| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/02746/И |
| Дугаар | 183/ШШ2021/03021 |
| Огноо | 2021-12-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2021/03021
Дугаар 183/ШШ2021/03021 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ............ тоотод байрлах Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........... тоот хаягт байрлах ТХХК /РД:......./-д холбогдох,
дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 3.840.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-ийн оршин суугчдаас шаардан авах төлбөрийн үлдэгдэл 18.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.М, хариуцагчийн төлөөлөгч С.Ошүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э СӨХ-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах 52 дугаар байрыг тухайн үед Эрчим хүчний хөгжлийн төвийн захиалгаар Т ХХКбарьж гүйцэтгэн 2017 онд байнгын ашиглалтанд оруулсан. Байнгын ашиглалтанд оруулсны дараа Т ХХКнь ашиглалтын алба байгуулан сууц өмчлөгчдийн үүргийг гүйцэтгэн оршин суугчдаас сууц өмчлөгчдийн холбооны төлөбр авч байсан. Э СӨХ нь 2018 оны 11 дүгээр сард албан ёсоор оршин суугчдын анхны хурлаа хийж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгэлээ хийлгэн СӨХ-ийн гэрчилгээ, тамга тэмдгээ авч Гүйцэтгэх захирал болон Удирдах зөвлөлөө сонгосон. Т ХХК-ийн зүгээс СӨХ-ийн үйл ажиллагааг оршин суугчдын үүсгэн байгуулсан Э СӨХ-д хүлээлгэн өгөхгүй жил гаран болж, 2019 оны 8 дугаар сараас хагас дутуу хүлээлгэн өгснөөр Э СӨХ нь 2019 оны 9 дүгээр сараас эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус байранд үйл ажиллагаа явуулдаг Түмэн алт ХХК-ийн мэдлийн 52 дугаар байрны 4 тоотод байрлах хүнсний дэлгүүр, 52 дугаар байрны 1 тоотод байрлах оффис нь Э СӨХ ажлаас хүлээн авснаас хойш буюу 2019 оны 9 дүгээр сараас эхлэн СӨХ-ийн төлбөр болох сарын 80.000 төгрөгийг төлөөгүй 24 сарын өр үүсгээд байна. СӨХ-ийн зүгээс удаа дараа шаардсаар өнөөдрийг хүрлээ. Гэсэн атлаа эднийх маш их хог гаргаж, дундын өмчлөлийн цахилгаан хэрэглэдэг. Иймд 2019 оны 9 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сарыг хүртэлх 24 сарын СӨХ-ны төлбөрийг тус 52 дугаар байранд үйл ажиллагаа явуулж буй ХХК-ийн хүнсний дэлгүүрийн СӨХ-ны төлбөр болох 1.920.000 төгрөг, оффисын төлбөр 1.920.000 төгрөг, нийт 3.840.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т ХХК-ийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн үйл ажиллагаа явуулдаг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 52 дугаар байрыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. Ашиглалтанд оруулснаас хойш орон сууцны төлбөрийн тохиролцоонд хүрсэн захиалагч нарыг орон сууцанд оруулж айл өрхүүд амьдарч эхэлснээс хойш орцны жижүүрийн цалин, лифтний засвар үйлчилгээ, хог тээвэрлэлтийн үйлчилгээ, харуулын цалин, цэвэрлэгээний зардал, нийтийн эзэмшлийн талбайн цахилгааны төлбөр зэрэг төлбөрүүдийг төлж байсан бөгөөд эдгээр төлбөрийг оршин суугч айл өрхүүдэд хуваахад нэг айлднэг сарын 30000 төгрөгийн төлбөр ногдож байсан. Оршин суугчид сар бүр төлбөрөө хугацаандаа төлдөггүй байсан тул манай компани дээрх ашиглалтын зардлуудыг төлдөг байсан. Ингээд Э СӨХ байгуулагдаж манай компаний оршин суугчдаасбайрны ашиглалтын төлбөрт шаардаж авах нийт 18.184.000 төгрөгийн эрхийг шилжүүлэн авч, үүний оронд манай компанийнХ ххк-д төлөх цахилгаан шат суурилуулалтын гэрээний төлбөрийн үлдэгдэл 18.000.000 төгрөгийн төлбөрийг сар бүр 1.000.000 төгрөг төлөх байдлаар төлж барагдуулах хүсэл зоригоо Э СӨХ албан ёсоор илэрхийлж, гурван талаас хамтарсан уулзалт зохион байгуулж байсан. Ийнхүү Э СӨХ нь манай компанийн 18.184.000 төгрөгийн шаардах эрхийг шилжүүлэн авч, түүний оронд манай компанийн Х монгол ХХК-д төлөх 18.000.000 төгрөгийн өр төлбөригй төлөх талаар тохиролцсон боловч дээрх төлбөрийг бүрэн гүйцэд төлж барагдуулаагүй байна. 52 дугаар байрны 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг манай компанийн оффис нь гаднаас шууд орох хаалгатай тул байрны нийтийн эзэмшлийн талбайг ашигладаггүй бөгөөд Э СӨХ-оос үйлчилгээ авдаггүй тул оффисын өрөөний СӨХ-ны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 52 дугаар байрны 4 тоотод байрлах хүнсний дэлгүүрийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1.920.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Т ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн үйл ажиллагаа явуулдаг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 52 дугаар байрыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. Ашиглалтанд оруулснаас хойш орон сууцны төлбөрийн тохиролцоонд хүрсэн захиалагч нарыг орон сууцанд оруулж айл өрхүүд амьдарч эхэлснээс хойш орцны жижүүрийн цалин, лифтний засвар үйлчилгээ, хог тээвэрлэлтийн үйлчилгээ, харуулын цалин, цэвэрлэгээний зардал, нийтийн эзэмшлийн талбайн цахилгааны төлбөр зэрэг төлбөрүүдийг төлж байсан бөгөөд эдгээр төлбөрийг оршин суугч айл өрхүүдэд хуваахад нэг айлднэг сарын 30000 төгрөгийн төлбөр ногдож байсан бөгөөд зарим айл өрхүүдийн төлөөгүй төлбөрийн үлдэгдэл 18.184.000 төгрөг байсан. Дээрх дундын өмчийн эд хөрөнгийн ашиглалтын зардлын төлбөрийг манай компани хариуцан төлж, улмаар оршин суугчдаас сар бүр шаардаж авдаг байсан. Ингээд Э СӨХ байгуулагдаж, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус 52 дугаар байрны дундынөмчлөлийн эд хөрөнгө болох лифт, дулааны узель, цахилгаан шат, цахилгаан дулааны шугам сүлжээний өмчлөл, эзэмшил, түүний төлбөр, засвар үйлчилгээ, хог тээвэрлэлт, харуулын цалин, цэвэрлэгээний зардал зэрэг СӨХ-ны ажлыг хүлээн авсан. Энэ үед Э СӨХ нь манай компанийн хариуцан ажиллаж байсан байрны ашиглалтын зардлын төлбөрийн үлдэгдэл болох оршин суугчдаас байрны ашиглалтын төлбөрт шаардаж авах нийт 18.184.000 төгрөгийн эрхийг шилжүүлэн авч, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Улмаар манай компанийн Х ххк-д төлөх цахилгаан шат суурилуулах гэрээний төлбөрийн үлдэгдэл 18.000.000 төгрөгийн төлбөрийг сар бүр 1.000.000 төгрөг төлөх байдлаар төлж барагдуулах хүсэл зоригоо Э СӨХ албан ёсоор илэрхийлж, удаа дараа хүсэлт явуулж, гурван талаас хамтарсан уулзалт зохион байгуулж байсан. Ийнхүү Э СӨХ нь манай компанийн 18.184.000 төгрөгийн шаардах эрхийг шилжүүлэн авч, түүний оронд манай компанийн Х ххк-д төлөх 18.000.000 төгрөгийн өр төлбөрийг төлөх талаар тохиролцсон боловч дээрх өр төлбөрийг төлж барагдуулаагүй тул манай компани өөрийн өр төлбөрийг төлж барагдуулахаар болж байна. Иймд Э СӨХ-оос ажил хүлээлцэх явцдаа тооцоо үлдэгдлийн баталгаа үйлдэж шилжүүлэн авсан Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 52 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын зардалд зарцуулсан оршин суугч эзэмшигчдээс шаардан авах төлбөрийн үлдэгдэл нийт 18.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Мөнхжаргал шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т ХХКнь Э СӨХ-оос 18.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно гэж зааснаар Э СӨХ нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан бөгөөд энэ өдрөөс тус орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууж өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцаж байна. Түмэн алт ХХК-ийн зүгээс СӨХ-ны үйл ажиллагааг оршин суугчдын үүсгэн байгуулсан Э СӨХ-д хүлээлгэн өгөхгүй жил гаран болж 2019 оны 8 дугаар сард хагас дутуу өгч, Э СӨХ нь 2019 оны 9 дүгээр сараас эхлэн СӨХ-ны төлбөрийг өөрийн банкны дансанд авч албан ёсоор үйл ажиллагааг эхлүүлсэн. Хариуцагч Т ХХКнь манай СӨХ-нд хариуцан ажиллаж байсан байрны ашиглалтын төлбөрийн үлдэгдэлтэй оршин суугчдаас авах 18.184.000 төгрөгийн эрхийг шилжүүлэн өгч, гүйцэтгэх захиралтай тооцоо нийлсэн акт үйлдсэн гэжээ. Энэхүү тооцоо нийлсэн актыг хэзээ, хаана, хэн хийснийг шүүхийн зүгээс анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал бөгөөд бүх гишүүдийн хурлаар холбооны төсөв, тайлан тэнцлийг хэлэлцэж батлах журамтай. Өөрөөр хэлбэл шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан журмын дагуу хэлцлийн үндсэн дээр шилжүүлэх бөгөөд гүйцэтгэх захиралтай тооцоо нийлсэн акт үйлдсэнээр шаардах эрх шилжсэн гэж үзэхгүй тул Т ХХКнь Барилгын тухай хуулийнг 14 дүгээр зүйлийн 14.6-д заасанашиглалт хариуцах гурван жилийн хугацааны төлбөр тооцоотой, төлөөгүй оршин суугч, сууц өмчлөгчөөс төлбөр тооцоог өөрөөшаардах нь зүйтэй. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулдаг бөгөөд Т ХХКнь тус орон сууцанд суурилуулсан цахилгааны шатны төлбөр тооцоог оршин суугчдын дундын ашиглалтын зардалд төлсөн төлбөрөөс суутгана гэсэн нь үндэслэлгүй. Т ХХКнь дээрх орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөхдөө Х ххк-тай гэрээ байгуулсан байдаг бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж өнөөдрийг хүртэл Х ххк нь манай цахилгаан шатыг дур мэдэн 4 удаа зогсоосон. Т ХХКнь сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд дээрх цахилгаан шатны төлбөригй оршин суугчдын дундын өмчлөлийн зүйлд зарцуулагдах зардлаас төлүүлсэн нь хууль бус гэж үзэж байгаа бөгөөд Э СӨХ нь аргагүйн эрхэнд нийт оршин суугчдын эрх ашгийн үүднээс Х ххк-тай тохиролцон цахилгааны шатыг хэвийн тогтмол ажиллуулж байна. Түүнчлэн тус байрны оршин суугчдын анхдугаар хурлаар дээрх аасуудлыг хэлэлцэж, барилга барьсан компанийн өр төлбөрийг оршин суугчид болон СӨХ төлөхгүй байх тухай шийдвэр гаргасан. Дээрх шийдвэр эрх зүйн хүчин чадалтай акт юм. Мөн тус СӨХ-ны дүрэмд бусдад төлөх өр төлбөрийг СӨХ хариуцахгүй гэж заасан. Иймд Т ХХК-ийн Э СӨХ-оос 18.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЭСӨХ нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 3.840.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т ХХК-аас сөрөг нэхэмжлэл гаргаж, орон сууц эзэмшигчдээс шаардан авах төлбөрийн үлдэгдэл 18.000.000 төгрөг гаргуулахаар тус тус шаардаж байх ба шүүх уг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3.680.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 160.000 төгрөгийн болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар байр нь Э СӨХ-нд харъяалагддаг бөгөөд тус 52 дугаар байрны 1 болон 4 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгч нь хариуцагч Т ХХК болох нь зохигчийн тайлбар, СӨХ-ны гэрчилгээ зэргээр тогтоогдож байгаа, талууд энэ талаар маргахгүй байна.
Харин хариуцагч Т ХХК нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй ба 2019 оны 9 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацааны төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч Эрчим-52СӨХ нь хариуцагч Т ХХК-аас нэг сарын төлбөрийг 80000 төгрөгөөр тооцон 52 дугаар байрны 1 болон 4 тоотуудын төлбөрийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагч Т ХХК нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлөх үүрэгтэй тул түүнээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулах нь хуульд нийцнэ.
ЭСӨХ-ны 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн анхдугаар хурал болон Удирдах зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Э-ны дундын өмчийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний төлбөрийн хэмжээг тогтоож, сууц өмчлөгчдийн холбооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжээс дундын өмчлөлийн ашиглалтын зардалд 80000 төгрөгийг сар бүр авч байхаар шийдвэрлэсний дагуу тооцоход хариуцагчийн 52 дугаар байрны 1 тоотод үйл ажиллагаа явуулж буй оффис, 52 дугаар байрны 4 тоотод үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрийн 1 сард төлөх төлбөр 160.000 төгрөг байна.
Хариуцагч Т ХХК-ийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний 2019 оны 09 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны 23 сарын төлбөрийг уг 160.000 төгрөгөөр тооцон үзэхэд 3.680.000 төгрөг болж байна.
Хариуцагч Т ХХК-аас 52 дугаар байрны 1 тоотод байрлах компанийн оффис нь гаднаас шууд орох хаалгатай учир байрны нийтийн эзэмшлийн талбайг ашигладаггүй гэж тайлбарлаж байгаа боловч сууц өмчлөгч нь орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, орцны хаалга, довжоо зэргээс гадна Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг орон сууцны дундын өмчлөлд хамаарах бүхий л эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэх төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, орцны хаалга, довжоог ашиглахгүй байгаа нь уг төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд хариуцагч Т ХХК-аас Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 52 дугаар байрны 1 болон 4 тоот орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний 2019 оны 09 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны 23 сарын төлбөр 3.680.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эрчим-52СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 160.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч ЭСӨХ-оос орон сууц эзэмшигчдээс шаардан авах төлбөрийн үлдэгдэл 18.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Т ХХК нь Эрчим хүчний хөгжлийн төвийн захиалгаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12 давхар, 22 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 90 айлын орон сууцыг барьсныг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0000 дугаар дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулжээ.
Улмаар хариуцагч Т ХХК нь уг орон сууцны ашиглалтын албыг байгуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байгаад 2019 оны 9 дүгээр сард Э-д дундын өмчлөлийн эд хөрөнгө болон дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хүлээлгэн өгөхдөө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах 52 дугаар байрны оршин суугчдын төлөөгүй дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын зардлын хуримтлагдсан төлбөр 18.000.000 төгрөгийг шаардан авах эрхийг Э-д шилжүүлж, харин Энь хариуцагч Т ХХК-ийн Х -тай байгуулсан цахилгаан шат нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 18.170.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн байна.
Үүний дагуу нэхэмжлэгч Э нь ХХХК-д 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүр 1.000.000 төгрөг төлөхөөр хүсэлт гаргасан ч 600.000 төгрөгийг төлсөнөөс өөр төлбөр төлөөгүй болох нь ХХХК-ийн албан бичгээр тогтоогдож байна.
Иймд хариуцагч Т ХХК нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 52 дугаар байрны орон сууц эзэмшигчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалтын зардлын үлдэгдэл 18.000.000 төгрөгийг нэхэмжлэгч ЭСӨХ-оос гаргуулахаар нэхэмжилсэн боловч маргааны зүйл болсон 18.000.000 төгрөгийн шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлж хийгдсэн хэлцэл талуудын хооронд байгуулагдаагүй байх тул шаардах эрх шилжсэн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч Э нь ХХХК-д 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 0000 дугаар албан бичгээр лифтний болон ашиглалтын талаар болон СӨХ-ийн үйл ажиллагаа хүлээлцэх талаар авах арга хэмжээний тухай хүсэлт гаргаж, мөн ХХК-д төлөх 18.170.000 төгрөгийн өрийг төлж барагдуулахаар хариуцагч Т ХХК-тай тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн нь уг өр төлбөрийг төлж барагдуулах үүргийг үүсгэхгүй бөгөөд энэ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
Харин хариуцагч Т ХХК нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 52 дугаар байрны ашиглалтын албан хариуцан ажиллах байх үед төлөгдөөгүй дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалтын зардлыг орон сууц өмчлөгчдөөс тусад нь нэхэмжлэх нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Т ХХК-ийн нэхэмжлэгч ЭСӨХ-д холбогдох орон сууц эзэмшигчдээс шаардан авах төлбөрийн үлдэгдэл 18.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг
хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.390 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 73.830 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас 3.680.000 /гурван сая зургаан зуун наян мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 160.000 төгрөгийн болон хариуцагч Т ХХК-ийн орон сууц эзэмшигчдээс шаардан авах төлбөрийн үлдэгдэл 18.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.390 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 73.830 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР