Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/02022

 

 

 

 

 

     2022         05          02                                        101/ШШ2022/02022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Н холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Ч.О-г М ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасч зохих өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М софт компанид орохоос өмнө бүх гэрээ хийгдсэн байсан. Намайг орсны дараа шүүх хуралдаан болоод шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байсан. Хариуцагч манай нутгийн дүү. Тэгээд намайг тусгай зөвшөөрлийн гэрчилгээг сунгуулаад өг гэсэн гэтэл яаманд гацсан байсан тул компаниа миний нэр дээр түр шилжүүлээд дараа нь хугацаа сунгагдахаар буцаах байсан боловч буцааж амжаагүй. Гэтэл гэнэт шүүхийн шийдвэрээс намайг өр төлбөрт орсон тухай 2 захирамж ирсэн. Түүнээс болж миний бүх данс хаагдсан, би тус компаниас огт цалин авч үзээгүй. Энэ талаар би хариуцагчид хэлэхэд тэрээр уучлалт гуйгаад, тухайн үедээ би хүмүүсээс өр төлбөрөө аваад болчих байх гэж бодоод надад хэлээгүй юм гэж хэлсэн гэв.

Хариуцагч Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Отай танил. Тухайн үед болсон зүйлийг нэхэмжлэгч үнэн зөв хэллээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад, эхнэр, хүүхэд нь дургүйцаад байгаа тул компаниа буцааж ав гэх асуудал гарсан. Би бас гомдсон тул компаниа буцааж авъя гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.О, хариуцагч Н.Нид холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Ч.Оыг М ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасч зохих өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигчийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нь М ХХК-ийн энгийн хувьцааны 50 хувь буюу 500 ширхэг энгийн хувьцааг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээ байгуулж улмаар хувьцаа эзэмшигч нэмэгдсэн үндэслэлээр компанийн дүрэмд өөрчлөлт оруулан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс тус бэлэглэлийн гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэлээ 2022 оны 02 дугаар сард М ХХК-ийн бусдад төлөх 385,622,527 төгрөгийн өр төлбөрийг өөрөөс нь гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдэгдэл ирсэн, учрыг тодруулахад Н.Н нь надад хувьцаа бэлэглэхээс өмнө бусдад тавьсан өрийг нь барагдуулах ажиллагаа явагдаж байгааг мэдсэн. Компани нь өртэй гэдгийг хариуцагч надад мэдэгдэхгүйгээр хувьцааг бэлэглэсний улмаас бий өр төлбөрт орох болоод байна. Компанийн нь тусгай зөвшөөрлийг сунгуулж туслахын тулд өмнө нь хамт сурч ажиллаж байсан хүмүүстэй уулзахад энэ компанийн хувьцаа эзэмшигч байвал итгэлтэй байсан учраас л би хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал гэж бүртгүүлсэн гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.

Нэхэмжлэгчийн тус тайлбарыг хариуцагч маргаагүй бөгөөд уул уурхайн ажил эрхэлдэг компани тул хийсэн ажилтай холбоотой өр үүссэн нь шүүхээр шийдвэрлэгдсэн, энэ талаар нэхэмжлэгчид хэлээгүй. Учир нь манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байсан учир Ч.Оын танил талыг ашиглан тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулахын тулд компанийн хувьцаа 50 хувийг шилжүүлж гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн, компанийг би өөрөө удирдаж ерөнхий захирал гэж гарын үсгээ зураад явдаг, Ч.О тусгай зөвшөөрлийг сунгуулж өгсөн, өөрөөр компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ.

Хэрэгт М ХХК-ийн 603 дугаартай “Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, тэсэлгээний ажил явуулах” тусгай зөвшөөрлийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай сунгажээ. Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийг заасан бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь байгуулагдсан үеэс эхлэн хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан бөгөөд зохигчийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ” гэсний дагуу хариуцагч нь өөрийн 100 хувь эзэмшдэг М ХХК-ийн 50 хувийн энгийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзэхээргүй, гагцхүү тухайн компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийг сунгуулахын тулд нэхэмжлэгч Ч.О нь бусад этгээдэд М ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал мэтээр бусдад харагдуулах, тийм сэтгэгдэл төрүүлэхийн тулд дээрх бэлэглэлийн гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь М ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар хувьцаа эзэмшигчийн хуралд оролцож санал өгч шийдвэр гаргаж байгаагүй, гүйцэтгэх захирлын хувьд компанийн үйл ажиллагаанд оролцох, аливаа шийдвэр гарын үсэг зурж байгаагүй, мөн ашиг авч байгаагүй гэх тайлбарыг гаргасныг хариуцагч маргаагүй нь нэхэмжлэгч Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар компанийн хувьцаа эзэмшигчийн үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч гэж үзэхээргүй байна.

Дээрх санаа, зорилгоор хийгдсэн хэлцэл нь хийсэн үеэс эхлэн хууль бус гэж тооцогдох учир зохигчийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар арилгах учир шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд зааснаар талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэг үүсэх ба нэхэмжлэгч Ч.Оын нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн М ХХК-ийн хувьцааны 50 буюу 500 ширхэг энгийн хувьцааны бүртгэлийг хүчингүй болгож, хувьцааны өмчлөх эрхийг хариуцагч Н.Нийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэн бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.О Н.Н  нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч.Оын өмчлөлд бүртгэлтэй М ХХК -ийн 50 хувийн буюу 500 ширхэг энгийн хувьцааг хариуцагч Н.Нийн өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг хариуцагч Н.Нид даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 85,850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Ноос 85,850 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Ч.О олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЭНЭБИШ