Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/02925

 

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/02925

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .................. оршин суух Шовогт Б-гийн Б/РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ......... тоотод оршин суух Б овогт Э-ийн М /РД:............../-д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие 2011 онд Э.Мтэй танилцаж, 2012 оноос хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулж №0000 дугаартай гэрчилгээ авсан. Бид 3 хүүхэдтэй бөгөөд том охин М.М 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, дунд охин М.Учрал 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, бага охин М.У2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус тус мэндэлсэн. 2019 оны 7 дугаар сараас хойш бидний харилцаа муудаж, байнгын хэл ам, хэрүүл тэмцэлтэй байх болсон. 2019 оноос эхлэн тусдаа амьдарч, салж нийлж явсаар өдийг хүрлээ. Бид харилцан тохиролцож үр хүүхдүүдээ элэг бүтэг амьдруулах гэж хичээж хамт амьдарч байгаа ч төдийлэн үр дүнгүй байгаа бөгөөд муудалцах болгондоо нөхөр Э.М нь архи ууж согтуугаар намайг элдвээр хэлж, нүүр нүдгүй нулимж, гар хүрэх тохиолдол нь ихсэж байна. 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар миний биед халдахаас гадна эмэгтэй хүний хувьд байж боломжгүй доромжлолыг надад мэдрүүлж, шармай нүцгэн хөөж гаргасныг одоо ч тодоор санаж, гомдож байна. 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нөхөр Э.М нь 14 хоногийн баривчилгаанд явж байсан. Мөн архи ууж согтуурсан үедээ намайг болон миний гэр бүл, удам судраар минь байнга доромжлохыг тэсэж тэвчихэд үнэхээр бэрх байна. Бид тусдаа амьдрах явцад нөхөр Э.М нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах аавындаа очиж байдаг бөгөөд хүүхдүүдээ надад үлдээж явдаг. Түүнийг эзгүйд би гадаа гарчэр, гэрт орж эм болж хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь зөөхөөс гадна амьдралынхаа бүхий л санхүүг өөрөө зохицуулж байна. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр согтуугаар агсам тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд нь мөн л цагдаад дуудлага өгсөн, дуудлага өгснийг мэдмэгцээ гэрээс гарч зугтааснаар дуудлага мэдээллийг 3 хоногийн дараа шалгаж зөрчлийн хэрэг үүсгэж торгууль оногдуулсан. Энэ мэт бидний харилцаанд сэв сууж, цаашид хамтран амьдарсаар байвал бидний үр хүүдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөс гадна миний эрүүл мэнд, амь насанд хохирол учирч мэдэхээр байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, эцгээс нь хуульд зааснаар тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Э.М шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.М нь Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцсан. Энэ бүхэн үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би яагаад ийм авир гаргах болсныг Б.Б нь дурдаагүй байна. Б.Б нь 2019 оны 9 дүгээр сараас эхлэн хөрш байранд оршин суудаг гадаад иргэнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, 4-5 сарын хугацаа өнгөрсөн байхад нь би олж мэдсэн. Тэрээр өөрийн найзууд болох нутаг нэг Ховдын хүмүүст найз залуугийндаа хэвтэж байна гэж зургаа явуулж байхын сацуу миний үеэлд намайг гадаад эр сонирхдог гэх мэт зүйлс ярьсныг олж мэдсэн би бие сэтгэлээ барьж чадаагүй болно. Б.Бийн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснийг нотлох 34 ширхэг зураг бүхий баримт одоо ч надад байгаа. Миний бие 2019 оны 9 сараас өмнө ямар ч хэрэг төвөгт орооцолдож, хуулийн хариуцлага хүлээх битгий хэл эрүүлжүүлэх байранд ч хонож үзээгүй болно. Иймд Б.Бийн хэлсэнчлэн охидуудыг ээжийнх нь асран хамгаалалтад үлдээж, хуулийн дагуу тогтоосон хүүхдийн тэтгэмжийг төлж байх тул бидний хүсэлтийн дагуу гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.М нар нь 2011 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр охин М.М, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр охин М.Учрал, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр охин М.Унар төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

Гэрлэгчид зан харьцааны болон хоорондын таарамжгүй байдлын улмаас 2019 оноос хойш тусдаа амьдрах болсон, энэхүү хугацаанд эргэж хамт амьдрах болсон ч хариуцагч Э.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Б.Бийг хэл амаар доромжлох, улмаар гар хүрч зодох, нүцгэн хөөж гаргах зэрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болжээ.

Дээрх шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан, энэхүү хүчирхийлэлээс гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй гэж үзэж шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдийн саналыг харгалзан охин М.М, М.УМ.Унарыг эх Б.Б-ийн асрамжид үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул охин М.М, М.У, М.Унарыг эцэг Э.Мөөр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шооз монгол овогт Б-гийн Б, Бовогт Э-ийн М нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 000 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин М.М, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин М.У, 0000 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин М.У нарыг эх Б.Бийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин М.М, М.Уч, М.У нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Э.М нь тэжээн тэтгэсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М-өөс улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

 

5. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Отгон-Эрдэнэд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР