| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 2429000000153 |
| Дугаар | 2024/ШЦТ/171 |
| Огноо | 2024-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/171
2024 10 30 2024/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч *** даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ***
Хохирогч: ***
Шүүгдэгч: *** /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн ****дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч ***нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 06 цагийн
үед Цогтцэций сумын Цагаан овоо 3 баг өгөөмөр 6-418 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас буюу мал муулах дарааллын урдуур дайрсан гэх шалтгааны улмаас иргэн *** толгойн тус газар чулуугаар цохиж дух, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*** холбогдох эрүүгийн 2429000000153 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*** мэдүүлэхдээ:
Гэм буруугийн хувьд маргаж байгаа зүйл байхгүй. Хийсэн зүйлээ ойлгож байна. Хохирогчтой ойлголцож эвлэрсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** мэдүүлэхдээ:
Мал муулах асуудлаас болж маргаан үүссэн. Өглөөний 06 цагт мал муулах хүнийхээ хашааны гадаа очоод, гадаа нь ирчихсэн байна гээд манай нөхөр утсаар ярьсан. Нөгөө хүн нь гарч ирээд хашааныхаа хаалгыг нээгээд орох гэхэд энэ эгч урдуур ороод ирсэн. Урдуур орж ирээд та хоёр хойшоо бол гээд хараалын үг хэлээд байсан. Та яаж байна, бид нар орох гэж байна гэхэд учир зүггүй загнаад байсан. Чулуу бариад портерын шилийг хагална гэсэн. Одоо *** нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
-*** Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч*** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 11 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч***өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 377 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
-Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 20-23 дахь тал/,
-Шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-23, 26, 27, 28, 29, 30-31 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд ***яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч *** нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 06 цагийн үед **** тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас буюу мал муулах дарааллын урдуур дайрсан гэх шалтгааны улмаас иргэн С.Нарангаравын толгойн тус газар чулуугаар цохиж “дух, зүүн хөмсөгөнд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ***н өгсөн "... 2024 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 06 цагийн үед Цогтцэций сумын Цагаан овоо 3 баг өгөөмөр 6-418 тоотод амьдардаг ***гэх айлд нөхөр Очтой хамт мал хийлгэх гээд хөдөөгөөс хонь ачиж ирээд хашаа руу нь орох гээд зогсож байхад Лхагвасүрэн гэх ах хашааны хаалга онгойлгож өгөөд буцаад гэр лүүгээ орчихсон нөхөр бид хоёр машинтайгаа орох гэсэн чинь гэнэт нэг танихгүй эмэгтэй хүн хаанаас юм гарч ирээд машины урдуур орж ирснээ хашааны хаалга хаачихсан тэгсэн нөгөө эгч гартаа чулуу барьчхаад машины цонх хагална гээд байсан тэгээд манай нөхөр намайг буугаад хашааны хаалга онгойлгоод өг гэхээр нь би машинаас буугаад онгойлгох гэтэл нөгөө эгч гэнэт гартаа барьж байсан чулуугаар миний толгой руу цохиод авсан. Тэгээд манай нөхөр машинаас бууж ирээд нөгөө эгчийн гарт байсан чулууг булааж авсан. Тэгсэн миний духнаас цус гараад байсан тэгээд цагдаа дуудаад дараад нь эмнэлэг орсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч***өгсөн "... 2024 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 06 цагийн үед эхнэр *** хамт ***тоотод амьдардаг Лхагвасүрэн гэх ахын хонь авчирч гаргах гэж ирсэн юм. Тэгээд ***ах хашааны хаалга онгойлгоод буцаад гэр лүгээ орсон би машинтайгаа дотогш орох гэтэл гэнэт нэг эмэгтэй хүн машины урдуур орж ирээд хашааны хаалга хаачихсан гартаа чулуу барьсан байсан. Тэгээд би эхнэрээ буугаад хашааны хаалга онгойлгочих гэж хэлсэн. Тэгсэн эхнэр *** нь машинаас буугаад хашааны хаалга онгойлгох гэтэл нөгөө гартаа чулуу барьсан эмэгтэй гэнэт манай эхнэрийн толгой руу чулуугаараа цохиод авсан тэгсэн толгойноос нь цус гарсан тэгээд би машинаас бууж очоод нөгөө эмэгтэйн гарт байсан чулууг булааж аваад холдуулж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тухайн эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн “...2024 оны 07 сарын 02-ны өглөө *** тоот хашааны гадаа мал ачсан портер машин ирчихсэн зогсож байсан тэгээд би хашааны хаалга онгойлгож өгчхөөд хашааны баруун буланд мал нядлаад байж байсан чинь хашааны үүдэнд хүмүүс хэрүүл маргаан хийгээд дуу шуу гараад байх шиг байсан. Тэгээд би хальт хашааны завсраар харсан чинь нэг танихгүй эмэгтэйн толгойноос цус гарчихсан байдалтай байж байсан хажууд нь нөхөр нь юм уу гэмээр залуу зогсож байсан. Тэгсэн нөгөө залуу Дуламсүрэнтэй хэрүүл маргаан хийгээд манай эхнэрийг цохиж зодлоо гээд байсан. тэгээд би цаашаа ажлаа хийхээр явсан. Дараа нь цагдаа нар ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №377 дугаартай “1. *** биед дух, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод
зовхинд цус хуралт, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. *** биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ***нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 377 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Нарангаравын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч *** нь хохирогч ***эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч *** биед “дух, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 377 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн
мөрдөгчийн тогтоолоор иргэн *** хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 4-5 дахь тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь хохирогч ***влэрсэн, хохирогч *** нь “шүүгдэгч *** нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх тайлбараар нотлогдож байна.
Иймд хохирогч ***нь “шүүгдэгч ***нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч О*** нь хохирогч *** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч ***нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдсугай.
5. Шүүгдэгч***нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ***