Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 219

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.М даргалж, шүүгч С.Э, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/02601 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Т.Х-ийн хариуцагч “М.Д” ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 5 028 610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр KИA К7 маркийн 49-58 УБД улсын дугаартай автомашиныг “М.Д” ХК-д даатгуулж 1804004160002 тоот даатгалын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу даатгалын хураамжаа төлсөн.  Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Нарны гүүрний зүүн талд, баруун дөрвөн зам руу чиглэлтэй замаар явж байхдаа хүчтэй борооны үеэр тогтсон үерийн усыг туулан гарахад автомашинд эвдрэл үүссэн. Гэрээний дагуу хариуцагчид зохих материалыг бүрдүүлэн өгч даатгалын нөхөн төлбөр хүссэн боловч 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр үер усны аюул гэдэг нь гол мөрний ус үерийн түвшинд хүрэх, эргээсээ халих буюу аюултай түвшинд хүрэх ойлголт байх бөгөөд даатгуулагчийн эд хөрөнгөд гол мөрний ус эргээсээ хальсны улмаас хохирол үүсээгүй байна" гэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Автомашины эвдрэлийг оношлуулахад хөдөлгүүр, хөдөлгүүрийн хаалт, их гэрэл, нэмэлт гэрэл зэргийг солиулах шаардлагатай нийт 5 028 610 төгрөгийн зардал гаргасан. Бидний хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1.с-д үер усны аюулын эрсдэлийг даатгалын тохиолдолд хамааруулан даатгагч нөхөн төлбөр олгохоор заасан. Улмаар СЗХ-нд гаргасан гомдол, Цаг, уур орчны шинжилгээний газрын 2018 оны 8/680 тоот тодорхойлолт, хохирлын гэрэл зураг зэрэг баримтаар даатгалын тохиолдол үүссэн нь тогтоогдож байх тул нөхөн төлбөр олгох үндэслэлтэй гэсэн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй тул 5 028 610 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан хариу тайлбартаа: Тээврийн хэрэгслийн 1804004160002 тоот гэрээний даатгуулагч Т.Х-ээс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн нөхөн төлбөр олгох хүсэлт, түүнд холбогдох материалуудыг судлаад дараах шийдвэрийг гаргасан. Т.Хийн 49-58 УБД улсын дугаартай KИA К7 маркийн автомашиныг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүрэг Нарны гүүрний зүүн талын уулзвараар хойш өгсөх замд тогтсон борооны усыг туулахад тээврийн хэрэгсэл рүү ус орж, гэмтсэнд нөхөн төлбөр олгох хүсэлт ирүүлсэн. Даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан шалтгаан нь зам дээр тогтсон борооны усыг туулсантай холбоотой байх тул гэрээгээр хамгаалагдсан үер усны аюулын эрсдэлд тооцох боломжгүй. Тодруулбал, үер усны аюулыг З.Г 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт 9-д усны үерийг гол, мөрний ус үерийн түвшинд хүрэх, гол мөрний ус эргээсээ халих буюу аюултай түвшинд хүрэх гэж тодорхойлсон байдаг. Даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол байгалийн давагдашгүй нөхцөл байдал үүсч, гол мөрний ус үерийн түвшинд эсвэл эргээсээ хальж аюултай түвшинд хүрсний улмаас үүссэн хохирол биш байх тул даатгалын гэрээний 2.1.1, Байгалийн эрсдэл 2.1.1.с-д үер усны аюулын улмаас хохирол учирсан гэж үзэх боломжгүй. Гэрээний 8.1.1-д заасан даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол, Даатгалын тухай хуулийн 8.5.3-т заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 5 028 610 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 95 450 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.1.с-д үер усны аюулыг эрсдэлд тооцохоор заасан байх бөгөөд тухайн өдөр их хэмжээний бороо үргэлжлэн орж цаг агаарын аюулт үзэгдэл болсон нь цаг уур орчны шинжилгээний газрын албан бичгээр тогтоогдсон тухай Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрт тусгагдсан дээрх байдлыг үгүйсгээгүй. Хариуцагч нь гэрээний 4.1.1-д заасанд үер усны аюул” гэдгийг З.Г 2015 оны 286 дугаар тогтоолд заасан “үер усны аюул” гэдэг ойлголтын дагуу ойлгоно, тухайн өдөр усны аюулын хэмжээ, хязгаар тодорхойлолтод заасан их хэмжээнийх биш гэж тайлбарлах боловч, гэрээнд уг ойлголтыг хэрхэн ойлгох, цаашлаад ямар хэмжээтэй бороог аюулд хамааруулах эсэх талаар зохицуулаагүй тул дээрх тайлбар үндэслэлгүй. Иймд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 431 дэх хэсгийн 431.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй” гэжээ. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгуулагч Т.Х-ийн эзэмшлийн 4958 УБД улсын дугаартай КИА К7 маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 40 минутын орчимд О.Р жолоодон явахдаа Баянгол дүүргийн Нарны гүүрийн зүүн талаас хойшоогоо баруун 4 зам руу өгсөхдөө зам дээр тогтсон ус туулж автомашиндаа хохирол учруулсан. Энэхүү хохирол нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-т “даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол даатгагч нөхөн төлбөрийн бүрэн болон хэсэгчлэн төлөхөөс татгалзаж болно” гэж заасны дагуу машиндаа хохирол учруулах нөхцөл орчныг бүрдүүлсэн тул даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан болохыг тайлбарласан боловч шүүх тус хэм хэмжээг хэрэглээгүй. Мөн даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас хохирол учраагүй байсан. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 2.1.1 “байгалийн эрсдэл” 2.1.1-д заасан “үер усны аюул”-ын эрсдэлээс даатгуулагчийн тээврийн хэрэгслийг хамгаалахаар тохирсон. Даатгалын гэрээнд “үер усны аюул” гэж юуг ойлгох талаар тусгайлан заагаагүй учраас “үер усны аюул” гэх ойлголтыг хууль, бусад хэм хэмжээг тогтоосон актад хэрхэн тайлбарласнаар тодорхойлох ёстой. З.Г-ын 2015 оны 286 тогтоолоор баталсан сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалтын 9-т усны үерийн аюултай үзэгдэл нь гол мөрний ус үерийн түвшинд хүрэх бөгөөд хугацаа хамаарахгүй, гамшигт үзэгдэл нь гол мөрний ус эргээсээ халих буюу аюултай түвшинд хүрэн бөгөөд хугацаа хамаарахгүй гэж зааснаас үзэхэд усны үерийн аюултай үзэгдэл гэж гол мөрний ус үерийн түвшинд хүрэх гамшигт үзэгдэл нь гол мөрний ус эргээсээ халих буюу аюултай түвшинд хүрэхийг ойлгохоор байна. Гэтэл нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд гэрээнд заасан үер усны аюулын улмаас хохирол учраагүй, хохирол учирсан шалтгаан нь зам дээр тогтсон борооны усыг туулсантай холбоотой болохоос байгалийн давагдашгүй нөхцөл байдал үүсч гол, мөрний ус үерийн түвшинд эсвэл эргээсээ хальж аюултай түвшинд хүрснээс хохирол нь үүсээгүй тул даатгалын гэрээний 2.1.1 “байгалийн эрсдэл” 2.1.1.с-д заасан “үер усны аюулын улмаас хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм. Гэтэл шүүх З.Г дээрх тогтоолыг хэрэглэх тухай гэрээнд заагаагүй тул тус тогтоолд тайлбарласан утгаар ойлгохгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь аливаа хэм хэмжээг хэрэглэхгүй байх талаар хууль болон бусад хэм хэмжээ гэрээнд заасан хязгаарлалт хориглолт байхгүй. Мөн үер усны аюул болсон тухай эрх бүхий байгууллагаас гаргасан баримт хэрэгт авагдаагүй байхад бороо 8 цаг орсныг үер усны аюул болсон гэж дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээгээр борооны улмаас үүсэх эрсдэлийг хамгаалахаар тохиролцоогүй тул үер усны аюулд хамааруулан үзэж нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Т.Х “М.Д” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 5 028 610 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг /хх1-2/ хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 4958 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг байгаль, гал, замын хөдөлгөөнд оролцох үе гэх зэрэг эрсдэлээс хамгаалах, нэхэмжлэгч даатгалын хураамж төлөхөөр харилцан тохиролцож, нэг жилийн хугацаатай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан, /хх5/ зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин хохиролд хүргэсэн нөхцөл байдал нь даатгалын тохиолдол мөн эсэх талаар маргажээ.

2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүрэг, Нарны гүүрийн зүүн талд хүчтэй борооны үеэр тогтсон үерийн усыг туулан гарах үед даатгалын гэрээний зүйл болох 4958 УБД улсын дугаартай КИА К7 маркийн автомашинд 5 028 610 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгч үер усны аюулыг даатгалын тохиолдолд хамааруулан даатгагчаас нөхөн төлбөр шаарджээ.

Тухайн өдөр их хэмжээний бороо үргэлжлэн орж цаг агаарын аюулт үзэгдэл болсон нь Цаг уур, орчны шинжилгээний газрын албан бичгээр тогтоогдсон талаар Санхүүгийн зохицуулах хороо 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 9/3927 дугаар шийдвэртээ зааж /хх9/, талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 2.1.1.с-д заасан даатгалын тохиолдол үүссэн гэж дүгнэн гэрээний 4.1-д зааснаар нөхөн төлбөрийг даатгуулагчид төлөх нь зүйтэй гэж үзжээ.

Т.Х-ийн гомдлыг хянан шийдвэрлэсэн Санхүүгийн зохицуулах хорооны өөрт нь хаяглагдсан дээрх шийдвэрийг хариуцагч “М.Д” ХК Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар эс зөвшөөрч давж заалдаагүй байна.

Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний “хоёр” дахь хэсэгт даатгалын эрсдэлийн тохиолдлуудыг талууд харилцан тодорхойлсон ба 2.1.1 дэх байгалийн эрсдэл гэсэн хэсэгт “с.үер усны аюул” гэж заасныг З.Г 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дахь хавсралтад заасан “9.усны үер”-т хамаарахгүй, тухайн тохиолдол нь гол мөрний ус үерийн түвшинд хүрч, эргээсээ хальсан нөхцөл байдал буюу даатгалын тохиолдол биш гэж хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдлыг их хэмжээний бороо үргэлжлэн орсноос борооны усны үер тогтож, автомашинд эвдрэл гэмтэл учирсан нь гэрээний 2.1.1.с-д заасан даатгалын тохиолдол гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон ба З.Г 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дахь хавсралтын 4-т “бороо” 12 цаг, түүнээс доош хугацаанд үргэлжлэн орж, 30 мм болон түүнээс их хэмжээний ус тогтсон бол аюултай үзэгдэл гэж үзэхээр заажээ. Иймд гэрээний 2.1.1.с-д заасан борооны улмаас үүссэн үер усны аюул буюу байгалийн эрсдлээс хохирол үүссэн гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгчийн заагаагүй үндэслэлээр гаргасан хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй, 5 028 610 төгрөгийн хохирлын хэмжээгээр нөхөн төлбөрийг даатгагч хариуцах ёстой гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, даатгалын гэрээний 4.1-д нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/02601 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.М

 

                                                    ШҮҮГЧИД                     С.Э

 

                                                                                                        А.О