Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/210

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн

Улсын яллагчаар Ө.Манзушир

Хохирогч Н.О

Хохирогчийн өмгөөлөгч Х.Энхбат/цахимаар/

Шүүгдэгч  Г.Ц, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүгдэгч В.Б,

Гэрч Н.А, Б.Б, Г.А, Ө.Л, Г.А, Г.С, Б.С, Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ц, М.Э, В.Б, П.М нарт холбогдох 2416000000075 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ****суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ****** ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ******** баг, ******тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, М ургийн овогт Г- Г.

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл 3,  ****** хамт Говь-Алтай аймгийн ***** оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ****** регистрийн дугаартай, Ч ургийн овогт М- Э.

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 3, ******* хамт Говь-Алтай аймгийн Тайшир сум, ****** суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* регистрийн дугаартай, О ургийн овогт П- М.

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 5, **** хамт Говь-Алтай аймаг ******** оршин суух хаягтай, Урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 240 цагийн  нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж байсан, ******** регистрийн дугаартай Ж ургийн овгийн В- Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Ц, М.Э, В.Б, П.М нар нь согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шөнийн 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Тайшир сумын соёлын төвд болсон цэргийн баярын бүжгийн үеэр Тайшир сумын хэсгийн цагдаа Н.О-гийн албан үүргээ биелүүлэхтэй нь  холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хөгжмийн залгуур салгаж авсан гэх зүйлээр шалтаглан түүний гар хувцаснаас зуурч ханад тулган биед нь халдсан, мөн соёлын төвийн гадаа М.Э, В.Б нар нь нулимс асгаруулагч хэрэглэлээ чамд өөрт чинь хэрэглэнэ гэх шалтгаанаар түүний биед халдаж хоёр гар, цамцнаас татаж гадаа ноосон цамцыг урсан, П.М хоолойг нь боож хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Тайшир сумын цэргийн баяр уг нь 03 дугаар сарын 18-нд болдог. 02 дугаар сарын 20-ны үеэр сумын дарга нар 100 жилийн ойтой холбоотой Улаанбаатар хот руу нутгийн зөвлөлийн золголтод явсан. Тэгээд цэргийн баярын үйл ажиллагааг хойшлуулсан. Бид хэд хорьд гаргаад ирээд 23-нд үйл ажиллагаагаа явуулсан. Ер нь бол сумын эрчүүдийн холбоо гэж байдаг. 9 хүний бүрэлдэхүүнтэй. Уг зөвлөлийн бүрэлдэхүүнд нь сумын цагдаа, хэсгийн төлөөлөгч нар хүртэл байдаг. 2 өдөр дараалан уралдаан тэмцээн явуулаад сүүлд нь бүжиг болсон. Бүжиг дээр шагналаа гардуулдаг юм. Сумын бүжгийг 7 цагт зарласан боловч хүмүүс цуглахгүй байсаар байгаад 9 цагт эхэлсэн. Сумын бүжиг эхлээд дарааллын дагуу яваад урлагийн номер, сугалаа, шагнал гардуулах ажиллагаа явуулсаар 12 цаг болсон. Н.Отэй 12 цагийн үед жижүүрийн өрөөнд таарахад “12 цаг болж байна шүү. Бүжгээ тараах юм биш үү” гэхээр нь “үйл ажиллагаа нь амжихгүй байна. Цаг сунгаад 01 цагийн үед дуусчих байх” гэж хэлсэн. Тэгээд 01 цаг өнгөрч байхад сүүлийн шагналуудаа гардуулж дуусаад В.Б тайзан дээр гараад “сүүлийн 3 бүжиг яваад таръя” гэж хэлсэн. Тэгээд хүмүүс зааланд бүжиглээд байж байсан чинь хөгжим тасалдаж байгаад таг болчихсон. Тэгээд би “энэ юу болоод байна” гээд тайз руу гарсан. Намайг тайз руу гарахаар явж байхад манай эхнэр цуг явсан. Зааланд бараг 30 гаруй хүн байсан. Дандаа нэг идэр насны хүмүүс, эхнэрүүдтэйгээ байсан. Тэгээд би тайз руу гараад хөшиг сөхөөд “юу болоод байна” гэсэн чинь л өмнөөс газ цацчихсан. Миний өрөөсөн тал халуу шатаад л, амьсгаа авч чадахгүй ханиалгаад, нүд ам таг болсон. Манай эхнэр яг араас дагаад явж байсан болохоор намайг татаад хажуугийн хувцас сольдог өрөө рүү оруулаад цонх нээсэн. Тэгээд нэлээн ханиалгаж байгаад би гайгүй болонгуут нь утсаа аваад 102 руу “цагдаа газ цацчихлаа” гэж дуудлага өгсөн. Ийм л юм болсон.. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Ер нь бол манай сумд 2 цагаас хэтрүүлэхгүйгээр тарчихдаг. Яг цаг заасан юм байхгүй... Намайг яг тайзан дээр гарах үед л. Би газ хэрэглэсэн гэдгийг мэдээгүй. Нүүрний өрөөсөн тал халуу шатаад, нүд юу ч үзэхээ байгаад амьсгаа боогдсон.  Эхнэр ард явж байсан болохоор намайг араас татаад хувцас солих өрөө рүү оруулсан... Яг тайз руу хөгжмийн багшийн талын шатаар гараад хөшиг сөхөөд “юу болоод байгаа юм бэ” гэх үед л тийм юм болсон. Би тэр үед газ хэрэглэсэн гэдгийг нь ерөөсөө мэдээгүй. Өрөөсөн тал халуу шатаад нүд юм үзэхээ байсан... 2 өдөр дараалан тэмцээн, уралдаан явуулсан. Хүлээн авалт биш орой нь 19 цагт бүжиг дээрээ шагналуудаа гардуулсан... Яг арга хэмжээ зохион байгуулаад тэдэн цагт тарна гэсэн захирамж гарсан юм бол байхгүй. Сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын 12 цагаас хойш согтууруулах ундаа худалдаалахгүй гэсэн захирамж л байгаа. Бүжиг, урлагийн үйл ажиллагаа бол шөнө 2, 3 болтол явж байх үед зөндөө л байж байдаг... Тайзан дээр гараад би хөшиг сөхөөд ороход хөгжмийн багш М.Э авгайтайгаа хөгжмийнхөө ард сууж байсан. Н.О цагдаа хөгжмийн цаад талд зогсож байсан. В.Б тайзан дээрээс ирж яваа харагдсан. Тэгээд л ерөөсөө нүүр халуу шатаад явчихсан.. П.М ухаан алдаж унасныг би мэдэхгүй байна. Өөрөө дөнгөж гараад л газдуулаад авгай татаж аваад эргээд явчихсан болохоор. Сүүлд нь л сонссон... Миний хувьд энэ хүний биед гар хүрч, халдсан зүйл байхгүй тул шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч М.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Тухайн оройны бүжгийн үйл ажиллагааг ерөнхий хөтөлбөрийг би аваад хөтлөгч хийж, тэр оройны үйл ажиллагааг хөтөлж явуулж байсан Сая Г.Ц ах бас ярьж байх шиг байна. Хөтөлбөрт үйл ажиллагаа нь яг цагтаа дуусаж амжаагүй байхгүй юу. Шагналуудыг нь шахаад гардуулаад, сугалааг нь явуулаад 12 цаг өнгөрч байхад нэг цаг сунгахаар боллоо гэсэн. Тэгээд үргэлжлүүлээд гялс юмнуудаа явуулъя гээд хамгийн сүүлийнх нь шагналыг өгөөд Эрчүүдийн холбооны дэд дарга В.Б багш гарч ирээд “хамгийн сүүлийн бүжиг шүү манайхан. Сүүлийн бүжгээ явуулаад бүгдээрээ гарцгаая” гэж хэлсэн. Би хамгийн сүүлийн бүжгийн аяыг тавиад сууж байсан чинь Н.О цагдаа орж ирээд “наадхаа одоо зогсоо” гэхээр нь “хамгийн сүүлийн ая явж байна. Энийг дуусаад хаалаа” гэсэн чинь дахиж ямар нэг шаардлага тавилгүйгээр шууд ирээд хөгжмийн залгуурыг булаагаад авсан. Шууд хөгжим дээрээс нь салгаад авсан. Тэгэхээр нь би “хаалаа, залгуур өгчих. Хөгжмөө зогсоочихъё” гээд Н.О цагдаагаас залгуураа аваад буцаагаад яг залгах гээд компьютерын дэлгэцийг хаачихсан байсан болохоор компьютерынхоо дэлгэцийг нээгээд хөгжим залгуур залгаад эхэлж байхад хөшигний хойно хүмүүс газ цацчихлаа гээд орилолдоод явчихсан. Миний суудаг сандал дээр манай эхнэр намайг хүлээгээд сууж байсан. Сүүлийн бүжиг юм чинь гялс явуулчихаад харьж амаръя гээд. Тэгээд хөгжмийнхөө залгуурыг яг залгаад суухад хойно хүн газ цацлаа, юу болоод байна гээд орилолдсон. Надаас хойшоогоо хоёр хөшиг байдаг. Тэр хоёр хөшигний ард дахиад манай клус гээд тайзны том хөшиг байгаа. Яг тэрний өмнө П.М ах ухаан алдчихсан байсан. Эхнэр нь н.Б эгч ирээд урд нь сууж байсан. Тэгээд би эргээд хөгжим рүүгээ очсон эхнэр байхгүй байхаар нь “манай эхнэр хаачив” гээд доошоо заал руу буусан чинь “эхнэр чинь сая бөөлжих гээд дотор нь муухайраад, толгой эргээд байна гээд гарчихлаа” гэсэн. Соёлын төвийн гадаа гараад ирсэн чинь “эмч нар ирээд эмнэлэг рүү аваад явчихлаа” гэсэн. Би  буцаад Н.О дээр ирээд “чи яагаад манай эхнэр рүү газ цацаж байгаа юм. Жирэмсэн хүн байж байхад” гэж хэлсэн. Тухайн үед манай эхнэр 6 сартай жирэмсэн байсан. Тэгсэн чинь “зүгээр ээ, жоохон байж байгаад гайгүй болчихдог юм” гэхээр нь “үнэхээр зүгээр болдог юм бол чи өөр дээрээ цацаад үзүүлчих” гэж хэлсэн. Тухайн үед би өөрөө үйл ажиллагааг хөтөлж байсан учраас согтууруулах ундаа хэрэглээгүй учраас Н.Огийн хэлсэн бүх үгийг би маш сайн санаж байна. “Наадах чинь зүгээр. Жоохон байж байгаад зүгээр болчихдог юм. Би өөр дээрээ цацаж байсан юм” гэж яг соёлын төвийн заалны нэг буланд байж байхдаа надад тэгж хэлэхэд нь “тэгвэл чи гараад ир. Өөр дээрээ туршаад үзүүлчих. Үнэхээр өөрөө зүгээр болдог юм бол” гэж хэлсэн. Би дотрооо бодохдоо аягүй бол дахиад соёлын төв рүү орж хүмүүс рүү цацах байх, манай эхнэр рүү цацах байх гэж бодоод Н.Огийн халааснаас газыг нь хайсан. Гэхдээ газ нь гарч ирээгүй. Тэгээд Н.О намайг өөрөө дагуулаад эмнэлэг рүү очиж эхнэр дээр аваачиж өгсөн... Үндсэн үйл ажиллагаа 9 цагт эхлээд 2 цагт дууссан... Би цамцыг нь ураагүй ш дээ... Хөгжмийн яг дээрээс нь залгаад компьютертой холбодог. 2 газар зэрэг холбодог залгуур байсан. Тэр залгуурыг дундаас нь бариад дээш нь татаад авахаар компьютерын дэлгэц хаагдаж байгаа юм. Тэгээд тэнд залгасан байсан бүх микрофон гацаад салж байгаа юм. Тэгээд ямар нэгэн юм хэлэлгүй залгуур салгаж аваад тойроод шат руу бууж байхад нь би “залгуур өгчих. Угаасаа ая нь дуусаж байсан юм. Би хаачихъя” гэж хэлээд авсан... Эхнэрээ гарч явсныг нь ерөөсөө анзаараагүй. Хөшигтэйгөө яг зэрэгцүүлчихсэн байдаг. Сандал хөшигний хажууд байдаг. Хөгжим бол бараг тайзан дээр ил байдаг болохоор тайзны урд гараад залгаж байсан байхгүй юу. Эхнэр бол хөшигний хойно сандал дээр сууж байсан юм... Миний бие Н.Огийн шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсан зүйл байхгүй. Тэгээд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч В.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Би Эрчүүдийн холбооны дэд тэргүүн хийдэг. Тэгээд хамгийн сүүлийн шагналыг хүнд нь өгөөд ерөнхийдөө залуучууд голцуу эхнэртэйгээ гээд 30 гаруй хүн үлдсэн. Сумын бүжгийн үйл ажиллагаа явагдахад угаасаа сүүлийн 3 бүжиг гэж яригддаг болохоор хамгийн сүүлд нь би өөрийн биеэр гараад М.Э-аас микрофон авч “сүүлийн 3 бүжиг яваад дуусгая” гэж хэлчихээд эргээд М.Э-ад микрофоныг нь өгөөд тайзан дээрээс заал руу үсэрч буухад ая явж эхэлсэн. Тэгээд нэг ая бараг гүйцэд яваагүй эргээд хөгжим тасарсан. Эргээд харсан чинь Н.О ирээд залгуур аваад явсан. Би тайзан дээр эргэж очиход М.Э залгуураа Н.Огээс аваад гарч ирсэн.  Тэгээд намайг доошоо буутал цаана байсан хүмүүс орилолдоод явчихаар нь би “юу болов” гэсэн чинь “хүн алчихлаа шүү дээ” гээд орилсон. Эхнэр бид хоёр харайгаад очсон чинь М ах уначихсан, эхнэр нь тэвэрчихсэн “хүн алчихлаа шүү дээ чи” гээд байж байсан. Би тэр үед бомбертой байсан. Энгэрээр нь нүүрээ дарсан ч хамар ам аргаад, нүднээс нулимс асгараад байсан. М ахын унасан байдал бол соёлын төвийн хаалттай нэг шат байдаг. Энэ хүний мэдүүлэг дээр яриад байгаа шиг дөрвийн дөрвөн хүн нэг хүнийг бүлэглээд хана руу шахаад байх тийм хана ч тэр газар байхгүй. Бид нар эргээд гарсан чинь Б.Сүхболд гээд байгаа нөхөр “миний нүд сохорчихлоо. Би газдуулчихлаа. Юу ч харахгүй байна” гээд тайзны өмнө сууж байсан. Тэгээд эмнэлэг ирж Б.Сүхболдыг үзээд хүмүүсээ аваад гарсан. М.Э бид хоёр соёлын төвийн төв хаалган дээр Н.Отэй таарсан. Тэгсэн чинь М.Э “чи яагаад газ цацаж байгаа юм бэ. Жирэмсэн хүн дутуу төрвөл яах юм бэ” гэсэн. М.Эын авгай өмнө нь бас асуудалтай байсан. Хүүхэд нь тогтохгүй явж явж дөнгөж хүүхэд нь жоохон гайгүй тогтоод байсан юм. Тэгээд М.Э “хүүхэд дутуу төрчихвөл хэн хариуцах юм бэ” гэсэн чинь яг бид хоёрын өмнө Н.О “наад газ чинь асуудалгүй. 2-3 минут нүднээс нулимс гоожиж байгаад гайгүй болчихдог юм. Би наадхыг чинь өөр дээрээ туршиж үзсэн” гэхээр нь М.Э бид хоёр соёлын төвөөс доошоо ХААН банкны чигт хөтлөөд явсан. Тэгээд энэ жоохон явахгүй болохоор нь хоёр тохойноос нь жоохон татсан маягаар явсаар ХААН банкны зүгт явсан. М ах араас нь боож унагаасан юм бол байхгүй. Араас нь барьж авч газыг нь авна л гэсэн. Бид нарыг тэгээд байж байсан чинь Г.Сүхбат над дээр ирээд “одоо боль” гээд бид нар бүгд эмнэлэг рүү явсан... Н.Ог М.Э бид хоёр зүгээр хоёр гараас нь татаад явсан. Түүнээс биш тэгж биед нь халдаж зодоогүй... Би жоохон амссан байсан. Гэхдээ тэгж их согтоогүй байсан. Ажлаас гарч ирээд найзтайгаа ганц, ганц хундага юм л уусан байсан... Соёлын төвийн тайзан дээр М.Э байсан. Эхнэр нь хажууд нь зогсож байсан. Би гараад микрофон аваад “сүүлийн 3 бүжиг” гэж зарлаад буусан. Тэгээд хүн алчихлаа ш дээ гээд орилонгуут нь эргээд очиход М ах ухаан алдаад уначихсан, эхнэр нь М ахыг тэврээд сууж байсан... Миний хувьд мэдүүлэг дээрээ гэм буруугаа хүлээж байна гэж бичсэн. Тэр нь бол тайзан дээр ямар ч зодоон цохион болоогүй болохоор цамц нь урагдсан байна гээд мөрдөгч хэлсэн. Тэгэхээр нь угаасаа М.Э бид хоёр чирэхдээ цамцыг нь татаад урсан юм байлгүй дээ. Би бол татаж зулгааснаа хүлээн зөвшөөрч байна л гэж хэлсэн байгаа. Түүнээс би тайзан дээр Н.Од гар хүрсэн юм байхгүй. Биед нь хүндрэл, гэмтэл учруулсан юм байхгүй. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч П.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Би тэгэхэд яг тэр тайзан дээр байгаагүй. Өмнө нь хөгжим масслаад розетка нь хөндийрөөд байсан байхгүй юу. Тэгээд зааланд бүжиглээд явж байсан чинь хөгжим таг түг гээд тасалдаад зогсчихоор нь нөгөө розетка нь хөндийрчихлөө, тогны асуудал гарлаа гээд тэрийг нь үзэх санаатай тайз руу гарсан. Тайз руу гарахдаа энэ талын /гараараа заах/ нүүрний хөшигний араад өгсөж гардаг шаттай. Тэр шатаар гараад хөгжмийн багшийн ард нэг хашлага байдаг. Тэр хашлаганы булангаар тойртол л өмнөөс манан татсан цагаан юм байсан. Тэгээд л тэрнээс хойшхыг юу болсныг мэдэхгүй, ухаан алдаад уначихсан. Тэгээд энэ хананд шахсан гэж мэдүүлэг дээр байгаад байх юм. Тайзан дээр хүн шахаад зууралдаад тулгаад байх хана байхгүй. Тэр хананаас наашаагаа хоёр гурван хөшиг байгаа. Түүн дээр ноцолдвол тэр хөшгийг чинь тасдаад, хядаад юу ч үгүй болно шүү дээ. Дараа нь тэр барьж авсан гэдэг асуудал болохоор би ухаан алдаж уначхаад сэргээд манай эхнэр өөрөө эмнэлгийн хүн байдаг надад массаж хийж байж сэргээгээд би гадаа гарч бөөлжиж байгаад эргээд ороод ирсэн чинь эмнэлгийнхэн “Бгийн авгай газдуулаад дутуу төрөх гэж байна” гээд пижигнээд явсан. Тэгээд л би куртикээ аваад гарах гэсэн н.Ариунзаяа гээд эмч нь намайг “М ах таны наад нүүр ам чинь аймаар болчихсон байна. Эмнэлэг дээр очоод хордлого тайлах шингэн хийлгэ” гэж хэлсэн. Тэгээд гараад ирсэн чинь В.Б, Б, Н.О гурав хар зам дээр байна гэхээр нь би Н.Ог араас нь очиж тэвэрч аваад “чи яахаараа жирэмсэн хүн газддаг юм. Зүгээр байж байгаа улсууд руу яахаараа газ цацдаг юм. Газыг нь аваадах” гээд газыг нь хайсан. Түүнээс биш тайзан дээр тийм ноцолдоод энийг барьж аваад боосон юм юу ч болоогүй. Н.Ог залгуур сугалж авсныг ч би мэдээгүй. Хөгжим тасарчихаар нь өмнө нь хананых нь разетик дээр ишнүүр нь хөндийрөөд хөгжим тасалдаад байхад нь би янзалж байсан болохоор тэр хөндийрчихлөө гээд л янзлах санаатай тайз руу гараад шатаар эргэж чадалгүй шууд ухаан алдчихсан. Н.Од ерөөсөө гар хүрээгүй. Харин би ухаан алдаж сэргээд соёлын төвийн дээд талын гардаг жижиг хаалгаар гарахад хаалганы энэ талд хүмүүс бөөгнөчихсөн Н.Ог “чи яахаараа зүгээр байгаа улсуудыг газаддаг юм” гээд байж байхад л би Н.Ог мөрөн дээрээс нь атгаж аваад “чи яахаараа зүгээр байсан хүмүүс газаддаг юм” гэж л хэлснээс биш тайзан дээр зодолдож, ноцолдож, боож унагаасан юм байхгүй. Бид нарын барьж аваад ноцолдсон гэдэг чинь соёлын төвөөс гараад засмал уруудаж алхаад бараг ХААН банкны үүдэн дээр шахуу болсон асуудал байхгүй юу. Тэгэхээр тэрийг хэргийн материалд тайзан дээр болсон болгоод яваад байгаа юм. Тэрийг би гайхаад байна... Намайг тайзан дээр гарахад Б.Сүхболд “би дуулах гэж байна” гээд зогсож байсан. Бгийн эхнэр куртикээ өмсөх гээд миний зүүн гар талд зогсож байсан... Би ерөөсөө шатаар өгсөж гарч ирээд л. Би өмнө нь тэгж газ цацуулж үзээ ч үгүй. Манан татсан цагаан юм л байсан. Тэгсэн чинь л нүд юм харахаа байгаад, амьсгал боогдоод ухаан алдаад уначихсан... Миний хувьд бор талхнаас нь салгана гэж хэлэх нь хэлсэн. Хэлэхдээ газдуулж ухаан алдаж уначхаад сэргээд жижиг хаалгаар гарах гээд явж байсан чинь энэ хүн хаалганы хажуу талд байж байсан. Тэгэхэд би хэлсэн. “Чи яагаад зүгээр байгаа улсууд руу газ цацаж байгаа юм бэ? Чамайг бор талхнаас чинь салгана шүү. Наадах чинь болдоггүй юм гэнэ лээ шүү” гэж би хэлсэн. Газнаас өмнө энэ хүнд би юм хэлж ерөөсөө ойртоогүй. Газ цацаад л тэрнээс болж асуудал үүссэн. Би эмнэлэг рүү гарч явахад энэ хоёр хөтлөөд явж байхад нь би очиж хэлж барьж авсан нь үнэн. “Жирэмсэн хүүхэн дутуу төрөх гээд байна гээд эмнэлгийнхэн сандарч байна. Чи яахаараа жирэмсэн хүнд газ цацдаг юм бэ” гэж би барьж аваад газыг нь хайсан. Дахиад эмнэлэг дээр очоод хүн рүү газ цацчихыг хэн байг гэх юм. Соёлын төв дотор зүгээр байгаа улсууд газдаж байгаа юм чинь гэсэн бодлоор л би барьж авсан. Түүнээс тайзан дээр барьж авч юм бол ерөөсөө байхгүй шүү дээ. Тийм учраас энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Н.О-гийн шүүх хуралдаанд өгсөн “...Тэр өдөр 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байсан. Амралтын өдөр байсан. Тэр өдөр би тасгийн даргаас чөлөө аваад аймаг руу ажил амжуулах гээд явчихсан. Тэгээд 6 цагт ирээд 7 цагт ийм үйл ажиллагаатай гэж сонсоод тэнд очиж хяналт тавиад явж байсан. Би цаг тутамд орж хяналт, шалгалт хийгээд 12 цаг дөхөөд ирэхээр нь Засаг даргын орлогч Г.Ц гэдэг хүнд “одоо 12 цаг болох гэж байна. Үйл ажиллагаагаа зогсоохгүй бол гадуур хөл хөдөлгөөн ихсээд, согтуу хүмүүс их байна шүү” гэж хэлсэн. Тэгэхэд “одоо нэг цаг сунгая. Амжихгүй байна” гэхээр нь би за гэж хэлчхээд гадуур эргүүлд явж байгаад 01 цаг гээд ороход сүүлийн 5 бүжиг гээд байж байсан. Тэгээд 2 ая явж байхад хүмүүс нь гарч яваад 3 ая явж дуусахад 20-30 хүн үлдчихсэн байсан. Тэгсэн чинь эд нар дахиад 3 ая гэхээр нь би тэр 3 аяных нь 2-ыг нь явуулчхаад “одоо ингээд болно” гэсэн. Намайг тайзан дээр очиход М.Э ганцаараа байсан. Тэгээд би М.Э дээр очоод шууд учир зүггүй залгуурыг нь салгаж аваагүй. Би юм хэлье гээд дууг нь багасгаад 2, 3 удаа багасгасан чинь М.Э чангалаад байсан. Тэгээд чангалаад байхаар нь залгуурыг нь компьютероос нь салгахад М.Э буцаагаад залгаад байхаар нь би залгуурыг нь булаагаад авчихсан байхгүй юу. Тэгсний дараа л М.Э “залгуур өгчих. Би одоо ингээд дуусгалаа” гэхээр нь би залгуурыг нь өгсөн. Тэгсэн чинь Засаг даргын орлогч Г.Ц гарч ирээд “чи юугаа мэддэг юм” гээд намайг барьж авахад цаанаас П.М гарч ирээд миний ханцуйнаас бариад цамцны захаар боож хана руу шахсан. Тэгээд миний толгой эргээд ухаан алдаж унах гээд амьсгал давчдаад байхаар нь нулимс асгаруулагч цацчихаад яваад өгсөн. Тэгсэн чинь араас М.Э, В.Б хоёр гарч ирээд миний хоёр гараас бариад чирээд байхаар нь “та хоёр яах гээд байгаа юм бэ? Тавиач” гэсэн чинь араас П.М гарч ирээд намайг хоолойноос боож унагаагаад миний нулимс асгаруулагчийг над руу цацна гээд хайгаад байсан. Тэгээд хүмүүс ирээд болиоч гээд салгаад би М.Эыг эмнэлэг рүү хүргэж өгсөн... Тайзан дээр намайг гарахад М.Э л байсан. Бид хоёр л байсан. Одоо тараая, цаг аажуу болчхоод байна гэж хэлсэн. Тэр үед шөнийн 02 цаг болж байсан байхгүй юу. Засаг даргын орлогчид ч бас 12 цаг болохоос өмнө “12 цаг болж байна шүү. Үйл ажиллагаагаа зогсоогоорой” гэж хэлсэн байгаа” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Гэрч Ө.Л-ийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн: Манай нөхөр дуу хөгжмийн багш хийдэг байхгүй юу. Тэгээд намайг шөнө “залгуур аваад ирээч” гээд би хөгжмийнх нь оролтын залгуур гэрт байхаар нь аваачиж өгөхөөр оччихсон байсан юм. Тэгээд би нөхөртөө залгуур өгөөд эргээд гарах гэж байсан чинь хүмүүс бужигнаад орилолдоод энд газ цацчихлаа гэсэн. Би газ цацсаныг ерөөсөө мэдээгүй. Би тэр үед жирэмсэн байсан болохоор намайг “чи жирэмсэн хүн одоо хурдан гар” гэхээр нь би эргэж ороод куртикээ аваад шууд гарсан. Намайг гарсныг тэнд байгаа хүмүүс ерөөсөө мэдээгүй. Дуудлага дуудчихсан байсан. Эмч үүдэн дээр ирчихсэн намайг шууд машинд суулгаад эмнэлэг рүү аваад явсан... Би залгуур өгөөд тэнд сууж байгаад босоод явсан болохоор хэн, хэн байсныг яг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Ө.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд”... 2024 оны 03 дугаар сарын 23-ны орой 20 цагаас сумын соёлын төвд цэргийн баярт зориулсан бүжигтэй гээд манай нөхөр Э хөгжим бусад зүйлээ бэлдэх ёстой гээд орой 19 цагийн үед гэрээсээ соёлын төв рүү явсан. Би гэртээ байж байгаад цэргийн баярт зориулсан “Аавдаа” захидал бичих уралдаанд 2-р байр эзэлсэн тул орой 23 цагийн үед сумын соёлын төв орж шагналаа авчхаад гэртээ байгаа хүүхдэдээ санаа зовоод буцаад гэртээ ирсэн. 03 дугаар сарын 24-ний шөнийн 01 цаг болох гэж байхад манай нөхөр Э над руу залгаад хөгжмийн залгуур хөндийрөөд болохгүй байна гэрт хөгжмийн залгуур байгаа аваад соёлын төвд хүрээд ир гэхээр би хүүхдээ гэртээ үлдээчихээд соёлын төвд нөхөртөө хөгжмийн залгуур аваачиж өгсөн.Намайг соёлын төв рүү ороход цэргийн баярын тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаа дуусаагүй, сугалаа явагдаж байсан. Би нөхөр Эад хөгжмийн залгуур өгчихөөд гэр рүүгээ явах гэхэд Э хамт байж байгаад явъя одоо цэргийн баярын бүжиг дуусах гэж байна гэхээр би нөхрийнхөө хойно сандал дээр сууж байхад сумын эрчүүдийн холбооны тэргүүлэгч Б гэдэг хүн чанга яригчаар 2 вальс, 5 диско явна тэгээд үйл ажиллагаа дуусна гэж зарлаад бүжгийн аянууд ар араасаа явж байхад гэнэт бүжгийн ая явахаа болих үед бүжиглэж байсан хүмүүс юу болоод бүжгийн ая таслаад байгаа юм бэ гэхэд тайзан дээр сумын цагдаа Н.О хөгжмийн залгуур салгаад авсан тайзан дээр зогсож байсан. Тэр үед манай нөхөр тайзан дээр гарч ирээд хөгжмийн залгуур өгчих сүүлийн бүжгийн ая явуулаад дуусгая гэхэд Н.О хөгжмийн залгуур өгөхгүй гэх үед М ах тайзан дээр гарч ирээд Н.Огээс хөгжмийн залгуураа өгчих гээд хөгжмийн залгуур булаацалдаж байхад гэнэт утаа шиг сонин үнэртэй зүйл соёлын төвийн тайзан дээр бүрхээд яваад өгсөн ба тэнд байсан хүмүүс цагдаа хорт хий цацлаа гээд орилсон тэгэхэд миний хажууд байсан хүмүүс жирэмсэн хүнд муу чи хурдан гар гээд байхаар би тайзан дээр хөгжмийн ард талын сандал дээр гаднах хувцсаа аваад соёлын төвийн урд хаалгаар гадаа гарч ирэхэд хүмүүс эмч дуудсан одоо эмч ирж байгаа гэхээр нь би соёлын төвийн гадаа эмчийн хүлээгээд зогсож байхад сумын их эмч ирээд хамгийн түрүүнд жирэмсэн гээд намайг сумын эмнэлэг рүү аваад явсан... гэх мэдүүлэг/1хх-ийн 89-90-р хуудас/,

Гэрч Н.А-ын шүүх хуралдаанд өгсөн”... Бүжиг эхлээд цаг тутам орж ирээд тарахыг хэлсэн. 2 цаг өнгөрч байхад би яг зааландаа сууж байсан юм. Тэгсэн чинь тайзан дээр шуугиад байхаар нь харайгаад очсон чинь өмнөөс нь П.М, араас нь Г.Ц хоёр боочихсон зогсож байсан. Н.О болохоор хөгжмийн утас барьчихсан “одоо тараач болиоч” гээд зогсож байсан. Тэгээд би урдуур нь ороод болиоч гэсэн чинь энэ хүмүүс намайг хориод “чи холдооч” гээд ойртуулахгүй байсан. Тэгээд л алсаас нь хараад л явж байсан... Б байсан. Хөгжмийн залгуур өгөөч гээд зогсож байсан. В.Б бол яг тайзан дээр байгаагүй. Гадаа заамдахад байсан. Тэгээд Б.Сүхболд, Г.Сүхбат байсан. Тэгээд тайзан дээрээс буугаад хаалгаар Н.О чирээд аваад гарсан... Тайзан дээр “одоо боль. Хүний олон хүнээ барьдаггүй” гээд Б.Сүхболд хэлээд салгасан энэ талын хаалгаар Н.Ог аваад гарсан байхгүй юу... 4 шүүгдэгч архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь бүгд илт мэдэгдэж байсан... Бүжиг нэлээн аажуу эхэлсэн. Бараг 10 цаг болсон байх. Шагнал гардуулах чинь тэр бүжгийнх нь дундуур явагдсан байхгүй юу. Шагналаа гардуулаад дуусчихсан байсан... Яг энэ үйл явдал болсны маргааш нь ирээд мэдүүлэг өгөөдөх гээд цагдаа дуудсан... Н.О рүү П.М, М.Э, В.Б 3 дайрсан. Г.Ц тайзан дээр араас нь боосон...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Н.А-лын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай сумын удирдлагууд цэргийн баяраар Улаанбаатар хотод уулзалттай гээд явсан байсан юм. Тэгээд цэргийн баяр тэмдэглээгүй байсан болохоор 2024 оны 03 дугаар сарын 23-ны орой сумын соёлын төвд бүжиг болсон юм. Би соёлын төвийн үүдэнд соёлын төвийн 2 давхар руу согтуу хүн гарч байна уу мөн соёлын төвийн зааланд диско бүжиг болохоор соёлын төвийн 2 давхарт гарч заалны гэрлийг унтраах зэрэг ажил хийдэг юм. Тайшир сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.О соёлын төвийн бүжгийн заал руу цаг тутам ороод юу болж байгаа талаар хяналт тавиад  байсан. 2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнийн 00 цаг болж байхад Тайшир сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.О соёлын төвд орж ирээд засаг даргын орлогч Г-тэй уулзаад ярилцаад зогсоод байсан ба хөгжмийн багш Э чанга яригчаар сумын хэсгийн цагдаа орж ирлээ бид нарыг ойлгоод 1 цаг сунгах байхаа гээд зарласан. Энэ үед Н.О тайзны урд тал сумын эрчүүдийн холбооны дарга Гансүх, хөгжмийн багш Э нартай юм яриад байгаа бололтой инээлдэж байгаад соёлын төвийн баруун талын хаалганы урд Н.О очоод зогссон юм. Тэгээд соёлын төвд бүжиг үргэлжлээд хүмүүс бүжиглээд шөнийн 02 цаг болоогүй байхад Н.О нь соёлын төвд орж ирээд зогсож байхад сумын эрчүүдийн холбооны дарга Гансүх чанга яригчаар 3 вальс, 5 диско ая гээд зарлахад соёлын төвөөс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй хүмүүс, мөн хөгшин настай хүмүүс нь гарч яваад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс соёлын төвд бүжиглээд үлдсэн юм. Тэгээд соёлын төвд бүжгийн ая нэг яваал нэг тасалдаад байхаар би гайхаад юу болсон юм бол гээд харахад хүмүүс тайз руу чи болио гээд орилж чарлаад байхаар нь би соёлын төвийн тайз руу гардаг хаалгаар тайзан дээр гарахад Н.О цаг орой болчихлоо би та нарыг хүндлээд цэргийн баярын бүжгийг 1 цаг сунгасан одоо тарцгаа энд согтуу хүмүүс их байна хэрэг, зөрчил гарч магадгүй гээд Н.О хөгжмийн залгуурыг авсан чинь юу болсон юм гэмээр тэнд байсан хөгжмийн багш Э, М, Алтангэрэл, засаг даргын орлогч Г нар бүгд Н.О рүү дайраад засаг даргын орлогч Г эхэлж Н.Огийн гарнаас барьж аваад араас нь М, Б, Э, Алтангэрэл нар тайзны хойд хана руу түлхээд дайрах үед М нь хоёр гараараа Н.Огийн хоолойг боосон. Н.О өөр рүү нь дайраад байсан хүмүүс рүү хий цацсан чинь Н.О рүү дайраад байсан хүмүүс бүгд холдсон. Би Н.Ог  хамгаалаад урдуур нь орохоор хүмүүс чи холд юундаа өмөөрөөд байгаа юм гээд байсан. Н.О соёлын төвийн баруун талын хаалгаар гараад явсан бусад хүмүүс урд талын хаалгаар гарсан. Би соёлын төвийн хаалгыг түгжчихээд соёлын төвийн доод хаалгаар гарч ирэхэд Б, Э нар нь Н.Огийн хоёр гарнаас нь чирээд зууралдаж байхаар  би хүү Сүхбатыгаа очоод Н.Од тусал гээд явуулсан. Соёлын төв дотор бол  Н.Огийн цагдаа хувцас урагдсан эсэхийг анзаараагүй. Соёлын төвийн гадаа Б Э нар нь хоёр гарнаас нь бариад М боох үед урагдсан байх.  Бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 51-53-р тал/,

Гэрч Г.С-н шүүх хуралдаад өгсөн “...тухайн үед манай сум дээр цэргийн баярын үйл ажиллагаа болж дуусаад оройны цэнгүүний үйл ажиллагаа явж байсан. Тухайн өдөр тэмцээнд амжилттай эрчүүддээ шагнал гардуулаад, бүжиг цэнгүүн гээд ер нь үргэлжлээд явж байсан. Шөнийн хоёр цаг болоод манай энэ цагдаа маань соёлын төвийн хүмүүст болон энэ хүмүүстээ “одоо ингээд больё” гээд шаардлага тавьсан. Тухайн үед сүүлийн 6 бүжиг гэж байсан. Би болохоор соёлын төв хойд талынхаа хоёр давхарт байдаг том цонхтой. Тэр дотроо орж сууж үздэг. Би тэнд ганцаараа байсан байхгүй юу. Тэгсэн чинь хүмүүс орилолдоод “хүүе энд тийм юм боллоо” гэхээр нь тайзны ард хүрээд ирсэн чинь сонин үнэртэй юм цацчихсан байсан. Яг цацах үед нь бол би байгаагүй. Хойд талын цонхон дотор байсан. Ер нь бол ихэнх хүмүүс согтууруулах ундаа тодорхой хэмжээгээр хэрэглэчихсэн байсан. Тэгээд цагдааг соёлын төвийн баруун хаалгаар манай сумын байгаль хамгаалагч н.Гансүх ах гаргасан. Хүмүүс ч тухайн үед соёлын төвөөсөө бүгд гарсан... Гадаа бол газ цацлаа гээд хүмүүс уур бухимдлаа илэрхийлээд, цахилгаан бороохойтой байсан заамдаж боож унагаагаад энүүгээр цохь гээд байсан. Тэгээд нөхцөл байдал хүндрэхээс өмнө бушуухан салгасан. Газ цацлаа гээд хүмүүс орилсон байхгүй юу. Тэгэхэд би коридороор гүйгээд ирж байсан чинь Г.Ц ах амаа дарчихсан хувцас солих өрөө рүү надтай зөрөөд орсон... Би яг газ цацах үед нь хойд цонхон дотроос гүйгээд ирж байсан... Би яг тодорхой хараагүй. Заамдчихсан байх үед нь л харсан... Гадаа болсон асуудалд В.Б, М.Э, П.М гурав 3 талаас нь л барьчихсан байсан. Яг тэгж бэртэж гэмтээхээр цохиж бариагүй байсан... М ах доор нь заамдчихсан байсан. В.Б ах, М.Э ах хоёр маань хажуу талаас нь барьчихсан байсан. Тэр бол удаан үргэлжлээгүй. Хэдхэн секундийн дотор болоход нь л би очоод “одоо больцгоо” гээд салгасан...” гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс,

Гэрч Г.С-н мөрдөн байцаалтад өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 23-ны орой 20 цагт цэргийн баярт зориулсан бүжиг соёлын төвд болно гэхээр би 21 цаг өнгөрөөгөөд цэргийн баярын тэмцээн уралдаанд оролцсон болохоор шагналаа авах гээд соёлын төвд 21 цаг өнгөрөөгөөд очсон. Шагнал гардуулах үйл ажиллагаа эхлэх болоогүй болохоор би Тайшир сумын соёлын төвд ажилдаг Н.Амаржаргал ээжийнхээ ажилд туслах гээд соёлын төвийн 2 давхарт байдаг бүжгийн заал руу харсан цонхтой өрөөнд диско ая явахаар бүжгийн заалны гэрлийг унтрааж асаах ажил хийсэн юм. Тэгээд би цэргийн баярын тэмцээнийхээ шагналыг авчхаад буцаад соёлын төвийн 2 давхарт байдаг нөгөө өрөөндөө ороод гэрлээ асаа гэсэн үед нь асаагаад, унтраах үед унтраагаад сууж байгаад 03 дугаар сарын 24-ний шөнийн 01 цаг өнгөрч байхад гадаа гарчхаад орж ирэх үед цэргийн баярын бүжгийг дахиад 1 цаг сунгасан гээд хүмүүс бүжиглэж байсан ба бүжгийн заалны хөгжим явахаа болиод хүмүүс орилолдоод эхлэхээр нь би 2 давхрын өрөөнөөс харахад хүмүүс соёлын төвийн тайз руу гараад байхаар нь 2 давхраас  буугаад хүмүүс цугларсан тайз руу гүйгээд очиход засаг даргын орлогч Г Н.О-гийн зүүн гарнаас барьсан, М хоёр гараараа Н.Ог заамдаж хоолойг нь боочихсон, Б, Алтангэрэл, Э нар тойроод тайзны хойд хана руу шахсан байхад манай ээж Н.Амаржаргал боль гээд дундуур нь орсон.  Н.О хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй нэг юм цацах шиг болсон. Тэр үед соёлын төвийн тайзан дээр байсан хүмүүс бүгд Н.О-гээс холдсон. Тэгээд Н.О соёлын төвийн тайзнаас буугаад соёлын төвийн баруун талын хаалгаар гарч явсан. Харин бусад хүмүүс соёлын төвийн бүжгийн заалны урд талын хаалгаар гарсан. Би хүмүүсийг гарснаас хойш ээж Н.Амаржаргалтай хамт соёлын төвийн хаалгыг түгжээд гадаа гарч ирэхэд М.Э, В.Б нар нь Н.Огийн хоёр гарнаас зуураад чирсэн байдалтай явж байхад манай ээж Н.Амаржаргал яваарай миний хүү наад хэд чинь Н.Ог чирээд байна очиж тусал гэсэн тэгээд би гүйгээд очихын хооронд  П.М нь Н.О-гийн араас хүзүү хэсгээр гараа оруулаад боогоод газарт унасан байдалтай, М.Э, В.Б нар хоёр гарнаас нь барьсан байсан. Би очоод та нар болиоч наад хүн чинь цагдаа хүн гээд газар унасан байсан Н.Ог татаж босгох үед халааснаас нь унасан бололтой гэрэл асдаг бороохой газарт унасан байхаар би газраас авсан юм. Тэгээд М.Э, В.Б, П.М нар нь Н.Огээс салаад яваад өгсөн. Б, М хоёр хувцсыг нь урсан. Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 56-58-р хуудас/,

Гэрч Б.С-ын шүүх хуралдаанд өгсөн”... Анх тайзан дээр гарахад Н.О зогсож байсан байхгүй юу. Тэгээд араас М ах гарч ирсэн. Би нэг дуу дуулчихъя гээд урдаас нь дөхөөд очиход над руу цацсан. Тэгээд би ухаан алдаад уначихсан... Анх байцаалт өгөхөөр ороход сум дээр ирсэн цагдаа намайг өрөөндөө дагуулж орж урдаас хууль уншиж дарамталсан. Би чам руу цацаагүй, олон хүн байсан. М заамдсан. Өөрийнхөө биеийг хамгаалах гэж цацсан гээд намайг дарамталсан. Тэр байцаалт авсан байцаагчаа утсаар дуудаад өрөөндөө оруулж ирж байгаад тэгээд тийм юм болсон ...Би яг тийм юм болоогүй гэж хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэр байцаагч надад бичсэн өргөдөл уншиж өгсөн. “Хүмүүс ингэж өгөөд байна. Чи яагаад ганцаараа өөр юм өгөөд байгаа юм. Чи хуулийн хариуцлага хүлээнэ шүү” гэсэн байхгүй юу... хэнийх байсныг мэдэхгүй. Хоёр гурван хүн нь ингэж өгсөн гээд мэдүүлгийг нь надад уншиж өгсөн... Намайг өрөөндөө дагуулж ороод би яг сум дээр ийм юм болсон гэхэд “чи сум дээр өөр юм ярьсан биз дээ” гэсэн. Сум дээр бол надаас ганц юм асуусан нь “Юу болсон юм” гэхэд нь “би тайз руу гараад очсон над руу цацсан. Тэгээд ухаан алдаад уначихсан” гэсэн чинь “чи явж бай” гэсэн. Дараа нь ирээд өрөөнд нь ороод өмнө нь хэлснээ хэлэхэд “чи яагаад худлаа яриад байгаа юм. Ганцхан чам руу цацаагүй юм билээ. Цогтоо гэх мэт хүмүүс бүгд байсан юм билээ гэсэн... В.Б ах араас нь залгуур өгчих гээд явж байсан. М ах шатаар гарч ирээд, би урдаас нь дөхөөд “хөгшин нь ганц дуу дуулчихъя” гээд очсон чинь цацчихсан...мэдүүлгээ уншсан.

Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтад өгсөн “... 2024 оны 03 дугаар сарын 23-ны орой 20 цагт цэргийн баярт зориулсан бүжиг соёлын төвд болно гэхээр би 21 цаг өнгөрөөгөөд цэргийн баярын тэмцээн уралдаанд оролцсон болохоор шагналаа авахаар соёлын төвд 21 цаг өнгөрөөгөөд очсон. Намайг соёлын төвд очиход бүжиг эхэлсэн байхаар би сумын иргэдийн хамт бүжиглэсэн. Тэгээд цэргийн баярын тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаа эхлээд хүмүүс шагналаа аваад соёлын төвд бүжиг үргэлжилсэн.2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнийн 01 цаг өнгөрөөгөөд 02 цаг болох гэж байхад би соёлын төвийн гадаа тамхи татчихаад соёлын төв рүү ороод тайзны хойно байдаг урт коридорт засаг даргын орлогч Гд хандан дарга би нэг дуу дуулчих уу гэхэд засаг даргын орлогч Г тэгээ гэсэн юм. Тэгээд би соёлын төвийн тайзны хойд талын коридороор яваад соёлын төвийн тайз руу явж байхад соёлын төвийн хөгжмийн ая зогссон тайзан дээр сумын цагдаа Н.О зогсож байсан ба намайг тайзан дээр гарахад Б, М нар нь Н.Огийн гарт байсан хөгжмийн залгуурыг булааж авах тайзны хойд талын хана руу шахсан Б Н.Огийн зүүн гарнаас хөгжмийн залгуур салгаж авах гээд нь зуурсан, хажуу талд нь Э байсан мөн  М нь Н.Ог тайзны хойд талын хананд шахаад цамцны зах хэсгээс нь заамдаж боосон байхаар би Н.Од хандан цагдаа хөгшөөн хөгжмийн залгуураа өгчихөө ганц дуу дуулах гэсэн юм гэхэд Н.О нь сонин үнэртэй хий шиг юм цацсан. Тэгээд Н.Огийн цацсан юмнаас болоод миний нүд юм харахаа болиод хоолой сонин болсон үүнээс хойш би юу ч санахгүй байгаа юм. Нэг ухаан орсон чинь сумын их эмч ирсэн даралт үзээд намайг сумын эмнэлэг рүү дагуулж очоод эмчилгээ хийсэн...” гэх мэдүүлэг, / 1-р хх-ийн 61-63-р тал/,

Гэрч Б.Б-ын шүүх хуралдаанд өгсөн “...Манайх 100 жилийн ойн золголтын ажлаар Улаанбаатар хот яваад төлөвлөсөн хугацаандаа цагтаа ирж амжаагүй тул цэргийн баяраа 03 дугаар сарын 22-ны өдөр нөхөн тэмдэглэсэн. Тэгээд өдөржингөө уралдаан тэмцээний үйл ажиллагаа зохион байгуулаад орой нь баярын цэнгүүний үйл ажиллагаатай байсан. Хүмүүс цуглахгүй байсаар нэлээн аажуу 22 цаг өнгөрч байхад шоу үндсэн байдлаар эхэлсэн юм. 12 цаг дөхөж байхад цагдаа маань орж ирээд “цаг аажуу болсон байна. Одоо хаа” гэхээр нь “тэгье” гэж хэлээд бид нар зааланд бүжиглэж байгаад тайзан дээр гарч хөгжмийн багшдаа “одоо хаа гэж байна” гээд хэлсэн чинь үйлчлүүлэгчдээс сүүлийн 6 бүжиг гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд “ямар ч байсан 6 бүжгээс 3 бүжиг явуулаад хаая” гэж хэлээд би гараад явсан. Би гарч бие засчихаад 2 давхарт гараад гадуур хувцсаа өмсөж байсан чинь хөгжим дуугарахгүй чимээгүй болчихоор нь тарчихлаа гэж бодоод ороод ирсэн чинь л бөөн юм болчихсон байсан... Тайзан дээр хөгжмийн багш, эхнэрийнхээ хамт байсан. Б.Сүхболд гээд гэрчээр орсон залуу аавдаа зориулаад нэг дуу дуулчихмаар байна гээд зогсож байсан... П.М тайзны хажуу талын шатан дээр ухаан алдаж уначихсан эхнэр нь “чи хүн газдаад алчихлаа ш дээ” гээд бас тэр бүжиг дээр байсан 2, 3 эмэгтэй оччихсон байж байсан. П.М бол намайг орж ирэхэд сэргээд босоод ирж байсан... Ерөнхийдөө баяр гэдэг утгаараа өдрийн цагаар хамт олноороо, хөршийн холбоо, эрчүүдээ хүлээж авч байна гээд бага зэрэг уусан байсан. Шоу төгсөхийн алдад бол айхтар согтуу хүн харагдаагүй... Манайх удлаа гэхэд 12 цаг өнгөрөөд л тардаг. Цагтаа эрт цуглачихвал үйл ажиллагаа нь багтаад 12 цаг гэхэд хаадаг. Шинэ жил гэх мэт үйл ажиллагаа бол 12 цаг өнгөрөөж тарах үе байдаг. О 12 цаг өнгөрч байхад бүжгийг хаа гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Г.А-ийн шүүх хуралдаанд өгсөн”... Би гадаа байж байгаад ороод ирсэн чинь л эд нар газ цацсан гээд пижигнэсэн. Би жижүүрийн үүдэн дээр байсан юм. Тэгээд газ цацсан гээд хүмүүс гарах гэхэд манай жижүүр хүүхэн хаалга цоожлоод явчихсан байсан. Тэгээд ороход газ цацсан гээд бөөн юм болчихсон л байсан. Түүнээс биш би энэ хүмүүсийг хаана, ямар зодоон нүдээн хийснийг харж, үзээгүй... Цэргийн баяр болж байсан болохоор ганц, хоёр хүн уусан л байсан. Бүр их уусан хүн байгаагүй...” гэх мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

Гэрч Г.А-н шүүх хуралдаанд өгсөн”... Бид нар зааланд бүжиглэж байсан чинь хөгжим зогсчихсон. Тэгээд П.М ах “хөгжим яагаад зогсчихов” гээд тайз руу гарсан. Тэгсэн л хүмүүс юм цацчихлаа гээд орилолдоод, хүн уначихлаа гээд байсан... Бид нар зааланд бүжиглэж байсан болохоор тайзан дээр ямар хүмүүс байсныг, юу болсныг сайн мэдэхгүй шүү дээ /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

Гэрч Б.У-н шүүх хуралдаанд өгсөн”... Цэргийн баяр тэмдэглээд орой нь шагнал, урамшуулал гардуулна гээд бүжиг цэнгүүн болсон. Тэгээд тарахын алдад л ийм юм болсон ш дээ. Би тэнд шагналаа авах гээд л байж байсан... Тайзан дээр юм боллоо л гэсэн. П.М тэнд уначихсан л байсан. Тэгсэн чинь газ цацчихсан байсан. Миний хоолой жоохон сэрвэгнээд, заалнаас хүмүүсийг хурдан гарга гээд л би гараад явсан/шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

Гэрч Э.А- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэв журмын ажил хариуцсан байцаагч албан тушаалыг 2022 оноос эхлэн хийж байна...Цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй гэж заасан. Тайшир сумын хэсгийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Н.О нь нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй. Хэсгийн цагдаа нь хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийн хүрээнд нийтээр дагаж мөрдөх дүрэм журмыг сахиулах, хяналт тавина гэж албан тушаалын тодорхойлолтын зорилго хэсэгт заасан. Хэсгийн цагдаа нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд ажлын цаг харгалзахгүй албан үүргээ гүйцэтгэнэ. Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан үндсэн чиг үүргийн хүрээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Энэ хуулийн 85 дугаар зүйлийн 5 дах хэсэгт цагдаагийн алба хаагч ажлын бус цагаар хууль ёсны үйл ажиллагаа явуулсан, түүнчлэн ажилдаа ирэх буцах замд явсныг албан үүргээ гүйцэтгэж байгаатай адилтган тооцно. Цагдаагийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд энэ хуулийн 52 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Олон нийтийн арга хэмжээний үед нийтийн хэв журам хамгаалах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тавьсан цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хэрэглэнэ. Мөн эрүүл мэнд, учирч болзошгүй халдлагыг таслан зогсоох зорилгоор нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу нулимс асгаруулагч хэрэглэнэ.Иймд хуульд заасны дагуу Тайшир сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.О тусгай хэрэгсэл буюу нулимс асгаруулагч хэрэглэж болно.Тайшир сумын хэсгийн төлөөлөгч нь албан тушаал өөрчлөн шилжсэн. Н.О нь ганцаараа ажилдаг...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 99-101-р тал 2-р хх-ийн 153-154-р хуудас/,

Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн “ 1. 2. Н.Огийн биед зүүн эрүү, зүүн мөр, зүүн тохой, баруун бугалганд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. 4. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно. 5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 136-р хуудас/,

Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Батмагнайгийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн Н.Огийн өмсөж байсан гэх хар хөх өнгийн цамц нь татаж чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн 9 ширхэг урагдалтууд байна. 2. Урагдалтууд нь шинэ байна. 3. Гэмтлүүд нь татаж чангаах олон удаагийн үйлдлээр үүссэн байна. 4. Шинжилгээний явцад шинээр ямар нэг нөхцөл байдал илрээгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 139-144-р хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна. Говь-Алтай аймгийн Тайшир сумын Соёлын төвд 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 19 цагаас цэргийн баярт зориулсан цэнгүүн арга хэмжээ болсон байна. Улмаар тус сумын хэсгийн цагдаа Н.Ог албан үүргээ биелүүлэхтэй нь  холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хөгжмийн залгуур салгаж авсан гэх зүйлээр шалтаглан шүүгдэгч Г.Ц, М.Э, В.Б, П.М нар нь согтуурсан үедээ түүний гар хувцаснаас зуурч ханад тулган биед нь халдсан, мөн соёлын төвийн гадаа М.Э, В.Б нар нь “нулимс асгаруулагч хэрэглэлээ, чамд өөрт чинь хэрэглэнэ” гэх шалтгаанаар түүний биед халдаж хоёр гар, цамцнаас татаж өмсөж явсан цагдаагийн ноосон цамцыг урсан, П.М хоолойг нь боож хүч хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хууль зүйн ойлголтоор Эрүүгийн хуульд “хууль сахиулагч” гэж “...цагдаа”-г ойлгоно гэж заасан. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” бол гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

Хохирогч буюу тус сумын хэсгийн цагдаа Н.О нь хууль сахиулагч мөн болох нь холбогдох албан тушаалтны тушаалаар тогтоогдож байна. Хэргийн үйл баримт болон хэрэгт байгаа нотлох баримтуудаар хэсгийн цагдаа Н.О нь тухайн өдөр Соёлын төвд болж байгаа цэнгүүнийг үргэлжлэх хугацаанд оройтсон тул удахгүй тар гэж уг цэнгүүнийг зохион байгуулж байгаа хүмүүст удаа дараа хэлж анхааруулж байсан болох нь шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байх бөгөөд улмаар шөнийн 2 цагт дахин сануулахад сүүлийн 5 бүжиг гэж зарласан тул хөгжмийн залгуурыг салгаж авчээ. Хэсгийн цагдаа Н.О-гийн дээрхи үйлдлийг Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор тавьсан шаардлага гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь тухайн Соёлын төвд байсан ихэнх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, цэнгүүн шөнийн 2 цаг хүртэл үргэлжилсээр байсан болох нь хангалттай нотлогджээ.

 

Мөн хэсгийн цагдаа нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд ажлын цаг харгалзахгүй албан үүргээ гүйцэтгэх бөгөөд энэ талаар Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  ... үндсэн чиг үүргийн хүрээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Энэ хуулийн 85 дугаар зүйлийн 5 дах хэсэгт цагдаагийн алба хаагч ажлын бус цагаар хууль ёсны үйл ажиллагаа явуулсан, түүнчлэн ажилдаа ирэх буцах замд явсныг албан үүргээ гүйцэтгэж байгаатай адилтган тооцно.гэж заажээ. Иймд хэсгийн цагдаа Н.Ог албан үүргээ биелүүлж явсан гэж үзнэ. 

 

Цагдаа Н.О-гийн хууль ёсны шаардлагыг шүүгдэгч Г.Ц, В.Б, М.Э, П.М нар нь эсэргүүцэж Н.Ог хананд тулган биед нь халдсан, улмаар нулимс асгаруулагч хэрэглэлээ гэж Соёлын төвийн гадна В.Б, М.Э, П.М нар нь 2 гар, цамцнаас нь татаж өмсөж явсан цагдаа хувцсыг нь урсан, П.М нь боож унагасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хэсгийн цагдаа Н.О хохирогчийн зүгээс ямар хууль ёсны шаардлага тавьсан бэ, энэ талаар яллах дүгнэлтэд дурдаагүй, цагдаагийн биед халдсан гэх нь нотлогдохгүй байна, цагдаа түрүүлж нулимс асгаруулагч цацсаны улмаас тэнд замбараагүй байдал бий болсон, хэрэгт эргэлзээтэй байдал бий болсон тул ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлтүүдийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Хохирогч хэсгийн цагдаа Н.О нь биед нь халдаагүй байхад нулимс асгаруулагч хэрэглэсэн гэх нөхцөл байдал нотлогдохгүй байх бөгөөд харин шүүгдэгч нар Н.О нь цэнгүүнийг тараахын тулд хөгжмийн залгуур залгаж авлаа гэж эсэргүүцэж түүнийг хананд шахаж хоолойг нь боосоны улмаас Х.О нь нулимс асгаруулагч хэрэглэсэн нь тогтоогдож байна. Н.О нь  уг нулимс асгаруулагчыг хувийн журмаар олж авсан гэх боловч энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд хэрэгт байгаа гэрч Э.А-.. Цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй гэж заасан. Тайшир сумын хэсгийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Н.О нь нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй.. Цагдаагийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд энэ хуулийн 52 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Олон нийтийн арга хэмжээний үед нийтийн хэв журам хамгаалах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тавьсан цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хэрэглэнэ. Мөн эрүүл мэнд, учирч болзошгүй халдлагыг таслан зогсоох зорилгоор нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу нулимс асгаруулагч хэрэглэнэ.Иймд хуульд заасны дагуу Тайшир сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.О тусгай хэрэгсэл буюу нулимс асгаруулагч хэрэглэж болно”  гэх  мэдүүлэг болон Цагдаагийн албаны тухай хуулиар  хэсгийн цагдаа нь нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй болох нь тогтоогдож байна. 

Шүүгдэгч нар нь Н.Огийн биед халдаагүй гэж мэдүүлж байгаа хэдий ч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тухайн үед хохирогчийн өмсөж явсан цагдаа хувцсанд үүссэн урагдалт нь шүүгдэгч нарын уг мэдүүлэгийг үгүйсгэх хангалттай нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Ц, М.Э, В.Б, П.М нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх бөгөөд шүүгдэгч нар нь бүлэглэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 -д заасныг журамлах нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Ж.Мөнхнасан нар хавтаст хэрэгт байгаа зарим нотлох баримтуудыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогчийн тухайн үед өмсөж явсан police нэртэй цамцны үнэ болох 106,200 төгрөгийн хохирол учирсныг 4 шүүгдэгчээс тэнцүү хэмжээгээр буюу нэг шүүгдэгчээс 26,550 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Г.Ц, М.Э, В.Б, П.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн 6.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хөнгөрүүлэх, хүндрүүлэх буюу 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нарын хувьд хувийн байдлыг харгалзан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4500 нэгжтэй буюу 4,500,000 төгрөгөөр тус бүр торгох...” гэх санал гаргав.

 Шүүгдэгч Г.Ц, М.Э, В.Б, П.М нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тэдгээрт хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 Шүүх шүүгдэгч Г.Ц, М.Э, В.Б, П.М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт  3200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, өрхийн орлого зэрэг нөхцөл байдлыг харгалзан 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч М овогт Г- Г, Ч овогт М- Э, О овогт П- М, Ж овогт В- Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц, М.Э, В.Б, П.М нарыг тус бүрийг 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц, М.Э, В.Б, П.М нарт оногдуулсан 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,200,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ц, М.Э, В.Б, П.М нарт мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц, М.Э, В.Б, П.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Г.Ц, М.Э, В.Б, П.М нараас тус бүр 26,550 төгрөг гаргуулж хохирогч Н.Од олгосугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар хөх өнгийн police нэртэй цамцыг хохирогч Н.Од олгож, хэргийн хамт ирсэн 2 ширхэг CD/сиди/-г хэрэгт хавсаргасугай.

8. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

       10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ц, М.Э, В.Б, П.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА