| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0173/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/179 |
| Огноо | 2024-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/179
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Ч.Г,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ч-ын Г-т холбогдох 2428000000219 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Z” баарны гадна хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан Б.Бо-ын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж хоншоор ясны хугарал, баруун дээд 1 дүгээр шүдний уналт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ч.Г-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай таньдаг ах хүмүүстэй муудалцаж байсан. Цаанаас нэг залуу төмөр бариад гүйгээд ирсэн. Төмрийг нь авч шидсэн. Тэгээд дахиад гүйгээд ирэхээр нь зодолдох гэж байна гэж бодоод өмнөөс нь цохиод авсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө 01 цагийн үед байх /сайн санахгүй байна/ найз У, Г, Ж, П нартай хамт гадуур явж байгаад аймгийн төвд байх Z бааранд орсон. Тэгээд Г, У хоёр баарны үүдэнд үлдсэн. Ж, П бид 3 машин руу явсан. Тэгээд байж байтал баарны үүдэнд У, Г хоёр хүнд зодуулж байсан. Тэгэхээр нь би салгах гээд гүйгээд явж байсан чинь өөдөөс нэг жижиг залуу гүйгээд ирж байсан. Тэгэхээр нь би хажуугаар өнгөрөөд явах гэж байгаа юм байна гэж бодтол миний шүд рүү шууд цохисон. Тэгээд толгой эргээд амнаас цус гараад газар сууж байгаад тэр залуу дээр очоод чи шүд рүү яаж байгаа юм гэхэд өшөө хэдэн шүд ээ цохиулмаар байна уу гэсэн, тэгээд цагдаа ирээд тарсан. Миний үүдэн хоёр шүд унасан. 1 шүд хөдөлгөөнтэй болсон, уруул, ам хавдсан, би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би шүдээ бүрэн бүтэн болгож авмаар байна... Миний хохирлыг бүрэн барагдуулсан, надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... Г миний шүд хийлгэх болон Улаанбаатар хот руу явах ирэх унааны зардалд зориулаад 11,100,000 төгрөгийг миний ... тоот данс руу шилжүүлж өгсөн. Одоо миний зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд сэтгэл санааны хохирол тогтоолгох шаардлагагүй гэж бодож байна, би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” (хавтаст хэргийн 12-13, 16, 19 дэх тал)
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн ах Боын найз нартай хамт явж байгаад аймгийн төвд байх Z бааранд орсон. Тэгээд шөнө 2 цагийн үед байх гарах гэж байтал баарны үүдэнд зодоон болсон, би ямар учраас зодоон болсон талаар мэдэхгүй намайг танихгүй хүмүүс зодоод эхэлсэн. Тэгээд байж байтал Бо ах машинаас намайг авахаар бууж ирэхэд нь нэг жижиг шар залуу цохиод унагачихсан. Тэгээд цагдаа ирээд тараасан. Дараа нь Бо ах нөгөө шүд цохисон залуутай уулзаад миний шүдийг яагаад цохичихсон юм бэ гээд зогсож байсан. Тэгээд цагдаа нар аваад явсан, өөр зүйл болоогүй. Тухайн зодоон маш хурдан болоод өнгөрсөн, юунаас болж зодолдсон талаар нь би мэдэхгүй байна. Би тухайн хүнийг танихгүй Бо ахын шүдийг цохисны дараа нь баарны гадаа байсан хүнээс асуусан чинь Г гэдэг аймгийн залуу байна гэж хэлсэн. Тухайн хүнийг би харвал танина.” (хавтаст хэргийн 30-31 дэх тал)
Гэрч Э.Уу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Z нэртэй бааранд Бо болон түүний дүү Г бид нар 00 цаг өнгөрөөгөөд орсон. Тэгээд 1 шил 0.75 грамм архи захиж уусан. Тэгж байгаад бид нар явахаар болоод баарнаас гарцгаасан. Тэгсэн чинь баарны гадаа хэсэг хүмүүс муудалцаад байгаа бололтой байсан. Тэгэхэд би нэлээн их согтсон байсан болохоор яг юу болоод байгааг ч ойлгоогүй, тэгж байтал Г хажууд ирчихсэн зогсож байсан, тэгтэл цагдаа нар ирсэн. Тэгсэн чинь Бо шүдээ цохиулчихлаа гээд ирсэн, хэнд цохиулсныг нь би мэдээгүй. Тэгээд бид нар цагдаагийн газар дээр ирцгээсэн... Би тухайн үед согтуу байсан болохоор мэдээгүй, сүүлд нь сонсоход Г цохиж шүдийг нь гэмтээсэн гэж өөрөө хэлж байсан.” (хавтаст хэргийн 33 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 480 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Бо-ын биед хоншоор ясны хугарал, баруун дээд 1-р шүдний уналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Б.Боын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 10%-аар тогтонги алдуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна.” (хавтаст хэргийн 37-38 дахь тал)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал)
Хохирол, төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 77 дахь тал)
Эвлэрлийн гэрээ (хавтаст хэргийн 82 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Г-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгч нь маргалдаагүй хүнээ цохисондоо харамсаж байгаа гэх тайлбарыг гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ч.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Z” баарны гадна хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан Б.Боын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж хоншоор ясны хугарал, баруун дээд 1 дүгээр шүдний уналт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бо-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 16, 19 дэх тал), гэрч Б.Г-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал), гэрч Э.Уу-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 480 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бо-ын эрүүл мэндэд хоншоор ясны хугарал, баруун дээд 1-р шүдний уналт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 480 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Ч.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ч.Г-ийн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бо-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ч.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Боын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Б.Бо нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Г миний шүд хийлгэх болон Улаанбаатар хот руу явах ирэх унааны зардалд зориулаад 11,100,000 төгрөгийг миний ... тоот данс руу шилжүүлж өгсөн. Одоо миний зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд сэтгэл санааны хохирол тогтоолгох шаардлагагүй гэж бодож байна, би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” (хавтаст хэргийн 12-13, 16, 19 дэх тал) гэж мэдүүлсэн байх ба энэ нь хохирол, төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 77 дахь тал)-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг, шүүгдэгч нь торгох шийтгэлийг төлөх боломжтой гэх тайлбарыг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 11,100,000 төгрөгийн хохирол, төлбөрийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ч.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-т шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бо-т 11,100,000 (арван нэгэн сая нэг зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Г нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ч-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-т шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бо-т 11,100,000 (арван нэгэн сая нэг зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ