Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/35

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                Прокурор Б.Бат-Оргил /цахим сүлжээгээр/

                                                 Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч М.Мандахбаяр, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй  шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/113 дугаар цагаатгах тогтоолд гаргасан прокурорын эсэргүүцлээр Ш.С-д холбогдох эрүүгийн 201705000132 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Монгол улсын иргэн, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Ш.С

 

Ш.С нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд үүссэн 2 сар 7 хоногтой Ц.Д бактерийн гаралтай уушигны хатгалгаа өвчнийг оношлоогүй буюу өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бага насны хүүхэд болох 2 сар 7 хоногтой Ц.Д нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн орчимд нас барсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Баянхонгор аймгийн Прокурорын газрын  хяналтын прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх, Прокурорын газраас Ш.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай        ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон, хэрэгт иргэний нэхэмжлэл, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураасан 0020644 дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг Ш.С-д буцаан олгож, рентген зургийг хэрэгт хэвээр үлдээхээр, Ш.С-н эзэмшлийн IPhone 6 маркийн гар утсыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд буцаан олгохоор, Ш.С нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдан, цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор В.Дэлгэрмаа 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 24 дугаартай эсэргүүцэлдээ:

Ш.С-д холбогдох эрүүгийн хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 05 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагч Ш.С нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд үүссэн 2 сар 7 хоногтой Ц.Д бактерийн гаралтай уушгины хатгалгаа өвчнийг оношлоогүй буюу өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бага насны хүүхэд болох 2 сар 7 хоногтой Ц.Д нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн орчимд нас барсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэргийн яллагдагч Ш.Сд 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор аймгийн Прокурорын газраас Ш.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулж, эх сурвалжаар магадлах зэргээр шинжлэн судалж, үзэхэд шүүгдэгч Ш.С нь тухайн хүүхэд анх Т эмчийн жижүүрийн ээлж дээр эмнэлэгт хэвтсэн, маргааш нь Төмөрбаатар эмч жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийн тасагт хуваарийн дагуу жижүүр эмчийн ажлыг хүлээн авч 24 цагийн турш хүүхдийг үзэж эмчилгээ хийж байх явцдаа хүүхдийг уушгины хатгаа байж магадгүй гэж сэжиглэж яаралтай цээжний рентген зураг харуулахад уушгины хатгаа оношлогдсон бөгөөд шаардлагатай эмчилгээнүүдийг шат дараалалтай хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.

Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1-т...Шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно...гэж хуульчилсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гаргасан дүгнэлтийг шүүх үнэлэх боломжгүй. Учир нь:

Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гаргасан дүгнэлтийг 2 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т...Шинжилгээний үр дүнгийн талаар шинжээчид нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлт гаргах ба санал зөрсөн тохиолдолд санал зөрсөн шинжээч тусгай саналаа дүгнэлтэд хавсаргана... гэж заасныг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5-т ...шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд алийг нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ.. гэж заасан байх тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 316 дугаар шинжээчийн дүгнэлт, Баянхонгор аймгийн Мэргэжпийн хяналтын улсын ахлах байцаагч Оюунцэцэгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтүүдийг шүүхээс нотлох баримтыг хэмжээнд үнэлэн шүүгдэгч Ш.С-д холбогдох хэргийг цагаатгажээ.

Гэвч Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй буюу шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд зааснаар удирдлага болгон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүүхэд судлалын салбар зөвлөлийн тусгай мэдлэг, мэргэжил, чадвар бүхий шинжээчдээр дүгнэлтийг гаргуулсан, мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар “шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно” гэж хуульчилсан байх бөгөөд дээрх дүгнэлтийг 2 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан бөгөөд дүгнэлтэд ямар нэгэн байдлаар шинжээч нар нь санал зөрсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Харин Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 316 дугаартай дүгнэлтээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, тухайн дүгнэлтийг гаргасан эрх бүхий шинжээчид нь амь хохирогчийг нас барсан шалтгааныг тогтоосон  тул тусгай мэдлэг бүхий буюу хүүхэд судлалын талаар нарийн мэргэшээгүй, тухайн эмчийн хуулиар хүлээсэн эмчлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг дүгнэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Нөгөө талаар  Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Оюунцэцэгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг мөн нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь шүүх хэргийг хуульд зааснаар бодит байдалд тал бүрээс үнэлэлт дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн гэхэд эргэлзээ төрж байна. Учир нь:

Шүүх 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа яллагдагч нарын ажил мэргэжилд холбогдох хууль тогтоомжуудыг чухам ямар утга, агуулгатай, аль заалтуудыг зөрчсөн эсэхэд тэдний мэргэжлийн алдаа дутагдлын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд тодорхой заагаагүй гэж үзсэн, мөн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаартай шүүгчийн захирамжид заасан нарийн мэргэжлийн шинжээч нараар дүгнэлт гаргуулах шаардлагатай гэх заалтыг биелүүлээгүй гэж, мөн Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Оюунцэцэгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугар зүйлийн 1.6, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй гэж дүгнэсэн мөртөө дээрх дүгнэлтийг үндэслэн хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй, Монгол улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүүхэд судлалын салбар зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн  03 дугаартай дүгнэлтийг гаргасан нарийн мэргэжлийн, мэргэшсэн шинжээчдийн гаргасан дүгнэлтийг санал, дүгнэлт зөрсөн гэж дүгнэлт хийн үнэлэх боломжгүй гэсэн ойлгомжгүй байна.

Дээрх 03 дугаартай дүгнэлтээр эмч нарын гүйцэтгэсэн үүрэг оролцоог эмч нэг бүрээр нэг нэг заалтаар тайлбарлан, ямар учраас үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, гүйцэтгээгүй гэж үнэлж, дүгнэх болсон талаар дэлгэрэнгүй тодорхой дүгнэлт хийсэн байхад нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүх хэргийг хэт нэг талыг барьж шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Ш.С-д холбогдох цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив ...гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус зааснаар давж заалдах шатны шүүх, Ш.С-д холбогдох  хэрэгт хийгдсэн хянан шийдвэрлэх бүх ажиллагаа, шүүхийн цагаатгах тогтоолыг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзсэн болно.

Ш.С нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 2 сар 7 хоногтой Ц.Д бактерийн гаралтай уушгины хатгалгаа өвчнийг оношлоогүй буюу өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2 сар 7 хоногтой Ц.Д нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн орчимд нас баржээ.

 

Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.С-д холбогдох хэрэгт авагдсан Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 565 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хх-ийн 174-182х/, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 316 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 137-140х/, Монгол улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүүхэд судлалын салбар зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 121-130х/ зэргээс дүгнэн үзэхэд эмч Ш.С нь талийгаач Ц.Д бактерийн гаралтай уушгины хатгалгаа өвчнийг оношлоогүй, түүнд тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нас барсан байж болох, өөрөөр хэлбэл эмч Ш.С-н эс үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно” гэж заасан байхад хоёр шинжээчийн санал нэгтэй гаргасан Хүүхэд судлалын салбар зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтийг анхан шатны шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй орхигдуулсан нь учир дутагдалтай юм.

 

 Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон Ш.С-д холбогдох  хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Прокурорын эсэргүүцэл нь утга найруулга, техникийн алдаа ихтэй байсанг дурдвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/113 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
  2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.