| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/05434/И |
| Дугаар | 101/ШШ2022/00611 |
| Огноо | 2022-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2022/00611
2022 02 14 101/ШШ2022/00611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 24-р хороо,*******,******* тоот хаягт оршин суух, Дожоодоржийн Эийн /РД: ХА64062511/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******, 5-р хороо, Монел 27-р гудамж,*******тоот хаягт оршин суух, Мэндбаярын Хт /РД: ФД85112616/ холбогдох
Авто машины үнэ 20.876.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М.Х нь 2018 оны 5 сарын 28-ны өдөр Д.Эээс олгосон итгэмжлэлийг ашиглан түүний өмчлөлийн лексус ай эс 250 маркийн авто машиныг “Автоланд Эс Си” ХХК-иар зуучлуулан худалдан борлуулж уг авто машины үнэ 20.876.500 төгрөгийг өөрийн эхнэр н.Мөнхцацралын Хаан банкны 00000000000000 тоот данс руу шилжүүлэн авч өөртөө завшсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж 190503780 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан боловч М.Х Япон улс руу гарсныг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00708 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж байсан.
М.Х 2021 оны 6 сард Монгол улсад орж ирсэн боловч энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 09 сарын 21-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 1608 дугаар тогтоолоор хэргийг хаасан байна. Уг тогтоолд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан.
Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах шийдвэрийн дагуу 2021 оны 11 сарын 02-ны өдөр М.Хыг олж хаягийг нь тогтоон*******, 16-р хороо, 57б байрны 55 тоотод оршин сууж байгаа болон 88093186 дугаарын утас хэрэглэж байгааг тогтоосон тул М.Хаас авто машины үнэ 20.876.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Э нь итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгаригт олгосон түүнийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
Төлөөлүүлэгч Д.Эээс төлөөлөгч М.Хт лексус ай эс 250 маркийн, арлын 00000000000дугаар бүхий авто машиныг Д.Эийн нэрийн өмнөөс худалдах, нэр шилжүүлэх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр хүлээн авах эрхийг 2018 оны 5 сарын 28-ны өдөр 1 сарын хугацаатай олгосон итгэмжлэл,
Япон улсад үйлдвэрлэсэн лексус ай эс 250 маркийн авто машины гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2018 оны 03 сарын 01-ний өдөр, ачаа хүлээн авагч Д.Э,
2017 оны 5 сарын 29-ний өдрийн “Авто машин худалдахад зуучлах гэрээ”-ний хуулбар,
Зуучлагч “Авто Ланд Эс Си” ХХК нь н.Мөнхцацралын Хаан банк дах 00000000000000000 тоот дансанд 20.876.500 төгрөг төлсөн баримтын хуулбар,
“Авто Ланд Эс Си” ХХК-ийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 01/137 дугаар бүхий тодорхойлолтын хуулбар,
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 1608 дугаар бүхий “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолын хуулбар,
М.Хын эрэн сурвалжлах тухай Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүхийн 2019 оны 03 сарын 15-ны өдрийн 708 дугаартай шийдвэр,
М.Хын оршин суугаа газрыг олж тогтоосон тухай ******* дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 2632-5/5811 тоот тодорхойлолт, М.Хын цагдаагийн 2-р хэлтэст гаргасан 2021 оны 11 сарын 02-ны өдрийн баталгаа бичиг, М.Мөнхбаярын иргэний үнэмлэхний лавлагаа болон баталгаа бичиг зэрэг баримтуудыг тус тус нотлох баримтаар ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй ба хариуцагч М.Хт нэхэмжлэлийн хувийг 2021 оны 11 сарын 29-ний өдөр гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь харуцагч М.Хт холбогдуулан авто машины үнэ 20.876.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийг 2021 оны 11 сарын 10-ны өдөр хүлээн авч 2021 оны 11 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч М.Хт 2021 оны 11 сарын 29-ний өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэргийн материалыг танилцуулжээ.
/ХХ-ийн 1, 19-22 дугаар тал/
2022 оны 02 сарын 07-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаан болох талаар талуудад хэн алинд нь 2022 оны 01 сарын 26-ны өдөр буюу шүүх хуралдаан болохоос 12 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд уг өдрийн хуралдаанд хариуцагч М.Х хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний мэтгэлцэх эрхийг хангах үүднээс 2022 оны 02 сарын 14-ний өдрийн 16 цагт шүүх хуралдааныг товлон хойшлуулсан байна.
/ХХ-ийн 26-34 дүгээр тал/
Хариуцагч М.Хт*******, 16-р хороо, 57Б байр, 55 тоот хаягаар 2022 оны 02 сарын 14-ний өдрийн 16 цагт шүүх хуралдаан болохыг мэдэгдэхэд уг хаяг тус хороонд байхгүй хэмээн Баянзүрх дүүргийн 16-р хорооны засаг дарга тодорхойлолт ирүүлсэн ба Монгол шуудан компанийн 22-р салбарын шууданч тухайн хаяг алдаатай тухай магадлагааг ирүүлжээ.
Мөн М.Хын нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн оршин суудаг гэж тодорхойлсон*******,*******, Монел 27-612 тоот хаягаар 2022 оны 02 сарын 14-ний өдрийн 16 цагт шүүх хуралдаан болохыг дахин мэдэгдэхэд уг хаягт М.Х бүртгэлтэй боловч оршин суудаггүй хэмээн мөн дүүргийн*******ны засаг дарга тодорхойлолт ирүүлсэн ба Монгол шуудан компанийн 51-р салбарын шууданч заасан хаягт тухайн хүн байхгүй гэх магадлагааг 2022 оны 02 сарын 09-ний өдөр ирүүлжээ.
Мөн хариуцагч М.Хын нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн хэмээн тодорхойлсон 88093186 дугаарын утас руу 2022 оны 02 сарын 14-ний өдрийн 16 цагт шүүх хуралдаан болох талаар 2022 оны 02 сарын 07-ны өдөр мессэж илгээн мэдэгдсэн байна.
/ХХ-ийн 31-34, 36-42 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэг хүлээх бөгөөд хариуцагч М.Х шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т тус тус заасныг үндэслэн талуудын эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэн Д.Эийн “Баянгол дүүрэг, 2-р хорооны нутаг дэвсгэр, Монголын үйлдвэрчний эвлэлийн арын зогсоолоос 2018 оны 03 сарын 05-ны өдөр лексус ай эс 250 маркийн авто машиныг зүс таних машины ченж залуу зарж өгнө гэж авсан” гэх гомдолд 2019 оны 09 сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 190503780 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хэргийг******* дэх цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Хатанболд шалгажээ.
Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаад хохирогч Д.Э 2018 оны 03 сарын 05-ны өдөр Баянгол дүүрэг, 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын үйлдвэрчний эвлэлийн арын зогсоолоос иргэн М.Хт 00000000000арлын дугаартай лексус ай эс 250 маркийн тээврийн хэрэгслээ заруулахаар өгч улмаар 2018 оны 05 сарын 28-ны өдөр итгэмжлэл олгосны дагуу М.Х дээрх тээврийн хэрэгслийг 2018 оны 06 сарын 04-ний өдөр зарсан боловч мөнгийг нь өгөхгүй, залилсан үйл баримт тогтоогдсон байна.
Гэвч дээрх үйл явдал болсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэжээ.
Хэргийг хааж шийдвэрлэсэн нь хохирогч Д.Эийн энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг иргэн М.Хаас нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй тул хохирогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн байна.
Ингээд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 сарын 21-ний 1608 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 9-10 дугаар тал/
2018 оны 03 сарын 01-ний өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт:
Мэдүүлгийн дугаар: 02-2141004-18-I02818R,
Барааны нэр төрөл: Авто машин, суудлын, Lexus IS 250, GSE20-5095865,
Хүлээн авагч: Дожоодоржийн Э, 0000000000000000000000000 тоот,
Санхүүгийн хувьд хариуцагч: Дожоодоржийн Э гэжээ.
/ХХ-ийн 5 дугаар тал/
2018 оны 5 сарын 28-ны өдөр 1 сарын хугацаатай олгосон итгэмжлэлээр Д.Э нь төлөөлөгч М.Хт гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн 02-2141004-18-I02818R дугаартай, Lexus IS 250 маркийн, арлын 00000000000дугаартай авто машиныг түүний нэрийн өмнөөс худалдах, нэр шилжүүлэх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, мөнгийг төлөөлөн авах эрхийг олгосон нь уг итгэмжлэлийн хуулбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 4 дүгээр тал/
М.Х нь зуучлагч “Автоланд Эс Си” ХХК-тай 2017 оны 05 сарын 29-ний өдөр авто машин худалдахад зуучлах гэрээ байгуулан Lexus 00000 маркийн, арлын 00000000000дугаартай авто машиныг 21.500.000 төгрөгөөр бусдад худалдахаар, авто машин борлуулалтын шимтгэлд авто машины үнийн дүнгийн 1.9 хувийг төлөхөөр харилцан тохиролцсон нь уг гэрээний хуулбараар нотлогдож байна.
/ХХ-ийн 6 дугаар тал/
Зуучлагч “Авто Ланд Эс Си” ХХК нь Голомт банк дахь 3105102997 тоот данснаасаа н.М Хаан банк дахь 00000000000000 оот данс руу 2018 оны 06 сарын 04-ний өдөр 20.876.500 төгрөгийг гэрээний төлбөр гэж шилжүүлжээ.
“Авто Ланд Эс Си” ХХК нь 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 01/137 тоот тодорхойлолтдоо “Тус компани 2017 оны 05 сарын 29-ний өдөр байгуулсан ХЗГ/Б-82 тоот зуучлалын гэрээгээр иргэн Д.Эийн нэр дээр импортоор орж ирсэн 00000000000000000 арлын дугаартай, хөх өнгийн Lexus ..... маркийн авто машиныг 2018 оны 05 сарын 28-ны өдөр үйлдсэн итгэмжлэлийг үндэслэн М.Хын нэр дээр зуучлан борлуулж Голомт банкнаас орж ирсэн авто машины мөнгийг гэрээн дэх Хаан банкны 00000000тоот данс руу шилжүүлсэн нь үнэн болохыг баталгаажуулж байна” гэжээ.
/ХХ-ийн 7-8 дугаар тал/
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон“ гэж заажээ.
Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.
Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлэх ба үүрэг үүсээгүй гэдэг нь тэдний хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ.
Дээр дурдсан баримтуудаас дүгнэж үзэхэд хариуцагч М.Х нь нэхэмжлэгч Д.Эийн өмчлөлийн 00000000000арлын дугаартай, хөх өнгийн Lexus IS 250 маркийн авто машиныг Д.Эээс олгосон итгэмжлэлийн дагуу “Авто Ланд Эс Си” ХХК-иар зуучлуулан бусдад худалдан борлуулан үнийг нь н.М Хаан банк дах дансаар дамжуулан өөртөө шилжүүлэн авсан атлаа Д.Эт уг авто машины үнэ болох 20.876.500 төгрөгийг буцаан өгөөгүй байх тул Д.Э түүнээс уг мөнгөө шаардах эрхтэй.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч М.Хаас 20.876.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хариуцагч М.Хт нэхэмжлэлийн хувийг 2021 оны 11 сарын 29-ний өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 19-22 дугаар тал/
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 15-ны өдрийн 000 дугаар шийдвэрээр Д.Эийн хүсэлтийг үндэслэн М. Хыг эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг цагдаагийн байгууллагад даалгасны дагуу ******* дэх цагдаагийн 2-р хэлтэс түүнийг “...*******, 16-р хороо, 57Б байр, 55 тоот хаяг оршин сууж байгааг олж тогтоосон тул эрэн сурвалжлалтыг зогсоосон болно” гэжээ.
/ХХ-ийн 11-12 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч М.Хаас 20.876.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262.330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Хаас 262.330 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН