Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 110/ШШ2022/0051

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Х.Х, Х.Х

              Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.С

              Хариуцагч: Төрийн байгууллага

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.А

              Гуравдагч этгээд: М.А  нарын хоорондох “Сагсай сумын ...  багт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагыг 2015 онд “Р” шашны байгууллага оноосон нэрээр, ....  тоот улсын бүртгэлийн дугаар, .... регистрээр улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгчийн шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох” тухай маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, түүний өмгөөлөгч Х.Бакен, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, гуравдагч этгээд М.А, түүний өмгөөлөгч С.Алтай,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

             1. Нэхэмжлэгч Х.Х, Х.Х  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С тус шүүхэд Сагсай сумын ...  багт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагыг 2015 онд “Р” шашны байгууллага оноосон нэрээр, .... тоот улсын бүртгэлийн дугаар, .... регистрээр улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгчийн шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

               2.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэсний дагуу  дээрх  хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар  шууд шүүхэд хандсан.

               3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

 

3.1. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Х гэх газар байршилтай “Р” сүм хийд нь  нь 2014 онд АНУ-ын Орегон мужийн Портланд хотын Исламын Нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.С.А-ийн  хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон. Ж.С.А  нь 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн зөвшөөрлөөр тус сүм хийдийн барилгыг өмчлөх, эзэмших, үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... багт оршин суух Х.Х, Х.Х  нарт олгосон байна.

3.2. Х.Х, Х.Х нар нь тэнд байнга үйл ажиллагаа явуулах боломжгүй учир 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хамтран ажиллах гэрээгээр Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн Д Холбоонд эзэмшүүлэхээр болсон. Тус холбооноос мешитийг /сүм хийдийг/ улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох материалуудаа бүрдүүлж, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаар тогтоолоор шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан. Мөн дээрх зөвшөөрлийг үндэслэн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч С.А хандахад, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сагсай сумын .... багт үйл ажиллагаа явуулдаг "Р” шашны байгууллагыг 2015 онд “Р” шашны байгууллага оноосон нэрээр улсын бүртгэлд бүртгүүлж ..... улсын бүртгэлийн дугаартай, ..... регистртэй гэрчилгээ авсан байх тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан.

Үүний дараа 2015 онд “Р” шашны байгууллага бүртгүүлсэн байдлыг судалж үзэхэд, М холбооны зүгээс “Р”-ийг “Р “нэрээр Х.Х, Х.Х нарын зөвшөөрөлгүйгээр бүртгүүлсэн байна.

3.3. Х.Х, Х.Х нараас энэ асуудлыг тодруулж мэдсэний дараа “Р” шашны байгууллагыг улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Т.З хандахад, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1518 дугаартай албан бичгээр шашны байгууллагатай холбоотой асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгчээ.

3.4. “Р” шашны байгууллагыг Х.Х, Х.Х нарын зөвшөөрөлгүйгээр “Р” нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хууль бус бөгөөд үүнээс болж Х.Х, Х.Х нарын хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна.

3.5. Иймд энэ нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Сагсай сумын .... багт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагыг 2015 онд “Р" шашны байгууллага оноосон нэрээр, ..... тоот улсын бүртгэлийн дугаар, .... регистрээр улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгчийн шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

4.1. Нэгдүгээрт үүсгэн байгуулахтай холбоотой тайлбараа гаргая. Хавтаст хэргийн 46-51 дүгээр талуудад үүсгэн байгуулахтай холбоотой материалууд авагдсан. Тухайн нотлох баримтуудаас харвал үүсгэн байгуулах процесс нь хуулийн дагуу явагдсан эсэх нь эргэлзээтэй. Тус баримтуудад авагдсан хүмүүсийн гарын үсгүүд нь өөр, өөр хэлбэртэй байна. Үүсгэн байгуулах хуралд оролцсон гэгдэх Ш.Ө гэрчийн мэдүүлэг өгөхдөө хуралд оролцоогүй тухай мэдүүлдэг. Мөн гуравдагч этгээд М.А гуай бас тухайн хуралд оролцоогүй. Иймд улсын бүртгэлийн байгууллагаас улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой холбогдох нотлох баримтуудыг зохих журмын дагуу шалгах байсан.  

4.2. Үүсгэн байгуулагчийн тэмдэглэлээс үзэхэд, Сагсай сумын .... багийн иргэдийн хандив, тусламжаар шашны байгууллага байгуулна хэмээх утга санаатай байна. Гэтэл тухайн тэмдэглэлд АНУ-ын иргэн Ж.С.А  хөрөнгөөр баригдсан сүм, барилга болох тухай огт дурдагдаагүй. Тийм учраас энэ асуудлыг тодорхой хэмжээнд анхаарч үзэх ёстой.

4.3. “Р” гэдэг нэрийг Ж.С.А өгсөн. Гэтэл тухайн нэрийг Р болгож өөрчилсөн бөгөөд энэ тухай үзлэгийн тэмдэглэлд тодорхой байгаа. Тус барилга нь 2014 онд баригдсан, үүний дараа 2015 онд Ж.С.А ирж Х.Х, Х.Х нарт зөвшөөрөл олгосон. Харин А гуайд уг сүмийг ажиллуулах эсхүл улсын бүртгэлд бүртгүүлэх тухай ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй.

4.4. Мөн газар эзэмших гэрчилгээний тухай яригдаж байгаа. Тус барилгын байгаа газар нь тусгай хамгаалалтад хамаардаг учраас тус газарт газар эзэмших гэрчилгээ олгогддоггүй.  Мөн 7 жилийн хугацаанд яагаад улсын бүртгэлд бүртгүүлээгүй тухай гуравдагч этгээд тал дурдаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д "улсын бүртгэл" гэж эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг” хэлнэ гэж зохицуулж өгсөн. Улсын бүртгэлийг хийхэд тодорхой зарчим бий. Энэ тухай тус хуулийн 4 дүгээр зүйлд 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж тус тус зохицуулж өгсөн. Нотлох баримт нь гэвэл тухайн үед бариулсан сүмийн барилга байна. Улсын бүртгэлийг тухайн үед хийхэд холбогдох нотлох баримтуудыг бүрэн хангуулан аваагүй гэдэг нь харагдаж байна. Улсын бүртгэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэх процессыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж зааж өгсөн. Харин эд хөрөнгийн улсын бүртгэл болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай тус хуулийн 7 дугаар зүйлд зохицуулж өгсөн. Энэ хүрээнд Захиргааны хэргийн шүүхээс уг маргааныг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Тийм учраас хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтуудыг үндэслээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

            5. 1. Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч С.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            5.1. Тус аймгийн Өлгий сумын .... багийн оршин суугч Х.Х, Х.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С танай шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан асуудлыг хуулийн дагуу хянан үзэж дараах тайлбарыг өгч байна. Үүнд:

            Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаар тогтоолоор шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон Сагсай сумын .... багт үйл ажиллагаа явуулдаг “Р” шашны байгууллага нь аймгийн ИТХ-Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар тогтоолоор холбогдох зөвшөөрөл олгосны дагуу “Р” шашны байгууллага гэсэн оноосон нэрээр .... тоот улсын бүртгэлийн дугаар, ... регистрээр 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

5.2. “Р” шашны байгууллагыг 2021 оны 5 дугаар сард шинээр бүртгүүлэхээр хүсэлт гаргах үед тус хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч миний бие Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 дахь заалтыг үндэслэн “Р” шашны байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах шийдвэрийг 2021 оны 05  дугаар сарын 13-ны өдөр гаргасан болно.

5.3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно” гэж заасан тул “Р” шашны байгууллагыг улсын бүртгэлд бүртгэх боломжгүй байна.

5.4. Мөн Монголын Ислам шашинтны М холбооноос 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/5 тоотоор Сагсай сумын .... багт үйл ажиллагаа явуулж буй “Р” нь тус холбоонд харьяалагдан үйл ажиллагаа явуулж байгаа тул дээрх тогтоолоор шинээр гэрчилгээ олгохгүй байх тухай тус Хэлтэст хүсэлт ирүүлсэн болно.

5.5. Иймд тус сүм хийдийг анх бариулсан гэх Х.Х, Х.Х нар болон тухайн үед бүртгэлд бүртгүүлсэн Монголын Ислам шашинтны М холбоо хоорондоо маргаантай байгаа тул тус шашны байгууллагатай холбоотой асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн  шүүхэд өмнө өгсөн тайлбараа дэмжиж байна.

5.6 Нэмж тайлбарлахад, нэхэмжлэгч нар 2014 онд сүм хийдийн  барилгыг барьсан гэж байгаа. Гэхдээ 2015 онд Монголын Мусульман Шашинтны М холбоо улсын бүртгэлд тухайн барилгыг “Р” нэрээр бүртгүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нарын хувьд 2014 онд бариулсан барилга 2021 онд бүртгүүлэхээр Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан нь өөрөө асуудалтай.

Учир нь, нэхэмжлэгч нар энэ хугацаанд сүм хийдийн  үйл ажиллагаатай холбоотой байсан эсэх нь тодорхой биш. Гэтэл нэг л өдөр гарч ирээд тухайн шашны холбоодын үйл ойлголцсон асуудал, хоорондын таарамжгүй асуудлаас болж тухайн барилгыг өөр шашны холбоонд өгөхөөр болж тохиролцож, мөн манай байгууллагад хандахгүйгээр шууд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  оруулан хэлэлцүүлж байгаа нь өөрөө зөрчилтэй байна. Мөн дахин хэлэхэд, нэхэмжлэгчийн зүгээс 7 жилийн дараа Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандаж байгаа нь өөрөө тодорхой бус байна гэв.

 

6. Гуравдагч этгээд М.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1. Нэхэмжлэгч Н.С нэхэмжлэлийн шаардлагад тусгасан “Р”-ийн үйл ажиллагаа нь тогтмол явагдаж байгаа .... тоот улсын бүртгэлийн дугаар .... регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох талаар гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

6.2. Тус “Р” нь 2014 оны 9 дүгээр сарын 14,15-ны өдөр нээлтийн ажиллагаа хийж, улмаар аймгийн ИТХ-ын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар тогтоолоор зөвшөөрөл гарч, .... улсын бүртгэлийн дугаартай үйл ажиллагаа явуулах гэрчилгээ авснаараа хуулийн дагуу мөн өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл үйл ажиллагаа нь тогтмол явагдаж ирсэн.

6.3. Гэвч 2019 оны 11 дүгээр сарын дундуур М.А би Улаанбаатар хотод ажлаар явж байхад тус сүм хийдийн /лам/ имамаар ажиллаж байсан Ш.Ө нь над руу утсаар холбогдож “Мусульманы нийгэмлэгүүдийн холбооны тэргүүн Х.Б шийдвэрээр тус холбооны Н.С намайг ажлаас чөлөөлж, сүм хийдийн  тэргүүнээр өөр хүн томилохоор болсон” гэж мэдэгдэв. Тухайн үед би Ш.Ө “Та манай холбооны шийдвэрээр томилогдсон хүн шүү дээ. Тэд чамайг ажлаас чинь өөрчлөх ёсгүй, тэд манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй, хэрвээ чиний ажилд оролцох юм бол шүүхэд хандаарай” гэж зөвлөсөн. Түүнээс хойш би эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хотод 12 дугаар сарын 10 хүртэл байгаад ирээд Ш.Ө дуудан уулзаж, ямар шалтгаанаар чиний ажилд оролцож, ажлаас чөлөөлнө” гэсэн талаар асуухад “Р”-ийг Х.Х манай байгууллагад өгсөн, одоо чи ажиллах боломжгүй, бид өөрийн хүнийг ажиллуулна” гэсэн хариу өгсөн гэлээ.

Түүний дараа Х.Х руу хэд хэдэн удаа утсаар залгасан боловч Улаанбаатар хотод байгаа гээд нээх их юм ярихгүй болохоор нь аав нь болох Х.Х гуайтай утсаар ярьж, “танай хүүхэд тус сүм хийдийг барихаас өмнө манай байгууллагад хандаж, сүм хийдийн зураг гаргуулан авсан ба дараа нь манай байгууллагад хүлээлгэн өгч нээлтийн үйл ажиллагааг би өөрийн биеэрээ очиж хийж байсан. Одоо юу нь болохгүй байгаа юм бэ? Та Х.Х хэлж өгөөч” гэж хүссэн. Тухайн үед Х.Х “За ойлголоо. Тэгье” гэсэн.  

6.4. Түүний дараа би сүм хийдийн хөрөнгө оруулагч АНУ-ын иргэнийг Монголд дагуулж ирсэн Х.Х гуайн Америк улсад амьдардаг хүү Х.Е фейсбүүкээр холбогдож, бүх учир шалтгааныг танилцуулсан ба “нэгэнт үйл ажиллагаа нь явагдаж байгаа учир сүм хийдийн үйл ажиллагааг хэвийн явуулъя. Та үүнийг Х.Х ойлгуулаарай. Хөрөнгө оруулагч хүмүүст ч хэлээрэй” гэсэн. Е тухайн үед “Ойлголоо, ахдаа хэлье, болохгүй юм байхгүй” гэж хариу өгсөн.

6.5. Түүний дараа нэг их удалгүй Х.Х руу манай байгууллагын нарийн бичиг О.Е явуулахад “Би Б-тэй  4 сар гэрээ хийсэн, гэрээ дуусангуут танай байгууллагад буцааж өгөх болно” гэсэн боловч үг дуугүй алга болсон.

6.6. Дараа нь 2019 оны эцсээр ковидоос болоод карантин эхэлсэнтэй холбогдуулан бид ч их ажил хөөцөлдөөгүй байхад 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаар тогтоолоор аймгийн ИТХ зарим нэгэн сүм хийдийн  үйл ажиллагаа явуулах, Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тогтоол гаргасныг мэдмэгц Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч С.А хандаж “тус тогтоолд тусгагдсан шашны байгууллагуудын дотроос “Р”-ийн гэрчилгээ 2015 онд гарсан, одоо манай байгууллагад байгаа учраас давхар гэрчилгээ гаргавал бид хуулийн байгууллагад хандах болно” гэж тус сүм хийдийн зарим бичиг баримтыг гаргаж өгсөн.

6.7. Үүнээс хойш би аймгийн ИТХ-ын олон нийтийн байгууллагуудыг хариуцдаг ажилтан Б.А гуайд хандаж уг тогтоолыг хүчингүй болгож өгөх талаар асуухад “тогтоол гараад хоёр сар болж байгаа, та нэгэнт Улсын бүртгэлийн газарт хандсан бол одоо уг тогтоол хүчингүй гэсэн уг буюу УБ-ийн хэлтэс гэрчилгээ гаргаагүй тохиолдолд Мусульманы нийгэмлэгүүдийн холбоо 14 хоногийн дотор хуулийн байгууллагад хандах ёстой, эс тэгвэл тогтоол хүчингүй гэсэн үг, та битгий санаа зов” гэж хариулж байсан.

6.8. Үүнээс хойш бид уг асуудлыг хөндөөгүй байсан ба тус сүм хийдийн тухай 6 дугаар багийн сүсэгтэн иргэдтэй хэд хэдэн удаа хурал хийж уулзах гэсэн боловч ковидын улмаас гарсан аймгийн онцгой байдлын комиссын шийдвэрийг хүндлэн хурал зохион байгуулаагүй. Саяхан 12 дугаар сараас шашны үйл ажиллагааг зөвшөөрсөн ч тус багийн иргэд Сагсай сумын ...  гэдэг газарт өвөлждөг учир уулзалт хурал хийх боломжгүй байгаа, бид одоо хавар тус багийн иргэдийн мал төллөж дууссаны дараа 5 дугаар сарын сүүлээр 6 дугаар багийн төвд иргэдтэй уулзалт зохион байгуулж ламыг /имам/ шинээр томилохоор төлөвлөсөн болно.

6.9. Иймд шүүх энэхүү хэргийн объект,  субъект талыг ч бас авч үзэх нь зүйтэй. Хэрвээ тухайн үед тус багт огт  сүм хийд  байгаагүй бол аялагч иргэн Ж сүм хийд барих санаа төрөх ч үгүй, харин барих сонирхолтой байсан ч гэсэн хил хязгаарын газарт биш хүн амь ихээр төвлөрсөн аймаг сумуудын төвд бариулж болох байсан. Тус газарт “Р”-ээс өмнө 1995-1996 онуудад багийн сүсэгтэн иргэдийн хүсэлтээр Сагсай сумын иргэн Д.Х, М.А бид хоёрын зохион байгуулалтаар тус багийн уугуул иргэн Асан М.А гэдэг хүний нэрэмжит сүм хийдийг байгуулж байсан түүхтэй. Тэр үед уг сүм хийд  нь зөвхөн зуны улиралд мөргөл үйлдэх зориулалтаар ажиллаж байсан. Дараа нь жилийн турш ажиллуулах тухай тус багийн сүсэгтэн иргэдийн саналаар сүм хийдийн ламаар /имам/ 2009 онд Турк улсаас бидний дэмжлэгээр шашны курс төгсөж ирсэн Ш.Ө томилж, цалин хөлсийг М холбооноос олгож ирсэн ба 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Аймгийн ИТХ-д материал оруулж 41 дүгээр тогтоол гарч улмаар сүм хийдийг шинээр барих төлөвлөгөөтэй байх үед тэр жилийн зуны цагт аймгийн үзэсгэлэнт газруудаар аялж явсан Америк Улсын иргэн тус сүм хийдэд зочилж, танилцаж “би энэ сүм хийдийг шинээр барьж өгье гэхдээ удирдах шашны байгууллагын зөвшөөрөх эсэх”-ийг асуухаар нь бид дуртай зөвшөөрсөн юм. Бид уг аялагч иргэний хэлмэрч С.А  харилцаж саналаа уламжилж, дараагаар нь Хабайн Е сүм хийдийн зургийн схемийг гаргаж өгч байсан.  2011-2013 оны хооронд Америк иргэн Ж нь X.Е дамжуулан Х.Х тус сүм хийдийг барих хөрөнгө шийдвэрлэн өгч бидэнд буян болгож байсан юм.

6.10. Тухайн үед бид Америк Улсын иргэн Ж.С.А нь хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсныг сонирхохгүй, 2014 оны 9 дүгээр сарын 14-ний үеэр уг сүм хийдийн барилга баригдаж дууслаа хүлээж аваарай, нээлтийн ажиллагаа хийгээрэй гэсэн, мешит барьсан компанийн захирал Х.Х хүсэлтээр бид Өлгийгөөс М Холбооны гишүүд болох Б.Н , "М.З” сонины эрхлэгч талийгаач Р.А, Т.Н, холбооны тэргүүн миний бие зэрэг хүмүүс очиж .... багийн сүсэгтэн иргэдтэй хамт сүм хийдийг хүлээн авч нээлтийн ажиллагаа хийж байсан.  Нээлтийн үйл ажиллагааны тухай 2014 оны “М.З” сонины 9 дүгээр сард гарсан дугаарт нийтлэгдсэнийг Улсын бүртгэлийн газарт өгсөн материалд хавсаргасан. Би яг тэр нээлтийн үеэр Х-д баяр хүргэж, одоо уг сүм хийдийн үйл ажиллагааг явуулахын тулд ИТХ-ын зөвшөөрөл авах ба уг тогтоолыг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах учраас та сүм хийдийн тэргүүлэгчээр ор, бидэнд иргэний үнэмлэхийн хуулбарыг авчирч өгөөрэй, бид материал бүрдүүлнэ гэж хүсэлт тавихаар Холганат нь “би шашны үйл ажиллагаанд оролцох сонирхолгүй та нар зөвшөөрлөө өөрсдөө аваарай” гэсэн хариу өгсөн болохоор бид М холбооноос 5 хүний бүрэлдэхүүнтэй хурал хийж, тэргүүлэгчдийн дотроос холбогдох байгууллагуудад тайлан өгч байх үүднээс     С.М тэргүүнээр томилж, шашны үйл ажиллагааг тус багийн иргэдийн дүнд тогтмол явуулж байх үүднээс Ш.Ө ламаар /имам/  тус тус томилж байсан юм.  

6.11. “Р”ийн байршилтай газар нь тусгай хамгаалалттай газар учраас Аймгийн тусгай хамгаалалтын газрын С.М болон Сагсай сумын Засаг дарга С.Х тус газарт сүсэгтэн олны хүсэлтээр шашны үйл ажиллагаа явуулахаар 2030 он хүртэл гурвалсан гэрээ байгуулан зөвшөөрөл авсан юм. Уг газрын гэрчилгээг бас улсын бүртгэлийн газарт тухайн үед холбогдох материалуудтай хамт өгсөн болно.

Тус сүм хийдийн үйл ажиллагааг хэвийн явуулахад бид он удаан жил хөрөнгө мөнгөө, цаг хугацаагаа гарган санаа тавьж, ажиллаж байхад тус багийн иргэдэд нэг ч удаа уулзаж байгаагүй Мусульманы нийгэмлэгийнхэн гэнэт сэрж орж ирээд урьдахын адил энэ танайх биш, манайх болно гэж байгаад гайхаж байгаа ба удаа дараа зар гаргасанд сэжиг төрж байна. Үүний дараа нэхэмжлэгч болох Н.С, Х.Б нарын ашиг сонирхлын асуудал байгаа нь ил харагдаж байна. Тэд үүнээс өмнө өөрсдөө ямар ч үйл ажиллагаа явуулаагүй атлаа 2019 онд Баяннуур сумын цагаан арал багт ч 15 жил манай холбооны харьяанд байсан Х  сүм хийдийн лам /имам/ О.М мөн зальтай аргаар ажлаас нь өвлийн хөхөө хүйтэнд гаргаж хохироож байсан түүхтэй юм. Үүний ард мөн адил ашиг сонирхлын асуудал байсан. Хэрэв энэ удаад асуудал нэхэмжлэх эрхгүй талд шийдэгдвэл бид тэр сүм хийдэд шингээсэн хөдөлмөр, ажилласан хүнд олгосон он удаан жилийн цалин хөлсөө нэхэх ба тус багт өөрсдөө урьд байсан А сүм хийдийг сэргээн барьж ажиллуулах болно. Энэ асуудлыг А сүм хийдийг анхны үүсгэн байгуулагчид Д.Х,  О.Ш, Д.М, А.Х, А.Ы, X.С, Ш.Г, С.М, А.Б, А, Ж.Х, Д.Б, Ж.А, X.К зэрэг олон хүн дэмжиж байгааг энэ дашрамд мэдэгдье.

6.12. Иймд Н.С гаргасан ямар ч үндэслэлгүй нэхэмжлэлийг хуулийн дагуу хүчингүй болгохыг хүсье. Харин ч бид Х.Х, Х.Х нартай эвлэрэн, тэргүүлэгчээр орж ажиллах санал нээлттэй байгааг дахин санал болгож байна.

6.13. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа Н.С нь хувь хүн байтал бүхэл бүтэн холбоог төлөөлөөд шүүх хуралдаанд оролцох,  шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Х.Х, Х.Х нар нь маргаан бүхий сүм хийдийг  урьд нь Монголын Мусульман Шашинтны М холбоонд хүлээлгэж өгчхөөд өнөөдөр дахин өөр хүнтэй хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, шүүхэд хандаж байгаа явдалд нь гомдолтой байна.

6.14. Сүм хийдийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Монголын Мусулманы Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Х.Б нь уламжлан гаргах ёстой байсан атлаа Монголын Мусульман Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Х.Б хандахгүйгээр шууд улсын бүртгэлд хандаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.

Тухайн үед Сагсай сумын .... багт байрлах сүм хийдийг  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэсэн болохоос биш намайг хараад бүртгээгүй. Тухайн гэрчилгээг өнөөдрийн хариуцагч С.А биш өмнөх улсын бүртгэгч Б.С нь бүртгээд олгож байсан.

 Иймд тус бүртгэл нь хуулийн дагуу хийгдсэн бөгөөд түүнийг хүчингүй болгох үндэслэлгүй,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна  гэв.  

 

7. Гуравдагч этгээд М.А өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1. Улсын бүртгэлд хуулийн этгээдийг бүртгүүлэх үйл ажиллагаа Монгол Улсын хууль, журмын хүрээнд явагдсан байна. Өөрөөр хэлбэл, А сүм хийд нь нутгийн иргэдийн хүсэл, итгэл үнэмшил, хандив тусламжаар 1996 онд байгуулагдаж, тухайн үеэс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тухайн  сүм хийдийг анх байгуулахад, үйл ажиллагаа явуулахад их нөлөө үзүүлсэн лам А гэдэг хүний нэрээр нэрлэх болжээ. Тухайн үед улсын бүртгэлд бүртгүүлэх тухай асуудал байгаагүй. Харин 2011 оноос Монголын Мусульман Шашинтны М холбооны тэргүүн М.А хариуцан ажиллахаар болж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулаад А нэрээр анх бүртгүүлж байсан. Харин эсрэгээр уг сүм хийдтэй холбоотой, нэхэмжлэгч нартай холбоотой ямар нэгэн бичиг баримт өнөөдөр хүртэл огт гараагүй, хавтаст хэрэгт байхгүй.

7.2. Харин сүүлд барилга нь шинээр баригдсанаас хойш оролцоод байгаа. Манай улсаар аялаад явж байсан Ж.С.А тус сүм хийдийн барилга нь хуучирсныг хараад хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн хүний орчуулагчаар ажиллаж байсан Х.Х хүүхдээр дамжуулан хөрөнгө оруулалтаа хийсэн байдаг. Ингээд тус сүм хийд нь баригдаад, үйл ажиллагааг явуулаад, улсын бүртгэлд бүртгүүлсний дараа олон жилийн дараа хөрөнгө оруулагчаар итгэмжлэл авсан хэмээн нэхэмжлэгч нар маргаж байна.

 7.2. Гуравдагч этгээд нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандахад холбогдох бүх баримтуудаа гаргаж өгсөн ба эдгээр баримтууд нь хуулийн хүрээнд хийгдсэн учир улсын бүртгэлийн байгууллага бүртгэж авч тус сүм хийд нь Р нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх ямар ч хууль эрх зүйн боломж үгүй. Нэгдүгээрт хөрөнгө оруулагч Ж.С.А нь аяллаар явж байгаад сайн дурын үндсэн дээр тусалсан. Ингээд тус сүм хийдийг  Ж.С.А  баярлалаа гэсэн утга агуулгатай “Р” нэрээр бүртгүүлэн нэрлэсэн. Тухайн “Р “нэрээр нэрлэх үйл явцад ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Тэгэхээр тус Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэсэн гэрчилгээд ямар нэгэн буруу, зөрчил байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс  нь судалж, үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн  “Сагсай сумын .... багт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагыг 2015 онд “Р” шашны байгууллага оноосон нэрээр, .... тоот улсын бүртгэлийн дугаар, ... регистрээр улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгчийн шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчид нь  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... маргаж буй  сүм хийдийг  анх АНУ-ын иргэн Ж.С.А  хөрөнгө оруулалтаар барьсан, улмаар уг сүм хийдийн өмчлөх, эзэмших,  үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулах зөвшөөрлийг бидэнд олгосон байхад Монголын М холбооноос уг сүм хийдийн  үйл ажиллагааг явуулахаар өөрсдийгөө үүсгэн байгуулагч гэж мэдүүлэн нэхэмжлэгчдийн зөвшөөрөлгүйгээр улсын бүртгэлд  бүртгүүлсэн” гэж, хариуцагч нь “ ... нэхэмжлэгчдээс улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн “Р” сүм хийд  нь 2015 оны  5 дугаар сарын 20-ны өдөр “Р” шашны байгууллага оноосон нэрээр .... тоот улсын бүртгэлийн дугаар, .... регистрээр 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг шашны байгууллагыг давхар бүртгэх боломжгүй, хоёр шашны  байгууллагын хоорондын маргааны асуудлыг  шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэж, гуравдагч этгээд нь “...Сагсай сумын ... багийн иргэдийн хүсэлтээр  1995-1996 онуудад иргэн Д.Х, М.А бид хоёр “А” нэртэй сүм хийд барьсан,  уг сүм хийдэд  сүсэгтэн хүмүүс зөвхөн зуны улиралд мөргөл үйлддэг байсан, уг сүм хийдийг ажиллуулах эрхийг М холбооноос Ш.Ө олгож, цалинжуулж байсан, 2014 онд  АНУ-ын иргэний  Ж.С.А хөрөнгө оруулалтаар сүм хийдийн шинэ барилгыг  нэхэмжлэгч Х.Х барилгын компани барьсан, түүний хүсэлтээр миний бие уг сүм хийдийн нээлтийн ажиллагаанд оролцсон ба тухайн үед  Х.Х нь “ сүм ажиллуулах зөвшөөрлийг өөрсдөө аваарай” гэж хэлсэн тул Муфтият холбооноос 5 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, тэргүүнээр С.М томилж, уг сүм хийдэд Ш.Ө ламаар /имам/ үргэлжлүүлэн ажиллуулж, М холбооноос цалинжуулж ирсэн. Сүмийн байрших газрын  зөвшөөрлийг тусгай хамгаалалттай газар тул гурвалсан гэрээгээр авсан, улсын бүртгэлд хуулийн дагуу бүртгүүлсэн, анхнаасаа “А” сүм хийдийн  оронд баригдсан тул М холбооны шашны байгууллага ” гэж тайлбарлажээ.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ... багт байршилтай “Р” нэртэй сүм хийдийн барилгыг  2014 онд  АНУ-ын Портланд хотын Исламын Нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.С.А санаачилга, хөрөнгө оруулалтаар нэхэмжлэгч Х.Х  барьж дуусгасан нь, 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Ж.С.А нь нэхэмжлэгчдэд уг сүм хийдийн барилгыг өмчлөх, эзэмших, үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих зөвшөөрөл олгосон нь,  Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн  20 дугаар тогтоолын 1 дэх хэсгээр Сагсай сумын .... багт “Рахман” нэртэй хийд байгуулахыг зөвшөөрч, 2 дах хэсгээр сүм хийдийг зохих журмын дагуу бүртгүүлж, ажиллуулахыг Монголын Ислам М холбооны тэргүүн М.А зөвлөсөн нь, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр М.А, Б.Н, М.С, Ш.Ө, С.М нар нь  сүм хийдийн үүсгэн байгуулагчдын хуралдааныг хийж, шашны байгууллагын дүрмийг баталж,  бичиг баримтуудыг бүрдүүлж аймгийн Улсын  бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандсанаар эрх бүхий байгууллагаас  2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Р” оноосон нэрээр, .... улсын бүртгэлийн дугаартай, ... регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

4. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-т “Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Олгосон зөвшөөрлийг үндэслэн сүм хийдийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ” гэж,  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 8 дугаар зүйлийн 8.1-т “Улсын бүртгэлийн байгууллага дараах хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэнэ”, 8.1.7-д “шашны байгууллага”  15 дугаар зүйлийн 15.1-т “Өргөдөл гаргагч шинээр байгуулсан хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана”, 16 дугаар зүйлийн 16.1-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно”,  16.1.2-т “хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч”,  16.1.5-т “итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд” гэж тус тус заажээ.

5. Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд,  сүм хийд байгуулах хүсэлттэй иргэдээс гаргасан  өргөдөл болон  сүм хийдийн дүрмийн хамт  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцээд шийдвэр гаргаж, уг шийдвэрийг үндэслэж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны байгууллага бүртгэх ба бүртгүүлэхээр өргөдөл гаргах эрх бүхий этгээд нь тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, эсхүл үүсгэн байгуулагчийн итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд байхаар хуульчилжээ.

6. “Р” сүм хийдийн үүсгэн байгуулагч нь АНУ-ын иргэн Ж.С.А болох нь хэрэгт авагдсан гэрч У.Х, С.Е, Ш.Ө нарын мэдүүлгээр болон тухайн сүм хийдэд  шүүхээс хийсэн  үзлэгийн тэмдэглэл дэх сүм хийдийн хаягжуулалтаар тус тус тогтоогдож байгаа бөгөөд  энэ сүм хийдийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргах эрх бүхий этгээд нь   АНУ-ын иргэн Ж.С.А эсхүл түүний итгэмжлэл /зөвшөөрөл/ олгосон этгээдүүд буюу  нэхэмжлэгчид байхаар  байна.

7. Гэтэл энэ маргааны хувьд,  “Р” сүм хийдийн дүрмийг батлахаас өмнө  2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь  иргэдийн сүм хийд байгуулах  тухай зөвхөн өргөдлийг үндэслэж   шийдвэрийг гаргасан байх ба  хуульд заасан “... иргэдийн өргөдөл болон дүрмийн хамт” гэх  шаардлагыг    зөрчжээ.

8. Тодруулбал, улсын бүртгэгч нь анх өргөдөл гаргагчдын бичиг баримтуудын үнэн зөв эсэхийг хянахгүйгээр   дээрх зөрчилтэй шийдвэрийг болон  тухайн  сүм хийдийг    улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргах  эрхгүй этгээдүүдийн  өргөдлийг хүлээн авч “Рахман мешит” сүм хийдийг улсын бүртгэлд бүртгэсэн  нь тухайн үед үйлчилж байсан  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 3 дугаар зүйлийн  3.1.4-т заасан “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 3.1.5-т заасан ”нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэсэн  улсын бүртгэлийн  зарчмыг алдагдуулж, мөн улсын бүртгэгчийн үүргийг хуульчилсан  хуулийн  11 дүгээр зүйлийн 11.5.1-т заасан “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 11.5.2-т заасан “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”,11.5.3-т заасан “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” заалтуудыг тус тус зөрчсөн  байна.

9. Иймд дээрх үндэслэлүүдээр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн  2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ....  дугаартай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр  нь,  “Р” шашны байгууллагад олгогдсон .... тоот улсын бүртгэлийн дугаар, .... регистртэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь тус тус хууль бус,  үүний улмаас нэхэмжлэгчдийн “Р” сүм хийдийг улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.2, 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, 16.1.5-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч С.А холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн  2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн .... дугаартай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр,  “Р” шашны байгууллагад олгогдсон .... тоот улсын бүртгэлийн дугаартай, .... регистртэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай..

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          З.ГҮЛБАРША