Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 136

 

            Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Д.Даваасүрэн,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа,

-иргэний нэхэмжлэгч Б.Гантуяа

-шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа, Л.Мөнхтөр

-шүүгдэгч С.Лувсантүйвэн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Лувсантүйвэн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нарт холбогдох эрүүгийн 201719000031 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын харьяат, 1989 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 71-15 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Түмэн овгийн Эрдэнэцогтын Чойжилсүрэн. /Регистрийн дугаар: нл89071477/

Монгол Улсын харьяат, 1989 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн Даваат гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Маань овгийн Сэрээнэнгийн Лувсантүйвэн. /Регистрийн дугаар: йг89051217/

Монгол Улсын харьяат, 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тохойтын гол гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Мэнд овгийн Дашдондовын Мөнгөндуулга. /Регистрийн дугаар: йг83112511/

Монгол Улсын харьяат, 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 37-10 тоотод оршин суух хаягтай, урьд нь 2008 оны 02 сарын 19-ний өдөр  Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 27 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2 сар 1 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж 2009 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ялаа эдэлж дууссан, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Баяраагийн Ганбаатар. /Регистрийн дугаар: йг89021455/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

   Шүүгдэгч С.Лувсантүйвэн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нар нь бүлэглэн, машин механизм буюу Э.Чойжилсүрэнгийн эзэмшлийн 35-58 УНО улсын дугаартай Тоёота Аллион маркийн, мөн Б.Гантуяагийн эзэмшлийн 64-13 ТӨВ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг тус тус ашиглан 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг “Хайрханы өвөр” гэх газраас иргэн Г.Баатархүүгийн 25 тооны хонь, 1 тооны ямааг хулгайлж 2.810.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь


            Шүүгдэгч Б.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2014 оны  8-р сарын 13-ны өдөр Э.Чойжилсүрэн,  С.Лувсантүйвэн бид 3 С.Лувсантүйвэнийг гэрт нь хүргэж өгөх гээд Э.Чойжилсүрэнгийн найзын машинтай нь явсан. Замдаа Төв аймгийн Эрдэнэсант сумаар дайраад 2 пиво аваад явсан. Эрдэнэсант сумаас урагшаа гараад явж байтал бороо орж байсан. Орой болоод байтал хаанахын хэнийх нь мэдэхгүй машины гэрэлд хэдэн хонь ороод ирсэн. Тэгээд С.Лувсантүйвэн, Э.Чойжилсүрэн бид 3 хоорондоо ярилцаад машинтайгаа туугаад саравчинд аваачиж хийсэн. Саравчинд аваачиж хийчихээд Э.Чойжилсүрэн бид хоёр машин олж ирэх гээд шөнө 1 цагийн үед Д.Мөнгөндуулгынд очсон чинь гэртээ ганцаараа унтаж байсан. Гуйсан чинь эхлээд дургүйцсэн. Тэхлээр нь С.Лувсантүйвэний хонь байгаа юм аа гэж хэлээд гэрээс нь аваад явсан. Тухайн үед эхнэр нь байхгүй, хоёр хүүхэдтэйгээ байсан. Тэгээд замдаа ийм учиртай байгаа юмаа гэж хэлсэн. Буцаж саравчин дээрээ ирээд хонио ачаад хот ороод Толгойтод хашаанд булгачихаад Д.Мөнгөндуулга шөнөдөө буцсан. Бид хонио зарж борлуулаад мөнгийн нь тэнцүү хувааж авсан гэх мэдүүлэг.

 

Шүүгдэгч С.Лувсантүйвэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Д.Мөнгөндуулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Э.Чойжилсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Гантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Нөхөр Д.Мөнгөндуулга бид хоёрыг айл гэр болж тусдаа гарахад манай аав, ээж маань авч өгсөн. Тухайн өдрийн гэмт хэргийн талаар мэдэхгүй байна. Сүүлд нь сонссон. Машинаа 14 сая төгрөгөөр авч байсан. Миний машиныг авч явж гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээгүй. Иймд битүүмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД

 

201719000031 дугаартай хэргээс:

Хохирогч Г.Баатархүү мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2014 оны 08 дугаар сарын дундуур Төв аймгийн Дэлгэрхаан сумын Хайрханы өвөр гэх газар нутаглаж байгаад өөрийнхөө хониноос 25 хонь, 1 ямаагаа алдсан байгаа. Манайх Өвөрхангайн Баян-Өндөр сумын айл боловч тухайн үед Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт намаржиж байсан. Манай сум хил залгаа сумын нутаг байгаа юм. Би ямаагаа 80.000 төгрөгөөр, 21 тооны төлөгөө тус бүрийг нь 100.000 төгрөгөөр, 3 тооны сувай эм хонио тус бүрийг нь 150.000 төгрөгөөр, 1 тооны эр хонио 180.000 төгрөгөөр үнэлж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга, би хохирлоо бүрэн төлүүлж авсан байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 26/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Гантуяа мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 64-13 ТӨВ улсын дугаартай хөх цэнхэр өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин байгаа юм. Миний машиныг манай нөхөр Д.Мөнгөндуулга 2014 оны 08 сард намайг эзгүй сумын төв явсан хойгуур унаж яваад Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн, С.Лувсантүвэйн нартай бүлэглэж хонь хулгайлсан байсныг 2016 оны 12 сарын эхээр мэдсэн. Би тус машиныг 2013 оны 06 сард Улаанбаатар хотоос 14.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/

Гэрч Э.Амгаланбаатар мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2012 онд манай найз Э.Чойжилсүрэн Тоёота Аллион маркийн машин худалдаж аваад өөрөө хөдөөний паспорттай учир намайг гуйж миний нэр дээр 38-58 уно гэсэн улсын дугаар авч байсан. 2015 онд тус машинаа зарахаар болоод намайг дуудаж миний нэр дээрээс худалдан авч байгаа хүн нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж болно гэсэн бичиг хийлгүүлж нотариатаар батлуулаад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 102/

 

Сэжигтнээр С.Лувсантүйвэн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Э.Чойжилсүрэн, Б.Ганбаатар хоёрыг хөдөө явна гэхээр нь гэртээ хүргүүлнэ гээд машинд нь суугаад явсан. Ингээд замд явж байгаад Төв аймгийн Эрдэнэсант сумаар дайраад дэлгүүрээс 2 сав пиво аваад замдаа хувааж уугаад явж байтал замд их бороо орж, харанхуй болсон. Манай гэрийн ойролцоо ирээд явж байхад машины гэрэлд хэсэг хонь явж байсан. Ингээд бид гурав энэ хонийг ачаад явъя гэж хоорондоо ярилцаад машинаараа туугаад явж байхад айлын эзэнгүй хашаа таарахаар нь хашиж, Э.Чойжилсүрэн, Б.Ганбаатар бид хоёр унаа олоод ирье чи үүнийг хараад байж байгаарай Д.Мөнгөндуулагт хэлвэл яах бол очиж уулзая гэж хэлээд явсан. Би хонийг нь хашиж хараад үлдсэн. Ингээд удалгүй нөгөө хоёр Д.Мөнгөндуулгыг машинтай нь дагуулж ирсэн. Бид дөрөв нийлж, хонио Д.Мөнгөндуулгын машинд ачаад Улаанбаатар хотод авч ирж Э.Чойжилсүрэнгийн хашаанд буулгаад Д.Мөнгөндуулга өглөө буцаад явсан. Ингээд бид гурав хонио  янзлаад Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн хоёр махаа зарахаар яваад удалгүй зарчихаад ирлээ гэж хэлээд надад 400.000 төгрөг өгсөн. Би түүнийг нь аваад хөдөө гэр рүүгээ явсан. Түүнээс хойш холбоо бариагүй. ...25 хонь, 1 ямаа байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 45, 52-р хуудас/

 

Сэжигтнээр Д.Мөнгөндуулга мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2014 оны 08 дугаар сард намайг гэртээ байж байхад шөнө дунд Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нар манай гэрт 02 цагийн үед машинтай ирээд хэдэн хонь Улаанбаатар хотруу ачаад өг гэж хэлэхээр нь би хулгайн мал юм биш биздээ гэж хэлэхэд нь тийм зүйл байхгүй С.Лувсантүвэйний хонь байгаа юм гэж хэлсэн. Би босч машинаа асаахад Э.Чойжилсүрэн машиндаа сууж, намайг дагуулж, Б.Ганбаатар Э.Чойжилсүрэнгийн машинд суугаад Дэлгэрхаан уулын өвөрт айлын эзэнгүй хашаан дээр очсон. Тэнд С.Лувсантүвэйн айлын эзэнгүй хашаанд 20 гаруй хонь хашчихсан хориод сууж байсан. Дотор нь 1 тооны ямаа байсан одоо зүсийг нь санахгүй байна. Ингээд би машиндаа сууж байгаад нөгөө гурав хонио миний машинд ачиж дуусаад шууд Улаанбаатар хотруу шөндөө орж ирээд Толгойтод Э.Чойжилсүрэнгийн хашаанд хонийг нь хүргэж өгөөд нөгөө гурав хонио буулгаад намайг одоо буц гэж хэлээд би гэрлүүгээ явсан. ...Манай эхнэр Б.Гантуяагийн нэр дээр байдаг Бонго гэх машин байгаа тухайн үед улсын дугаарыг нь санахгүй байна. Би 2016 онд 64-13 Төв улсын дугаар авсан одоо манай гадаа байгаа. ...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн мэдүүлэг /хх-ийн 48, 54 дүгээр хуудас/

Сэжигтнээр Б.Ганбаатар мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2014 оны 08 дугаар сарын 13-ний өдөр найз Э.Чойжилсүрэн бид хоёр Улаанбаатар хотоос найз С.Лувсантүвэйнийг Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт хөдөө гэрт нь хүргэж өгөхөөр Э.Чойжилсүрэнгийн эзэмшлийн 38-58 УНО улсын дугаартай Тоёота аллион маркийн машинтай гурвуулаа үдээс хойш 14 цагийн үед Улаанбаатар хотоос гараад явж байгаад Төв аймгийн Эрдэнэсант сум ороод дэлгүүрээс пиво аваад замдаа ууж явтал бороо ороод харанхуй болсон. Тэгтэл гэрэлд хэсэг хонь хөдөө хээр тааралдсан. Бид гурав ярилцаад тус хонийг хулгайлъя гэж тохиролцоод тус хонийг машинтайгаа тууж яваад эзэнгүй хашаанд хашиж С.Лусантүвэйнийг харж бай гэж үлдээгээд бид хоёр манай хүргэн болох Д.Мөнгөндуулгынд очиж унааг нь гуйж хонио ачихаар болсон. Шөнө 01 цагийн үед очиход Д.Мөнгөндуулга унтаж байсан ба түүнийг сэрээгээд хэдэн хонь ачаад Улаанбаатар хотруу оруулж өгөөч гэж гуйхад Д.Мөнгөндуулга эхэндээ үгүй гэж хэлээд дургүйцээд байсан. Тэгснээ зөвшөөрөөд машинаа асаагаад бид хоёрыг дагаад С.Лувсантүвэйн дээр очсон. Хонио бид дөрвүүлээ элбэж ачаад Улаанбаатар хотруу хөдлөөд явсан. Ингээд Улаанбаатар хотод очиод Э.Чойжилсүрэнгийн хашаанд хонио буулгаад Д.Мөнгөндуулгад бензин хийж өгөөд гэр рүүгээ яв гэж хэлээд явуулсан. Э.Чойжилсүрэн, С.Лувсантүвэйн бид гурав хонио янзалж махлаад махыг нь Дэнжийн 1000 зах дээр зараад 1.700.000 төгрөг болоод мөнгийг нь тэнцүү хувааж авсан. Д.Мөнгөндуулгад дараа нь би хонины мөнгө гэж хэлээд 400.000 төгрөг бэлнээр нь өгсөн. ...25 хонь, 1 ямаа байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 49, 55 дуугаар хуудас/

 

Сэжигтнээр Э.Чойжилсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би Б.Ганбаатар, С.Лувсантүвэйн хоёрыг хөдөө гэрт нь хүргэж өгөх гэж 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Дэлгэрхаан сум руу миний 38-58 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээр 14 цагийн үед гараад Төв аймгийн Эрдэнэсант сумаар дайрч дэлгүүрээс 2 пиво авч замдаа хувааж уугаад явж байхад бороо орж, хонь гэрэлд ороод ирсэн. Бид гурав машинаа зогсоогоод тухайн хонийг авч зарахаар ярьж тохиролцоод хонийг машинтайгаа туугаад айлын эзэнгүй хашаанд хашиж, С.Лувсантүвэйнийг харж бай гэж үлдээгээд Б.Ганбаатар бид хоёр ачих машин олж ирье гээд Д.Мөнгөндуулгын гэрт очсон. Д.Мөнгөндуулга машинаа унаад дагаад явсан. Ингээд С.Лувсантүвэйн дээр ирээд машиндаа нөгөө хонинуудыг элбэж ачаад Улаанбаатар хотод очиж манай гэрийн хашаанд буулгаад маргааш өдөр нь Д.Мөнгөндуулгыг гэр рүү нь буцаасан. Б.Ганбаатар, С.Лувсантүвэйн бид гурав элбэж  янзлаад Дэнжийн 1000 зах дээр махаа тушаагаад мөнгийг нь тэнцүү хувааж авсан. ...Тухайн үед унаж явсан 38-58 УНО улсын дугаартай машин миний нэр дээр байж байгаад 2015 оны 05 сард Улаанбаатар хотын нэг залуу хөдөө дүүдээ авч өгч байгаа гэж хэлээд надаас худалдаж аваад явсан. Одоо хаана байгааг нь би мэдэхгүй байна. Ямар хүн худалдаж авсаныг одоо санахгүй, утасны дугаар нь байхгүй гэсэн /хх-ийн 44, 57/

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэлд: гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 64-13 ТӨВ улсын дугаартай Бонго жи-3 маркийн тээврийн хэрэгсэл гэх, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15-р хуудас/

- Эд зүйлийн үнэлгээ /Бонго жи-3 маркийн 64-13 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 10 000 000 төгрөг гэх/ /хх-ийн 17-18 хуудас/

- Малын үнэлгээ /3 тооны эм хонь 450 000, 1 тооны эр хонь 180 000, 21 тооны төлөг нийт 2 100 000, 1 тооны ямаа 80 000 төгрөг хохирол нийт 2 810 000 төгрөг / /хх-ийн 21 хуудас/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, тэмдэглэлүүд /хх-ийн 166-121/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 165/

 

- Шүүгдэгч Э.Чойжилсүрэнг 2017 оны 02 сарын 06-ны өдөр сэжигтнээр /хх-ийн 43-44 тал/, 2017 оны 02 сарын 13-ны өдөр яллагдагчаар /хх-ийн 57/,

- Шүүгдэгч С.Лувсантүйвэнг 2017 оны 01 сарын 30-ны өдөр сэжигтнээр /хх-ийн 45-46 тал/, 2017 оны 02 сарын 13-ны өдөр яллагдагчаар /хх-ийн 51-52/,

- Шүүгдэгч Д.Мөнгөндуулгыг 2017 оны 01 сарын 26-ны өдөр сэжигтнээр /хх-ийн 47-48 тал/, 2017 оны 02 сарын 13-ны өдөр яллагдагчаар /хх-ийн 53-54/,

- Шүүгдэгч Б.Ганбаатарыг 2017 оны 01 сарын 30-ны өдөр сэжигтнээр /хх-ийн 49-50 тал/, 2017 оны 02 сарын 13-ны өдөр яллагдагчаар /хх-ийн 55-56/ байцаасан тэмдэглэлүүд,

 

- Шүүгдэгч Д.Мөнгөндуулга, С.Лувсантүйвэн, Т.Чойжилсүрэн нарын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад ял шийтгэлгүй гэх хуудас /хх-ийн 66-68/

 

- Шүүгдэгч Б.Ганбаатарын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад урьд нь “2008 оны 02 сарын 19-ний өдөр  Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 27 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2 сар 1 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж 2009 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ялаа эдэлж дууссан” гэх лавлагаа /хх-69 тал/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Лувсантүйвэн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нар нь бүлэглэн, машин механизм буюу Э.Чойжилсүрэнгийн эзэмшлийн 35-58 УНО улсын дугаартай Тоёота Аллион маркийн, мөн Б.Гантуяагийн эзэмшлийн 64-13 ТӨВ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг тус тус ашиглан 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг “Хайрханы өвөр" гэх газраас иргэн Г.Баатархүүгийн 25 тооны хонь, 1 тооны ямааг хулгайлж 2.810.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Г.Баатархүүгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26/, иргэний нэхэмжлэгч Б.Гантуяагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27/, гэрч Э.Амгаланбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 42/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэлд: гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 64-13 ТӨВ улсын дугаартай Бонго жи-3 маркийн тээврийн хэрэгсэл гэх, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15-р хуудас/, эд зүйлийн үнэлгээ /Бонго жи-3 маркийн 64-13 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 10 000 000 төгрөг гэх/ /хх-ийн 17-18 хуудас/, малын үнэлгээ /3 тооны эм хонь 450 000, 1 тооны эр хонь 180 000, 21 тооны төлөг нийт 2 100 000, 1 тооны ямаа 80 000 төгрөг хохирол нийт 2 810 000 төгрөг / /хх-ийн 21 хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, тэмдэглэлүүд /хх-ийн 166-121/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 165/, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Гантуяагийн мэдүүлсэн мэдүүлэг, болон шүүгдэгч С.Лувсантүйвэн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Лувсантүйвэн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр шүүмжлэлдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн ганц баримт бол Г.Баатархүүгийн мэдүүлэг байгаа. Шүүгдэгч нар тэр өдөр бороотой байсан бөгөөд хээр эзгүй мал байсан гэж ярьдаг. Хохирогч өөрөө алдагдсан мал гэж дандаа ярьсан байдаг. Тэгэхээр энэ хулгайн гэмт хэрэг мөн үү, үгүй юу гэдэг дээр шүүх үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл юм уу эсхүл 151 дүгээр зүйлд заасан гээгдэл, санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшаад байгаа юм уу гэдэг дээр ялын зүйлчлэлийг ялгаж салгаж зүйлчлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл 151 дүгээр зүйлд алдуул мал буюу гээгдэл, санамсаргүй олдсон эд зүйлийг завшсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлэх буюу 1-3 сар баривчлах гэж заасан хөнгөн хэрэг байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь: “Алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй өөрийн жинхэнэ өмчлөлийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж,  байнга идээшсэн бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутагт шилжин байрлаж өмчлөгч, эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа бэлчээрийн таван хошуу мал,тэжээвэр гахай шувуу зэрэг амьтан байж болно гэжээ. Харин шүүгдэгч нар Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг “Хайрханы өвөр" гэх газар айлууд байгаа, тэр айлуудын мал гэдгийг мэддэг, тэр өдөр борооноор мал тасраад явж байна гэдгийг мэдсээр байж  25 хонь 1 ямааг хашиж байгаад, тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу шөнөдөө ачсан байна. Иймд хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар, мөн сэжигтнээр Д.Мөнгөндуулга мэдүүлсэн: ... Улаанбаатар хотод ирсний дараа Б.Ганбаатар надад хандаж Галсангийн Баадай гэж хүний хонийг авсан шүү хөдөө гэртээ очоод энэ талаар хүнд хэлж болохгүй шүү гэж надад хэлсэн. Б.Ганбаатар манай хадам ээжийн төрсөн дүүгийн хүүхэд юм тийм учраас би гуйхад нь зөвшөөрөөд явсан гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд өмгөөлөгч Л.Мөнхтөрийн хүсэлт няцаагдаж байх тул хүсэлтийг хүлээн авахгүй үндэслэлгүй байна.

 

  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн нь өршөөлд хамааруулах үндэслэл болж байх тул шүүгдэгч нарыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох зүйл хэсэгт хамааруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулахдаа Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар С.Лувсантүйвэн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

  Хохирлын талаар:

Хохирогч Г.Баатархүүгийн нэхэмжлэлийн шаардлага болох 2 810 000 төгрөгийг төлсөн болох нь хохирол хүлээлгэн өгсөн баримтаар /хх-ийн 11/ нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

            Эд хөрөнгө битүүмжлэлийн талаар

            Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн С.Лувсантүйвэнгийн эзэмшлийн 3 тооны хонь, Э.Чойжилсүрэнгийн эзэмшлийн Хайер /haier/ маркийн телевизор 1 ширхэг, Д.Мөнгөндуулгын эзэмшлийн 4 тооны хонь, Б.Ганбаатарын эзэмшлийн Пилипс /Philips/ маркийн телевизор 1 ширхгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Харин гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн, зөөж тээвэрлэхдээ ашигласан гэх Э.Чойжилсүрэнгийн эзэмшлийн 35-58 УНО улсын дугаартай Тоёота Аллион маркийн, мөн Б.Гантуяагийн эзэмшлийн 64-13 ТӨВ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг тус тус хурааж улсын орлого болгох үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

            Учир нь: Э.Чойжилсүрэнгийн эзэмшлийн 35-58 УНО улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон боловч дээрх тээврийн хэрэгслийг эзэмшигч Э.Чойжилсүрэн нь 2015 онд зарж борлуулсан болох нь гэрч Э.Амгаланбаатарын мэдүүлгээр, хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд дээрх машиныг хурааж улсын орлого болгох боломжгүй байна. Мөн 2017 оны 03 сарын 10-ны өдөр шинжээч томилж, тухайн өдрийн үнэлгээгээр Тоёота маркийн тээврийн хэрэгсэл нь 2014 онд 7 000 000 төрөг, 2017 оны 3 сарын байдлаар 3 000 000 төгрөг гэж үнэлгээ тогтоосон нь ойлгомжгүй, мөн тухайн тээврийн хэрэгслийг битүүмжлээгүй байна.

 

            Мөн иргэний нэхэмжлэгч Б.Гантуяагийн эзэмшлийн 64-13 ТӨВ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон боловч иргэний нэхэмжлэгч Б.Гантуяагийн: ... Манай эцэг эх энэ машиныг намайг гэр бүл болоход авч өгсөн ба би жолооны эрхгүй тул миний машиныг нөхөр Д. Мөнгөндуулга нь голдуу барьж ахуйн хэрэглээндээ хэрэглэдэг. 2014 оны 08 сард намайг сумын төв явсан эзгүй үед надад хэлэлгүйгээр унаж яваад С.Лувсантүйвэн, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нартай бүлэглэж хонь хулгайлсан байсныг 2016 оны 12 сарын эхээр мэдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/, сэжигтнээр Э.Чойжилсүрэн: хонио айлын эзэнгүй хашаанд хашиж С.Лувсантүйвэнийг харж бай гэж үлдээгээд Б.Ганбаатар бид хоёр ачих машин олж ирье гээд Д.Мөнгөндуулгын гэрт очоод удалгүй Б.Ганбаатар, Д.Мөнгөндуулга нар гарч ирээд бид явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/, сэжигтэн Д.Мөнгөндуулга: шөнө дунд манай гэрт 02 цагийн үед Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нар ирсэн. Тэгээд хэдэн хонь Улаанбаатар хот руу ачаад өг гэж хэлэхээр нь би хулгайн мал юм биш биздээ гэж хэлэхэд тийм зүйл байхгүй С.Лувсантүйвэний хонь байгаа юм гэж хэлсэн. Ингээд очиж ачаад шууд Улаанбаатар хот орсон. Хэний хонь бэ? гэхэд Б.Ганбаатар санаа зовох зүйлгүй С.Лувсантүйвэний хонь гэсэн. Ямар учраас Улаанбаатар хот руу оруулж байгааг нь мэдээгүй. Улаанбаатар хотод ирсний дараа Б.Ганбаатар надад хандаж Галсангийн Баадай гэж хүний хонийг авсан шүү хөдөө гэртээ очоод энэ талаар хүнд хэлж болохгүй шүү гэж надад хэлсэн. Б.Ганбаатар манай хадам ээжийн төрсөн дүүгийн хүүхэд юм тийм учраас би гуйхад нь зөвшөөрөөд явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/ зэргээс дүгнэхэд дээрх тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болохыг иргэний нэхэмжлэгч Б.Гантуяа мэдээгүй, мөн сэжигтэн Д.Мөнгөндуулга /жолоодсон/ нь анх бусдын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг зөөж, тээвэрлэж буйгаа мэдээгүй байсан болох нь дээрх мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Б.Гантуяагийн эзэмшлийн 64-13 ТӨВ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг хураах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

           

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, С.Лувсантүйвэн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Баатархүүд хохирол төлбөргүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Түмэн овгийн Эрдэнэцогтын Чойжилсүрэн, Маань овгийн Сэрээнэнгийн Лувсантүйвэн, Мэнд овгийн Дашдондовын Мөнгөндуулга, Боржигон овгийн Баяраагийн Ганбаатар нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лувсантүйвэн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад хохирол төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Б.Гантуяагийн эзэмшлийн Бонго жи-3 маркийн 64-13 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, С.Лувсантүйвэний эзэмшлийн 3 тооны хонь, Э.Чойжилсүрэнгийн эзэмшлийн Хайер /haier/ маркийн телевизор, Д.Мөнгөндуулгын эзэмшлийн 4 тооны хонь, Б.Ганбаатарын эзэмшлийн Пилипс /Philips/ маркийн телевизор зэргийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

5. С.Лувсантүйвэн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж С.Лувсантүйвэн, Д.Мөнгөндуулга, Б.Ганбаатар, Э.Чойжилсүрэн нар урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ОРОЛМАА