| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2024/1101/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1131 |
| Огноо | 2024-10-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1131
2024 10 14 2024/ШЦТ/1131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Д.Ганчимэг (томилолт),
хохирогч ***,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: *** овогт ***(регистрийн дугаар ***), 2003 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тахилт сургуулийн ** дүгээр гудамжны *** тоотод ганцаараа оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Хэргийн товч агуулга: *** нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Жаргалантын *** тоот оршин суух ***гэрт түүний гар утсыг ашиглан “Соно финтек” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 600.000 төгрөг “Тус финтек” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 500.000 төгрөгийн зээлийг авч, Худалдаа хөгжлийн банкны *** тоот ***данснаас Хаан банкны ****тоот өөрийн данс руу 710.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
1.1 Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “мэдүүлэг өгөхгүй” гэв.
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай яллах дүгнэлт болон хавсралтад тусгагдсан(хавтас хэргийн 8-11, 15-16, 21-28 дугаар хуудас)”,
- шүүгдэгч болон хохирогчоос “шинжлэн судлуулах баримт байхгүй” гэцгээв.
Шүүгдэгч *** нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Жаргалантын *** тоотод хохирогч *** гар утсыг ашиглан “Соно финтек” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 600.000 төгрөгийг, “Тус финтек” ББСБ-ын зээлийн аппликейшнээс 500.000 төгрөгийг, хохирогч *** Худалдаа хөгжлийн банкны *** тоот данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данс руу 710.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 1.810.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *** “...Цэргийн 017 дугаар ангид ***тай нэг салаанд 2021 онд алба хаасан. 2023 оны 06-р сарын 22-ны өдөр *** залгаж “манай хойд аав намайг зодоод хэцүү байдаг. Би танайд очиж чамтай хамт ажил хийе” гэсэн. Тухайн өдрөө ***тай 5 шар дээр уулзаж Партизан руу явсан. Тэгээд хамтдаа “Төгс ургац” ХХК-н барилга дээр ажиллаж эхэлсэн. Би “удахгүй оюу толгой явах” талаар ***т хэлэхэд “чамтай хамт явж ажил хийе” гэж хэлсэн. 2023 оны 07-р сарын 19-ний өдөр бид хоёр хотод орж ирээд 5 шар дээр Оюу толгой ХХК-ний ажилд орох анкет бөглөсөн. Анкет бөглөчхөөд гарч ирээд Партизан руу явах автобус хүлээгээд зогсож байтал *** нь алга болчихсон. 2023 оны 08-р сарын 06-ны өдөр “Сон” нэртэй зээлийн байгууллагаас залгаж “таны зээл эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн байна" гэхээр нь гайхаад "би зээл аваагүй, би бичиг үсэг мэдэхгүй хүн" гэж хэлээд өөрийн утсан дээр ирсэн байсан мессежүүдийн зургийг авч дүү Батцэцэг рүү явуулахад "таны нэр дээр зээл авсан байна, төлөлтийн хугацаа хэтрээд хэд хоносон байна" гэж хэлсэн. Миний нэр дээр зээл авсан тухай мэдсэн. 2023 оны 08-р сарын 09-ний өдөр гарын хагалгаанд орсон. Тэр өдөр дүү *** хэлэхдээ “2023 оны 06-р сарын 25-ны өдөр таны худалдаа хөгжлийн данс руу *** хаан банкны данснаасаа 100 төгрөг шилжүүлж байгаад таны нэр дээр 500.000 төгрөгийн зээл авсан байна. Тухайн үед таны дансанд 724.339 төгрөг байсныг 2023 оны 06-р сарын 26-ны өдөр таны данснаас 1.210.000 төгрөгийг *** хаан банкныхаа *** данс руу шилжүүлж авсан байна" гэж хэлсэн. Тэгээд хагалгаанд орчихоод гараад ирэхэд дахиад “Тус” гэдэг газраас залгаж 600.000 төгрөгийн зээлийн төлөлт хэтэрсэн байна гэхэд мэдсэн. 2 зээлийн байгууллагаас авсан 1.100.000 төгрөг, дансанд байсан мөнгийг авсан. *** буцаан төлсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг(хавтас хэргийн 8-11 дүгээр хуудас),
- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** мэдүүлэхдээ “Надад хойд эцэгтээ цохиж зодуулаад байна, ажил байвал хийе гэж хэлж байсан. Хамт ажиллая гээд тусалж дэмжсэн. Тэр хугацаанд хамт байхдаа утсаа өгчих, код нь хэд билээ гээд би кодоо хэлээд өгчихдөг. Шөнө унтаж байхад хэтэвчнээс бичиг баримт авч ашиглаад ийм зүйл хийсэн байсан. Би утаснаас аппликейш татаад зээл авдаг гэдгийг мэдэхгүй. Манай дүү охин “... таныг унтаж байхад энэ хүн таны утсаар чинь оролдоод мөнгийг чинь авсан...” гэж хэлэхээр нь итгэхгүй хартал үнэхээр авсан байсан. Дараа нь хугацаа хэтэрсэн гэж ирсэн. Тэгээд би мэдэж аваад цагдаагийн байгууллагад хандсан. Намайг хохироосон мөнгөө буцаагаад өгчих юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
- Гэрч ***ийн “...2023 оны 06-р сарын 25-ны өдөр манай ах *** найз *** нь "Сон" апп-аас 500,000 төгрөгийн зээл авсан байсан. Манай ахын зэвсэгт хүчний 017 дугаар ангийн цалин гэж орсон дансанд нь байсан 699.300 төгрөгийн хамт нийт 1.210.000 төгрөгийг хаан банкны *** дугаарын данс руу авсан байсан. Тэгээд хэд хоногийн дараа 2023 оны 06-р сарын 29-ний өдөр 14 цаг 40 минутад дахиад "Тус” гэдэг зээлийн апп-аас 600.000 төгрөгний зээл авсан байсан. *** ах бичиг үсэг мэдэхгүй учир гар утсанд ирж байгаа зээлийн мэдэгдлүүдийг уншиж чадаагүй, зээл авсан тухай 2023 оны 08-р сарын 10-ны өдөр мэдсэн” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 15-16 дугаар хуудас),
- Хохирогч *** эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны *** тоот, Хаан банкны *** тоот дансны хуулга (хавтас хэргийн 21-23, 24-25 дугаар хуудас),
- “Соно финтек” Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эрх нээх цахим гэрээ (хавтас хэргийн 26-28 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандан, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдаж үүний улмаас хохирогч ***ид 1.810.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *** нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй”-г дурдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлт гаргасан болохыг тэмдэглэв.
1.4 Хохирол, хор уршиг.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ид 1.810.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч ***аас төлж барагдуулаагүй тул дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгчээс “...ойрын хугацаанд *** мөнгийг буцааж өгнө, хохирол төлөх завсарлага авах шаардлагагүй” гэсэн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”, шүүгдэгчээс “...хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг танилцуулав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас(хавтас хэргийн 48 дугаар хуудас)-аас үзэхэд шүүгдэгч *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал(хохирогчтой урьдын харилцаа, бичиг үсэг мэдэхгүй байдлыг далимдуулан шунахай сэдэлтээр амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах зорилгоор нууцаар түүний гар утсыг ашиглан зээл авч, өөрийн данс руу шилжүүлэн авч захиран зарцуулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (бага хэмжээнээс дээш хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй), шүүгдэгчийн хувийн байдал(*** онд төрсөн, 20 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тахилт сургуулийн ** дүгээр гудамжны *** тоотод оршин суудаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
**** овогт **** ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 500 (таван зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *** нь уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***аас 1.810.000 төгрөгийг гаргуулж хохирогч ***ид олгосугай.
5. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ***т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР