 хэргийн дугаартай Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэхэд Монголын үндэсний арбитрын шийдвэртэй холбоотой материалуудаар тогтоогдож байна /хх-51-97/.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараас дүгнэхэд талуудын хооронд буюу нэхэмжлэгч ХХХК, хариуцагч БХХК нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Харин нэхэмжлэгч ХХХК болон хариуцагч Б ХХК нарын хооронд үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна. Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж хуульд заасан бөгөөд нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах F1, F2 орон сууцны барилгын хөрөнгө оруулалтыг хариуцаж, хариуцагч тал орон сууцны барилга барих газрыг худалдан авч, нүүлгэн шилжүүлэх, нэгэнт батлагдсан төлөвлөлтийн хүрээнд газарт хөрөнгө оруулж ажил эхлүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг бүрдүүлж, төр засаг болон бусад холбогдох албадын дэмжлэгийг авах, холбогдох зураг төсөл болон техникийн нөхцлийг бүрдүүлж, ажил эхлүүлэх зөвшөөрлийг авах, төр засгийн байгууллагуудтай холбоо тогтоож ажиллахаар тохиролцож, үүний дагуу нэхэмжлэгч хөрөнгө оруулалтын зардлыг хариуцагч БХХК болон Б ХХК-ний дансанд шилжүүлсэн болох нь, талууд дээрх барилгын ажлыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Талууд 2008 оны 04 дүгээр сард байгуулагдсан хэлэлцээр бичгийн нэмэлт гэрээг 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулж хэлэлцээрийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах F1, F2 орон сууцны барилга угсралтын ажлыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоосон боловч хариуцагч БХХК нэхэмжлэгч талын зөвшөөрөлгүйгээр 2008, 2010 онуудад байгуулагдсан гэрээний дагуу хийгдэх Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах F1, F2 барилгын ажлыг барьж ашиглалтад оруулж, худалдан борлуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Түмэн наст хотхоны сурталчилгааны гарын авлагаар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-45-46/ Уг гарын авлагад ерөнхий захиалагчийг Бэрэн мортгейж групп ХХК, ерөнхий гүйцэтгэгчийг БХХК гэж бичигдсэн байна.

 

Хамтран ажиллах гэрээний оролцогчдын хамтын үйл ажиллагаандаа зориулж төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө болохыг Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т заасан. Тиймээс хамтын хөрөнгийг захиран зарцуулах нөхцөлд гэрээний талууд энэ талаар зөвшилцөх үүрэгтэй атал хариуцагч БХХК гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас талууд хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болж, гэрээ дуусгавар болсон байна.

 

Хэргийн үйл баримтаар хариуцагч БХХК-ийн хамтран ажиллах гэрээний үүрэг зөрчсөн нь буруутай, нэхэмжлэгч хариуцагчаас хохирол шаардах эрхтэй болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байна.

 

Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч БХХК-д холбогдуулан 2008, 2010 онд байгуулагдсан хэлэлцээр бичиг, нэмэлт гэрээний дагуу 13 477 230 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 354 дүгээр магадлал зэргээс үзэхэд нэхэмжлэгч ХХХК нь хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэл гаргасан байх хэдий ч Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 3793 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх.97-102, 111-123/

 

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь 2008, 2010 онуудын гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дах хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх боловч 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 3793 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарснаас хойш дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааг тооцоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу /хх.87-90/ ИХХК-аар барилгын ажлыг хийж гүйцэтгүүлсэн байх бөгөөд 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хийгдсэн хэлэлцээр бичигт зааснаар хариуцагч нь барилгын ажилд хяналт тавих, нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалт хийж, борлуулалтын орлогыг хүлээж авахаар тохиролцсон байна. Энэхүү тохиролцоонд заагдсан нэхэмжлэгчийн шаардах эрхийг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргийн шаардлага гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 6 жилээр тооцох тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч БХХК болон Б ХХК-д холбогдуулан 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Хэлэлцээр бичиг, 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээ зэрэгт үндэслэж орон сууцыг дур мэдэн гүйцээн барьж, ашиглалтад оруулан бусдад худалдан борлуулж олсон орлогын цэвэр ашиг болон барилга угсралтын ажилд зарцуулсан зардал нийт 13 029 002 580 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХХК-ийн хариуцагч БХХК болон Б ХХК-д холбогдуулан гаргасан 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Хэлэлцээр бичиг, 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээ зэрэгт үндэслэж орон сууцыг дур мэдэн гүйцээн барьж, ашиглалтад оруулан бусдад худалдан борлуулж олсон орлогын цэвэр ашиг болон барилга угсралтын ажилд зарцуулсан зардал нийт 13 029 002 580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 086 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ