| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 2329000000207 |
| Дугаар | 2024/ШЦТ/04 |
| Огноо | 2024-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/04
2024 01 04 2024/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч *** даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ***
Шүүгдэгч: ***/өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч ***нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах, “Эрдэнэс таван толгой” ХХК-ний нүүрс тээврийн төмөр замын ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***үл ялих зүйлээр маргалдаж толгойн тус газарт нь архины шилээр цохисны улмаас *** биед толгойн хуйханд шарх, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн ***дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ:
Гэм буруугийн хувьд маргаж байгаа зүйл байхгүй. Тэр үед тийм зүйл болсон байсан. Урд нь тийм зүйл болж байгаагүй гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 444 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд *** яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,
-Шүүгдэгч *** иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гаар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 218 дугаартай тодорхойлолт, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 44, 45, 46, 47, 48, 49, 50-51, 52, 53 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах, “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн нүүрс тээврийн төмөр замын ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** үл ялих зүйлээр маргалдаж толгойн тус газарт нь архины шилээр цохисны улмаас *** эрүүл мэндэд нь “толгойн хуйханд шарх, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *** өгсөн “...Миний биед Отгонбат архины шилээр толгойны ар хэсэгт 1 удаа цохиж гэмтэл учруулсан. Би 2023 оны 10 дугаар 10-ны өдөр Өмнөговь аймаг Цогтцэций сумын нутагт байрлах "Эрдэнэс таван толгой" ХХК-ний нүүрс тээврийн төмөр замын ажлын байрандаа байж байгаад жолооч Отгонбат, Давга болон хоёр танихгүй хүнтэй бид дөрвүүлээ хоёр шил 0.75 грамм Экс нэртэй архийг хувааж ууцгаасан юм. Тэгээд архи дуусчихаар Отгонбат, тэр танихгүй хоёр хүнтэй дөрвүүлээ такси аваад нүүрс тээврийн 2 дахь км-т байдаг дэлгүүрээс би 2 ширхэг 0.75 граммын Эдэн нэртэй архийг худалдаж авчхаад дэлгүүрээс гарахад Отгонбат нэг шил 0.75 граммын Эдэн нэртэй архийг мөн худалдаж авсан. Тэгээд бид хоёр таксиндаа сууж гэж байхад Отгонбат намайг 2 шил архи авсан байна илүүрхээд байгаа юм уу гэж хэлээд бид хоёр маргалдсан тэгтэл Отгонбат барьж байсан 0.75 граммын архиар миний толгойны ар хэсэгт нэг удаа цохиж автал би урагшаа саваад нүүрээрээ газарт унасан тэгээд ухаан алдчихсан нэг сэрсэн чинь эмнэлэг дээр байсан...Тэр танихгүй хоёр хүн архи авчирсан юм. бид нар машиныхаа кабинд ууцгаасан юм...Тэр хоёр ах хаанаас архи авсныг мэдээгүй. Энэ хоёр хүн амраад Улаанбаатар хотоос ирсэн байсан тэгээд амралтын юм гэж бид хоёрт өгсөн юм...Бид хоёрын хажууд хамт архи уусан 2 залуу байсан. тэр хоёр хүрч ирээд бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн “...Би тухайн үед архи уусан байсан тийм их согтоогүй. Отгонбат, Давга, Отгонбаяр бид дөрөв нийт хоёр шил архи уусан сүүлийн 1 шил архийг би уугаагүй унтаад өгсөн...Отгонбат, Отгонбаяр хоёр хоорондоо маргалдаж Отгонбат Отгонбаярын толгойг нь хагалчихсан байсан би очиж Отгонбаярын толгойнд боолт хийж өгсөн. Тэрний дараа автомашин дотроо унтсан. Тэр үед цаг ойролцоогоор 23 цаг өнгөрчихсөн 00 болж байсан байх тэгж л бодож байна. Отгонбаяр, Отгонбат нарыг танина нэг газар цуг ажил хийдэг тэрнээс төрөл садны ямар нэгэн холбоо байхгүй. Отгонбат зан байдлын хувьд төлөв томоотой дажгүй залуу байгаа юм...Уг асуудал нүүрс тээврийн зам дагуу байдаг хүнсний дэлгүүрийн гадна хэсэгт болсон бөгөөд намайг дэлгүүрт ороод гарч ирэхэд Отгонбат Отгонбаярын толгой хэсэг рүү архины шилээр цохисон байсан. Тэр үед Отгонбат, Отгонбаяр хоёр согтуу байсан Отгонбатын толгой хэсэгт боолт хийчхээд "Поором транс" ХХК-ний 99-64 УБЕ улсын дугаартай автомашин дотор орж унтсан Тэрнээс хойш болсон асуудлыг хэлж мэдэхгүй, өглөө 08 цаг болж байхад сэрээд Цагдаагийн байгууллагын алба хаагч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн “...Би Улаанбаатар хотоос 2023 оны 10 дугаар сарын 10-ний шөнө 23 цаг өнгөрч байхад ирсэн бөгөөд Отгонбат, Отгонбаяр нар намайг нүүрс тээврийн хоёр дахь километр тосож авсан. Тэр үед Отгонбат, Отгонбаяр бид гурав нэг шил архи уусан тэгээд би тэр газар унтчихсан болсон асуудлын талаар мэдэхгүй. Өглөө босоод ирсэн чинь Отгонбат Отгонбаярыг цохисон. Отгонбаярын толгой хагарчихсан Отгонбат Цагдаагийн байгууллага руу явчихсан байсан. Намайг сэрүүн байхад хэрүүл маргаан огт болоогүй уг асуудал намайг автомашин дотор унтаж байхад болсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 444 дугаартай “...1. *** биед толгойн хуйханд шарх, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 3. Б.Отгонбаярын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4 Б.Отгонбаярын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд *** яллагдагчаар өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Цогтцэций сумаас урд байрлах “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн уурхайн урд байдаг Төмөр замын ажлын байран дээрээ найз Отгонбаяртай хамт миний 98-05 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабинд хамтдаа архи ууцгаасан юм. Тэр үед Пүрэвдавга, Дорждэрэм мөн хамт байцгаасан юм. Кабинд нийт 2 шил архийг хувааж уучхаад нүүрс тээврийн 2 дахь километрт байдаг дэлгүүр рүү архи авах гэж Отгонбаяр, Дорждэрэм бид гурав такси дуудаж явсан. Тэгээд дэлгүүр рүү орж Отгонбаяр 2 шил архи авсан. Би 1 шил архи худалдаж аваад дэлгүүрээс гараад машиндаа суух гэж байгаад би Отгонбаярыг “чи яах гэж 2 шил архи авч байгаа юм, нэгийг авахгүй яасан юм бэ” гэхэд өөдөөс Отгонбаяр хэрүүл хийгээд намайг заамдаж авахаар би баруун гартаа барьж байсан 0.75 граммын архиар толгойны ар хэсэгт нэг удаа цохиж автал Отгонбаяр толгойгоо бариад доошоо суусан. Тэгтэл толгойны ар хэсгээс цус гарсан. Тэгээд толгойны цусыг арчиж цэвэрлээд маарлаар ороож боосон. Би тэгээд машины гадаа архи ууж байгаад тасраад унтсан байсан. Нэг сэрсэн чинь цагдаа дээр ирчихсэн байсан. Би Отгонбаярын толгой руу архины шилээр цохиж гэмтэл учруулсан. Өөр хүнтэй бид хоёр хэрүүл маргаан хийгээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ***нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 444 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч ***эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч *** нь хохирогч ***эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч ***хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч *** биед “толгойн хуйханд шарх, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 444 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн
мөрдөгчийн тогтоолоор иргэн ***г хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 12 дахь тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь хохирогч *** гэм хорын хохиролд 500.000 төгрөгийг төлсөн гэх боловч хавтас хэрэгт нотлох баримт нь авагдаагүй болохыг дурдаж, хохирогч Б.Отгонбаяр нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд ирүүлсэн “Отгонбаяр миний бие Отгонбатад холбогдох эрүүгийн хэргийн хохирогч бөгөөд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй учир шүүх хуралдаанд оролцохгүй” гэх тайлбараар нотлогдож байна.
Иймд хохирогч*** нь шүүгдэгч ***“нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч ***нь хохирогч *** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч***800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон байх тул шүүгдэгч *** 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч *** нь Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр, торгох ялын төлбөрөөс 4.500.000 төгрөгийг төлж, 5.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй, торгох ялын төлбөр дуусах хугацаа 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусах болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/358 дугаартай шийтгэх тогтоол, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1562 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хавтас хэргийн 65-72, 85 дахь тал/
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/358 дугаартай шийтгэх тогтоол болон уг шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Учир нь Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/358 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр, харин тус шүүх нь оногдуулсан торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр тогтоогоогүй тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд шийтгэх тогтоолуудаар оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ***нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т*** 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч***нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/358 дугаартай шийтгэх тогтоол болон уг шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч***нь хохирогч*** гэм хорын хохиролд 500.000 төгрөгийг төлсөн гэх боловч хавтас хэрэгт нотлох баримт нь авагдаагүй болохыг дурдаж, хохирогч Б.Отгонбаяр нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдсугай.
6. Шүүгдэгч ***нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ***