| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 2429000360103 |
| Дугаар | 2024/ШЦТ/140 |
| Огноо | 2024-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/140
2024 09 05 2024/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч *** даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:***
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор***томилолтоор/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: *** /цахимаар/,
Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*** холбогдох эрүүгийн ***дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Тухайн өдөр би амарч байсан. Манай найзууд ороод ирчихсэн бид нар бүжиглэж байсан нэг шил 0.75 архи уусан, Бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь нэг залуу намайг буудал авчихсан, хоёулаа унтъя, хэвтье гээд намайг доромжилсон. Би тэр залуутай муудалцаад хамт явж байсан найзуудтай нь бас муудалцаад, манай эрэгтэй найзуудтай муудалцаад, би дижи-гийн текний урд талын хэсэг дээр зогсож байхад Оюунбаяр хүрч ирээд өөрөө эхэлж намайг үсдээд, чи яахаараа зодоон үүсгэдэг юм гээд, бид 2 үсдэлцээд салсан, хоёр ч минут хүрээгүй байх. Оюунбаярыг нэг найз нь ирээд аваад гарсан чинь буцаж эргэж орж ирээд чи миний нүүрийг маажчихсан байна гээд намайг өшиглөөд, манай ажлын газрын нэг хүн цагдаа дуудаад салцгаасан гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Өмгөөлөгч бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өмгөөллийн тухай хуульд заасны дагуу шүүгдэгчтэйгээ нэг байр суурьтай байх ёстой. Тийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн учраас гэм буруу дээр маргаагүй. Шүүгч дүгнэлт гаргахдаа нэгэнтээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг өмгөөлөгч тогтоохгүй, улсын яллагч тогтоохгүй, шүүх эцэслэн шийдвэрлэнэ. Тийм учраас шүүх эцэслэн шийдэр гаргахдаа дараах нөхцөл байдлыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Юу вэ гэхээр шинжээчийн дүгнэлтийн хүрээнд эргэлзээтэй байгаа юм. Хэргийн хүрээнд нэг эмнэлгийн зураг харагдаад байгаа юм. Үүн дээр хугарал тодорхойлогдохгүй байгаад байгаа юм. Тэр кортекс зузаарсан, эсвэл сэтэрсэн хугарал гэж бичигдээгүй байгаад байгаа. Мөн хугарал байгаа эсэхийг хүн хараад эсвэл бариад тодорхойлох боломж байхгүй байгаа, рентген зургаараа тодорхойлогдоно, юуг үндэслэж хугарал тодорхойлогдлоо гэж бичээд байгаа нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл явдал байна. Энэ нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Дүгнэлт гаргахдаа анхаарч үзээсэй. Яагаад вэ гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. П.Марал өөрөө гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлэх юм бол би тэр хүний нүүрийг нь маажсан, үснээс нь зулгаасан нь үнэн. Харин гутал нь өсгийн гэмтсэн гэдэг эргэлзээтэй гэдэг тайлбарыг өөрөө гаргадаг. Тийм учраас энэ нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа юм. Энэ хүний үйлдэл 11.4 дүгээр зүйл байх уу, 11.6 дугаар зүйл байх уу гэдэг нь надад эргэлзээтэй ийм нөхцөл байдаг. Тийм учраас шүүх дүгнэлт гаргахдаа анхаарч үзнэ үү. Би улсын яллагч яллахаас татгалзсан шийдвэр гаргаж байна уу гэж үзэж байна. Яагаад гэхээр улсын яллагч аргагүй энэ хэрэг дээр томилолтоор оролцож байгаа, хэрэг дээр 2 шинжээчийн дүгнэлт авагддаг нэг рентген зураг авагдаад байгаа. Тархины доргилт ч гэдэг юм уу, нүдэн дээр байгаа зулгарсан шархыг хараад шинжээч эмч дүгнэлт гаргах боломжтой. Хүний далд байгаа, өсгий тавхайн ясны энэ кортекс сэтэрсэн, зузаарсан гэдэг үгийг бид нар ойлгохгүй, энийг шууд хугарал юм байна гэж ойлгох юм уу, ойлгохгүй юм уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа. Тавхайн ясны яг зүүн хөлийн кортекс зузаарсан гэж байгаа хэдий ч хугарал тодорхойлогдохгүй гээд рентген зураг дээр биччихсэн байгаа юм. Тэгсэн мөртлөө шинжээч нар хугарал тодорхойлогдож байна. Хугарал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хүндэвтэр гэмтэлд хамаарна гэж дүгнэлт гаргаад байгаа. Шинжээчийн дүгнэлт өөрөө үндэслэлгүй, үндэслэлгүй байж эргэлзээгүй нэг мөр байж чадахгүй байна. Тийм учраас шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлэх боломжгүй байна гэж хэлж байгаа. Миний үйлчлүүлэгч тэр хүний биед халдсан уу, халдсан, үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ дээрээ маргахгүй. Ганцхан энэ хүний үйлдэл нь өөрөө 11.6 дугаар зүйл үү, 11.4 дүгээр зүйл үү гэдэг нь эргэлзээтэй нөхцөл байдлыг төрүүлээд байна. Тийм учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримт нь өөрөө шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээ төрүүлж байгаа тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт байгаа. Энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээч гэсэн саналыг гаргаж байна. Өөр нэмэлт тайлбаргүй гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 50 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
-Шүүгдэгч *** иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа /хавтаст хэргийн 32, 33, 68, 69, 71, 117, 118 дахь тал/,
-Хохирогч *** иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 34, 35 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53, 55, 88 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/426 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 73-77 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд *** яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 106 дахь тал/,
-Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 470 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 119 дэх тал/
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 144-145 дахь тал/,
-Хохирогч *** шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч***нь 2023 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Цогтцэций сумын төвд байрлах “Аврора” бааранд иргэн О.Оюунбаярыг үсдэх, самардах, цохих зэргээр бие эрх чөлөөнд нь халдсаны улмаас эрүүл мэндэд “тархи доргилт, толгойн орой, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна хэсэг, доод зовхинд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *** өгсөн “...Би 2023 оны 12 сарын 29-нд байгууллагын шинэ жил болсон. Тухайн үед байгууллагын/шинэ жилийн арга хэмжээг дуусгаад ажлынхаа хэдэн хүмүүстэй хамт Аврора бааранд 2023 оны 12 сарын 30-ны 00 цаг орчимд орсон бөгөөд баарны урд хэсэгт баарны дижигийн хөгжмийн зүүн талд байсан хоёр эгнээ ширээнд суусан. Бид нарыг аврора бааранд ороход тухайн бааранд хүн багатай байсан. Би шинэ жилд орохдоо өсгийтэй гуталтай байсан бөгөөд бааранд сууж байгаад 02 цаг өнгөрч байхад баарнаас гараад өөрийнхөө машин дотор ороод өмсөж байсан өсгийтэй гутлаа тайлаад цагаан өнгийн урт түрийтэй годон гутал өмсөөд Авророо бааранд намайг эргээд ороход аврора баарны баруун урд талд байх дижигийн хөгжмийн ширээний хойд хэсэгт буюу бүжгийн шонгийн хажууд тухайн бааранд ажилладаг зүс таних хэдэн хүмүүс Буяндэлгэрийг газар шалан дээр хэвтүүлээд хэдэн талаас нь өшиглөөд дэвсэлж байсан. Тэгээд тэд нар дээр гүйж очоод Марал гэх эмэгтэйг татаад та нар болиочээ гэж хэлэхэд Марал гэх эмэгтэй эргэж хараад ширээн дээр байсан пиво, архины шил болон архины хундага зэргийг надруу бояон хаашаа хамаагуй хүмүүс рүү шидлээд байсан бөгөөд би Маралаагийн үснээс зулгаахад зөрүүлээд Маралаа миний үснээс үсдэж зулгаасан бөгөөд тухайн бааранд ажилладаг залуу намайг чи Маралаагийн үснээс зулгаасан гараа тавиа гэхэд нь би гараа тавсан. Намайг Маралаагийн үснээс гараа авахад Маралаа миний үснээс гараа авсан гэтэл бааранд ажилладаг залуу миний үснээс зулгаахад Маралаа миний нүүрийг гараараа зориудаар самардсан тухайн үед гэнэт миний хөл эвгүй болоод байж байхад Улам-ундрах ирээд тэр үс зулгааж байсан хүний гарыг тавиулсан. Миний үснээс зулгаасан тэр залуу энэ чинь миний баар та нар зайл гээд бид нарыг баарнаас хөөж гаргасан. Бид нарыг баарны гадаа байж байхад цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн “...Би 2023 оны 01 сарын 01 цагийн үед аврора бааранд орсон. Тухайн үед баар хүн ихтэй байсан бөгөөд 02 цагийн үед би бүжгийн талбайд бүжиглэж байсан чинь тухайн баарны бармен Маралаа гэнэт дижи рүү хашхираад аяа аваарай намайг хүн цохиод унагачихлаа гэсэн. Тэгээд намайг эргээд харахад Маралаа хар өнгийн өмдний хар талын хэсгийг гараа арчаад зогсож байсан. Тухайн үед бүжгийн талбай дээр хэнтэй маргалдсан талаар хараагүй. Тэгээд бааранд байсан баарны хамгаалагч нар тухайн эмэгтэйтэй хамт явж байсан хүмүүстэй маргалдсан байсан. Тэгээд би тэр хэдийг салгаад эргээд харахад Марал тэр танихгүй эмэгтэй хоёр баарны урд хэсэг дижигийн зүүн талын ширээний хойд талдаа бие биеийнхээ үснээс зулгаалцалдаад байсан бөгөөд би очиж тэр хоёрыг салгахад тухайн танихгүй эмэгтэйг хамт явж байсан нэг залуу аваад гарсан харин би Маралтай бааранд үлдсэн. Тэгээд Маралаатай үсдэлцээд байсан ягаан флаж, цайвар өнгийн годон гуталтай эмэгтэй эргээд орж ирээд Маралаатай маргалдаад чи манай дүүг доромжлоод гэж хэлээд Маралаагийн шилбэ хэсэг рүү өшиглөөд байсан эмэгтэйг танихгүй залуу орж ирээд аваад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024.01.09-ны өдрийн №50 дугаартай шинжээчийн “1.*** биед зүүн өсгий ясны хугарал, тархи доргилт, толгойн орой, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна хэсэг, доод зовхинд зулгаралт, зүүн тавхай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3 *** биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4.*** биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн "*** өгүүлэмжээр бусдад зодуулж гэмтсэн гэхээс өөр зүйл хэлээгүй... *** биед учирсан дээрх өсгий ясны хугарал, зүүн тавхай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлээр цохигдох, тухайн хөлөөр шагайн үе хэсгээр хальт гишгэх гэх мэт зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн “...Шинэ жилийн арга хэмжээ дээр Оюунбаярын вальс эргээд бүжиглэж байсан бөгөөд Аврора баар ороход *** хөл зүгээр байсан. Маргааш өглөө нь ***уулзахад зүүн хөл нь өвдөөд гишгэж чадахгүй, нүүрээ маажуулсан байдалтай гэртээ хэвтэж байсан. Тэгээд би юу болсон талаар Оюунбаяраас асуухад Аврора баарны зөөгч хүүхэнтэй маргалдаад үстэлцсэн гэж байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн “...2023 оны 12 сарын 29-ний орой 19 цагаас Шинэ өглөө ресторанд Нартын мөнгөн жолоо ХХК-ийн байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болж 23 цагийн үед дууссан. Байгууллын Шинэ жилийн арга хэмжээ дуусаад шинээр ажилд орсон Эрдэнэбилэг, Оюунбаярын хамт Аворора бааранд 2023 оны 12 сарын 30-ны 00 цаг өнгөрч байхад орсон. Тухайн үед байгууллагын Шинэ жил дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд Аврора бааранд ороод Соёрхол нэртэй 0,75 граммын архи болон ливо, ус ундаа захиалсан. Тэгээд бид нар захиалсан архи пиво уугаад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад 2024 оны 12 сарын 30-ны 02 цаг өнгөрч байхад үед бүжгийн талбай дээр Эрдэнэбилэгийг хэдэн танихгүй залуучуудтай маргалдаад байж байсан. Би Эрдэнэбилэгийг одоо боль гээд голоор нь ороход тэнд байсан хэдэн танихгүй залуучууд болон тухайн баарны зөөгчөөр ажилладаг Маралаа гэх эмэгтэй намайг газар шалан дээр унагааж хэдэн талаас өшиглөсөн. *** тухайн баарны зөөгч Маралааг татаад болиоч гэж байхад хүмүүс пижигнэлдээд гараад явсан. Тэгээд би тэр залуучуудын араас гарахад, намайг зодож байсан залуучууд гадаа өөр хүмүүстэй маргалдаж байсан. Намайг гадаа байж байхад Оюунбаяр бааран дотроос нүүрээ маажуулаад, зүүн хөл нь гишгэж болохгүй байна гээд догонцоод гараад ирсэн. Тэгээд бид нар цагдаагийн хэлтэс дээр ирж *** гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн “1.*** биед учирсан зүүн өсгий ясны хугарал, зүүн тавхай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүү мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, толгойн орой, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна хэсэг, доод зовхинд зулгаралт гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтас хэргийн 144-145 дахь тал/ зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ***нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Оюунбаяр мэдүүлэг өгөхдөө: “...миний нүүрэн тус газар самардсан. Үснээс зулгаасан, өөр халдсан зүйл байхгүй ээ. Тухайн үед би Маралаа гэх хүнтэй үсдэлцэж байгаад хөлөө хальт гишгэсэн юм байна аа” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 12-14, 88 дахь тал/,
Гэрч ***мэдүүлэхдээ: “...яагаад маргалдсан талаар мэдэхгүй байна. Намайг эргээд харахад тэр хоёр үсдэлцээд байж байсан...Маралаагийн шилбэ хэсэг рүү өшиглөөд байсан эмэгтэйг танихгүй залуу орж ирээд аваад явсан” гэх мэдүүлгүүдээс дүгнэж үзэхэд шүүгдэгч П.Марал нь хохирогч О.Оюунбаярын биед “нүүрэн тус газар нь самардах, үснээс зулгаах” зэргээр халдсанаас хохирогчийн хөлөнд халдсан үйлдэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн үйлдлээс хохирогчийн “зүүн өсгий ясны хугарал, зүүн тавхай хэсгийн зөөлөн эдийн няцрал бзхий гэмтэл” үүссэн гэж дүгнэх боломжгүй байна. /хавтас хэргийн 12-14, 88, 57 дахь тал/,
Шүүх Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гэмтлийг хохирлын зэргээр нь ангилж гаргаагүй бүрэн бус шинжээчийн дүгнэлт гэж үзсэн учраас нотлох баримтаар үнэлээгүй, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн.
Тус шинжээчийн дүгнэлтээр “Оюунбаярын биед учирсан зүүн өсгий ясны хугарал, зүүн тавхай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, толгойн орой, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна хэсэг, доод зовхинд зулгаралт гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэж гэмтлийг хохирлын зэргээр нь ангилсан.
Шүүгдэгч *** хохирогч *** үсдэх, самардах, цохих зэргээр бие эрх чөлөөнд нь халдсаны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, толгойн орой, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна хэсэг, доод зовхинд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, харин шүүгдэгчийн үйлдлээс “зүүн өсгий ясны хугарал, зүүн тавхай хэсгийн зөөлөн эдийн няцрал” гэмтэл буюу хүндэвтэр хохирлыг учруулаагүй байна гэж тус тус дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Маралд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч ***“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн.
Шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч *** биед “Тархи доргилт, толгойн орой дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна хэсэг, доод зовхинд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 144-145 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн ***хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 50 дахь тал/
Хохирогч***нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь шүүхэд ирүүлсэн “Одгэрэл овогтой Оюунбаяр миний бие нь *** холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцохгүй. Мөн иргэн *** гомдол, хохирол байхгүй болно” гэх хүсэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 181 дэх тал/,
Иймд хохирогч *** нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч*** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Маралд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай санал нэг байна” гэх саналыг тус тус гаргасан.
Улсын яллагчийн гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *** нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/426 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, торгох ял биелэгдэж дуусгавар болсон болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.09.05-ны өдрийн 02/20144 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *** Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр, 1 жилийн хугацаагаар тэнссэн байх ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгчийн үйлдэл нь тэнссэн шийдвэр гарахаас өмнөх буюу 2023 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө болсон гэмт хэргийг шийдвэрлэсэн.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5-т “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн заалтыг шүүгдэгчийг зөрчсөн гэж үзэх нөхцөл бүрдээгүй тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ***нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Маралд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч *** овогт П*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч *** нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч*** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ***