Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар    2024/ШЦТ/106         

 

 

 

 

 

 

 

 

    2024            07                04                                                    2024/ШЦТ/106                                       

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ***даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:***

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ***

Шүүгдэгчийн өмгөөлөгч: ***

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ***нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр маргалдаж *** бие эрх чөлөөнд халдаж улмаар Ө.Төмөрбатын биед баруун 4,5,6-р хавирганы цууралт, цээжинд зулгаралт, цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***мэдүүлэхдээ:

Маргаад байгаа зүйл нь хэлсэн ажил чинь худлаа байна. Зургаан хоногийн мөнгө өг, долоон хоног ажилгүй байлаа гээд тэрнээс болж маргалдаж эхэлсэн. Гэм буруугийн хувьд маргаж байгаа зүйл байхгүй гэв.

 

-Шүүгдэгчийн өмгөөлөгч ***шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгч ***нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумд иргэн *** маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж Ө.Төмөрбатын биед хөнгөн гэмтэл учруулсан, *** 4,5,6 дугаар хавирганы цууралт, цээжний зулгаралт гэсэн гэмтлүүдийг учруулсан байдаг. Шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Б.Батхүүгийн тухайн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэсэн ийм гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа Тухайн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийн зүйчлэлтэй санал нэг байна. Тухайн зүйл ангиар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тооцуулах ийм улсын яллагчийн саналтай санал нэг байна. Оногдуулах ялын тухайд улсын яллагчаас торгох ялыг санал болгож байна. Торгох ялын саналтай санал нэг байна харин 800 нэгжээр торгох саналын хэмжээг багасгаж өгнө үү гэсэн ийм саналтай байна. Оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлүүд тогтоогдож байна гэж үзэж байгаа тухайлбал, эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх уда гэмт хэрэг үйлдсэн гэсэн ийм нөхцөл байдлыг хангаж байна. Шүүгдэгчийн хувьд өмнө нь ямар нэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан ***нар маргалдаад *** нь Давааг цохисны улмаас Давааг өмөөрөөд ***маргалдсан байдаг. Ийм шалтгааны улмаас тухайн гэмт хэрэг гарсан байна. Бусдад төлөх төлбөргүй, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  гэж үзэж байгаа. Хохирогчийн зүгээс  хохирол нэхэмжилнэ гэсэн боловч  хохиролтой холбоотой нотлох баримт  хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй. Өнөөдөр шүүх хуралдаанд  өөрөө оролцоогүй, нотлох баримт ирүүлээгүй учраас бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож ухаарч байгаа байдал харагдаж байна тийм учраас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаад тухайн торгуулийн хэмжээг   хамгийн багаар тогтоож өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б*** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч*** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч **** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

 

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 48-53 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 56-57 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-62 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1742 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

 

-Хохирогч ***эмчилгээний баримтууд /хавтаст хэргийн 69-72 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд *** яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/,

 

-Шүүгдэгч*** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 82, 93, 94, 95, 96 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч *** нь Өмнөговь аймгийн Манлай сумын төвөөс урагш, Петровис колонкоос 100 метрын зайд байрлах, цайны газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** үл ялих зүйлээр маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдсаны улмаас түүний биед баруун 4, 5, 6-р хавирга цууралт, цээжинд зулгаралт, цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *** өгсөн “…Би 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр**** гэх хүмүүстэй Өмнөговь аймгийн Манлай суманд ирээд буудал хайгаад явж байхад нэрийн сайн мэдэхгүй нэг цайны газарт ороод заалыг нь 100,000 төгрөгөөр түрээслээд унтаж амрахаар болсон...би унтахаар хэвтэж байхад Даваа, Мөнхбат гэх 2 залуу Эрдэнэчимэг гэдэг эмэгтэй рүү хараагаад байсан. Тэгэхээр нь би хамгаалаад Даваа гэх залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон ардаас ***гэдэг залуу хажуу талаас өшиглөхөд Даваа гэх залуу над руу ална гээд орилоод дайрахад би түлхээд холдуулахад Батхүү гэдэг залуу чи миний ахыг түлхлээ одоо чамайг би ална гээд дайрсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд малын зах дээр бой хийдэг ажилтай бөгөөд зарын дагуу хөдөө, орон нутаг руу явж мал нядалдаг. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр найз Мөнхбат надтай холбогдоод Өмнөговь аймагт 6000 бод малын хаяг орж ирлээ явах уу?  гэхээр нь би зөвшөөрсөн Маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би танил дүү Батхүү, Мөнхбат, Мөнхсүх, Бүрэнтогтох, Мийгаа, Баянхонгор, Эрка гэх хүмүүсийн хамт Улаанбаатар хотоос гараад тухайн өдрөө Дундговь аймгийн Өлзийт суманд Байх зочид буудалд нэг хоноод маргааш нь Манлай сумын нэг малчин айлын /нэрийг нь мэдэхгүй/ гэрт очсон. Тухайн малчин айлын гэрт малын ченж Төмөрбаатар гэх залуутай хамт байрласан. Бид хэд маргааш нь буюу 01 дүгээр сарын 07-ний өдөр 26 адуу, 55 бог малыг нядалж тухайн өдрөө бүх малаа ачиж явуулсан. Тэр өдрөөс хойш 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй бөгөөд анх тохирсон ажлаа хийлгүүлээгүй. Тэгээд бид хэд бөөндөө Манлай сум руу явж хуучин ажилдаг байсан гэх цайны газар луу орж архи уусан бөгөөд би Төмөрбаатараас анх тохирсон 6000 бод мал хаана байна гэртээ ч харихгүй, ажилгүй утсаа асааж чадахгүй хэцүү байна гэж хэлээд Төмөрбаатартай маргалдаж удалгүй Төмөрбаатар унтаад өгсөн. Бид хэдийг анх Өмнөговьд дагуулж ирсэн Эрка гэх эмэгтэй рүү би яах гэж худлаа зүйл дээр авч ирсэн юм бэ? Ямар ч хийсэн ажил байхгүй гээд маргалдаад байж байтал Төмөрбаатар босож ирээд бид хоёр дахин маргалдаж намайг нэг удаа цохиод авсан. Тэгтэл хамт ажилдаг дүү Батхүү намайг өмөөрч Төмөрбаатартай маргалдаж түүний нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохитол газар унаад өгсөн. Удалгүй цагдаагийн газраас хүмүүс ирээд бид хэдийг аваад явсан. Тухайн үед Төмөрбаатар гэх хүн ямар нэгэн гомдол санал байхгүй гээд салсан бөгөөд бид хэд бүгд Улаанбаатар хотод ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн “...Би Манлай сумын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Манлай сумын эрүүл мэндийн төвд рентген техникчээр ажиллаж эхэлсэн. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр намайг эмнэлэг дээр ажлаа хийж байхад Төмөрбат гэдэг хүн өдөр 15 цагийн үед 40 орчим насны эмэгтэй хүнтэй хамт ирээд ээлжээр гарч байсан Гэрэл-Од эмчид үзүүлээд дараа нь Гэрэлт-Од эмч над руу утсаар “ Төмөрбат гэх хүний цээжний зургийг аваадах аа гэж хэлсэн. Би хойд эмнэлэгт ариутгал хийж дуусаад тухайн хүний цээжний зургийг авах гээд хойд эмнэлгээс гаргаад эмнэлгийн хашааны үүдэнд нэлээн олон хүмүүс байсан. Тэгээд урд эмнэлэг рүү ороод Төмөрбат гэх хүнийг өрөөнд оруулж ирээд хаанаас явж байгаа хүн бэ? та нар ямар шалтгааны улмаас ийм зүйл болсон талаар асуухад уурлаад зүгээр замын хүн гээд ойлгочих гэж хэлээд үзүүлэхгүй байж байгаад дараа нь цээжний зургийг авсан. Цээжний зураг авах гээд бэлтгэл ажил хийж байхад Төмөрбат хамт явж байсан эмэгтэй хүнтэй “чамайг өшиглөсөн гэх мэт зодооны талаар яриад байх шиг байсан санагдаж байна” Тэгээд Төмөрбатын цээжний зургийг Гэрэлт-Од эмчид үзүүлэхэд Гэрэлт-Од эм үзээд зургаас харахад ил хугарал бол харагдахгүй байна гэсэн. Тэгээд тэр хүмүүс Гэрэлт-Од эмчтэй яриад үлдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн “...би Төмөрбатыг эмнэлэг рүү хүргэж өгч байхад надад "Батхүү намайг түлхэж унагааж байгаад ар талаас зүүн хавирга хэсэг рүү маш хүчтэй өшиглөсөн гэсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 11-ний би Улаанбаатар хотоос хээрийн бой хийлгэнэ гэсэн зарын дагуу явж байсан. Дундговиос зүүн урагшаагаа айлд очиж бой хийлгэх зорилгоор очиход тухайн айлдаа таван мянган адуу тэмээ хийлгэн гэхэд тухайн айлд очиход нэг өдөр 23 адуу 45 хонь хийгээд ажилгүй тухайн газраа 5 хоног байсан. Тэгээд Д*** болон *** дүү нарын хамтаар Цогт-овоо оръё гээд тухайн айлаас хөдөлсөн юм. Тэгээд Манлай суманд оройтож очоод хонох айл болон буудал олдоогүй учраас бүгд машин дотроо хоносон маргааш өглөө нь сум ороод би эндээр зар тавьсан өнөөдөртөө өнжье гэж хэлэхэд цайны газар нэг шөнө хоноё гэж гуйгаад тэнд байрласан. Тэгээд Төмрөө нэг шил архи гаргаж ууцгаагаад амрах гээд байж байтал Төмрөө эгч рүүгээ ярьж мөнгө аваад дахин архи худалдан авч 3 шил архи авчирсан байсан. Тэгээд ууж байгаад Даваа ах Төмөр рүү худлаа зар тавьснаас болж бид гэр лүүгээ ярьж чадахгүй байна гэх шалтгаанаар Даваа ах Төмрөө рүү уурлаж байсан. Тэгээд би хэрэлдэж байхад нь буйдан гарж унтаад өгсөн юм. Тэгээд тухайн хүмүүс дуу нь чангараад байхаар нь гайхаад босоод хартал Төмрөө орны хөндий рүү унасан байсан. Тэгээд хэрэлдэж байсан Даваа ах босож ирээд за уучлаарай хөгшөөн гээд гар барьтал Төмрөө нь Батхүү намайг араас өшиглөсөн гэж босож ирээд тэгэхэд Батхүү ахаа би араас чинь хөшиглөөгүй та орны хөндий рүү унахдаа орны өнцөг хэсгийг хавиргаагаа мөргөж унасан гэж хэлсэн.Тэгээд бид нар Төмрөө ахаа унтаж амар гээд газар хэвтүүлээд бид нар юм яриад сууж байтал Төмрөө босож ирээд Даваа ахыг чи намайг зоддог яасан том юм бэ? гээд Төмрөө нь Даваа ахыг алгадахад би тэр хоёрыг салгаж байтад гаднаас Батхүү орж ирж Төмрөө ахыг хойш нь түлхэж унагаасан юм. Тэгээд Батхүү нь Төмөрөөд хандаж чи миний ахыг миний нүдэн дээр зодоод байна би чамайг ална шүү гэж орилоод байж байтал Төмрөө нь миний хавирга хугарсан юм шиг байна гээд эмнэлэг явцгаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-62 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын дундуур ***олон малын ченж Төмөрбатын хамтаар Өмнөговь аймгийн Манлай сум руу мал нядлахаар явсан. Манлай суманд очоод зочид буудал олдохгүй болохоор нь шатахуун түгээх станцын урд талд байрлах /нэрийг нь мэдэхгүй/ караокед хонохоор болсон ***нар нь караокед архи ууж эхэлсэн ба ****ид дөрөв архи уухгүй гээд гар утсаараа тоглосон .Хэсэг тоглож байгаад бие засчхаад ороод ирэхэд Даваа Төмөрбат хоёр маргалдаж байсан ба Төмөрбат Даваагийн зүүн талын шанаанд нэг удаа цохиод шилэн хүзүүнээс нь татаад шал руу унгасан. Тэгэхэд нь *** уруул руу нэг удаа цохисон. М*** бид дөрөв маргалдаж байсан Төмөрбат, Даваа, Батхүү нарыг салгаад би Төмөрбатыг сумын эмнэлэг руу аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1742 дугаартай “...1.***биед баруун 4,5,6-р хавирганы цууралт, цээжинд зулгаралт, цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 7-9 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна...4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дахь тал/

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *** нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1742 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч *** эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч *** нь хохирогч *** эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч ***нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Иймд шүүгдэгч ***хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч ***нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч *** биед “баруун 4,5,6-р хавирганы цууралт, цээжинд зулгаралт, цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1742 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэн *** хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Хохирогч ***нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.                                                                                                                                                                                                                                               

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч *** нь хохирогч *** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н***нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-81/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч *** нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *** хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч *** нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               ***