Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд

Улсын яллагч: Э.Уламбаяр

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414004900278 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар:*******,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч  ******* нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг, дугаар гудамж, тоот хашаанд байх хохирогч   өмчлөлийн байшингийн том өрөөний 2 цонхыг, жижиг өрөөний 1 цонхыг тоосго болон чулуугаар цохиж, хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч *******д бага хэмжээнээс дээш буюу 513.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би тогтоолтой уншиж танилцлаа, би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой ямар нэгэн гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52/,

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Би гэр бүлийнхээ хамт 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор сумын 7 дугаар багийн ******* тоотод байх байшингаа цоожилж үлдээгээд Архангай аймаг руу аяллаар явсан.  2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 цагийн үед гэртээ ирээд орох гэтэл манай байшингийн 3 цонх хагарсан байсан. Манай эхнэр лүү манай нагац ахын эхнэр ******* “та нар хаана явж байна, хэзээ ирэх үү” гэж асуусан байсан. Манай нагац ах *******ынх манай хашаанд байдаг байсан юм. Тухайн үед бага зэргийн маргаан болоод өөр хашаа руу нүүсэн юм. ******* ахын эхнэр ******* манай гэр бүлтэй нэлээн үл ойлголцолтой байдаг юм. Гэрээс алдагдсан зүйл байхгүй, зөвхөн гаднаас чулуу, тоосго шидээд манай байшингийн цонхнуудыг хагалсан байсныг харахад өс санасан хүн байж магадгүй гэж бодож байна...Манай байшингийн урагшаа харсан 2 цонх нь 160 см х180 см-тэй унтлагын өрөөний цонх 120 смх140 см хэмжээтэй вакум цонх байсан. Би цонхоо нийтэд нь 500,000 төгрөгөөр янзлуулсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15, 16-17/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Манайх гэр бүлээрээ 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр аяллаар Өвөрхангай, Архангай аймгаар яваад 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймагт байх гэртээ ирэхэд манай байшингийн цонхыг хагалсан байсан. Түүний дараагаар ******* гэх хүнийг сэжиглэх болоод ажиглахад манай байшингийн цонхыг хагалсан байж болзошгүй байсан. ******* нь байшингийн цонхыг хагалснаа хүлээн зөвшөөрсөн. ******* нь нөхөртэйгөө манай хашаанд амьдарч байгаад 2024 оны 06 дугаар сарын сүүлээр өөр хашаа руу нүүсэн. Манай хашаанд байхдаа манайхыг элдэв нэгээр доромжилж, хүүхдүүд аашилж уйлуулаад янз бүрийн хов яриа" манайхыг байнга заналхийлдэг байсан. Манайхыг аялахаар яваад Нарийнтээл сумаар дайран өнгөрч байхад над руу ******* эгч утсаар залгаад “танай хаашаа явсан юм, хэзээ ирэх үү, гэр чинь эзэнгүй байгаа юу” гэх зэргээр лавлаж асуугаад байсан. Уг нь надтай нээх утсаар яриад байдаггүй юм. Тэгээд  манай байшингийн цонхыг хагалсан байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 166 дугаартай “...Шинжилгээний обьектийн үнэ цэнэ 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 513,000 төгрөг болохыг тогтоов...гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,

 - Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03/, хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-09/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 44-47/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 65/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/,депозит дансны хуулгууд /хх-ийн 73-75/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч  ******* нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг, дугаар гудамж, тоот хашаанд байх хохирогч өмчлөлийн байшингийн том өрөөний 2 цонхыг, жижиг өрөөний 1 цонхыг тоосго болон чулуугаар цохиж, хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч *******д бага хэмжээнээс дээш буюу 513.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******гийн....би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 52/,

Хохирогч ... манай байшингийн 3 цонх хагарсан байсан. Манай байшингийн урагшаа харсан 2 цонх нь 160 см х180 см-тэй унтлагын өрөөний цонх 120 смх140 см хэмжээтэй вакум цонх байсан. Би цонхоо нийтэд нь 500,000 төгрөгөөр янзлуулсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15, 16-17/,

Гэрч гийн... ******* нь байшингийн цонхыг хагалснаа хүлээн зөвшөөрсөн,... ******* эгч утсаар залгаад танай хаашаа явсан юм, хэзээ ирэх үү, гэр чинь эзэнгүй байгаа юу гэх зэргээр лавлаж асуугаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 166 дугаартай “...Шинжилгээний обьектийн үнэ цэнэ 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 513,000 төгрөг болохыг тогтоов...гэх /хх-ийн 32-33/ болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг, дугаар гудамж, тоот хашаанд байх өмчлөлийн байшингийн том өрөөний 2 цонхыг, жижиг өрөөний 1 цонхыг тоосго болон чулуугаар цохиж хууль бусаар гэмтээсэн эвдсэн идэвхтэй үйлдэл, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хөрөнгө бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг  гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Чингис нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 513,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авахуулах...” дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс .... шүүгдэгчийн хувьд эрүүл мэндийн хувьд гриппид байдаг, сар бүр 300000 төгрөгийн тэтгэмж авдаг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруу, хэргийн зүйлчлэл маргахгүй байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан шаардлагыг хангаж байгаа тул тухайн зүйл ангид заасан торгох ялыг оногдуулж, уг ялаас чөлөөлж өгнө үү гэх..... дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

     Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ...  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг зэргийг харгалзан ялаас чөлөөлж болно... гэж хуульчилсан.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх , хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдал / баруун нүд бүрэн харааагүй, онош Н17.8 эвэрлэгийн бусад сорвижил ба үүл өвчний учир группид, сарын 300000 тэтгэмж авдаг/ , шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байгаа зэргийг харгалзан түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4,  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч  *******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас  чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Улсын яллагчаас шүүхийн гэм бруугийн дүгнэлтээ шүүгдэгч *******н нь бусадтай хувийн таарамжгүй харилцаа, өс хонзогийн сэдэлттэй уг гэмт хэрэг үйлдсэн тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авахуулахаар дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь  шүүгдэгч ******* нь хохирогч оршин суудаг Баянхонгор сумын 7 дугаар багийн ******* тоотод  хашаанд оршин суудаггүй, гэмт хэрэгт холбогдсон  хугацаандаа хохирогчтой ямар нэгэн зүй бус харилцаа үүсгээгүй, бусадтай хувийн таарамжгүй харилцаа, өс хонзогийн сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй ба энэ талаар  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгч *******д албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, 3 ширхэг хагархай тоосгыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г бусдын эд  хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8  дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.          

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4,  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8  дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг хагархай тоосгыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Ч.БАЙГАЛМАА