Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/946

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,

улсын яллагч Н.Энхтөр,  

хохирогч Д.Н*********,  

шүүгдэгч Д.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б******н овогт Д********н Б*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 240503000**** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 19** оны 7 дугаар сарын **-ны өдөр Х****** аймгийн Адраг суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Мужаан мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг ** дүгээр хороо, Монелын **** тоотод оршин суух хаягтай, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б********н овогтой Д**********н Б******* /РД:**********/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Д.Б******* нь 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн * дүгээр хороо Горькийн ** дугаар гудамжинд иргэн Д.Н*********той үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт 3 удаа цохиж тархи доргилт, зүүн чихний дэлбэн, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохойд зулгаралт, 2 бугалганд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б*******:  “...мэдүүлэг өгөхгүй гэсэн боловч шүүгдэгч нь Би хохирогчид хүрээгүй. Миний эгч хохирогчийг алгадаад өшиглөсөн. Мөрдөн байцаалтад эгчийгээ энэ хэрэгт холбогдуулахгүй гэж бодоод би өөрөө шүүхээр оръё гэж бодоод ороод ирсэн...би хохирогчийг цохиогүй...Хохирогч манай машины түлхүүрийг атгасан байсан учраас гараас нь авахын тулд гарыг нь тавиулах гэж оролдсон...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэг хохирогч Д.Н*********: “...Тухайн хашаанд миний ээж амьдардаг. Би тухайн өдөр ээжийнхээ гэрийн хажууд байдаг Вьетнам засварт машинаа янзлуулж байхад шүүгдэгч хашаа руу шээж байсан... Би ухаан алдсан байсан. Босоод ирэхэд хамраас цус гарсан байсан... хэн цохисныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.Н********* өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 04-ний 16 цагийн орчимд ганцаараа Баянгол дүүргийн * дүгээр хороо Горькийн ** тоотод ирээд ард талд нь байрлах Вьетнам засвар дээр очих үед 47**Х* улсын дугаартай саарал өнгийн Toyota Hilux маркийн тээврийн хэрэгсэлтэй 30-35 орчим насны 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс байсан. Туранхай биетэй, шар царайтай 1 эрэгтэй нь манай хашаа руу бие засаж байхаар нь би тухайн хүнд хандаад чи битгий шээгээд бай, манай хашаа байна гэхэд тухайн хүн би яасан юм, давсаг хагарах гээд байна, бие засах газар алга гээд, чамд ямар хамаатай юм гээд маргаан үүссэн. Би тухайн хүнд чи яах гээд байгаа юм, төмсгийг чинь хага өшиглөнө шүү гэхэд тухайн хүн машиндаа суугаад явах гээд байхаар нь би тухайн хүний тээврийн хэрэгслийн түлхүүрийг булааж аваад явах үед машинд сууж байсан хар дуу царайтай хүн нь бууж ирээд ардаас шууд боогоод авах үед нэг нь ирж гар өчөөд газар унагаад чирээд нэг нь өшиглөөд, нэг нь нүүр лүү цохиод байсан. Би түлхүүрийг нь өгөхгүй гарандаа атгаж байх үед хоолой боогоод, миний ухаан балартаад хэсэг ухаан алдсан. Удалгүй сэрэх үед миний шүднээс цус гарсан, гарт байсан түлхүүр нь байхгүй тухайн хүмүүс машинтайгаа хөдлөх гээд байхаар нь ардаас нь очих үед би амьсгаадаад, хоолой боосон учраас ханиалгаад шил рүү нь миний амнаас цус үсэртэл нэг эмэгтэй гарч ирээд чи яагаад миний машин руу нулимаад байгаа юм гээд миний толгой хэсэг рүү гараараа олон удаа цохисон...Эмэгтэй нь болохоор чи гудамжаа цэвэрлэчхээд надтай юм яриарай гэхээр нь би чиний салтаанаас цэвэрхэн байх гэхэд тухайн эмэгтэй дахиж намайг өшиглөөд, миний толгой түрүү рүү цохиод, намайг согтуу гэх мэтээр харааж байсан. Би шууд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Миний хүү ирээд тухайн хүмүүстэй мөн муудалцах үед нь би салгасан. Би тухайн хүмүүсийг танихгүй. Өмнө нь харж байгаагүй. Хар дуу царайтай хүн нь бууж ирээд ардаас шууд боогоод авах үед нэг нь ирж гар өчөөд газар унагаад чирээд нэг нь өшиглөөд, нэг нь нүүр лүү цохиод байсан. Миний толгой, ууц, баруун гар зэрэг газрууд хөндүүртэй өвдөж байна. Миний хөл бас өвдөж байна. Миний уруул хэсэг дотроо язарсан байдалтай байна. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Цагдаагийн алба хаагчид шалгаж үзсэн. Би тухайн хүмүүст арга хэмжээ авхуулмаар байна. Тухайн хаяг болох Баянгол дүүргийн * дүгээр хороо Зүүн нарангийн ** тоотод миний ** настай ээж амьдардаг. Миний ээжид ямар нэгэн асуудал болох юм бол шууд тухайн хүмүүс холбоотой, намайг мөн ална гэж заналхийлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.Н*********ийн дахин өгсөн: “...Би уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Уг гэмтлүүдийг миний биед тэр Д.Б******* гэдэг залуу л намайг зодож учруулсан. Өөр намайг цохиж зодсон хүн байхгүй. Би үүнийг хүлээн зөвшөөрч байна. Би ойролцоогоор 5 орчим сая төгрөгийн эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн байгаа. Надад гаргаж өгөх баримт байхгүй. Одоогоор надад ямар нэгэн хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй. Уг нь тэр залууг надтай ирж уулзаад уучлалт гуйгаад боломжоороо хохирол төлөх байх гэж харж байгаа... ”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас /,

 

мөрдөн байцаалтад гэрч Ж.А***********н өгсөн: “...2024 оны 07 сарын 04-ний өдөр нөхөр болон нөхрийн хоёр дүүгийн хамт 47**Х** улсын дугаартай Тоёота Hilux машинаа Вьетнам засварт янзлуулахаар бид хэд хамт явсан. Хорооллын эцсийн Юу Би авто засварын баруун талд байрлах Вьетнам засвар дээр ирээд машинаа үзүүлж байхад гэнэт ард хэрүүл маргаан сонсогдохоор нь эргээд харсан чинь Б******* уучлаарай ахаа гээд 45 орчим насны том биетэй бүдүүн хүнээс уучлал гуйгаад байсан. Тэгсэн нөгөө том биетэй хүн хөдөөгийн дугаартай тэнэгүүд байна шүү дээ гээд манай машины түлхүүрийг сугалж авснаа цаашаа явахлаар нь манай нөхөр Тулгаа болон бага дүү Б******* нар араас очоод зууралдаж байж арай хийж түлхүүрээ аваад Б******* надад түлхүүр өгөхлөөр нь би машиндаа суусан чинь нөгөө бүдүүн залуу манай машин руу цустай шүлсээ нулимахлаар нь миний уур хүрээд явж очоод үхсэндээ миний машин руу нулимаад байгаа юм шээсэн хүнтэйгээ тооцоогоо хийдэг юм байгаа биз гээд тэр залуугийн нүүр рүү алагдах гэсэн чинь оноогүй тэгсэн залуу намайг түлхсэн. Манай нөхөр битгий хэрэлдээд бай машиндаа суу гэхлээр нь би машиндаа суусан тэрнээс өөр зүйл болоогүй. Б******* хашаа руу нь шээснээс болсон. Бид хэдийн дунд зодоон болоогүй харин Тулгаа, Б******* хоёр машиныхаа түлхүүрээ авах гэж нөгөө бүдүүн залуутай зууралдсан. Миний биед халдаагүй харин намайг хэл амаар доромжилсон. Надад гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Бүдүүн залуугийн ам нь бага зэрэг цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 9083 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1. Д.Н*********ийн биед тархи доргилт, зүүн чихний дэлбэн, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохойд зулгаралт, 2 бугалганд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохигдох, өшиглөгдөх, маажигдах үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  29-30 дугаар хуудас/,

           -гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Д.Б******* нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх шүүгдэгч Д.Б********г. эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Хохирогч Д.Н********* сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэг тогтоогдсон тул шүүгдэгчээс 3.300.000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргав.  

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

1. Хэргийн үйл баримтын талаар мөрдөн байцаалтад дараах байдлаар мэдүүлсэн хохирогч Д.Н*********н өгсөн: “...би тухайн хүний тээврийн хэрэгслийн түлхүүрийг булааж аваад явах үед машинд сууж байсан хар дуу царайтай хүн нь бууж ирээд ардаас шууд боогоод авах үед нэг нь ирж гар өчөөд газар унагаад чирээд нэг нь өшиглөөд, нэг нь нүүр лүү цохиод байсан. Би түлхүүрийг нь өгөхгүй гарандаа атгаж байх үед хоолой боогоод, миний ухаан балартаад хэсэг ухаан алдсан. Удалгүй сэрэх үед миний шүднээс цус гарсан, гарт байсан түлхүүр нь байхгүй тухайн хүмүүс машинтайгаа хөдлөх гээд байхаар нь ардаас нь очих үед би амьсгаадаад, хоолой боосон учраас ханиалгаад шил рүү нь миний амнаас цус үсэртэл нэг эмэгтэй гарч ирээд чи яагаад миний машин руу нулимаад байгаа юм гээд миний толгой хэсэг рүү гараараа олон удаа цохисон...Хар дуу царайтай хүн нь бууж ирээд ардаас шууд боогоод авах үед нэг нь ирж гар өчөөд газар унагаад чирээд нэг нь өшиглөөд, нэг нь нүүр лүү цохиод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,

шүүхийн хэлэлцүүлэг хохирогч Д.Н*********: “...Тухайн хашаанд миний ээж амьдардаг. Би тухайн өдөр ээжийнхээ гэрийн хажууд байдаг Вьетнам засварт машинаа янзлуулж байхад шүүгдэгч хашаа руу шээж байсан... Би ухаан алдсан байсан. Босоод ирэхэд хамраас цус гарсан байсан... хэн цохисныг мэдэхгүй...” гэж мэдүүлдэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ бөгөөд хохирогч шүүгдэгч Д.Б********г өөрөө намайг цохисон мэдүүлсэн учраас намайг цохисон гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Д.Б******* нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...эгчийгээ энэ хэрэгт холбогдуулахгүй гэж бодоод би өөрөө шүүхээр оръё гэж бодоод ороод ирсэн...би хохирогчийг цохиогүй...” гэж мэдүүлснээр хохирогч Д.Н*********н мэдүүлгийн эх сурвалж нь гэрчээр Д.Б*******н өгсөн мэдүүлэг бөгөөд шүүгдэгч нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө худлаа мэдүүлэг өгсөн байна. Түүнчлэн хэргийн газарт байсан гэрч Ж.А*********р нь шүүгдэгчийг хохирогч цохиж зодсон талаар шууд мэдүүлсэн мэдүүлэг байхгүйг дурдах нь зүйтэй.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

шүүгдэгч Д.Б******* нь 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн * дүгээр хороо Горькийн ** дугаар гудамжинд иргэн Д.Н*********той үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт 3 удаа цохиж тархи доргилт, зүүн чихний дэлбэн, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохойд зулгаралт, 2 бугалганд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдохгүй байна.

2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг авч үзвэл 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Д.Б********с гэрчээр мэдүүлэг авсан /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/ улмаар 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар татаж мэдүүлэг авсан /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/ энэ мэдүүлэгт хэргийн үйл баримтын талаар огт тусгагдаагүй нотолгооны ач холбогдолгүй мэдүүлэг авчээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд яллагдагч, 9.6 дугаар зүйлд гэрч гэсэн хэргийн оролцогч болон бусад оролцогч гэж тус тусдаа субъект болохыг нарийвчлан зааж өгсөн атал Баянгол дүүргийн прокурорын газраас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Б*******н 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт үндэслэн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд эргэлзээтэй юм.

 

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслэн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б*******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Д.Б********** цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

          Хохирлын талаар  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих” гэж заасны дагуу хохирогч Д.Н*********н нэхэмжлэлтэй холбоотой асуудалд шүүх дүгнэлт хийлгүй, хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Д.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

           

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б********н овогтой Д**********н Б*******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

 

2 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ