Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1336

 

 2024         12         03                                      2024/ШЦТ/1336

                          

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч М.Сумьяа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Дгийн Хад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2406 024456 1976 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, Завхан аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ....................  хийдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, эгч, түүний хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг, ............................. тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ...................................тоотод суудаг гэх, Урьд

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ял,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 530 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан.

Б овогт Дгийн Х /РД:................./

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордны автобусны буудал дээр насанд хүрээгүй хохирогч С.Е-ийг автобусанд суух үед түүний 405,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне экс загварын утсыг,

2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордны автобусны буудал дээр насанд хүрээгүй хохирогч Б.Цыг автобусанд суух үед түүний 975,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 11 про макс загварын утсыг,

2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордны автобусны буудал дээр хохирогч Т.Эг автобусанд суух үед түүний 1,725,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 13 про загварын утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 3,105,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Т.Э гар утсаа алдсан хэргийн талаар

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Т.Эн өгсөн: “Би 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Гачууртын автобусны буудлаас автобусанд суугаад Офицер дээр буусан. Тэр үед миний гар утас зүүн талын халаасанд байсан. Миний халаас цахилгаангүй байсан. Офицероос М-1-5 Шархад Офицеруудын ордон гэх автобусанд суугаад хөдлөөгүй байхдаа гар утсаа шалгасан чинь миний гар утас байхгүй байсан. 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Тэди худалдааны төвөөс Айфоне 13 про загварын гар утсыг 2,990,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40 дэх тал/,

 Айфоне 13 про загварын гар утсыг зах зээлийн үнэлгээг 1,725,000 төгрөг болохыг тогтоосон хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 531-24-887 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-49 дэх тал/

Насанд хүрээгүй хохирогч Б.Ц гар утсаа алдсан хэргийн талаар

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 127 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Цын өгсөн: “2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 06 цаг өнгөрч байхад би хичээлдээ явах гээд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордны арын автобусны буудлаас автобусанд суугаад нэг буудал яваад халааснаасаа гар утсаа гаргах гэхэд байхгүй болчихсон байсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Айфоне 11 про макс загварын ногоон өнгөтэй, 2023 онд 1,900,000 төгрөгөөр худалдан авч байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32 дахь тал/

Айфоне 11 про макс загварын гар утсыг зах зээлийн үнэлгээг 975,000 төгрөг болохыг тогтоосон хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ны 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 531-24-966 дугаартай дүгнэлт, /хх-ийн 40-43 дахь тап/

Насанд хүрээгүй С.Е гар утсаа алдсан хэргийн талаар

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 164 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч С.Е-ийн өгсөн: “Би 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 07 цагийн үед дүү Гэрэлт-Одын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо офицеруудын ордны автобусны буудал дээр автобус ирэхээр нь дүүгээ дагуулаад суух гэтэл зөндөө хүмүүс шахцалдаад хаалга руу дайраад байсан. Би тухай үед өөрийн Айфоне Х загварын гар утсаа баруун талын гадуур хувцасны халаасандаа хийгээд цахилгааныг татсан байсан. Тэгээд автобусандаа шахалдаад суугаад автобусны картаа дараад автобусны дунд хэсэгт очоод сандалд суугаад байж байтал нэг эгч орж ирээд “нэгнийх нь гар утсыг хулгайлаад авчих шиг боллоо” гэж хэлэхээр нь халаасаа ухаад үзтэл миний гар утас байхгүй болсон байсан. Тэгээд би тухайн эгчээс асуутал эрэгтэй хүн гар утсыг чинь авчих шиг болсон гэж хэлсэн. Тэгээд би дүүтэйгээ хамт буугаад Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст дээр очиж өргөдлөө өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 171-172 дахь тал/,

 Айфоне экс загварын гар утсыг зах зээлийн үнэлгээг 405,000 төгрөг болохыг тогтоосон хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ны 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 531-24-971 дугаартай дүгнэлт /хх-ийн 184-197 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч С.Е-ийн 405,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне экс загварын утсыг, насанд хүрээгүй хохирогч Б.Цын 975,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 11 про макс загварын утсыг, хохирогч Т.Эн 1,725,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 13 про загварын утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч нарт нийт 3,105,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч С.Е-ийн 405,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне экс загварын утсыг, насанд хүрээгүй хохирогч Б.Цын 975,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 11 про макс загварын утсыг, хохирогч Т.Эн 1,725,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 13 про загварын утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч нарт нийт 3,105,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 8, 129, 168/

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Т.Эн өгсөн: “Офицероос М-1-5 Шархад Офицеруудын ордон гэх автобусанд суугаад хөдлөөгүй байхдаа гар утсаа шалгасан чинь миний гар утас байхгүй байсан” гэх мэдүүлэг, /хх 40/, насанд хүрээгүй хохирогч Б.Цын өгсөн: “Офицеруудын ордны арын автобусны буудлаас автобусанд суучхаад нэг буудал яваад халааснаасаа гар утсаа гаргах гэхэд байхгүй болчихсон байсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг, /хх 31-32/, насанд хүрээгүй хохирогч С.Е-ийн өгсөн: “нэг эгч орж ирээд “нэгнийх нь гар утсыг хулгайлаад авчих шиг боллоо” гэж хэлэхээр нь халаасаа ухаад үзтэл миний гар утас байхгүй болсон байсан” гэх мэдүүлэг, /хх 171-172/

Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 531-24-966 дугаар дүгнэлт /хх 40-43/, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 531-24-887 дугаар дүгнэлт /хх 46-49/ 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 531-24-971 дугаар дүгнэлт, /хх 184-197/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.

 

Иймд ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад 3,105,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  

Шүүгдэгч нь хохирогч нарт хохирол төлбөрийн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордны автобусны буудал дээр насанд хүрээгүй хохирогч С.Е-ийг автобусанд суух үед түүний 405,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне экс загварын утсыг,

2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордны автобусны буудал дээр насанд хүрээгүй хохирогч Б.Цыг автобусанд суух үед түүний 975,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 11 про макс загварын утсыг,

2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордны автобусны буудал дээр хохирогч Т.Эг автобусанд суух үед түүний 1,725,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 13 про загварын утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 3,105,000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн: “Манай үйлчлүүлэгч нь анхнаасаа гэм буруу хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрөө төлсөн байгаа нь хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул улсын яллагчийн гаргасан ялын саналыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүх шүүгдэгч *******ад ял оногдуулахад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан ухамсарлаж, өөртөө дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Дгийн Хыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА