Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2021/00634

 

 

 

 

 

            2021        03          01

                                 101/ШШ2021/00634

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.Г-ийнгаргасан,

 

Хариуцагч: М ХХК холбогдох,

 

72,038,250.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн төлөөлөгч Ж.А, өмгөөлөгч Б.Ц, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Бид, хариуцагч “М” ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 25-ны худалдааны талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрээний 3.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөрт 2013 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 15,108,400.00 төгрөг буюу тухайн өдрийн Монгол *******ны валютын ханшаар тооцож, 10,700 ам доллар, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Монгол *******ны мөн өдрийн валютын ханшаар тооцож, 20,459,500.00 төгрөг буюу 14,500 ам доллар, нийт 25,200 долларын урьдчилгаа төлбөр төлж, гэрээний 7.3-т зааснаар 2014 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар тохирч гэрээг байгуулсан.

 

Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд барилгыг барьж ашиглалтад оруулаагүй тул урьдчилгаанд төлсөн төлбөрийг торгуулийн хамт ам.доларт хөрвүүлж буцаан авахаар шаардаж байна. Гэрээнээс татгалзсан үндэслэл нь үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйлдэлтэй холбоотой бөгөөд талууд төлбөрийг ам.доллараар тооцсон. Иймээс одоогийн ам.долларын ханшийн зөрүүг үзвэл нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх боломжтой юм. Учир нь, тухайн үед

1 ам.доллартай харьцах төгрөгийн ханшийг бичсэн нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг ам.доллараар төлсөн болохыг илэрхийлж байна.

 

Үүнийг тус гэрээний 2 дугаар зүйлд төлбөр тооцоо, талбайн үнийг 1 м.кв талбайг 5,000 ам.доллар, нийт 60,000 ам.доллар байхаар тохирсон. Нэхэмжлэгч Л.Г өөрийн нөхөр н.Д хамт “Х *******” ХХК-иас 20,000,000.00 төгрөгийг зээлж, хариуцагчид өгсөн ба энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан. Хэдийгээр юалютын зөрүү үүссэн нөхцөл нь хариуцагчаас хамаарахгүй боловч тус компани үүргээ гүйцэтгэхгүй 8 жил өнгөрсөн тул ханшийн зөрүүг хохиролд тооцож болно.

 

Хариуцагч нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйтэй холбоотой алданги тооцох гэхээр гэрээнд зөвхөн торгууль төлнө гэсэн заасан тул алданги шаардах эрхгүй болсон. Нэгэнт гэрээнд ам.доллар гэж заасан учраас нэхэмжлэл гаргах өдрийн Монгол*******ны ханшаар өгсөн төлбөрийг буцаан нэхэмжилж байна

 

Иймд, хариуцагчаас 25,200 долларыг гэрээний 7.1-д зааснаар 0.2 хувийн торгууль гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Монгол*******ны валютын ханшаар тооцож 72,038,250.00 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Иргэн Л.Г нь манай компанитай харилцан тохиролцож, талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчимд тулгуурлан өөрсдийнхөө хүсэл зоригийн дагуу сайн дурийн үндсэн дээр гэрээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрснөөр 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “М” худалдааны төвийн 5 дугаар давхар талбайг 1 м.кв талбайг 7,055,000.00 төгрөгөөр тооцож авахаар тохирч, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

 

Ингээд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу урьдчилгаа 40 хувийн төлбөрөөс 2013 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 15,108,400.00 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 20,459,500.00 төгрөг, нийт 35,567,900.00 төгрөгийг манай компанийн санхүүд тушааж, бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан.

 

Гэтэл нэхэмжлэгч Л.Г-ийн нэхэмжлэлд хариуцагч “М” ХХК-нд шилжүүлсэн 25,200 ам.долларыг Монгол*******ны ханшаар 1 ам.долларыг 2,851.03 төгрөгөөр тооцож, дээрх гэрээний 7.1 дахь заалтыг үндэслэн нийт үнийн дүнгийн 0.2 хувийн торгуульд 50.4 ам.доллар, нийт 25,250 ам.доллар буюу 72,038,250.00 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Манай компани Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь ажил гүйлгээгээ нягтлан бодох бүртгэлд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр хөтөлнө гэсний дагуу тапбайн төлбөрийг үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар ам.доллартай тэнцэх монгол төгрөгөөр тооцож авдаг.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар

тооцож төлбөрийг төлнө” гэж заасан байдаг. Гэтэл тухайн үеийн ханшаар бус өнөөгийн ханшаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд бид төлбөрийг төгрөгөөр хүлээн авсан тул энэхүү ханшийн өсөлтийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

Монгол Улсад үүссэн эдийн засгийн хямралаас үүдэн нийгэм даяар хямарч тэр дундаа барилгын салбар зогсонги байдалд орж, мөн корона вирус гарснаас хөрөнгө оруулахаар ярьж тохирсон компани орж ирж чадахгүй байгаагаас хөрөнгө оруулалт саатсан ч бид нар барилгын улиралд зогсолтгүй ажилласаар 80 хувийн гүйдэтгэлд хүргэсэн.

 

Иймд, Л.Г-ийн нэхэмжлэлийг өнөөгийн ханшаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ямар хуулийн зүйл заалтыг үндэслэн уг нэхэмжлэлийг гаргаж байгаа талаар тодорхой дурдаагүй, талууд гэрээгээр харилцан тохиролцохдоо 1 м.кв талбайг 7,055,000.00 төгрөгөөр тохирсон ба 12.6 м.кв талбайн үнэ 88,893,000.00 төгрөг болсон.

 

Талуудын байгуулсан гэрээнд энэ дүнг тооцож тусгасныг үзвэл 1 м.кв талбайн үнэлгээ нь валютын ханшнаас хамаарч өөрчлөгдөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг үзвэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзаж байна гэж үзэж байгаа бөгөөд гэрээнээс татгалзаж буй тохиолдолд талууд харилцан тохиролцож өгсөн, авсан зүйлсээ буцаан өгөхөөр зохицуулсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн төлсөн 35,567,000.00 төгрөгийг авсан гэдэгтэй маргахгүй ба мөн гэрээгээр тохирсон 0.2 хувийн торгуулийг төлөхөд маргах зүйл байхгүй.

 

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа нэхэмжлэл гаргах өдрийн ам.долларын ханшаар төлсөн төгрөгөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Г-эс хариуцагч “М” ХХК-нд холбогдуулан 72,038,250.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.

 

            Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзаж, 25,500 ам.долларыг тус нэхэмжлэлийг гаргах өдрийн Монгол *******наас албан ёсоор зарласан “төгрөг”-ийн ханшаар тооцож нийт 72,038,250.00  төгрөг нэхэмжилсэн. Гэвч шүүх хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Л.Г 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч “М” ХХК-тай худалдааны талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 14 хороо, Намъянжүгийн гудамж хаягт байрлах

M” худалдааны төвийн 5 дугаар давхарт худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцжээ.

 

            Тодруулбал, зохигчид 12.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв талбайн үнийг 7,055,000.00 төгрөгөөр тооцож, нийт 88,893,000.00 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнд заасан хуваарийн дагуу төлсөн тохиолдолд түүнд шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

            Хэдийгээр талууд уг гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ. Учир нь, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх тэрхүү цаг хугацаанд гэрээний зүйл болох 12.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нь зориулалтын дагуу ашиглахад бэлэн буюу бодитоор бий болоогүй байсан, харин хариуцагч нь тухайн “M” худалдааны төвийн барилгыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулах үүргийг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж, түүнчлэн 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заажэ.

  

            Тайлбарлавал, хариуцагч “М” ХХК нь зохигчдын байгуулсан гэрээний дагуу 12.6 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний талбайг  бий болгохоор барьж гүйцэтгэх, ийнхүү барьж гүйцэтгэсэн тохиолдолд үүнийг өмчлөх эрхийн хамт нэхэмжлэгч Л.Гд хүлээлгэн өгөх үүргийг хүлээнэ.

 

Гэтэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч буюу ажил гүйцэтгэгч “М” ХХК нь гэрээний зүйлийг 2014 оны 1 дүгээр улиралд барьж гүйцэтгэх үүргээ ноцтой зөрчиж, өнөөдрийг хүртэлх хугацаанд үүргээ зөрчсөн хэвээр байгаа ажээ. Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно” гэж, мөн 350 дугаар зүйлийн 350.1-д “Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ” гээд 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх” гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, ажил гүйцэтгэгч тал үүрэг гүйцэтгэгч болохын хувьд энэ хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар үүргийг хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэг хүлээх ба хэрэв гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.

 

Гэвч хариуцагч нь гэрээний зүйлийг барьж гүйцэтгэх үүргээ ийнхүү зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн зүгээс цаашид 12.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хүлээн авахаас татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан.

 

Тайлбарлавал, тус хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй ба тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд нэмэлт хугацаа олгох шаардлагагүй байдаг.

 

Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээний зүйлийг удахгүй ашиглалтанд оруулна гэсэн боловч тэрээр энэ талаарх холбогдох нотлох баримтыг өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч нь хугацаа хоцорч бий болсон зүйлийг хүлээн авах нь түүнд ашиггүй болсон гэж маргаж байна. Энэ тохиолдолд тус хуулийн 225 дугаар зүйлийн 221.5-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч “М” ХХК-иас өгсөн, авсан зүйлээ харилцан буцаахыг шаардах эрхтэй юм.

 

 Үүнийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан тул зохигчид 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний дагуу харилцан өгсөн, авсан зүйлээ буцаах үүрэг хүлээх учиртай.

 

Гэтэл нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч “М” ХХК-нд 25,250 ам.доллар өгсөн учир нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол *******наас албан ёсоор зарласан “төгрөг”-ийн ханш /1 ам.доллар=2,851.03 төгрөг/-аар тооцон торгууль 0.2 хувийн хамт 72,038,250.00 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 8-д 1 м.кв талбайн үнийг 7,055,000.00 төгрөг гэсэн бол, харин 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 1 м.кв талбай 5,000 ам.доллар, нийт 63,00.00 ам.доллар байна гэж тус тус заажээ. Энэхүү эсрэг-тэсрэг заалтуудыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус зааснаар тайлбарлахад зохигчид төлбөр тооцоог ам.доллараар гүйцэтгээгүй байна.

 

Учир нь, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ” гэж зааснаар Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол*******ны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасны дагуу талууд энэ төрлийн гэрээний төлбөр тооцоог ам.доллараар гүйцэтгэх эрх байхгүй.

 

Тийм ч учраас нэхэмжлэгч Л.Гэс 2013 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 15,108,400.00 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 20,459,500.00                      

төгрөг, нийт 35,567.900.00 төгрөгийг хариуцагч “М” ХХК-нд хүлээлгэн өгсөн ба мөнгө тушаасан баримтанд ам.долларын ханшийг бичсэн нь төгрөгийн америк доллартай харьцах ханшийг тодорхойлсон болохоос ам.доллараар төлбөр тооцоог гүйцэтгээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, талууд энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээ байгуулах үед бие биедээ өгсөн тэрхүү зүйлийг харилцан буцаах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээг цуцалснаас учирсан хохирлоо дээрх хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6-д “Хохирлыг арилгахтай холбогдсон шаардлагад энэ хуулийн 227 дугаар зүйл нэгэн адил хамаарна” гэж зааснаар нэхэмжилж болно.

 

Нөгөө талаар шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч Л.Г болон Ч.Дэлгэрхангай нарын “Х *******” ХХК дахь 5007827380 тоот дансанд 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20,000,000.00 төгрөгийн зээл шилжсэнийг нэхэмжлэгч нь хариуцагчид 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний төлбөрт төлсөн байх тул ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн санхүүжилтийг ам.доллараар бий болгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

Иймд, нэхэмжлэгч Л.Г нь хариуцагчид “М” ХХК-нд 35,567.900.00 төгрөгийг өгсөн байх тул түүнд 71,852,760.00 төгрөгийг нэхэмжлэх эрх байхгүй.

 

Талуудын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д “Худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, цаашид биелүүлэх боломжгүй болсноос шалтгаалан нөгөө тал гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх торгууль төлнө” гэж заажээ. Тодруулбал, зохигчид хохирол нотлох шаардлагагүйгээр үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэхээр тохирсон ба үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасан.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа анзын талаар маргахгүй гэсэн бөгөөд 35,567.900.00 төгрөгөөс 0.2 хувийн торгуулийг тооцвол 71,136.00 төгрөг болж байна.  Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас нийт 35,638,036.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,399,214.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1-д заасныг тус тус үндэслэн

ТОГТООХ нь

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5-д тус тус заасныг үндэслэн хариуцагч “М” ХХК-иас 35,639,036.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,399,214.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 520,000.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 336,145.00 төгрөгийг гаруулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд тус хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т тус тус зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцсон талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг үүгээр дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР