| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0174/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/178 |
| Огноо | 2024-11-29 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/178
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч И.Л,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн И-ийн Л-д холбогдох 2428002440224 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.Л нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнийн гүн төвийн урд М.Д-гийн эзэмшлийн “iphone 13” загварын гар утсыг модоор цохиж дэлгэц болон арын шилэн тагийг хагалж хууль бусаар гэмтээж 770,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч И.Л-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч И.Л шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд аяллаар явж байсан бөгөөд найзууд болох С, Ц, У нарын хамтаар такси авахад хажуудаа эмэгтэй хүн суулгасан мөнгөлөг саарал “Приүс 11” загварын тээврийн хэрэгсэл /улсын дугаарыг нь санахгүй байна гэх/ зогсож бид тухайн таксинд буудалласан буудал руу явж байсан. Тухайн үед ямар замаар явах талаар таксины жолоочид хэлэхэд бид өөрсдөө мэдэж байна гэж уурлахаар нь бид нар утасны байршил заагчаар харж байна та нар буруу яваад байгаа юм биш үү гэхэд бид нар өөрсдөө мэдэж байна гээд уурлахаар нь бид нар болилоо бууя гээд бууцгаасан чинь хажууд байсан эмэгтэй бууж ирээд хаана байсан нь мэдэхгүй богино мод шиг зүйлээр намайг цохих гэхэд миний утас оногдож миний гар утас эвдэрч дэлгэц нь хагарсан. Оосортой гэртэй болохоор хүзүү хэсгээрээ зүүсэн байсан утсыг мод шиг зүйлээр цохиж дэлгэц болон арын шилэн таг нь хагалсан. Тухайн утсыг би 2024 оны 03 сард Улаанбаатар хотын Тэди худалдааны төвөөс 1,800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Утасны засварлуулах мөнгө болох 500,000 төгрөгийг нэхэмжилмээр байна. Гомдолтой байна.” (хавтаст хэргийн 26 дахь тал)
Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Лтай хамт машинтай явж байгаад Баяндөхөм дэлгүүрийн тэндээс 4 эмэгтэй такси барих гэж байхаар нь аваад явсан. Явж байхад буруу тийшээ яваад байна гээд байсан. Утсаар л хараад байх шиг байсан. Тэгсэн Л бид хоёр яарч байна та нар ингээд буу гээд тухайн эмэгтэйчүүдийг буулгасан. Тэгтэл буухдаа 60 гарсан эмэгтэйчүүд гээд амандаа өөр зүйлс хэлээд буусан. Тухайн үед сайн сонсогдоогүй. Тэгсэн Л араас нь буусан. Тэгээд хэрэлдээд байх шиг болохоор нь буугаад очтол утас хагалчихлаа гээд нэг эмэгтэй нь зогсож байсан, тэгээд цагдаа дуудсан байх... Би машинаас сүүлд бууж ирсэн болохоор хараагүй. Сүүлд нь асуусан Л модоор утас руу нь цохиод хагалчихсан гэж байсан.” (хавтаст хэргийн 29 дэх тал)
Гэрч Н.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би болон Ц.С, Б.У, ахлах инженер М.Д нарын хамтаар 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн төвд зуны төлөвлөгөөт амралтын дагуу амралтаараа явж аялаад явж байсан. Тэгээд 14 цагийн орчимд аймгийн төвийн төв талбайг үзчихээд Музей үзэх гэхэд хаалттай байхаар нь буцаад байрлаж байгаа буудалдаа очих гэхээр зам мэдэхгүй байсан болохоор тухайн байршлаасаа такси бариад буудалдаа очихоор болсон. Зам дээр гараад такси барих үед цагаан өнгийн, суудлын автомашинтай хоёр эмэгтэй ирээд зогссон, би машины загварыг сайн санахгүй байна. Бид нар хамтдаа машины арын суудалд суух үед жолооч нь гэж 40 орчим насны эмэгтэй, түүний хажууд суусан бага зэрэгт согтолттой 40 орчим насны эмэгтэй нар байсан. Бид нар таксинд суугаад газрын зурагт тэмдэглэсэн байршлыг үзүүлээд тэнд очно гэж хэлээд замаа хараад, тэмдэглэгээгээ хараад явж байх үед таксины жолооч буруу зүгт яваад байсан. Тэгэхээр нь Ц.С та буруу зүгт яваад байна гэхэд таксины жолооч эмэгтэй би нутгийн хүн байна очих газраа яаж хүрэхээ мэднэ гэж хэлснээр машин дотор маргаан болсон. Тэгэхээр нь Ц.С болъё, бууя гэж хэлээд буухаар болоод машин зогсох үед ямар нэгэн албан газрын үүдний хэсэгт шахаад зогсож байсан. Тэгээд бид нар буугаад газрын зургаа хараад алхахаар болоод хамтдаа алхаж байх үед араас машин дотор урд талд сууж байсан аль нэг эмэгтэй нь хүрч ирээд хугархай модны мөчрөөр М.Д-гийн хэвлий хэсэгт гуядаад цохисон. Тэгэхээр нь бид нар гайхаад эргээд харах үед дахин нэг удаа цохих гэж оролдох үед нь М.Д мөчрийг нь бариад авсан ба нөгөө хүнтэй маргаан үүсгэж байгаад мөчрийг нь тавиад бид нар салаад буцаад явсан. Тэр мөчир барьсан хүн ард хашхираад үлдсэн бөгөөд бид нар алхаад явж байх үед М.Д гар утсаа харахад дэлгэц нь хагарсан байсан. М.Д нь өөрийнхөө гар утсыг энгэрээсээ урт хүзүүний зүүлтээр унжуулаад зүүчихсэн байсан бөгөөд нөгөө мөчрөөр цохисон хүн гар утсан дээр нь цохисон байсан. Бид нар М.Д-гийн гар утсыг хүн мөчрөөр цохиж эвдэлсэн гэж гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан. (хавтаст хэргийн 34-36 дахь тал)
Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр манай байгууллага зугаалгаар явж байсан, тэр үед би болон 30 гаруй манай байгууллагын ажилтнууд байсан. 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд бороо ихтэй байсан тул буудал гэхэд хэцүү нэг ажилчдын бололтой нэг том өрөөнд орцгоосон. Тэгээд би болон 10 гаран орчим хүний хамт Төв талбай, музей үзэхээр үдээс хойш гарсан. Төв талбай үзчихээд явж байгаад Д, У нарын хамт алхаж байгаад хоцорчихсон. Тэгээд бид төөрөөд нөгөө газраа олохгүй байсан тул ажлынхаа газрын хүнээс байршлыг нь аваад утсаараа тухайн байршлыг хараад явж байгаад такси барих гээд зогсох үед Приүс загварын автомашин зогссон. Тухайн машины урд өөр танихгүй эмэгтэй зорчигч байсан тул хойно нь чихээд сууж байсан. Бид утсаараа байршлыг харуулж ийшээ явах талаараа хэлэхэд эсрэг зүг явж байгаа талаар хэлэхэд нутгийн хүмүүс замаа мэдэж байна гэж уурласан. Тухайн такси барьсан хүмүүс архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байдалтай их сэтгэл хөдлөл өндөртэй байсан. Бид маргалдаж зогсох талаар хэлж зогсоод байршлын дагуу алхаад явж байтал тухайн машинд явж байсан эмэгтэй зорчигч нарийн нэг нь мод гаргаж ирээд араас хүрээд ирсэн. Тухайн үед Д-гийн утас хүзүүнд зүүлттэй байсан, зүүлттэй байсан утсыг тэр эмэгтэй Дг цохих гэж оролдох үед Д-гийн утас нь цохигдож хагарсан тул Д цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.” (хавтаст хэргийн 39-41 дэх тал)
Гэрч Н.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай ажлын газрынхан хамтдаа энэ зун Өмнөговь аймагт очиж амарсан бөгөөд тухайн үед буюу 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр С, Ц, Д нартай хамт Өмнөговь аймгийн төвөөр явж байгаад зам мэдэхгүй бага зэрэг төөрсөн. Тэгээд зам мэддэг таксигаар эргээд буудалдаа очно гэж бодоод хамтдаа такси барьсан. Бид нарыг такси барих гээд зогсож байх үед цагаан өнгийн Prius загварын тээврийн хэрэгсэл ирээд бид нарыг аваад явсан. Энэ үед нь С гар утсаараа газрын байршлыг зааж өгөөд тэгээд хүргүүлэхээр явсан. Тухайн таксины урд талын суудалд буюу жолооч нь 50 орчим насны эмэгтэй, түүний хажууд согтуурсан байх боломжтой 50 орчим насны эмэгтэй нар байсан. Бид нар очих газраа гар утаснаасаа үзүүлээд явж байх үед такси өөр чиглэлд яваад байгаа тухай С хэлсэн. Тэгтэл тэр таксины жолооч болон хамт явсан хүн нь аль аль нь бид нар нутагтаа хаана, яаж очихоо мэдэж байна гэж хэлсэн. Тэгээд бага зэрэг маргаан болоод бид нар таксинаас буухаар болоод нэг газарт зогсоод буугаад өөр зүгт алхаад явах гэхэд араас жолоочийн дэргэд сууж байсан согтуу байж болох эмэгтэй нь хүрч ирээд Д-гийн хэвлий хэсэгт модны хугархай том ширхэгтэй мөчрөөр шавхуурдаж цохисон, энэ цохилт нь миний хувьд хүчтэй цохигдож байгаа юм шиг санагдсан. Тэгээд тухайн мөчир нь хугараад тэр танихгүй эмэгтэй гараараа үлдсэн мөчрөөрөө Д-г дахин нэг удаа цохих гэхэд Д мөчрийг нь бариад авсан. Тэгээд бага зэрэг маргалдаж байгаад эргээд явсан бөгөөд явж байх үедээ Д гар утсаа харах үед гар утасны дэлгэц нь хагарсан байсан. Дгийн гар утас нь Iphone загварын сүүлийн үеийн том гар утас байсан. Д нь гар утсаа хүзүүнээсээ зүүгээд явж байсан.” (хавтаст хэргийн 45 дахь тал)
“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2038 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Гар утас... нийт үнэ 770,000 төгрөг.” (хавтаст хэргийн 48-52 дахь тал)
Хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 72-73 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд И.Л-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч И.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд ахиж ийм хэрэг хийхгүй гэх тайлбарыг гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч И.Л нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнийн гүн төвийн урд И.Д-гийн эзэмшлийн “iphone 13” загварын гар утсыг модоор цохиж дэлгэц болон арын шилэн тагийг хагалж хууль бусаар гэмтээн, бусдад бага хэмжээнээс дээш буюу 770,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Л-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), гэрч Ж.Э-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал), гэрч Н.Ц-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь тал), гэрч Ц.С-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал), гэрч Н.У-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал), “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2038 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 48-52 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан бөгөөд шүүгдэгч И.Л-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д-д 770,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2038 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 48-52 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т бага хэмжээний хохирлыг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан тул хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д-д учирсан 770,000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.
Үнэлгээний дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг үнэлгээчин тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч И.Л-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Мөн шүүгдэгч И.Л нь бусдын эд хөрөнгөд халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч И.Л-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч И.Л-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д-д 770,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2038 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 48-52 дахь тал)-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад “Утасны засварлуулах мөнгө болох 500,000 төгрөгийг нэхэмжилмээр байна.” (хавтаст хэргийн 26 дахь тал) гэж мэдүүлсэн байх ба хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 72-73 дахь тал)-аар шүүгдэгч нь хохирогчид 500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч И.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх тайлбарыг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч И.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч И.Л нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч И.Л-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Л-д шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч И.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д-д 500,000 (таван зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч И.Л нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн И-ийн Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Л-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Л-д шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч И.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д-д 500,000 (таван зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч И.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ