Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/184

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч Х.Ч, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,    

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,          

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Х-ийн Ч-д холбогдох 2428001440236 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.               

Биеийн байцаалт:       

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                               

Шүүгдэгч Х.Ч нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Гурвансайхан гэр хорооллын ... тоот хашаанд болон аймгийн Цагдаагийн газрын гадна талд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан нөхөр С.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.Ч-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Х.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Чихийг нь цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 37 минутын үед салсан хамтран амьдрагч Х.Ч нь намайг Гурвансайхан гэр хорооллын ... тоотод найз Н.Х-ийн хашаанд хамт юм хийлцэж байхад над руу гар утсаараа ярьсан. Намайг 2 хүүхэд хараад өг би Улаанбаатар хот явах гэсэн юм гэхээр нь би 2 хүүхдийн хувцсыг нь Гурвансайхан гэр хорооллын ... тоотод аваад ир гэж хэлсэн чинь Х.Ч ээжтэйгээ хамт ирсэн. Ирээд надаас 500,000 төгрөг өгчих гэхээр нь би чамд мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн хүүхдийн хадгаламжаас мөнгө аваад өгчих гэхээр нь би бүүр тэгж чадахгүй тэр хүүхдүүдэд зарцуулагдах ёстой гэж хэлсэн. Урьд өмнө нь хүүхдүүдийн хадгаламжаас 3,000,000 төгрөг авсан байсан, үүний 2 саяыг нь Х.Ч машин авна гээд өөртөө зарцуулсан. 1,000,000 төгрөгийг нь хүүхдүүдэд нь хувцас авч өгсөн. Намайг мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн чинь намайг хөлөөрөө олон удаа өшиглөж, 2 гараараа цохиж эхэлсэн. Миний хажууд миний найз Х хараад байж байсан, бас Чгийн ээж хажууд байсан. Намайг зодож цохиод байсан. Мөн явахгүй хэрүүл өдөөд байхаар нь би цагдаагийн байгууллага руу явуулах гэж дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаа нар ирээд цагдаагийн газар руу явъя гэж хэлээд Ч, хадам ээж У бид гурвыг авч явсан. Цагдаагийн газрын хүлээн авах газарт намайг Ч гараад ир гадаа гарч уулзъя гээд чирч гудчаад байхаар нь би дагаад цагдаагийн газрын хаалгаар гартал Ч эргэж хараад миний зүүн талын чих рүү гараараа 1 удаа алгадахад миний чих хатгуулж, дүнгэнээд юм сонсохоо байгаад чих маш их өвдсөн. Би цагдаагийн байгууллагад өөрийн гаргасан гомдол, өөрийн мэдээллээ өгөөд аймгийн БОЭТ-ийн чих, хамар, хоолойны тасагт очиж нэг эмэгтэй залуухан эмчид үзүүлэхэд миний чихний хэнгэрэг хагарсан байна гэж миний чихний оношийг миний эрүүл мэндийн картан дээр бичиж өгөөд дусаалга хэрэглээрэй гэж хэлсэн. Тэгээд би Ц гэх эмчийг чихэнд сайн гэхээр нь мөн очиж үзүүлсэн. Ц эгч чиний чих бүлэгнэсэн болохгүй, салхи авхуулж болохгүй, хамраа битүүрүүлж болохгүй шүү гэж хэлсэн. Би Ч-тэй 5 жил хамтран амьдарч байгаад 6 дахь жилийн 2023 оны 12 дугаар сараас эхлэн бид 2 салаад тус тусдаа амьдрах болсон. Дундаасаа 2 хүүхэдтэй. Манай 2 хүүхэд 6, 5 настай... Одоо миний бие зүгээр болсон бөгөөд тухайн үед эмнэлэг дээр очиж зураг авхуулсан, мөн аймгийн төвд Ц гэх эмчид үзүүлж зөвлөгөө авсан.” (хавтаст хэргийн 11-12, 33-38 дахь тал)

Гэрч Н.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд манай найз О руу салсан эхнэр Ч нь утсаар ярьсан. Ярихдаа 2 хүүхдээ үлдээгээд Улаанбаатар хот руу явах болсон талаар ярихад манай найз О хүүхдүүдийн хувцсыг аваад ирээ би харъя гэж хэлээд байгаа газрынхаа хаягийг Ч-д хэлсэн. Ч нь нэг нас ахимаг гэж хэлэхээр эмэгтэй хүнтэй ирдэг. Тухайн дагуулж ирсэн эмэгтэй нь манай найз Оын хадам ээж нь байсан. Ч нь ирээд шууд О-аас 500,000 төгрөг өг гэж хэлэхэд О өгөх боломжгүй гэж хэлэхэд Ч нь О-ыг зодох үйлдэл нь 30 орчим минутын хугацаатай тухайн үйл явдлаа хийгээд байсан. Миний хувьд айл гэрийн маргаан дундуур оролцох бодолгүй хараад ажигласан. О нь Ч-г явуулахын тулд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Ээж нь ч Ч-г боль гэж зөндөө хэлэхэд ээжийнхээ үгийг ч аваагүй. О-ыг зодох цохих үйлдэл үргэлжлээд байсан. Удалгүй цагдаа нар ирээд Ч, О, Ч-гийн ээж нарыг аваад цагдаагийн газар руу цагдаа нар аваад явсан. Би хашаан дотроо үлдсэн... Тэр үед цагдаа нар ирээд О Ч нарыг аваад явсны дараа О над руу утсаар яриад намайг ирээд аваач гэхээр нь би ирж авсан. Тэгэхэд О надад хэлэхдээ сая цагдаагийн гадаа байхад Ч миний чих рүү алгадаад хэнгэрэг сонин болчихлоо гээд бид хоёр шууд эмнэлэгт очиж үзүүлсэн, тэгэхэд чихний хэнгэрэг нь хагарсан байна гэж эмч хэлж байсан.” (хавтаст хэргийн 13-14, 43-44 дэх тал)   

Шүүгдэгч Х.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би О гэх хүнтэй 2017 онд хамтран амьдарч дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Бид хоёр 2022 оны сүүл үеэр салсан. 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би Улаанбаатар хот руу явахаар болж хоёр хүүхдээ О-т харуулж үлдээе гэсэн юм. Тэгээд О-т хоёр хүүхдийн хувцсыг өгөхөөр Оын байгаа газар болох Гурвансайхан хорооллын ... тоотод 13 цаг өнгөрч байх үед ээж Уын хамтаар очсон. Би хүүхдийн хувцаснуудыг өгчихөөд О-т том хүүхдийн хадгаламжаас 500,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхэд О “үгүй, чи янхандаж тэр мөнгөө ол” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд бид хоёр хэрэлдээд би Оын гар руу нь цохиход О гараа зангидаад миний зүүн мөр рүү нэг удаа цохисон. Бас миний шилбэ рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд О-ын хөл рүү өшиглөсөн. Тэгээд намайг явах гэхэд О явуулахгүй гээд машины хаалга дараад байсан. Бид хоёр маргалдаж байтал О цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн алба хаагч ирээд О бид хоёрыг цагдаагийн газар авч ирсэн. О цагдаагийн газарт ирээд орилж хашхираад над руу дайраад байхаар нь би гадаа нь гарсан. Тэгэхэд О ардаас гарч ирээд намайг “гичий янхан чи харж байгаарай чамайг би байхгүй болгоно” гээд байхаар нь би О-ын зүүн чих рүү нь гараараа нэг удаа алгадсан. Тэгэхэд О би юм сонсохгүй байна гээд хашхираад байсан.” (хавтаст хэргийн 40-42 дахь тал)

Шүүгдэгч Х.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би өмнөх гэрчийн мэдүүлэгт бүх зүйлийг үнэн зөвөөр ярьсан надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна.” (хавтаст хэргийн 56 дахь тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “С.О-ын биед зүүн чихний хэнгэргийн цоорол гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” (хавтаст хэргийн 49-50 дахь тал)  

Прокурорын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (хавтаст хэргийн 01 дэх тал)

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 23 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал)

Х.Ч-гийн эзэмшлийн Хаан банкны ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 62-64, 70 дахь тал) 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 75 дахь тал)

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хавтаст хэргийн 76 дахь тал)

Төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 92-93 дахь тал)

Сертификат (хавтаст хэргийн 94 дэх тал).

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.    

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд Х.Ч-гийн гэм буруугийн асуудал, хэргийн зүйлчлэлийн тал дээр өмгөөлөгч миний бие тусгайлан гаргах санал дүгнэлт байхгүй. Улсын яллагчийн ялын дүгнэлтийг бүрэн дэмжиж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж хуульд заасан. Х.Ч-д холбогдох нэг хавтаст хэргийн хүрээнд цугларсан бичгийн нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу авагдсан хууль зөрчөөгүй нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байхгүй. Хэн нэгний эрх ашгийг хохироосон, ноцтойгоор зөрчсөн асуудал байхгүй учраас Х.Ч-гийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд улсын яллагчийн дүгнэлтийг бүрэн дэмжиж оролцож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн хувьд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг,  497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн гэм хор учруулсан этгээд бүрэн хариуцан арилгах үүрэгтэй. Энэ үүргийнх нь хүрээнд С.О-ын хувьд өнөөдрийн байдлаар чихний хэнгэргээ нөхүүлэх мэс ажилбарт ороогүй, яваандаа орно, орох үедээ тухайн үед гарсан эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн байр суурьтай байгаа учраас цаашид эрүүл мэндтэй холбоотой буюу хавтаст хэргийн 49-50 дугаар талд авагдсан 235 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хохирол болох чихний хэнгэргээ нөхөх мэс ажилбар хийлгэх, цаашид гарах эмчилгээний зардлыг нь иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэх хуулийн зарчим байгаа. Сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгч өөрөө хэллээ. Оролцогчид биеэрээ уулзаж ярилцсан байгаа ба энэ талаарх учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэж харилцан тохиролцсон учраас үүнийг шүүхийн шийтгэх тогтоолд дурдаж заалгах хүсэлтэй байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс манай үйлчлүүлэгч хэргийн зүйлчлэл гэм буруу дээр маргаж мэтгэлцэхгүй байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцэх зүйл алга байна. Хэрэг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гарсан. Үүнээс хойш хохирогчийн зүгээс ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэргийн хүрээнд гаргаж өгөөгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийг мөнгөн дүнгээр тогтооно гэж хуульчилсан байдаг. Цаашид  эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай чихний хэнгэргээ нөхүүлнэ гэж байгаа ч үүнтэй холбоотой баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн зүйлгүй. Хагалгаа хийлгэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа учраас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхэд татгалзах зүйлгүй. Мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг бие биеэсээ нэхэмжлэхгүй байх талаар харилцан тохиролцсон байгаа. Хавтаст хэрэгт С.О-ыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол байгаа. Бие биедээ хохирол учруулсан гэж хоёр хэрэг дээр харилцан шүүгдэгч, хохирогчоор явж байгаа. Тийм учраас сэтгэцэд учруулсан гэм хорын хохирол дээр харилцан эвлэрсэн байгаа гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийн байдлаар хохирогч С.О-ын зүгээс хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй байгаа учраас манай үйлчлүүлэгчийг бусдад төлөх төлбөр хохиролгүйд тооцож өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн хувьд О-ын чихийг алгадсандаа харамсаж гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Х.Ч нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Гурвансайхан гэр хорооллын ... тоот хашаанд болон аймгийн Цагдаагийн газрын гадна талд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан нөхөр С.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.   

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Оын мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 33-38 дахь тал), гэрч Н.Х-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 43-44 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.  

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Х.Ч-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.

Шүүгдэгч Х.Ч нь хохирогч С.О-ын биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Х.Ч нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Ч-гийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.                   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн  5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.

Шүүгдэгч Х.Ч, хохирогч С.О нар нь 6 жил хамтран амьдарч байсан, дундаасаа 2 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа бус, өмнө таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, бие махбодод халдаж байсан талаар оролцогчид мэдүүлж байх тул дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэж, шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.     

Иймд шүүгдэгч Х.Ч-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.      

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.             

Шүүгдэгч Х.Ч-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.О-ын биед зүүн чихний хэнгэргийн цоорол бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь шүүхэд хандан “Х.Ч-тэй харилцан тохиролцож сэтгэцэд учирсан хор уршгийг бие биеэсээ нэхэмжлэхгүй байхаар эвлэрсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлснээс гадна шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан мэдүүлэг, дүгнэлтээр давхар нотлогдож байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч С.О нь гэмт хэргийн улмаас учирсан зүүн чихний хэнгэргийн цоорол бүхий гэмтлийг эмчлүүлээгүй, цаашид мэс ажилбар хийлгэх шаардлагатай нөхцөл байдлыг харгалзан эмчилгээтэй холбоотой гарах төлбөрийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэн хохирогч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэлтэй холбоотойгоор эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.        

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.       

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх тухай дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч нь шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар хэлэх зүйл байхгүй гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс манай үйлчлүүлэгчийн хувьд бага насны 2 хүүхдээ харж хандаж хажуугаар нь гоо сайханчаар ажилладаг. С.О-ын бие эрх чөлөөнд халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцэх зүйлгүй. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү. Энэ хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн сонгох ялтай. Бага насны 2 хүүхэдтэй учраас нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зохимжгүй байна. Тийм учраас торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн хувьд би 2 хүүхдээ харахын хажуугаар сормуус хийдэг. Энэ байдлыг харгалзан үзэж торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг учраас төлж чадна гэх тайлбарыг тус тус гаргав.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.           

Шүүгдэгч Х.Ч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүхээс шүүгдэгч Х.Ч-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.         

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-д шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.   

Бусад асуудлаар.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг флашийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.

Шүүгдэгч Х.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.О хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овгийн Х-ийн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Шүүгдэгч Х.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-д шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр даалгасугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг флашийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

6. Шүүгдэгч Х.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.О хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.                     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.               

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

                                                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ