| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/05627/И |
| Дугаар | 101/ШШ2022/01138 |
| Огноо | 2022-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2022/01138
2022 03 14 101/ШШ2022/01138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 0000000000000000000 тоот хаягт оршин суух, Жинчин овогт Ц.Эгийн /РД: 000000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0000000000000000000000000 тоот хаягт оршин суух, Х овогт Ц,Дт /РД: 00000000000/ холбогдох
22.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Д, Ц.Э нар нь харилцан тохиролцон 2021 оны 09 сарын 08-ны өдөр 1 тоот зээлийн гэрээгээр 10.000.000 төгрөг, 2021 оны 09 сарын 09-ний өдөр 2 тоот зээлийн гэрээгээр 10.000.000 төгрөгийг тус тус Ц.Дт зээлдүүлсэн.
1 тоот зээлийн гэрээгээр 10.000.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай зээлдүүлж мөнгийг дансаар шилжүүлж өгсөн бөгөөд 2021 оны 11 сарын 08-ны өдөр хүртэл 2 сар болгон харилцан тохиролцон хугацааг нь сунгасан бөгөөд сар бүр 5 хувийн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги төлөхөөр мөн тохиролцсон.
2 тоот зээлийн гэрээгээр Ц.Д нь 10.000.000 төгрөгийг 2021 оны 09 сарын 09-ний өдрөөс 2021 оны 11 сарын 08-ны өдөр хүртэл 60 хоногийн хугацаатай, сар бүр 5 хувийн хүү төлөх, зээлээ хүүгийн хамт төлөх, гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги төлөхөөр тохиролцож бэлнээр 10.000.000 төгрөг авсан.
Ц.Д нь өнөөг хүртэл зээл болон зээлийн хүүгээ төлөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, зээлийн гэрээний 1, 2 дахь зүйлийг үндэслэн хариуцагч Ц.Даас зээлийн үндсэн төлбөр 20.000.000 төгрөг, зээлийн хүү 2.000.000 төгрөг, нийт 22.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ц.Э нь 2021 оны 09 сарын 08-ны өдрийн 1 тоот зээлийн гэрээ, 2021 оны 09 сарын 09-ний өдрийн 2 тоот зээлийн гэрээ, Хаан банк дахь Ц.Эгийн 5020262456 тоот дансны 2021 оны 09 сарын 08-ны өдрийн хуулга зэрэг баримтыг нотлох баримтаар ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй ба хариуцагч Ц.Дт нэхэмжлэлийн хувийг 2021 оны 12 сарын 08-ны өдөр гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Ц.Дт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
/үндсэн зээл 10.000.000 төгрөг+10.000.000 төгрөг=20.000.000 төгрөг
Зээлийн хүү 2.000.000 төгрөг/
Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Ц.Дтай 2021 оны 09 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан түүнд 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэн, зээлдэгч нь хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон нь дээрхи гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдлоо.
Мөн дээрхи гэрээний талууд болох нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Ц.Э, хариуцагч буюу зээлдэгч Ц.Д нар 2021 оны 09 сарын 09-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулан зээлдэгч нь 10.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэн, хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тус тус тохирсон нь уг гэрээ болон зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
2021 оны 09 сарын 08, 2021 оны 09 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнүүдэд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 6, 7 дугаар тал /
Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд хариуцагч Ц.Д нь 2021 оны 09 сарын 08-ны өдрийн гэрээний дагуу 10.000.000 төгрөгийг мөн өдөр нь Хаан банк дахь 00000 тоот дансаараа, 2021 оны 09 сарын 09-ний өдрийн гэрээний дагуу 10.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан нь уг өдрийн мөнгө хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.
/ХХ-ийн 5-6 дугаар тал/
Талууд зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс бус, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаардаг.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Зээлдүүлэгч Ц.Э, зээлдэгч Ц.Д нар нь 2021 оны 09 сарын 08-ны өдрийн гэрээг 2021 оны 11 сарын 08-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан ба 2021 оны 09 сарын 09-ний өдрийн гэрээг 2021 оны 11 сарын 09-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай байгуулсан ба хариуцагч Ц.Д зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөөгүй байна.
Талуудын хооронд байгуулсан дээр дурдсан гэрээнүүдийн 2-т Зээл авагч нь авсан зээл болох 10.000.000 төгрөгт сар бүр 5 хувийн хүү төлнө,
3-т Зээл авагч тал энэ гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ, хүүгийн хамт төлөх үүрэгтэй хэмээн заасан бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгч Ц.Даас гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,
232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,
талуудын хооронд байгуулсан гэрээний 4-д Гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсон хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал алданги нэхэмжлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Даас 22.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эд олгох нь зүйтэй.
2021.09.08-2021.11.08 /2 сарын хугацаатай/
2021.09.09-2021.11.09 /2 сарын хугацаатай/
10.000.000 төгрөг*5 хувь=500.000 төгрөг /1 сарын хүү/
10.000.000+10.000.000+2.000.000=22.000.000 төгрөг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хариуцагч Ц.Дт нэхэмжлэлийн хувийг 2021 оны 12 сарын 08-ны өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 11-14 дүгээр тал/
Шүүх нэхэмжлэлийг 2021 оны 11 сарын 17-ны өдөр 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 20656 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч Ц.Дт 2021 оны 12 сарын 08-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэргийн материалыг танилцуулсан байна.
/ХХ-ийн 11-14, 18 дугаар тал/
2022 оны 12 сарын 24-ний өдрийн 318 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан арга хэмжээ авахуулах тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хангахаас татгалзан, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар хариуцагч Ц.Дын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 22.000.000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилжээ.
Уг захирамжид хариуцагч Ц.Д гомдол гаргасан ба 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 33 дугаар бүхий тогтоолоор 2022 оны 12 сарын 24-ний өдрийн 318 дугаартай захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
/ХХ-ийн 15-35 дугаар тал/
2022 оны 02 сарын 24-ний өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдаанд Ц.Д нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ирэх боломжгүй талаараа шүүхэд мэдэгдсэн тул талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх хугацаа олгон шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 09 цагт хэлэлцүүлэхээр хойшлуулжээ.
/ХХ-ийн 38-40, 43-46 дугаар тал/
2022 оны 03 сарын 14-ний өдрийн 09 цагт шүүх хуралдаан болох талаар хариуцагч Ц.Д нь нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн хэмээн тодорхойлсон 85519003 дугаарын утсаар шүүгчийн туслахтай 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 17 цаг 19 минутанд холбогдон товыг мэдсэн ба түүнд хуралдааны товыг мессэж илгээн дахин сануулан мэдэгджээ.
/ХХ-ийн 50-53 дугаа тал/
Хариуцагч Ц.Дт шүүх хуралдааны товыг хуралдаан болохоос 18 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг үндэслэн хариуцагч Ц.Дын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Даас 22.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Эгээс 7.950 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Ц.Даас 267.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эд олгосугай.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 318 дугаар захирамжаар хариуцагч Ц.Дын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 22.000.000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН