Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2021/00502

 

 

 

 

 

            2021        02          09

                                 101/ШШ2021/00502

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******-ын гаргасан,

 

Хариуцагч: И ХХК

 

Хариуцагч: О.Т нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,008,235,698.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, Р.Н, төрийг төлөөлж Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Д, хариуцагч бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Монгол улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан ‘*******,*******гаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах түр журам”-ын 6.5 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны А-55 дугаар тушаалаар батлагдсан төсөл сонгон шалгаруулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний А-62 дугаар тушаалыг тус тус үндэслэн зээлдэгч “И ХХК, түүнийг төлөөлж захирал Ж.Б нь *******,*******гаас 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2017/3-166 тоот зээл болон 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2017/Б-166 тоот барьцааны гэрээ байгуулан 950,000,000.00 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй хүмүүн бичгийн цаасны үйлдвэр төслийн зориулалтаар зээлсэн.

 

Зээлийн барьцаанд иргэн Ж.Б өмчлөлийн *******,*******,*******,******* байрлах, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулан зээлийг авсан.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу хүүгийн төлбөрт 11,445,280.00 төгрөг төлж нийт 11,445,280.00 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 742 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

 

Бид, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд И ХХК-нд холбогдуулан нэхэмжлэлийг гаргасан ба 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/Ш32019/13295 дугаар захирамжаар нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа, *******,******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар “И” ХХК болон О.Т нарыг тодорхойлсон байх боловч хариуцагч нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 999,950,157.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагын үндэслэл тодорхойгүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

 

Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн И ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн дагуу И ХХК, О.Т нарыг эрэн сурвалжлах 101/ШШ2019/03114 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2020 оны 01 дүгээр сарын   24-ний өдөр *******,*******д О.Тын оршин суугаа хаягийг тодорхойлсон албан бичиг ирүүлсэн болно.

 

Иймд, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2017/3-166 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээл 950,000,000.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 56,107,975.00 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 2,104,723.00 төгрөг, нотариатын зардал 23,000.00 төгрөг, нийт 1,008,235,698.00 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Ж.Б-ийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүрэг,*******,*******,******* үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

И ХХК нь хүмүүн бичгийн цаасны үйлдвэр төслийг боловсруулж жижиг*******гаас төлсийн зээл авахаар хандсан ба үүний дагуу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 сарын 09-ний өдрийн А-55 дугаар тушаалаар батлагдсан төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэрээр манай компанийн төсөл дэмжигдсэн. Манай компани уг төслийг боловсруулахдаа төслийн нийт санхүүжилтыг 1,800,000,000.00 төгрөгөөр төлөвлөж төслөө боловсруулсан бөгөөд **************гаас 1.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлснээр тус төсөл бүрэн хэрэгжих боломжтой байсан.

 

Гэтэл **************гаас манай төслийг дэмжиж санхүүжүүлэхдээ эхний санхүүжилт болох 950,000,000.00 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2 хувааж олгосон. Ингээд манай компанийн зүгээс уг авсан санхүүжилтээрээ төсөл хэрэгжүүлэх үйлдвэрлэл явуулах байраа бүрэн засвар үйлчилгээг хийж бэлдсэн. Бид, уг байранд өмнө нь олон төрлийн жижиг бизнесийн үйл ажиллагаа буюу цайны газар, номын сан, үсчин, тавилгын цех, хүнс барааны худалдааны төв, зэрэг үйл ажиллагаа явуулдаг, ашиг орлого боломжийн байсан.

 

Гэвч уг төслийг хэрэгжүүлэхээр болж тухайн объектод явуулдаг байсан бүх үйл ажиллагаагаа зогсоогоод энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон. Гэтэл **************гаас эхний ээлжийн санхүүжилт болох 950,000,000.00 төгрөгийг 2 хувааж өгөөд үлдэгдэл санхүүжилтээ өгөөгүй учир компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон ба энэ хугацаанд маш их хэмжээний өр зээлэнд орж маш хүнд байдалд байна.

 

Төрийн байгууллагын үйл ажиллагаанаас болж бидэнд маш их хохирч байна. Хэрэв анхнаасаа төслийг маань дэмжээгүй бол бид нар өмнөх үйл ажиллагаагаа хэвийн явуулаад ийм их хэмжээний өр зээлэнд орохгүй байсан. Санхүүжилтээ бүрэн өгөөгүйгээс болж ямар ч ашиггүй их хэмжээний өрөнд орчихоод байгаа болно. Мөн хамтран хариуцагч О.Т нь хүмүүн бичгийн цаасны үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон хамтран ажиллахаар болсон. Тус зээлийн санхүүжилт дутуу олгогдож төслийг хэрэгжүүлэх бүрэн боломж бололцоо байхгүй болсон учир төслийн хэрэгжилтийг үргэлжлүүлэх боломжгүй болсон.

 

Иймээс О.Т нь тус төсөл дээр ажиллах боломжгүй болж төсөл болон компанийн хувьцаа эзэмшигчээс хасагдсан тул төслийн санхүүжилтээс ямар нэгэн хувь, урамшуулал, цалин хөлс, ногдол ашиг хүртээгүй бөгөөд төсөлтэй холбоотой аливаа асуудал маргааныг И ХХК болон захирал Ж. Батсайхан дангаар хариуцан ажиллахаар болсон.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Төрийг төлөөлж оролцсон Баянзүрх дүүргийн хяналтын прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагч нар *******гаас 1,800,000,000.00 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан боловч 950,000,000.00 төгрөгийг олгосон учраас төсөл хэрэгжих боломж бүрдээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг өгсөн.

 

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтад хариуцагч төслийн зээлд 950,000,000.00 төгрөгийг олгуулах хүсэлт өгсөн байна. Үүний дагуу 950,000,000.00 төгрөгийн зээл олгосон байдаг. Харин уг төслийн зээлийн хүсэлт нь 1,800,000,000.00 төгрөг байхад *******гаас 950,000,000.00 төгрөгийг л олгосон зүйл байхгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч *******,*******гаас хариуцагч “И” ХХК, О.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,008,235,698.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2021/00127 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн эрх залгамжлагчаар *******,ыг оролцуулж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр барьцааны зүйлийн өмчлөгч Ж.Б, төрийг төлөөлж Баянзүрх дүүргийн прокурорын газрыг тус тус оролцуулсан байна.

 

            Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасан гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүссэн байна. Гэвч шүүх хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар *******,******* 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “И” ХХК, О.Т нартай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 950,000,000.00 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлсэн байна.

 

            Тодруулбал, *******,*******гаас Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “*******,******* нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зориулалттай байна” гэж, мөн 16.6.1-д “жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгох” гэж тус тус зааснаар хариуцагч “И” ХХК, О.Т нарт “хүмүүн бичгийн цаасны үйлдвэр” барихад нь зориулж 950,000,000.00 төгрөгийн зээлийг олгосон талаар хэргийн оролцогч нар маргаагүй.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

 

            Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээг байгуулсан тооцох зохицуулалтын хүрээнд зээлдүүлэгчээс зээлдэгчид хэлэлцэн тохиролцсон зүйлийг өгсөн тохиолдолд зээлдэгчид түүнийг буцаан өгөх үүрэг үүсдэг байна.

 

            Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нар зээлийн гэрээний зүйлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тухайн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгосон зээлийн гэрээний харилцаа гэж маргаж байна.

            Гэтэл нэхэмжлэгч Ж нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д тус тус зааснаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зориулалтаар ийм төрлийн этгээдэд зөвхөн зээл олгох үйл ажиллагааг дангаар эрхлэн явуулдаггүй ба банк, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж, зээлийн хоршоодын нэгэн адил ашиг олох зорилгоор төрийн эрх бүхий этгээдээс тогтоосон нөхцөл, шалгуурыг ханган ажиллах шаардлагагүй байгууллага болно.

 

            Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тус тус дурдсанаар нэхэмжлэгч *******,аас хариуцагч “И” ХХК, О.Т нарт 400,000,000.00 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 550,000,000.00 төгрөгийг өгсөн байна.

 

            Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг гэрээний зүйл болох 950,000,000.00 төгрөгийг чухам хэзээ хариуцагч нарт шилжүүлсэн өгснийг тогтоох шаардлагагүй юм.

 

            Харин хариуцагч буюу зээлдэгч нарын зүгээс нэхэмжлэгчийг нийт 1,800,000,000.00 төгрөгийн зээлээс 950,000,000.00 төгрөгийг өгч, үлдэх 850,000,000.00 төгрөгийг өгөөгүйн улмаас “хүмүүн бичгийн цаасны үйлдвэр” барих төсөл хэрэгжээгүй гэж буруутгасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж зааснаар хариуцагч нар 850,000,000.00 төгрөгийг нэмж аваагүй тул 950,000,000.00 төгрөгийг хүү 56,107,975.00 төгрөгийн хамт төлөх ёсгүй гэж маргаж байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээр дурдсан нөхцөл байдлыг тогтоох зорилгоор талуудын хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэхэд нэхэмжлэгч *******,аас ирүүлсэн төслийн зээлийн баримтыг үзвэл тус “хүмүүн бичгийн цаасны үйлдвэр” барихад нийт 2,950,000,000.00 төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатайгаас зээлдэгчид 950,000,000.00 төгрөгийг төслийн зээлээр, харин үлдэх 2,000,000,000.00 төгрөгийг өөрсдийн хөрөнгөөс санхүүжүүлэхээр тохирсон байна.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Тодруулбал, зохигчид нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ач холбогдолтой тайлбараа баримтаар нотлох ёстой ба хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй буюу 850,000,000.00 төгрөгийг зээлээгүй гэсэн тайлбараа баримтаар нотлохгүй байна.

 

            Иймд, хариуцагч “И” ХХК, О.Т нарт “нэхэмжлэгч *******,аас 850,000,000.00 төгрөгийг нэмж өгөөгүй тул 950,000,000.00 төгрөгийг төлөх ёсгүй” гэж маргах үндэслэл тогтоогдсонгүй.

 

            Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч “И” ХХК, О.Т нар 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр авсан 400,000,000.00 төгрөгийн зээлийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ашиглаж, улмаар тус өдөр 550,000,000.00 төгрөгийн зээлийг нэмж авч, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл зөвхөн зээлийн хүү төлөх үүрэг хүлээжээ.

 

            Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцооллын талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч нар үндсэн зээлийг төлж эхлэх өдөр болох 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 18,973,973.00 төгрөг, 2018 орны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 24,711,413.00 төгрөг, нийт 43,685,386.00 төгрөгийг зээлийн хүүнд, 141,730,979.00 төгрөгийг үндсэн зээлд тус тус төлөх үүрэг хүлээсэн байна.

 

            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тодруулбал, зээлдэгч нар зээлийг тохирсон хугацаанд заавал гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.

 

            Гэтэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 11,445,280.00 төгрөгийг төлсөн байх тул үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй юм. Хэдийгээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж зохицуулсан боловч хариуцагч нар нэхэмжлэгчийг үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай 850,000,000.00 төгрөгийг нэмж өгөөгүйгээс “хүмүүн бичгийн цаасны үйлдвэр” баригдаагүй улмаас зээлийг төлөх боломжгүй болсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

 

            Иймээс тус хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч *******,ыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4-т “Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй” гэж заажээ. Гэвч энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зохицуулсан.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж, мөн 221.2-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж, түүнчлэн 221.3-д “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж тус тус зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчид үүргээ гүйцэтгэх талаар нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч *******,*******гаас хариуцагч “И” ХХК, О.Т нарт зээлийг төлөх талаар мэдэгдэж, хугацаа олгосон боловч зээлдэгч нар үүргээ гүйцэтгээгүй байна.

 

Зүй нь, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлахыг зөвшөөрдөггүй боловч хариуцагч нар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг төлөөгүй, 2018 орны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 43,685,386.00 төгрөгийг зээлийн хүүнд, 141,730,979.00 төгрөгийг үндсэн зээлд тус тус төлөх ёстойгоос 11,445,280.00 төгрөгийг төлсөн байх тул үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч *******,ын зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлага үндэслэлтэй байна. Ингээд нэхэмжлэгчийн хариуцагч нараас нэхэмжилсэн зээл, зээлийн хүүг тооцвол:

 

  • 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 207 өдөр байна. 400,000,000x3%=12,000,000 /нэг жилийн хүү/, 12,000,000:365=32,876.71 /нэг өдрийн хүү/, 32,876.71x207=6,805,478.97 төгрөг,

 

  • 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 917 хоног байна. 950,000,000x3%=28,500,000 /нэг жилийн хүү/, 28,500,000:365=78,082.19 /нэг өдрийн хүү/, 78,082.19x917=71,601,368.23 төгрөг, нийт 78,406,847.02 төгрөгийн хүү бодогдсон ажээ.

 

Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанаар гаргасан тайлбарт дурдсанаар хариуцагч нар өнгөрсөн хугацаанд 11,445,280.00 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн  238.6-д “Нэг тал нь нөгөө талдаа үндсэн үүргийн зэрэгцээ хүү болон бусад зардал төлөх үүрэг хүлээсэн бол энэ хуулийн 216.4-т заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж, мөн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж тус тус заасан.

 

            Тайлбарлавал, талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд хариуцагч нарын төлсөн төлбөр нь зээлийг төлөхөд хүрэлцэхгүй байгаа бол урьд өмнө нь төлсөн 11,445,280.00 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцож болно. Гэвч зохигчдын гэрээний хугацаа дуусаагүйгээс гадна 11,445,280.00 төгрөг нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд бодогдсон зээлийн хүү болно.

 

Иймд, 78,406,847.02 төгрөгийн хүүгээс хариуцагч нарын төлсөн 11,445,280.00 төгрөгийг хасвал 66,961,567.02 төгрөгийг төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч нараас үндсэн зээл 950,000,000.00 төгрөг, зээлийн хүү 56,107,975.00 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй байна.

 

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гээд 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заажээ.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч *******,аас 205 тоот дугаартай нотариатчид 23,000.00 төгрөгийг төлсөн ба тус нотариатаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болон 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэрчлүүлсэн нотлох баримтыг шүүхэд өгсөн байгаа нь хариуцагч нарын гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаатай зардал мөн байна.

 

            Харин нэмэглүүлсэн хүү 2,104,723.00 төгрөгийн хувьд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгчид тус хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан нэмэгдүүлсэн хүү шаардах эрх байхгүй.

 

            Иймд, хариуцагч нараас үндсэн зээл 950,000,000.00 төгрөг, зээлийн хүү 56,107,975.00 төгрөг, нотариатын зардал 23,000.00 төгрөг, нийт 1,006,130,975.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид өгөхөөр шийдвэрлэв.

 

            Талууд, уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Б өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо,*******,******* талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна.

 

Үүнээс гадна Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж, мөн 166 дугаар зүйлийн 166.1-д “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж, түүнчлэн 166.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зохигчдын байгуулсан барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн ба дээр дурдсан хуулийн 166 дугаар зүйлийн 156.2-т нийцүүлэн зохицуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа ны тухай хуулийн 11 дүгээр зүйлд зохицуулсан шаардлагыг хангасан байна.

 

Тухайлбал, талууд барьцаалагч болон барьцаалуулагч овог, нэр, оршин суугаа газар, барьцааны зүйлийн оршин байгаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангах арга зэргийг тус тус тусгасан байна.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заажээ.

 

Нэгэнт хариуцагч нар зээлийг хугацаандаа зохих ёсоор төлөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тэдгээрт үүргээ гүйцэтгэх талаар сануулж, хугацаа олгосон боловч үүрэг биелэгдээгүй байх тул нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргах эрхтэй.          

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч нараас 1,006,130,975.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1-д заасныг тус тус үндэслэн

ТОГТООХ нь

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 227 дугаар зүйлийн 227.3-д тус тус заасныг үндэслэн хариуцагч “И” ХХК, О.Т нараас 1,006,130,975.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,104,723.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хариуцагч “И” ХХК, О.Т нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг үндэслэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Б-ы өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо,*******,******* хаягт байрлах үйлдвэр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас 5,188,605.00 төгрөг, 70,200.00 төгрөгийг тус тус гаруулж улсын орлого болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР