Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
Хэргийн индекс | 119/2022/0032/з |
Дугаар | 119/ШШ2022/0033 |
Огноо | 2022-09-27 |
Маргааны төрөл | Татвар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 119/ШШ2022/0033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Д” ХХК /захирал О.Х/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Э
Хариуцагч: ОА-ийн ТХ-ийн ТУБ Ч.Ц, Х.Б
Хариуцагч Ч.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Х нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “ТУБ-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2022/0016/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал О.Х, түүний өмгөөлөгч Ш.Э, хариуцагч Х.Б, хариуцагч Ч.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь ОА-ийн ТХ-ийн ТУБ Ч.Ц, Х.Б нарт холбогдуулан “ТУБ-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. ОА-ийн ТХ-ийн ТУБ Ч.Ц, Х.Б нар нь “Д” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар 114,185,324.55 төгрөгийн төлбөр /нөхөн татвар, торгууль, алданги/ ногдуулсан байна. Дээрх маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдэж, хүргүүлсэн.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч ОА-ийн ТХ-ийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасныг тус зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн. Шүүх тус нэхэмжлэлээр хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
4. Нэхэмжлэгч “Д” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“ТУБ-чид нь НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар 761,235,497.00 төгрөгийн зөрчилд 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан. Тухайн зөрчлийг хэрхэн тогтоосон, нөхөн татвар, алданги, торгуулийн тооцоолол гэх мэт хавсралтууд ирүүлээгүй, ямар орлого, ямар зардалтай гэж үзсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа нь Татварын ерөнхий хуулийн “42.3. Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудас нь нэгдсэн бүртгэл дугаартай байх бөгөөд хавсралтын хамт хүчинтэй байна” гэсэн заалтыг болон Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын заалтуудыг зөрчиж, Захиргааны ерөнхий хуулийн “47.1. Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.7. түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасны дагуу илт хууль бус;
2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Э” ХХК-тай манай компанийг төлөөлж, иргэн Ц.Б /итгэмжлэлгүй/ “Хөдөлгөөнт цахилгаан техникийн лаборатори” нийлүүлэх 439000 долларын гэрээ хийгдсэн. Тухайн гэрээ бүрэн биелэгдээгүй, зарим зүйлс хасагдсан, гэрээний дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон ч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш тул хасагдсан зэрэг өөрчлөлтүүд орсон байна. ...Манай компани уг гэрээний орлогоос ямар ч ашиг олоогүй, ах дүү нарт луйвардуулж, татвар ногдуулах орлогогүй мөртлөө татварын хяналт шалгалтын актаар төлбөр ногдсон нь үндэслэлгүй” гэжээ.
5. Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал О.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Д” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татвар төлөлт, ногдуулалтын байдалд шалгалт хийж, НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар 761,135,497.00 төгрөгийн зөрчилд нөхөн төлбөр ногдуулж шуудангаар ирүүлснийг би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан. Манай компани ногдуулсан нөхөн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй энэхүү гомдлыг гаргаж байгаа юм. ТУБ-ийн нөхөн ногдуулалтын актыг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ТУБ-чид нь 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан 2 хуудас баримт ирүүлсэн. Манай компани 2015 онд нэг гишүүнтэй байгуулагдаж захирлаар нь миний аав Д овогтой О байсан. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би өөр дээрээ шилжүүлж авсан. 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр манай компанийг төлөөлж иргэн Ц-ийн Б ямар ч итгэмжлэлгүй гэрээ хийсэн. 439.000 долларын гэрээ хийгдсэн. Тухайн гэрээ бүрэн биелэгдээгүй. Зарим зүйл нь хасагдсан, нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон ч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш байсан учир хасагдсан. Гэрээний дагуу компанийн дансанд орж ирсэн 219.500 долларыг Б-ийн овог нэгт ах Ц-ийн З авсан байдаг. Мөн манай аав тоног төхөөрөмж авах зорилгоор Голомт банкнаас зээл авсныг З авсан. З нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Голомт банкнаас 40.000 евро, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 45.000 евро тус тус Холбооны Бүгд Найрамдах Герман Улс руу шилжүүлсэн байдаг. Мөн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрээний төлбөрт “Э” ТӨҮГ-аас компанийн дансанд орж ирсэн 82.554 долларыг өр зээл, хүүгийн зардал, бусад гэрээний үүргийг биелүүлэх зардал гэж шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Иймд өр зээл төлөх, оруулсан мөнгөө олж авахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай компани ямар ч ашиг олоогүй ах дүү нартаа луйвардуулж, татварын хяналт шалгалтын актаар тавигдсан төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд ТУБ-ийн НА-20210000086 нөхөн ногдуулалтын актаар компанийн дансанд орсон нийт орлогын дүнд ногдуулсан татвар, торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөрийн актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээг татварын улын байцаагч нар хянах ёстой. Тэгэхгүйгээр ийм орлого орж ирсэн байна, татварыг ногдуулах ёстой гэж байгаа нь хэр хууль зүйн үндэслэлтэй байгаа вэ. Би яагаад гэрээ гээд шалгаагаад байна гэхээр ТУБ хүн “Э” ХХК-д очоод баримтыг нь үзэх боломж байгаа. Ингэж хандаж болохгүй. Акт нь үндэслэл бүхий байх ёстой. Хэрвээ та нар харсан бол цаана нь гэмт хэргийн шинж байгааг харах боломжтой. Хууль бус зүйл дээр хууль бус акт гаргаж байна. Хүчингүйд тооцож, хүчингүй болгож өгөөч гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ удаагийн хурлаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл өөр бусад эрүү, иргэний хэргийг шийдвэрлэтэл хэргийг түдгэлзүүлэх нөхцөл байж болно гэж харж байна. “Э” ХХК-тай нэлээн сайн маргаан үүсгэнэ. Улсын үйлдвэрийн газар тендер явуулж байж худалдах, худалдан авах гэрээ хийнэ. Д гэдэг хүн гарын үсэг зурсан байгаа. Тус компанийн захирал гарын үсэг зураагүй байгаа” гэв.
7. Хариуцагч ОА-ийн ТХ-ийн ТУБ Ч.Ц, Х.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ОА-ийн ТХ-ийн ТУБ Ч.Ц, Х.Б нар О.Х захиралтай “Д” ХХК-ийн санхүү, татварын тайлан, балансад татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 20211103894 дугаар томилолтын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрийн хугацаанд эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг хийсэн.
1. “Д” ХХК нь 2018 оны борлуулалтын орлогоо дутуу тооцсон бөгөөд хяналт, шалгалтаар нийт 761,235,497.00 төгрөгийн зөрчил илэрсэн. Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан үйл ажиллагаанаас олсон орлогыг үнэн зөвөөр тайлагнах үүрэгтэй бөгөөд тус үүргээ зөрчсөнийг дараах баримтуудаар хяналт шалгалтын дүнд тогтоосон. Тус компани нь Э-тэй байгуулсан гэрээгээр гүйцэтгэсэн ажлын орлогыг “Д” ХХК-ийн нэр дээр төлбөрийн баримт үйлдсэн боловч тайлагнаагүй, мөн хяналт шалгалтын үед ТУБ руу цахимаар явуулсан Хаан банкны 5163028231 тоот дансны хуулгаар тус орлого нь орсон нь нотлогдсон зэргийг үндэслэн тогтоосон болно.
2. Хуулийн этгээд нь гэрээ, хэлцлийг эрх бүхий этгээд болон Иргэний хуулийн 62 дугаар зүйлд зааснаар төлөөлөгчөөрөө дамжуулан хийнэ. “Э” ХХК-тай хийсэн гэрээний нэг тал нь “Д” ХХК тул тухайн гэрээний дагуу олсон орлого нь тус компанийн орлогоор хүлээн зөвшөөрөгдөж төлбөрийн баримт үйлдсэн байсан. Гэвч нэхэмжлэгч нь төлбөрийн баримт үйлдэж, өөрийн дансаар орсон орлогыг өөр этгээдэд шилжүүлсэн тул манай орлого бус гэж маргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Аж ахуйн нэгжийн орлогыг бусдад шилжүүлсэн, алдсан асуудал нь тус хяналт шалгалттай огтхон ч холбоогүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8. Хариуцагч ОА-ийн ТХ-ийн ТУБ Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын байцаагч Ч.Ц бид хоёр “Д” ХХК-д татварын хяналт шалгалт хийж, 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн НА-2021000086 дугаартай нөхөн ногдуулалтын актыг тавьсан. Актыг тавихад “Д” ХХК-ийн захиралтай холбогдоход сайн мэдэхгүй гэсэн. Ярилцлагыг утсаар холбогдож, Ч.Ц байцаагч ярилцлагын тэмдэглэл үйлдсэн. Актыг “Д” ХХК-д орж ирсэн мөнгө нь байгаа учраас тухайн компанийн орж ирсэн зарцуулалтыг тухайн захирал гаргах эрхтэй. Б гэдэг хүнийг шалгалтын үед ярьж байгаагүй. 761.000.000 төгрөг яагаад Монгол банкны ханшаар бодоогүй вэ гэсэн байна. Тухайн компани зөвхөн өөрсдөд нь зориулсан нууц үгээр И-баримт гаргадаг. Энэ анхан шатны санхүүгийн баримт дээр өөрсдөө 761.000.000 төгрөгийн И-баримт бичиж “Э” ХХК-д өгсөн байгаа, тэрийг хавсаргасан. Үүнээс нөхөн ногдуулалтын актыг бодсон. Түүнээс цахимаар явуулсан Хаан банкны баримтаар тооцоод үзэхээр 600.000.000 гаруй болох боловч танай анхан шатны баримтаар 761.000.000 төгрөг гэж бичсэн байгаа. Тэр дүнгээс тооцож, нөхөн татвар, торгууль, алдангийг тооцсон” гэв.
9. Хариуцагч ОА-ийн ТХ-ийн ТУБ Ч.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2 байдлаар гаргасан байсан. Нэгдүгээрт тухайн нөхөн ногдуулалтын актыг хавсаргаж, ямар баримтууд байгаа нь тодорхойгүй байна, нөхөн ногдуулалтын акт илт бус акт гэсэн агуулгаар нэхэмжлэлээ гаргасан байсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар аж ахуйн нэгж олсон орлогоо үнэн зөв тайлагнах үүрэгтэй байдаг. Энэ үүргийн дагуу зөрчсөн зөрчлийг ТУБ нар тогтоогоод тухайн үед хяналт шалгалтын томилолт удирдамжийн дагуу ирж материалтай танилцаад холбогдох материалуудыг гаргаж өгөх үүрэгтэй боловч өөрөө утсан дээрээ байгаагүй. Аав нь утсыг нь аваад хилээр гарсан гэдэг. Хил хамгаалах газраас тухайн иргэн хилээр гарсан уу гэж тодруулахаар нэг удаа гараад ирсэн байдаг. О.Х өөрөө ирж танилцах боломжоо биелүүлээгүй. Сүүлдээ нөхцөл байдалтай эвлэрээд цахимаар материалуудаа ирүүлсэн. Цахимаар ирсэн материалуудтай танилцаад татварын удирдлагын нэгдсэн системд тайлагнасан байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын 761.000.000 төгрөгийн И-баримт үйлдсэн байсан. Баримт шивчихээд аж ахуйн нэгжийн орлого дээрээ тусгаагүй нь хууль зөрчсөн зөрчил гэж үзэж ТУБ нар нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Энэ актыг гардаж аваагүй учраас холбогдох хаягаар нь шуудангаар хүргүүлсэн. Үүнийг зөрчсөн гэж байгаа. Өөрөө ирээд танилцсан бол хавсаргах баримт бичгүүдтэй танилцах боломжтой, тэр актуудтай холбогдож гарсан бүх баримтууд үйлдэгдсэн. Энэ нь үндэслэлгүй.
Хоёрдугаарт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт “Бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, нөхөн ногдуулалтын актыг биелүүлэх боломжгүй учраас илт хууль бус гэж үзэж байна” гэж нэхэмжлэл дээрээ дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дараагийн дугаарт Ц-ийн Б гэдэг хүн манай өмнөөс гэрээ хийгээд гадагшаа шилжүүлсэн гэж байна. Тухайн компанийн нэр дээр гэрээ хийх нь Иргэний хууль болон итгэмжлэлээр үйлдэгддэг. Тэгэхээр хэрэгт авагдсан “Э” ХХК-тай байгуулсан гэрээнд Ц.Б гэдэг хүний нэр дурдаад байгаа. Гэтэл нэхэмжлэгч өөрөө тамга, тэмдэгээ хариуцаад, компанийн нэр дээр гэрээ хийгээд энэ нь зүйд нийцэж байгаа эсэх дээр компанийн удирдлага өөрөө хяналтаа тавих үүрэгтэй. ТУБ-ийн хийж байгаа ажил нь тухайн компани Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох хуулиудад заасан хүлээсэн үүргийнхээ дагуу тайлагнасан уу? хуулийг хэрэгжүүлсэн үү? гэдэг дээр байцаагч нар хяналт шалгалтаа хэрэгжүүлж байгаа” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь “ТУБ-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн “47.1. Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.7. түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасны дагуу илт хууль бус гэж тайлбарлаж, нэхэмжлэлээ шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.
2. ОА-ийн ТХ-ийн ТУБ-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар “Д” ХХК-д нийт 761,235,497.00 төгрөгийн зөрчилд 114,185,324.55 төгрөгийн төлбөр /нөхөн татвар, торгууль, алданги/ ногдуулжээ. /Хавтаст хэргийн 109-110 дахь тал/
3. ОА-ийн ТХ-ийн ТУБ-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т “Татварын хяналт шалгалтыг эрсдэлд үндэслэх”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.10-т “Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт, шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгоно” гэж зааснаар “Д” ХХК-ийн эрсдэлийн үнэлгээ 41 оноотой байсан тул эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг явуулжээ. /Хавтаст хэргийн 159 дэх тал/
5. ТУБ нар нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаар хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, ОА-ийн ТХ-ийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 20211003494 дугаартай томилолтын үндсэн дээр хяналт шалгалтыг хийжээ. /Хавтаст хэргийн 104-108 дахь тал/
6. Иймд ТУБ нар нь татварын хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны олгосон томилолтын дагуу Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4-т зааснаар хуульд заасан журмын дагуу эхлүүлж, гүйцэтгэсэн байна. /Хавтаст хэргийн 104-123 дахь тал/
7. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.1-д “ТУБ энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг ...нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, ...болон татварын албаны үйлдэх бусад баримт бичиг үйлдэн баталгаажуулна”, 79.4.3-т “Татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон ТУБ гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах” гэж тус тус зааснаар ТУБ нь нөхөн ногдуулалтын актаар татварын нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцсон нь шийдвэр гаргах хэлбэр болон шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй.
8. Тодруулбал, шийдвэр гаргах ажиллагааг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ болон Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулж, татвар төлөгч “Д” ХХК-ийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулж, холбогдох шаардлагатай баримт, мэдээллийг гаргуулан авч, ярилцлага хийж, сонсох ажиллагааг явуулсан бөгөөд гаргасан шийдвэрээ хүргүүлсэн нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан.
9. ОА-ийн ТХ-ийн ТУБ-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар “Д” ХХК-д нийт 761,235,497.00 төгрөгийн зөрчилд 114,185,324.55 төгрөгийн төлбөр /76,123,549.7 төгрөгийн нөхөн татвар, 22,837,064.91 төгрөгийн торгууль, 15,224,709.94 төгрөгийн алданги/ ногдуулсан нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах,... хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх...” гэсэн хөөн хэлэлцэх хугацааг татварын орлогын зарим хэсгийн хувьд хэтрүүлсэн байна. Тодруулбал, татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулахдаа хөөн хэлэлцэх 4 жилийн хугацааг баримтлаагүй үндэслэл тогтоогдож байна.
10. “Д” ХХК нь “Э” ХХК-тай 439,000.00 долларын үнэ бүхий “Худалдах, худалдан авах” гэрээг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, гэрээний дагуу тус компанийн Хаан банкны 5163028231 дугаарын дансанд 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 219,500.00 доллар, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 82,554.00 долларын орлого “Э” ХХК-иас орсон болох нь тус компанийн 51630028231 дугаартай дансны хуулгаар нотлогддог. /Хавтаст хэргийн 35-45, 128 дахь тал/
11. Энэхүү гэрээ, гэрээний дагуу тус компанид 2016 онд 219,500.00 доллар, 2018 онд 82,554.00 долларын орлого орсон байх тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө” гэж зааснаар орлогыг олсон үед, зарлагыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх үүрэгтэй байжээ. Тодруулбал, гэрээний дагуу орсон орлогыг тухайн үед нь буюу 2016, 2018 ондоо бүртгэж, санхүүгийн болон татварын тайландаа тусгаж, холбогдох албан татвараа төлөхөөр байжээ.
12. Дээрх орлого нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006-06-29/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”-д хамаарах тул Татварын ерөнхий хууль /2008-05-20/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т “Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006-06-29/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж, төсөвт төлнө” гэж тус тус зааснаар татвараа үнэн зөв тодорхойлж, хуульд заасан хугацаанд төлөх үүргийг татвар төлөгч хүлээхээр хуульд зохицуулсан байсан.
13. Гэтэл татвар төлөгч “Д” ХХК нь орлогоо орсон үед нь бүртгэх, уг орлогод ногдох татварыг үнэн зөв тодорхойлж төлөх, татварын тайланг хуульд заасан хугацаанд гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлэх зэрэг татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн болох нь 2014-2019 онуудад татварын албанд татварын тайлан гаргаж байгаагүй, 2020 онд “Х” тайлан гаргаж байсан талаарх мэдээллээр нотлогддог. Тодруулбал, 2016, 2018 онуудад орлого орсон байхад орлогоо тухай бүр тогтоосон хугацаанд нь тайлагнаж, тухайн орлогод ногдох татвараа төлөөгүй нь нотлогдсон. /Хавтаст хэргийн 149-153 дахь тал/
14. Энэ нь татварын хууль, тогтоомжийг зөрчсөн зөрчилд хамаарах бөгөөд татвар төлөгчийн татварын ногдлоо үнэн зөв тодорхойлж төлөх үүргээ биелүүлээгүй зөрчилд татварын нөхөн ногдуулалт хийх, зөрчилд торгууль, алданги тооцох нь зүйн хэрэг, “хууль ёсны” бөгөөд “гарцаагүй” шаардлага юм.
15. “Д” ХХК-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хууль /2017-05-11 өдрийн хуулийн холбогдох заалт 2019-03-22 хүчингүй болсон/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн...бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар татварыг нөхөн төлүүлж, 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, мөн Татварын ерөнхий хууль /2008-05-20 өдрийн хуулийн 2015-12-04 өдрийн өөрчлөлт/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаандаа төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж зааснаар алданги тооцох үндэслэлтэй.
16. Гэхдээ ТУБ тухайн компанийн орлого хэзээ орсон, тухайн орлого аль оны татварын тайлант жилд хамаарах, татварын нөхөн ногдуулалт хийх, торгууль, алданги тооцох хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байгаа эсэхийг нягтлан үзээгүй, тухайн компанийн 2016, 2018 онд орсон орлогод бүхэлд нь татварын нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцсон нь буруу болжээ.
17. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006-06-29/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод ногдуулна”, 21 дүгээр зүйлийн 21.2-т ““Татварын жил” гэдэгт орлого олж, холбогдох зардал гарсан хуанлийн жилийг ойлгоно” гэж тус тус зааснаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг албан татвар төлөгчийн орлого олсон татварын жилийн албан татвар ногдох орлогод ногдуулахаар байна.
18. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006-06-29/-ийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Татварын жил” гэдэгт орлого олж, холбогдох зардал гаргасан хуанлийн жилийг ойлгохоор зааснаас дүгнэвэл “Д” ХХК-ийн орлого олсон татварын жил нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 219,500.00 долларын орлогын хувьд 2016 он, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 82,554.00 долларын орлогын хувьд 2018 он болно.
19. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “12.1. Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө: 12.1.4. ...орлого орсон тухай бүр” гэж зааснаар албан татвар ногдох орлогыг орлого орсон тухай бүр татвар төлөгч хүлээн зөвшөөрч тайлагнах, татварын ногдлоо тодорхойлж төлөхөөр байна. Иймд “Д” ХХК-ийн 2016 онд орсон орлого тухайн ондоо орлого орсон гэж хүлээн зөвшөөрч бүртгэгдэнэ.
20. Гэтэл ТУБ нар “Д” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 761,235,497,00 төгрөгийн Е-баримт шивсэн төлбөрийн баримт, татварын мэдээлэлд үндэслэн орлогыг тодорхойлсон нь буруу байх бөгөөд тухайн орлого хэзээ, хэдэн төгрөгийн орлого орсон болохыг тодорхойлох дансны мэдээлэлтэй харьцуулан үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь татварын нөхөн ногдуулалт хийх, торгууль, алданги ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг буруу тодорхойлох үндэслэл болжээ. /Хавтаст хэргийн 91 дэх тал/
21. Иймд тус компани нь 2016 онд орсон орлогоо орлого олсон үедээ аккруэл сууриар бүртгэн тайлангаа гаргаж, тухайн татварын жилийн орлогод ногдох татвараа хуульд зааснаар төлөх үүргээ биелүүлээгүй нь хууль бус боловч энэ зөрчилд Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах,... хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх...” гэж заасан татварын нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцох хөөн хэлэлцэх 4 жилийн хугацааг хэтрүүлсэн.
22. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006-06-29/-ийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Албан татвар төлөгч нь энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэж зааснаар татвар төлөгч нь 2016 оны жилийн эцсийн тайланг 2017 оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоогоо хийнэ.
23. Иймд татварын нөхөн ногдуулалт хийх, торгууль, алданги ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т “Тайланг сар, улирлаар гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн тайланг гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж зааснаар тоолох ба аж ахуйн нэгжийн орлогын албан татварын жилийн эцсийн тооцоог хийж дуусгасан байх хугацаа буюу 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 4 жилийн хугацааг тоолохоор байна.
24. “Д” ХХК-ийн 2016 онд орсон аж ахуйн нэгжийн орлого болох 219,500.00 долларын орлогод татварын нөхөн ногдуулалт хийх, торгууль, алданги ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болсон тул ОА-ийн ТХ-ийн ТУБ-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар уг орлогод татварын нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцсон нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
25. Иймд 219,500.00 долларын орлогод ногдох нөхөн татвар, торгууль, алдангийг хасч, 2018 оны 82,554.00 долларын орлогод татварын нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцох нь зөв гэж үзсэн. Энэ нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан татвар төлөх нь “Зайлшгүй байх” зарчимд нийцнэ.
26. Ийнхүү татварын нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги ногдуулахад Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж зааснаар татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй хуулийг сонгон, Татварын ерөнхий хууль /2008-05-20 өдрийн хуулийн 2015-12-04 өдрийн өөрчлөлт/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар алдангийн хэмжээг, Зөрчлийн тухай хууль /2017-05-11 өдрийн хуулийн холбогдох заалт 2019-03-22 хүчингүй болсон/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар татварыг нөхөн төлүүлж, торгуулийн хэмжээг тооцох нь зүйтэй гэж үзэв.
27. Тооцоолбол, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр АНУ-ын 1 долларын ханш Монгол Улсын 2412.04 төгрөгтэй тэнцэж байсан болох нь Орхон аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А-50/75 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдээллээр тогтоогдож байх тул 82,554.00 доллар нь 199,123,550.00 төгрөгтэй тэнцэж байна. Иймд актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 199,123,550.00 төгрөгийн орлогод 10 хувиар буюу 19,912,355.00 төгрөгийн нөхөн татвар, торгууль 30 хувь буюу 5,973,706.5 төгрөг, алданги 20 хувь буюу 3,982,471.00 төгрөг, нийт 29,868,532.5 төгрөг болгон багасгах нь зүйтэй гэж үзлээ.
28. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нөхөн татвар, торгууль, алданги тооцсон нь хууль бус байх тул түүнийг багасгаж шийдвэрлэх нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан татвар ногдуулахад “Шударга байх” зарчимд нийцэх бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн татварын нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
29. Нэхэмжлэгч нь “Э” ХХК-тай байгуулсан гэрээнд өөр хүн гарын үсэг зурсан, хууль бус байхад ТУБ гэрээг хяналгүй акт ногдуулсан нь буруу” гэж маргасан нь үндэслэлгүй. Учир нь ТУБ гэрээг хууль бус гэдгийг тогтоох боломжгүй, гэрээний дагуу орсон орлогод үндэслэн татвар ногдуулна. Харин гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл зохих журмын дагуу холбогдох байгууллага, харьяалах шүүхэд хандаж, гэрээний талаар маргахаас гэрээний талаар ТУБ-тай маргах үндэслэлгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 15 дугаар зүйлийн 15.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4, 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.4.3, Татварын ерөнхий хууль /2008-05-20/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006-06-29/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Зөрчлийн тухай хууль /2017-05-11 өдрийн хуулийн холбогдох заалт 2019-03-22 хүчингүй болсон/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтуудыг тус тус баримтлан ОА-ийн ТХ-ийн ТУБ-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөрийн хэмжээг нийт 29,868,532.50 төгрөг /хорин есөн сая, найман зуун жаран найман мянга, таван зуун гучин хоёр төгрөг, тавин мөнгө/ буюу нөхөн татвар 19,912,355.00 төгрөг /арван есөн сая, есөн зуун арван хоёр мянга, гурван зуун тавин таван төгрөг/, торгууль 5,973,706.50 төгрөг /таван сая, есөн зуун далан гурван мянга, долоон зуун зургаан төгрөг, тавин мөнгө/, алданги 3,982,471.00 төгрөг /гурван сая, есөн зуун наян хоёр мянга, дөрвөн зуун далан нэгэн төгрөг/ болгон багасгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ