Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/176

 

   

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Б.А,        

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,             

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Б-ын А-од холбогдох 2428002080216 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                

Биеийн байцаалт:          

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “5566” авто засварын газрын баруун урд талын зам дээр ... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10 дугаар зүйлд заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж “Даюун” загварын улсын бүртгэлд бүртгүүлээгүй мотоциклыг мөргөж иргэн Ц.Ө-ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                       

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.А-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед эхнэрээ ажилд нь хүргэж өгчхөөд гэртээ харих гээд явж байгаад төв замаас буугаад “5566” авто засварын газрын баруун талд хашааны булангаас гартал зүүн талаас гэнэт нэг мотоцикл орж ирсэн. Тэгээд тоормос гишгээд очоод мөргөсөн. Тэгээд бууж очоод эмнэлэг, цагдаа дуудсан. Анхаарал болгоомжгүйгээсээ болж хүний биед хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдрийн өглөө би хийж байсан ажлаасаа гарах болсон талаар захиралдаа очиж хэлчихээд ажилласан цалин мөнгөө аваад Гурвансайхан гэр хороололд очиж нутгийн танил айлд архи уусан. Би тухайн газраас харих гээд мотоциклтой явж байсан. Би Гурвансайхан гэр хорооллын шороон замаар мотоциклтой зүүнээс баруун тийш чиглээд явж байтал миний зүүн гар талаас буюу урдаас хойш чиглэлд нэг цагаан өнгийн “Приус 20” загварын тээврийн хэрэгсэл гэнэт гараад ирсэн бөгөөд би уг тээврийн хэрэгслийг хараад мотоциклоо зогсоохоор тоормос гишгэсэн. Нөгөө машин мөн намайг хараад тоормос гишгэсэн боловч тухайн тээврийн хэрэгслүүд хэтэрхий ойртон ирцгээсэн байсан бөгөөд зогсож амжилгүй уг машин миний зүүн гар талаас ирээд миний мотоциклыг мөргөчихсөн. Тэгээд би шоконд ороод юу болсон мэдэхгүй гэнэт эмнэлэг дээр ухаан орсон. Тухайн үед миний унаж явсан тээврийн хэрэгслийн суудал, банк, гишгүүр, амартизатор, их гэрлийн хамгаалалт төмөр, үндсэн рам, зэрэг нь хугарч гэмтсэн бөгөөд дахиж ашиглах боломжгүй болсон байсан, би энэ эвдрэлийг үнэлгээ хийлгүүлсэн байгаа. Миний баруун зүүн хөлөнд хугарал гэмтэл үүссэн, мөн биеийн зарим газарт шалбарч урагдсан байсан... Би уг хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон, би эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг баримтын дагуу нэхэмжилж байна. Би өөрийн биед учирсан гэмтлийг эмчлэхэд гарсан зардалд 1,815,509 төгрөгийн баримтыг цагдаагийн байгууллагад гаргаж өгч байна. Мөн миний мотоцикл уг ослын улмаас болж эвдэрсэн бөгөөд уг мотоциклд үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний дагуу хохирол нэхэмжилж байна.” (хавтаст хэргийн 83-84, 86 дахь тал)      

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 391 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Ө-ий биед баруун дунд чөмөгний хүзүү хэсэг, зүүн хөлийн шилбэ ясны дунд хэсгийн далд хугарал, дух, зүүн хөмсөг, хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Ц.Ө-ий биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 92-94 дэх тал)

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-1.Хавтаст хэрэгт авагдсан оролцогч нарын мэдүүлэг, ослын газрын зураг, эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар ... улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Дээрх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй. Хариулт-2.Хавтаст хэрэгт авагдсан оролцогч нарын мэдүүлэг, ослын газрын зураг, эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, драгер багаж үлээлгэж согтуурлын хэмжээ шалгасан фото зураг зэрэг нотлох баримтаар улсын дугааргүй “Даюун” загварын мотоциклыг жолоодож явсан жолооч Ц.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй. Хариулт-3.... улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө; гэсэн заалт, Улсын дугааргүй “Даюун” загварын мотоциклыг жолоодож явсан жолооч Ц.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.” (хавтаст хэргийн 98-99 дэх тал)

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 224 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Мотоцикл үнэлгээгээр тогтоогдсон дүн: 537,000 төгрөг.” (хавтаст хэргийн 29-32 дахь тал)

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 19 дэх тал)

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 22-27 дахь тал)

Эрх бүхий албан тушаалтны магадлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал)

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 79 дэх тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 109 дэх тал)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх тал)

Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 112 дахь тал)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 113 дахь тал)

Төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 114 дэх тал)

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 115 дахь тал)

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 116 дахь тал)

Мөрдөгчийн эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол болон хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 117-122 дахь тал)

Ц.Ө-ий хохирол төлбөр хүлээн авсан талаарх өргөдөл, шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 143 дахь тал).   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.А-од холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.А нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “5566” авто засварын газрын баруун урд талын зам дээр ... улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10 дугаар зүйлд заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж “Даюун” загварын улсын бүртгэлд бүртгүүлээгүй мотоциклыг мөргөж иргэн Ц.Ө-ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.        

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ө-ий мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84, 86 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 391 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 92-94 дэх тал), Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 98-99 дэх тал), “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 224 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “” (хавтаст хэргийн 29-32 дахь тал), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 19 дэх тал), Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 22-27 дахь тал), эрх бүхий албан тушаалтны магадлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 79 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.    

 Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-1.Хавтаст хэрэгт авагдсан оролцогч нарын мэдүүлэг, ослын газрын зураг, эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар ... улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Дээрх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй... ... улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө; гэсэн заалт, ...зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.” (хавтаст хэргийн 98-99 дэх тал) гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Б.А-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.  

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Б.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.

Шүүгдэгч Б.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ө-ий биед баруун дунд чөмөгний хүзүү хэсэг, зүүн хөлийн шилбэ ясны дунд хэсгийн далд хугарал, дух, зүүн хөмсөг, хацарт шарх бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдсон болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 391 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 92-94 дэх тал)-ээр тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.А нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчихыг хориглосон Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэр шүүгдэгч Б.А нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.

Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.А-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.   

Шүүгдэгч Б.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ө-ий биед баруун дунд чөмөгний хүзүү хэсэг, зүүн хөлийн шилбэ ясны дунд хэсгийн далд хугарал, дух, зүүн хөмсөг, хацарт шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 391 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 92-94 дэх тал)-ээр тогтоогдсон ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ө-ий зүгээс шүүхийн шатанд “...Б.А-оос хохирогч Ө нь эмчилгээний болон мотоциклын хохирол төлбөр болох 2,360,000 төгрөг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Ө-ий хувийн данс болох (...) гэх данс руу хийсэн тул хохирол барагдуулав, хохирогч Ц.Ө миний бие цаашид нэхэмжлэх зүйлгүй ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй тул шүүх хуралд оролцохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” (хавтаст хэргийн 143 дахь тал) гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А-од эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.   

Шүүгдэгч Б.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүхээс шүүгдэгч Б.А-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн бусдад учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн болон ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг тус тус харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.         

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-од шүүхээс оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.          

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн  шүүгдэгч Б.А-ын ... дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ө-д 2,360,000 (хоёр сая гурван зуун жаран мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.    

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:            

1. Шүүгдэгч З овгийн Б-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.                                                                 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-од шүүхээс оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн  шүүгдэгч Б.А-ын ... дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.            

7. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Өд 2,360,000 (хоёр сая гурван зуун жаран мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.     

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

    

                                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ВОЛОДЯ