Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/37

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                         Прокурор Д.Алимаа /цахим сүлжээгээр/

                                                         Шүүгдэгч А.Э

                                                         Шүүгдэгч Д.Я

                                                         Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цогтбаяр

                                                          Нарийн бичгийн дарга  Б.Болортуяа нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор А.Э, Д.Я нарт холбогдох эрүүгийн 2026000580050 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овгийн А.Э

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Жан Тайж овгийн Д.Я

 

А.Э, Д.Я нар нь бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 12 дугаар сард өөрийн байгууллагын ажилчдын цалингийн урамшуулал олгох жагсаалтыг Соёлын төвийн дарга АЭ-н нэр бүхий хуурамчаар үйлдсэн жагсаалтаар сольж, мөнгийг А.Э-н дансаар авч өөрсөддөө давуу байдал олгосон,

Мөн А.Э, Д.Я нар нь бүлэглэн тус сумын Соёлын төвийн ажилчдад урамшуулал олгох ажилчдын нэрстэй тус сумын Төрийн сангийн тэмдэг бүхий жагсаалтыг буюу эрх олгосон баримт бичгийг сольж А.Э-н нэр бүхий жагсаалтыг хуурамчаар үйлдэн Төрийн банкинд өгч урамшууллын мөнгийг авсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тэдний үйлдлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх, А.Э, Д.Я нарыг бүлэглэн өөртөө давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар А.Э, Д.Я нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5500000 мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Э, Д.Я нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан А.Э, Д.Я нарт оногдуулсан торгох ялыг нэмж нэгттэн тэдгээрийн нийт эдлэх ялыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр торгох ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар А. Э, Д.Я нар нь 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, А.Э, Д.Я нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 -т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсзргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Э, Д.Я нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Соёлын төвийн нээлтийн ажиллагаанд зориулан бусдаас зээлээр бараа бүтээгдэхүүн авсан өрөө дарах зорилготой жилийн эцсийн цалингийн үлдэгдлийг ажилчдад урамшуулал олгох нэрээр гаргаж авсан байдаг. Түүнээс биш хувьдаа завших субъектив санаа зорилго байгаагүй. Байгууллагын өрийг дарах л гэж үйлдэл хийснийг эрүүгийн журмаар шалгасан хэрэг юм.

Иймээс гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоогоогүй гэж үзэж байна. Нөгөө талаар Д.Я нь нийтийн албан тушаалтан биш. Давхар ажил хийж байсан ба Соёлын төвийн нягтлан бодогчийн ажлыг хийж цалингийн 40 хувиар цалинждаг байсан нь бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 276 тоот тогтоолоор ерөнхий нягтлангийн эрхийн бууруулж цалинжуулах шийдвэр гаргасан байна. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож А.Э, Д.Я нарыг цагаатгаж өгнө үү...гэжээ. 

Давж заалдсан гомдолд прокурор Н.Өнөрбаяр гаргасан тайлбартаа: Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолын эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч А.Э, Д.Я нарын өмгөөлөгч  Д.Дашцэрэнгийн гаргасан гомдлыг хүлээн авч танилцлаа.

Шүүгдэгч А.Э, Д.Я нар нь бүлэглэн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу албаны эрх ашгийн эсрэг, хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийсэн, эрх мэдлээ хэтрүүлэн, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын шатанд гэрч нарын өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж шүүхээс гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Харин шүүгдэгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан шүүгдэгч Д.Я нь нийтийн албан тушаалтан биш гэх үндэслэл нь Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” нь нийтийн албан тушаалтан юм. Гэрч Э.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгч А.Э, Д.Я нараас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Өвөрхангай Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

2019 оны 12 дугаар сард А.Э нь Соёлын төвийн дарга, Д.Я нь мөн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа бүлэглэн тус сумын Соёлын төвийн ажилчдад урамшуулал олгох ажилчдын нэрстэй тус сумын Төрийн сангийн тэмдэг бүхий жагсаалт буюу эрх олгосон баримт бичгийг сольж А.Э-н нэр бүхий жагсаалтыг хуурамчаар үйлдэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрсөддөө давуу байдал олгож, өөрийн байгууллагын ажилчдын цалингийн урамшууллын 1740762 төгрөгийг А.Э-н дансаар авчээ.

Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн холбогдогч болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй, А.Э, Д.Я нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байна.

 

Тус үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Э, Ш.О, Ц.Д, Д.А нарын мэдүүлэг/1-р хх-ийн 154-156х, 157-161х, 164-166х, 168-169х, 173-175х/, гэрч Б.Ж, Ц.М нарын мэдүүлгүүд /1-р хх-ийн 4-5х, 173-175х/, Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17/18 дугаар мөнгөн урамшуулал олгох тухай тушаалын хуулбар, хавсралт, А.Э, Б.О гэх нэр бүхий данс руу мөнгөн шилжүүлэг хийх тухай Соёлын төвийн 2019 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн Б.Э, Д.Я нарын гарын үсэг бүхий баримт /1-р хх-ийн 20-22х/ зэрэг нотлох баримтууд, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд А.Э, Д.Я нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож  байна.

Анхан шатны шүүхээс А.Э, Д.Я нарыг бүлэглэн өөртөө давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар А.Э, Д.Я нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Э, Д.Я нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан А.Э, Д.Я нарт оногдуулсан  торгох ялуудыг нэмж нэгттэн тэдгээрийн нийт эдлэх ялыг  6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр торгох ялаар тогтоон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн,  үндэслэл бүхий  болжээ.

А.Э, Д.Я нарт оногдуулсан ял нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Хэрэгт авагдсан гэрч Э.Б-н мэдүүлэг/1-р хх-ийн 170-172х/ Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан зохицуулалт, сумын сургууль соёлын байгууллагуудын нягтлан бодогчийн гүйцэтгэдэг ажил үүрэг зэргээс үзэхэд нягтлан бодогч Д.Я нь нийтийн албан тушаалтан байх тул түүнийг нийтийн албан тушаалтан биш гэсэн  өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн А.Э, Д.Я нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн  дүгнэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.