Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/00657

 

2022 02 16 101/ШШ2022/00657

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 000000000000000000000, И ББСБ ХК-ийн /РД: 6060854/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 000000000000000000000000000 тоотод оршин суух, Энхтайваны Бд /РД: ТА92011437/ холбогдох

5.713.162,41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхзаяа, Б.Болормаа,

Хариуцагч Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И ББСБ ХК нь 2019 оны 06 сарын 17-ны өдөр 000000000000000 тоот зээлийн гэрээгээр Э.Бд 2.879.910 төгрөгийг сарын 3.90 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч нь манай банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлээр Сайн электроникс ХХК-иас гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүн С.Э ХХК-ийн Хаан банк дахь 00000000000000 тоот дансаар хүлээн авахаас хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг нь шилжүүлсэн болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж зээл авснаас хойш эргэн төлөлт хийгээгүй.

Зээлийн гэрээний 2.1.11-т ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 5.4, 6.2.5 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна.

Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.1.4-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Мөн манай байгууллага ковид-19 цар тахлын улмаас харилцагч нарын төлбөрийн чадвар муудаж байгаа нөхцөл байдлыг харгалзан 2020 оны 11 сарын 11-ний өдрөөс 2021 оны 07 сар хүртэл нэмэгдүүлсэн хүү огт тооцохгүй байх, түүнээс өмнө тооцогдсон нэмэгдүүлсэн хүүний авлагаас хөнгөлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд зээлийн нөхцөл өөрчлөх боломж олгон, зээлийн төлөлтөд уян хатан хандан ажиллаж байгаа.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул манай байгууллага зээлийн шаардах эрхээ хэрэгжүүлж тус шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч Э.Бий хаяг тодорхойгүй үндэслэлээр 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 10515 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Ингээд түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба мөн шүүхийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 47 дугаар шийдвэрээр Э.Бийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоохыг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн.

2021 оны 12 сарын 01-ний өдрийн байдлаар хариуцагч Э.Б нь үндсэн зээлийн үлдэгдэл 2.879.910 төгрөг, төлөх ёстой хүү 2.641.058,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112.993,47 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг, нотариатын зардал 9.000 төгрөг, нийт 5.713.162,41 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Хариуцагч Э.Б 2019 оны 08 сарын 13-ны өдөр 160.000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага 5.713.162,41 төгрөгөөс 160.000 төгрөгийг хасч 5.553.162,41 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

 

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Э.Б нь 2019 оны 06 сарын 17-ны өдөр И ББСБ ХК-иас 2.879.910 төгрөгийн зээл авч iphone x маркийн гар утас зээлээр авсан нь үнэн. Утсаа аваад удалгүй хулгайд алдсан ба цагдаад өргөдөл өгч 1 жил гаран араас нь хөөцөлдөн явсан. Маш олон дамжиж зарагдсан байсан ба сүүлийн худалдан авагч нь 350.000 төгрөг л өгсөн.

Би зээл авснаас хойш 1 удаа 2019 оны 08 сарын 13-ны өдөр 160.000 төгрөг зээлийн төлбөрт төлсөн. Дахиж зээл төлж чадаагүй.

Тус байгууллага 2020 оны 05 сарын 26-ны өдөр надад холбогдуулан тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн хүү зогсох ёстой гэж ойлгож байна. Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг ба эрхэлсэн ажилгүй, хувиараа арилжаа эрхлэн амьдралаа залгуулдаг.

Би 2020 оны 05 сарын 26-ны өдрийг хүртэлх тооцоод үндсэн зээл болон хүү нийт 4.113.162,41 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгч И ББСБ ХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 12 сарын 03-ны өдрийн 1467 тоот итгэмжлэл,

2019 оны 06 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 06 сарын 17-ны өдрийн барьцааны гэрээ, Э.Бий зээлийн хүсэлт, зээл хүсэгчийн анкет,

Зээлдэгч Э.Бий зээлийг С.ЭХХК-ийн данс руу шилжүүлэх хүсэлт, зээлдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, хариуцагчийг эрэн сурвалжлах тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 08-ны өдрийн 47 дугаартай шийдвэр, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2021 оны 01 сарын 27-ны өдөр И ББСБ ХК-д хүргүүлсэн Э.Бий хаягийн талаарх тодорхойлолт,

Э.Бий 2021 оны 06 сарын 11-ний өдөр И ББСБ ХК-д гаргасан хүсэлт, нотариатын зардалд 9.000 төгрөг төлсөн баримт, зээлийн эргэн төлөлтийн тооцоо,

С.ЭХХК-ийн Хаан банк дахь дансанд 2019 оны 06 сарын 19-ний өдөр И ББСБ ХК-иас лизингийн зээл олгов, 34 хүн гэсэн гүйлгээний утгатай 48.487.323 төгрөг төлсөн баримт, Э.Бд бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Э.Б нь 2 хуудас хариу тайлбар, 2019 оны 08 сарын 13-ны өдөр 160.000 төгрөг төлсөн баримтыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ББСБ ХК нь хариуцагч Э.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.713.162,41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2021 оны 12 сарын 01-ний өдрийн байдлаар:

үндсэн зээл 2.879.910 төгрөг,

зээлийн хүү 2.641.058,94 төгрөг,

нэмэгдүүлсэн хүү 112.993,47 төгрөг,

Хариуцагчийг эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг,

Нотариатын зардал 9.000 төгрөг/

 

Нэхэмжлэгч И ББСБ ХК нь шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад зээлдэгч буюу хариуцагч Э.Б нь 2019 оны 08 сарын 13-ны өдөр 160.000 төгрөг төлсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлага 5.713.162,41 төгрөгөөс 160.000 төгрөгийг хасч 5.553.162,41 төгрөгийг хариуцагч Э.Бээс нэхэмжилсэн байна.

 

Э.Б нь И ББСБ ХК-тай 2019 оны 06 сарын 17-ны өдөр В17019061725 тоот зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авах зориулалтаар 2.879.910 төгрөгийг, сарын 3.90 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн зээлдэгч Э.Б нь зээлдүүлэгч И ББСБ ХК-тай 2019 оны 06 сарын 17-ны өдөр С17019061725 тоот барьцааны гэрээ байгуулан худалдан авч буй iphone x маркийн гар утсыг барьцаалсан нь 2019 оны 06 сарын 17-ны өдрийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.

/7-14, 41-42 дугаар тал/

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно,

21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж,

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасан байна.

Зээлдүүлэгч И ББСБ ХК нь 2019 оны 06 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн зээлдэгч Э.Бий нэр дээр зээлийн данс нээсэн ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.8 дахь заалт болон зээлдэгч Э.Бий 2019 оны 06 сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн зээл 2.879.910 төгрөгийг гар утсыг худалдаж буй С.ЭХХК-ийн Хаан банк дахь 5111513488 тоот дансанд шилжүүлжээ.

/ХХ-ийн 7-9, 13, 41 дүгээр тал/

 

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч И ББСБ ХК болон хариуцагч буюу зээлдэгч Э.Б нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Хариуцагч Э.Б 2.879.910 төгрөг зээлэн авсан болон доголдолгүй бараа бүтээгдэхүүн хүлээн авсан талаараа маргаагүй болно.

/ХХ-ийн 42 дугаар тал/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч И ББСБ ХК-ийн зээлдэгч Э.Бтэй байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдэгч Э.Б нь 2019 оны 08 сарын 13-ны өдөр зээлийн төлбөрт 160.000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс өөрөөр зээлийн төлбөр төлөөгүй хэмээн тайлбарлалаа.

 

Зээлдүүлэгч И ББСБ ХК нь зээлдэгч Э.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл тус шүүхэд гаргахад 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 101/ШЗ2020/10515 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 08-ны өдрийн 47 дугаар шийдвэрээр иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Бийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоохыг цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэсэн байна.

Дээр дурдсан байдал хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч тал энэ талаар дахин нотлох шаардлагагүй.

/ХХ-ийн 15-16 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.11-т Ноцтой зөрчил-Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэнийг,

5.3-т Зээлдэгч гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө,

5.4-т Зээлдэгч нь зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу тухай бүр бэлнээр эсхүл зээлдүүлэгчийн хавсралт 1-д заасан харилцах дансуудад төлнө. ...,

6.2.5-д Хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үл маргах журмаар заасан хугацаанд төлж барагдуулах гэж тус тус заажээ.

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсаны дагуу банк бус санхүүгийн байгууллага гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 06 сарын 17-ны өдрөөс 24 сарын хугацаатай байгуулагдсан ба зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 07 сарын 25-ны өдрөөс 2020 оны 11 сарын 25-ны өдрийн хооронд тооцсон нэмэгдүүлсэн хүү нийт 112.993,47 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан тул хариуцагчийг эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг, нотариатын зардал 9.000 төгрөгийг тус тус хариуцагч Э.Бээс гаргуулах үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Э.Бээс 5.440.169 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 112.993,47 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Э.Бээс 5.440.169 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 112.993,47 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч И ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106.361 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бээс 101.992 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН