Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/36

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                         Прокурор Г.Цолмонгэрэл

                                                         Шүүгдэгч Ц.Н

                                                         Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо

                                                          Хохирогч Х.Л

                                                         Иргэний нэхэмжлэгч Э.Янжинлхам, Б.Шийлэгбат

                                                         Нарийн бичгийн дарга Б.Болортуяа  нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн гаргасан гомдлоор Ц.Н-д холбогдох эрүүгийн 1826003890191 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Чонос овгийн Ц.Н

 

Ц.Н нь иргэний нэхэмжлэгч Э.Ш-н эзэмшлийн авто ачигч, Т.Т-н эзэмшлийн экскаватор, Ж.О-н эзэмшлийн sinotruck маркын тээврийн хэрэгслүүдийг ашиглан 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг “Өвөрбүргэдэй” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 2.279.065.19 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх, Ц.Н-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар Ц.Н-д тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар Ц.Н-г бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэн, Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 15.640.575 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Э-д 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 3.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Э.Я, Б.Ш нар нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан усан буу 1 ширхэг, дизель мотор 1 ширхгийг улсын төсөвт шилжүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Э.Ш-н өмчлөлийн авто ачигчийн үнэ болох 25.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Т-н өмчлөлийн экскаваторын үнэ болох 18.000.000 төгрөг, Ж.О-н эзэмшлийн sinotruck маркын тээврийн хэрэгслийн үнэ болох 30.000.000 төгрөг буюу нийт 73.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Н-с гаргуулж улсын орлогод, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Орон нутгийн ерөнхий орлого буюу 5007602037 тоот данснаас 15.640.575 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн1009000013040 тоот дансанд оруулан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Т.Т-н нэхэмжилсэн 20000000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ж.О-н нэхэмжилсэн 12.000.000 төгрөгийн, нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Ц.Н давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/125 тоот шийтгэх тогтоолыг миний бие 2020 08 дугаар сарын 11-ний өдөр гардан авч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлж барагдуулсан хэдий ч шүүхээс Э.Ш-н өмчлөлийн авто ачигчийн үнэ болох 25.000.000 төгрөг, Т.Т-н өмчлөлийн экскаваторын үнэ болох 18.000.000 төгрөг, Ж.О-н эзэмшлийн sinotruck маркын тээврийн хэрэгслийн үнэ болох 30.000.000 төгрөг буюу нийт 73.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лендс” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09/58 дугаартай техникийн үнэлгээний тогтоолтой танилцахдаа тухайн хүмүүсийн  тээврийн хэрэгслийн үнэлгээ гэж ойлгосон болохоос биш эргээд энэ хэмжээгээр нь төлбөр төлнө гэдгээ би огт ойлгоогүй учраас ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Энэ талаар ч мөрдөгч болон өмгөөлөгч надад тайлбарлаж энэ үнэлгээний дагуу чамаас төлбөр гаргана гэж хэлж ойлгуулаагүйд харамсаж байна. Би байгаль экологид учруулсан хохирол 15.640.575 төгрөг, Б.Б-д 3.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э-д 1.000.000 төгрөг нийт 19.640.575 төгрөгийг төлчихвөл ямар нэгэн хохирол байхгүй гэж бодож ах дүү найз нөхдийн дэмжлэг туслалцаа авсан.

 Зээл авч дээрх төлбөрийг барагдуулсан байхад 73.000.000 төгрөгийн төлбөр дахин төлөх болсныг сонсоод одоо болтол сэтгэл санааны хямралаас гарч чадахгүй байна. Би шүүх хуралдаан дээр эцсийн үг хэлэхдээ техникийн үнэлгээг дахин гаргуулах тухай саналаа хэлсэн ч шүүх хүлээж аваагүй. Техникийг үнэлсэн үнэлгээчин нь уг үнэлгээг гаргахдаа миний болон техникийн эзэд болох Э.Ш, Т.Т, Ж.О, Э.Я нарыг оролцуулаагүй уг техникүүдийг үнэлж үнэлгээг гаргасан гэх боловч зарим нэг техникийг огт үзээгүй үнэлгээг гаргасан нь Хөрөнгө үнэлгээ төслийн “Лендс” ХХК-ийн аргачлал дүрэм зааврын дагуу гаргадаг байж болно. Гэхдээ иргэд хоорондын зах зээлийн үнэлгээтэй уяалдуулж гаргаагүйгээс дээрх үнэлгээ хэт өндөр гарсан гэж үзэж байна.

Миний бие нь хэрэгт холбогдсоноос хойш өнөөдрийг хүртэл огт ажил эрхлээгүй ямар ч орлогогүй болсон. Хувь хүмүүст нэлээд их төлбөртэй дээрээс нь 73.000.000 төгрөгийг төлөх ямар ч чадваргүй, өрх толгойлсон, тэтгэвэр тэтгэмж авдаггүй эмэгтэй. А.У.М Алт ХХК болон Баярсгоулд ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээрх үйл ажиллагаагаа эрхэлж мэргэжлийн байгууллагуудын шалгалтад олон удаа орж гарсан бүх дүгнэлтүүд, гэрчүүдийн болон хохирогч байгууллагуудын төлөөллийн мэдүүлэг зэргээс харахад эдгээр хүмүүс надтай гэрээ хийхгүй л байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Харин гэрээ хийснийхээ төлөө мөнгө авч л байвал энэ хүмүүст яаж ажиллах, гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж буй эсэхэд хяналт тавих зэрэг нь огт хамаагүй ядарсан хүмүүст тус биш ус болдгийн амьд жишээ болж, дааж давшгүй өр төлбөрт ордгийг ойлгосон.

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг чадлынхаа хэрээр барагдуулсан ч цаана нь асар их төлбөртэй үлдсэн зэрэг байдлыг харгалзан үзэж техникийн үнэлгээг дахин гаргуулах зайлшгүй шаардлагатай байх тул давж заалдах гомдол гаргаж байна... гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Н нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд иргэн Э.Ш-н эзэмшлийн авто ачигч, иргэн Т.Т-н эзэмшлийн экскаватор, иргэн Ж.О-н эзэмшлийн Sinotruck маркын тээврийн хэрэгслүүдийг ашиглан Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг “Өвөрбүргэдэй” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 2.279.065.19 төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн холбогдогч болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй, Ц.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байна.

 

Тус үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Л-н  “... 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр аймгийн МХГ-аас ирсэн бүрэлдэхүүний хамт Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг Өвөрбүргэдэй гэх газар ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийг шалгахаар очих үед иргэн Ц.Н нь ашигт малтмал олборлох чиглэлээр ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын байцаагч Жавхлант нь Ц.Н-н үйл ажиллагааг зогсоож, угаах төхөөрөмжийг нь лацадсан. Ковш, норд машиныг нь сумын журмын хашаанд аваачсан байсан. ... 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр сумын Засаг даргын баталсан удирдамжийн дагуу явж шалгахад ямар нэгэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. ... Н-д ямар нэгэн зөвшөөрөл, бичиг баримт байхгүй. АУМ алт ХХК-тай байгуулсан гэрээг үзүүлж байсан. Уг гэрээ нь шаардлага хангахааргүй байсан. Мөн уг үйл ажиллагаа явуулсан талбай нь АУМ алт ХХК-ны талбайд хамаарагдахгүй газар юм. Уг газар нь Баярсгоулд ХХК-ны талбайгаас гол мөрний урсац бүрэлдэх эх гэдэг үндэслэлээр хасагдсан талбай байгаа юм. Ямар ч зөвшөөрөлгүй талбай байгаа юм. ... Ц.Нын ажилласан уг газар нь АУМ Алт ХХК-ны тусгай зөвшөөрлийн талбайд хамаарахгүй. Өөр газар байсан учраас АУМ Алт ХХК-тай байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус. Уг газарт АУМ Алт ХХК ямар нэгэн гэрээ хийх эрхгүй гэсэн үг. Координат цэгээрээ ч тодорхой харагдана. Н нь байгаль орчинд учруулсан хохирлуудыг нөхөн төлсөн учраас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн /1-р хх-ийн 37-38х, 215-216х/,

Иргэний нэхэмжлэгч Э.Я-н “... Насанжаргал нь манай ээж байгаа юм. Би 2018 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос хуучин дизель моторыг 5 сая төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн моторыг манай ээж АУМ Алт ХХК-тай гэрээ байгуулан Бөөрөлжүүтийн Өвөрбүргэдэй гэх газар ажиллуулна гэж надаас түрээсээр авч ашиглаж байсан юм. ... 77- ковш нь Э.Ш-н өөрийнх нь эзэмшлийн ковш байгаа юм. ... Дизель мотор нь миний эзэмшлийнх. Уг дизель мотороо нэхэмжлэхгүй...гэсэн /1-р хх-ийн 218х/,

Иргэний нэхэмжлэгч Э.Ш-н”...Н, С нар надад АУМ Алт ХХК-тай гэрээ байгуулсан, тусгай зөвшөөрөлтэй гэсэн болохоор нь би өөрийн ковштойгоо тэдний уурхайд ажилласан. Түрээсээр экскаватор авчирч байсан. Мөн 2 ачааны машин байж байгаад нэг нь эвдрээд буцсан. Нөгөөх нь мөн гэрээгээр ажиллаж байгаад буцсан. Өөр техник хэрэгсэл байгаагүй. Уг ковш нь миний эзэмшлийнх. ... Техникээ нэхэмжилж байна...”гэсэн /1-р хх-ийн 222х/,

Иргэний нэхэмжлэгч Т.Т-н ”... шар өнгийн экскаватор нь миний эзэмшлийнх. ...Би Н-н уурхайд экскавотороо тухайн үед гэрээ хийлгүй ажиллуулсан. 2019 оны 3 дугаар сарын 27-нд охин Я-тай нь 20 сая төгрөгийг 4 хуваагаад өгөхөөр нотариатаар гэрээ хийж хугацаа заасан. Одоогоор ямарч мөнгө аваагүй. 20000000 төгрөгийг нэхэмжилж байна...гэсэн  /1-р хх-ийн 229-230х/,

Иргэний нэхэмжлэгч Ж.О-н “...Sinotruck  маркын тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Н уг тээврийн хэрэгслийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 2 сар ажилласан. Н техник түрээслэсэн төлбөрөө одоог болтол төлөөгүй. Н-с нийт 12 сая төгрөгийг нэхэмжилж байна. Уг мөнгөө авчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...гэсэн /1хх-ийн 224-225х/, мэдүүлгүүд болон Иргэний нэхэмжлэгч Б.Э /1-р хх-ийн 42-43х/, Б.Банзрагч /1-р хх-ийн 220х/ нарын мэдүүлгүүд,

Гэрч С.Ж-н ”...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн Өвөр бүргэдэй гэх газар хяналт шалгалтаар очиход Ц.Н нь бичиг баримт, гэрээгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн газар нь хуучин эвдрэлтэй газар байсан. Тус газар нь Баярс гоулд ХХК-ий ашиглалтын “А” зөвшөөрөлтэй байж байгаад урт нэртэй хуулиар хасагдсан. Нөхөн сэргээлт хийгдээгүй талбай байсан...” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 43-44 х/, гэрч  Х.Д /1-р хх-ийн 45-46х/,  Д.С /1-р хх-ийн 47-48х/, Т.С /1-р хх-ийн 49-50х/,  Б.С /1-р хх-ийн 59-62х/, Р.Г /1-р хх-ийн 63-64х/, Л.З /1-р хх-ийн 69-70х, 71-72х/, Ц.Мягмардорж  /1-р хх-ийн 73-76х, 240-241х/, Э.Н /1-р хх-ийн 78-79х/,  Ц.Ж /1-р хх-ийн 82-83х/, Ц.А /2-р хх-ийн 145-146х/,  Б.Энхсүрэн /2-р хх-ийн 147-148х/  нарын мэдүүлгүүд,  

... “Иргэн Ц.Н нь нийт 361.88 м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2018.11.17-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Түүнчлэн 2335.9 м2 талбай бүхий тунаах нуур, 148.05 м2, 207.27 м2 суурийн талбай бүхий 2 хэсэг овоолго үүсгэсэн байна. Уг талбай нь хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна ...Тиймээс экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо овоолго, нуурын талбайн эдэлбэр газрын болон ургамлын нөмрөгийн хохирлыг нэмж тооцсон болно. Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр нь тооцож үзлээ. /Хохирлын нийт хэмжээ 798.952.03 төгрөг/, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, 5, 5 дахь хэсгийн 1, 2-т зааснаар нөхөн төлүүлэх хохирлын хэмжээг 2.279.065.19 төгрөгөөр тогтоосон. ... иргэн Ц.Н-н  хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газар нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эхтэй бүрэн давхцалтай байна...гэсэн “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний МОНСЛОВ” ХХК-ий 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18/111 дугаартай албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 87-96/,

... Иргэн Ц.Н нь нийт 361.88 м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2018.11.17-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Түүнчлэн 2335.9 м2 талбай бүхий тунаах нуур, 148.05 м2, 207.27 м2 суурийн талбай бүхий 2 хэсэг овоолго үүссэн байна. Уг талбайд хийгдэх техникийн нөхөн сэргээлтийн зардал нь 778.342.13 төгрөг. Биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардал 389.800.0 төгрөг. Нийт нөхөн сэргээлтийн зардал 1.168.142.13 төгрөг байна...гэсэн “МОНСЛОВ” ХХК-ий 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/073 дугаартай албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 114-122х/,

...Өвөрхангай аймгийн Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэр Өвөрбүргэдэй гэх газарт Ц.Н нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа ус ашиглах зөвшөөрөлгүй, Бөөрөлжүүт голоос гадаргын ус ашиглан үйл ажиллагаа явуулсан болно. Ц.Н нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл /48 хоног/ үйл ажиллагаа явуулсан байна. Агаарын саатал, техник тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл зэрэг шалтгаанаар ажиллаагүй хоногуудыг хасч 7 хоног ажилласнаар тооцож усны нөөцөд учруулсан хохирлын хэмжээг тогтоов. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А-388 дугаар тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг ашиглан тооцсон болно. Ц.Н нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаандаа усны нөөцийг зөвшөөрөлгүй ашигласны улмаас усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээ нь 12.192.768 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байна...гэсэн Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 107-108х/,

... Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэх албан бичигт дурдсан иргэн Ц.Н-н ухсан нэгдүгээр талбай Ухаш, хоёрдугаар талбай Овоолго-1, гуравдугаар талбай Овоолго-2, дөрөвдүгээр талбайнууд нь хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. Дээрх талбайнууд нь бүгд “Баярсгоулд” ХХК-ийн ашигт малтмалын М\/-018764 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас гол мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалтай талбайг хэсэгчлэн буцааж өгсөн талбайтай бүхэлдээ давхцалтай байна...гэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 7/5651 тоот албан бичиг /1-р хх-ийн 170х/, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/364, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/192 тоот албан бичгүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн Лендс ХХК-ий 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09/55, 09/56, 09/57, 09/58 дугаартай үнэлгээний тайлангууд, МОНСЛОВ” ХХК-ий 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 19/034 дугаартай албан бичиг, хохирогч Х.Л, иргэний нэхэмжлэгч Б.Б, Б.Э нарын хохирол төлбөрөө барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон иргэний нэхэмжлэгч Э.Ш-н иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд, /1-р хх-ийн 129-130х, 156-158х, 243-250х, 2-р хх-ийн 1-5х/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болон Ц.Н-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд болон түүнийг  гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүхээс Ц.Н-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэн, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 15.640.575 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүйг  тус тус дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан усан буу, дизель моторыг улсын төсөвт шилжүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Э.Ш-н өмчлөлийн авто ачигчийн үнэ болох 25.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Т-н өмчлөлийн экскаваторын үнэ болох 18.000.000 төгрөг, Ж.О-н эзэмшлийн sinotruck маркын тээврийн хэрэгслийн үнэ болох 30.000.000 төгрөг буюу нийт 73.000.000 төгрөгийг  Ц.Н-с гаргуулж улсын орлогод, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Орон нутгийн ерөнхий орлогоос 15.640.575 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус оруулахаар шийдвэрлэсэн нь Ц.Н-н  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  түүний  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон хувийн байдалд тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, үндэслэл бүхий  шийдвэрлэжээ.

Харин анхан шатны шүүхээс эд мөрийн баримтанд хураан авсан ашигт малтмал угаах зориулалт бүхий усан буу, дизель моторыг улсын төсөвт шилжүүлэхдээ эдгээр техникуудын үнийг орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад  дурдсан техникуудын үнийг нэмж бичин өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээн, Ц.Н-н  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн  дүгнэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь  Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “хураагдсан” гэсний дараа, “3.000.000 төгрөгийн  үнэ бүхий” гэсэн,  “усан буу 1 ширхэг” гэсний дараа “15.000.000 төгрөгийн үнэ бүхий” гэсэн нэмэлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Ц.Н-н давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.