Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/925

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,               

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Б.Ж*****, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б*****н овогт Б******ы Ж*****д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 240200094**** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 20** оны 01 дүгээр сарын **-ны өдөр Х****й аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт, Х****й аймгийн Х****н сумын * дугаар баг, Б**********н ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус бүр шийтгэгдсэн, Б*****н овогт Б*******н Ж*****, /РД:**********/

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Ж***** нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт Бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамин /Methamphetamine/, "Сэтгэцэд нөлөөт Бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан MDMA болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж***** мэдүүлэхдээ:  “...мэдүүлэг өгөхгүй гэв...”  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ж.Ө********н өгсөн: “...Би Ж*****гийн төрсөн ээж нь байгаа юм. Ж***** миний 2 дох хүүхэд болж 20** оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн. Би хүүхэдтэйгээ ** нас хүртэл нь хамт байдаг байсан. Тэгээд ** нас хүртэл нь би Х***** аймагт хотоос ирж очин байж байдаг байсан. Тэгээд л утсаар холбогдоод ярьдаг байсан. Ж***** аймагт аавынхаа хамаатныд байдаг байсан. Аавынхаа хамаатныд 2 жил гаран байсан. Миний хүү Ж***** гэр орондоо харилцаа хандлагын хувьд гайгүй. Миний хүү Ж***** 8 дугаар ангиа төгсөөд Х***** аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тогоочийн ангид орсон. Тогоочийн ангийг 2,5 жилээр төгссөн. Миний санаж байгаагаар 2014-2016 онд л төгссөн байх гэж би санаад байгаа юм. Буруу санаж байгаа үгүйгээ мэдэхгүй байна. Би 2018 онд Солонгос руу гарсан. Тэгэхэд Ж***** хотод найзуудтайгаа хамт хэрэгт холбогдож байсан. Тухайн үед аав нь очиж уулзаж байсан. Ял шийтгэл авч байсан гэсэн. Тэгээд би Солонгосоос 2021 оны 07 дугаар сард ирээд Б***-А****** сум руу томилогдоод очиж ажилласан. Тэгээд Ж***** 10 сард миний ардаас Б***-А****** сум руу ирээд тогоочийн ажилд ороод хамт амьдарсан. Тэгээд Ж***** цалин маань бага байна гээд 4-6 сар тэр ажилдаа ажиллачхаад хот руу яваад өгсөн. Тэрнээс хойш найз охинтой болсон байр түрээсэлж амьдарч байгаа л гэдэг байсан. Хотод байдаг газраар нь зорьж очиж байгаагүй. Утсаар яриад л байж байдаг байсан. Хамгийн сүүлд 2024 оны 02 дугаар сард цагаан сарын дараа Х***** аймагт ирээд уулзсан. Аавынх нь бие нэлээн хүнд өвдчихсөн байсан болохоор ирээд 2,3 хоноод буцсан. Ажил төрөлтэй гээд л буцаад явсан. Би энэ талаар ёстой мэдэхгүй. Яагаад хэрэглэсэн гэдгийг нь ёстой мэдэхгүй. Өмнө нь иймэрхүү зүйл ч сонсож байгаагүй. Хотод байхдаа ямар хүмүүстэй найзалж, нөхөрлөөд явж байсныг нь мэдэхгүй. Ямар ч байсан хотод 16 дугаар хороололд найзуудтайгаа 2, 3 өрөө байр хөлслөөд байж байгаа л гэж байсан. Өөр зүйлийн талаар надад мэдэх юм байхгүй. Уг хүн нь зөөлөн, даруу хүн байдаг. Яагаад ийм зүйл болсныг би мэдэхгүй байна. Би сүүлд 7 хоногийн өмнө фейсбүүкээр холбогдсон. Хэрэг төвөгт орооцолдоод бие дээрээ шивээс хийлгэчихсэн байсан. Ер нь уурлаад байдаггүй хүн. Үеийнхэн найз нөхөд нь ам сайтай л байдаг. Тамхи бол татдаг болчихсон байсан. Тамхинаас гарна, тамхины наалт наалгана гэж ярьж байсан. Архи уудаг талаар нь мэдэхгүй, гэртээ согтуу ирж байгаагүй. Аав нь их мундаг хүн байдаг болохоор аавыгаа дуурайсан. Мөрийтэй тоглоом тоглодог талаар мэдэхгүй. Хар тамхитай тэмцэх газраас над руу холбоо бариад танай хүүхэд гадагшаа гарсан байна. Та энэ талаар мэдэх үү? гэж л надад хэлсэн. Тэгэхээр нь би Ж***** рүү шууд фейсбүүкээр чат бичээд хаана юу хийж яваа юм бэ? Аав ээжийгээ зовоож ханахгүй байна уу? Хаана байна гэж бичсэн. Тэгтэл намайг болон аавыгаа фейсбүүкээр блоклосон байсан. Тэгээд би найзууд руу нь залгаад хаана байгаа талаар нь тодруулах гээд ерөөсөө холбогдож чадахгүй байж байгаад Солонгост байдаг Хонгор гээд найзтай нь холбоо бариад Ж***** рүү холбоо бариад аавынх бие муу байна гэж хэлээд өгөөч гэж хэлсэн. Тэгж хэлүүлсний дараа над руу чат бичсэн байсан. Аавын бие гайгүй юу? Юу болж байна гэсэн байсан. Хаана байгаагаа бол хэлээгүй. Сүүлд дүү нь зусланд явахдаа ахтайгаа холбоо барьсан байсан. Ах нь мөнгө байна уу гэж асуусан байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Химийн шинжээчийн 1*** тоот шинжээчийн: “...1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн "Б*******н Ж***** СД0121****" гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Б********н Ж***** СД0121****" гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин /Methamphetamine/ болон MDMA илэрсэн. MDMA нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодис"-ын тухай конвенцын 1 жагсаалтад хамаарна. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодис"-ын тухай конвенцын II жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202* оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Химийн шинжээчийн 12** тоот: “...1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "1 Бор өнгийн зүйлээр бохирлогдсон цаас 0,3гр" гэж хаягласан зиплок ууттай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон цаас мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9- Tetrahydrocannabinol/ илэрсэн. "2 Ц/өнгөтэй соруул 50 төгрөг 1ш тугалган цаас 1ш" гэж хаягласан зип лок ууттай Цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйлд холбогдсон соруул мэт зүйлээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. "2 Ц/өнгөтэй соруул 50 төгрөг 1ш тугалган цаас 1ш" гэж хаягласан зип лок ууттай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, Монгол улсын АY4992794 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс MDMA илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн І жагсаалтад багтдаг болно. 4.5. Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт тус бүрээс арчдас авч шинжилгээний дээж бэлтгэсэн тул цэвэр жинг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 70-74 дүгээр хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай: “...1. Б.Ж***** нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. Б.Ж***** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Б.Ж***** нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Б.Ж***** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 5. Б.Ж***** нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамаараалтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,

 

-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-11, 42-45 дугаар хуудас/,  

-хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-13, 46-48 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 153 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 100 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно            .

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

            Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Ж***** нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт Бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамин /Methamphetamine/, "Сэтгэцэд нөлөөт Бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан MDMA болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Ж***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа...”гэх дүгнэлтүүдийг тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч Б.Ж***** нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт Бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамин /Methamphetamine/, "Сэтгэцэд нөлөөт Бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан MDMA болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Химийн шинжээчийн 1233 тоот шинжээчийн: “...1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн "Б*******н Ж***** СД0121****" гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Б******н Ж***** СД0121****" гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин /Methamphetamine/ болон MDMA илэрсэн. MDMA нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодис"-ын тухай конвенцын 1 жагсаалтад хамаарна. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодис"-ын тухай конвенцын II жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202* оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Химийн шинжээчийн 12** тоот: “...1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "1 Бор өнгийн зүйлээр бохирлогдсон цаас 0,3гр" гэж хаягласан зиплок ууттай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон цаас мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9- Tetrahydrocannabinol/ илэрсэн. "2 Ц/өнгөтэй соруул 50 төгрөг 1ш тугалган цаас 1ш" гэж хаягласан зип лок ууттай Цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйлд холбогдсон соруул мэт зүйлээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. "2 Ц/өнгөтэй соруул 50 төгрөг 1ш тугалган цаас 1ш" гэж хаягласан зип лок ууттай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, Монгол улсын АY4992794 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс MDMA илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн І жагсаалтад багтдаг болно. 4.5. Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт тус бүрээс арчдас авч шинжилгээний дээж бэлтгэсэн тул цэвэр жинг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 70-74 дүгээр хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай: “...1. Б.Ж***** нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. Б.Ж***** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Б.Ж***** нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Б.Ж***** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 5. Б.Ж***** нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамаараалтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,

-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-11, 42-45 дугаар хуудас/, 

-хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-13, 46-48 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн субьектив шинжтэй байдаг.

 

Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ж*****д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ж***** нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Ж*****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж байгаа. Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хувийн байдлын хувьд шүүгдэгчийн аав болон ахынх нь эрүүл мэндийн байдал маш муу байгаа. Ж***** ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ авч явах ганц хүн нь юм. Ж***** нь хоригдож байсан хугацаандаа маш их зүйл ойлгоод дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, шүүгдэгч Б.Ж*****д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.   

 

Шүүгдэгч Б.Ж***** нь Х***** аймгийн Х****н сумын 3 дугаар баг, Б********н ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй атал улсын яллагчийн зүгээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон “0,3 гр бор өнгийн зүйлээр бохирлогдсон цаас, зиплок ууттай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон цаас, зиплок ууттай Цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, соруул, зиплок ууттай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас зэргийг устгаж, Монгол улсын AY499**** серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд хүргүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Ж*****д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон давхардуулан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч үргэлжлүүлэхийг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б*****н овогт Б*******ы Ж*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж*****д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ж*****д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж***** цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Б.Ж*****д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хамт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хураагдсан “0,3грамм бор өнгийн зүйлээр бохирлогдсон цаас, зиплок ууттай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон цаас, зиплок ууттай Цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, соруул, зиплок ууттай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас зэргийг устгаж, Монгол улсын AY499**** серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд хүргүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж*****д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр   үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ