Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 110/ШШ2022/0052

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: “Х” ХХК, захирал Ц.Д

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга

              Хариуцагч: Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, А сум/ ажлын тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо

              Гуравдагч этгээд: “Х” ХХК-ийн хоорондох тендерийн маргааныг  хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн  захирал Ц.Д, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т, Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.А, гуравдагч этгээд ”Х” ХХК-ийн захирал  Б.Р, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

             1. Нэхэмжлэгч “Х”  ХХК-ийн захирал Ц.Даваасүрэн нь тус шүүхэд “Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий аймаг, А сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд холбогдуулан Үнэлгээний хорооны “Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий А сум/ БШУЯ/202212010 дугаартай ажил гүйцэтгэх тендерээс “Х” ХХК-ийг татгалзсан шийдвэрийг (1), “Х” ХХК-ийг тус тендерт шалгаруулсан шийдвэрийг (2), Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1-01/412 дугаартай мэдэгдлийг (3), тус тендерийн ажил гүйцэтгэх гэрээг (4) тус тус хүчингүй болгож,  Баян-Өлгий аймгийн дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий аймаг, А сум/ БШУЯ/202212010 дугаартай ажил гүйцэтгэх тендерийг дахин зарлахыг захиалагчид даалгах (5) шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

                                                                                     

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн  шаардлагатай холбогдуулан гомдлоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,  үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу  Монгол Улсын Сангийн яаманд гаргаснаар төрийн захиргааны төв байгууллага нь  “гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн” үндэслэлээр гомдлыг хянахаас татгалзсан хариуг нэхэмжлэгчид  2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/2657 дугаартай албан бичгээр  хүргүүлсэн,  нэхэмжлэгч нь   2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр  тус шүүхэд  нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэл гаргахаас өмнө  2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр захиалагч нь  уг тендерт  шалгарсан “Х” ХХК-тай  дугаар № БШУЯ/202212010 дугаартай ажлын гэрээг байгуулсан, шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,  үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  56 дугаар зүйлийн  56.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1. Манай компани Баян-Өлгий аймгийн Засаг даргаас зарласан “Дотуур байрны барилга 100 ор /Баян-Өлгий, А сум/ БШУЯ/202212010 дугаар”-тай тендерт оролцохоор баримтаа бүрдүүлэн оролцсон.

3.2. Гэтэл тендерийн Үнэлгээний хороо хуралдаж уг тендерт хамгийн сайн үнэлгээтэй тендерээр “Х” ХХК-ийг шалгаруулсан. Бид уг шийдвэрийг эс зөвшөөрч тус тендерт шалгарсан “Х” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд тусгасан зарим шаардлагыг хангахгүй байна гэх үндэслэлээр 2022 оны 4 дүгээр сарын 12-ы өдөр Монгол Улсын Сангийн яаманд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу хэд хэдэн үндэслэл бүхий гомдлыг гаргасан боловч Сангийн яамнаас 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хариу хүргүүлэх тухай 03/2374 тоот албан бичигт “захиалагчийн шийдвэр мэдэгдэл ирүүлээгүй” гэх үндэслэлээр гомдлыг хянаагүй.

3.3. Энэ хугацаанд захиалагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга, “Х” ХХК-тай Дотуур байрны барилга 100 ор /Баян-Өлгий, А сум/ БШУЯ/202212010 дугаартай тендерийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан талаар олж мэдсэн.

3.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж зааснаар энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байна.

3.5. “Х” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд тусгасан зарим шаардлагыг хангахгүй байгаа талаар:

Дотуур байрны барилга 100 ор /Баян-Өлгий, А сум/ БШУЯ/202212010 дугаар”-тай тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6-т “...2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх...” гэж заасан.

Гэтэл тендерт шалгарсан “Х” ХХК-ны дээрх онуудын аль нэг жилд тендерийн төсөвт өртөг болох 2.880.100.000 төгрөгийн 40 хувь буюу 1.152.040.000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга угсралтын ажил хийж гүйцэтгээгүй нь тендерийн баримтаас харагддаг.

3.6. “Х” ХХК нь 2021 онд зарласан 400.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй Цэцэрлэгийн барилга, 50 ор /Баян- Өлгий, Ногооннуур сум, Улаанбайшинт боомт/ тендерт шалгарч уг барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6-д “...Ажил гүйцэтгэсэн гэрээ, комисс хүлээж авсан дүгнэлтийн эхээс хийсэн хуулбар...”-ыг ирүүлэхээр заасан атал “Хөх ас” ХХК нь дээрх цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч  уг гэрээг ирүүлээгүй, ТӨХ-д заасан энэ шаардлагыг хангаагүй байна. Энэ нь өмнөх дуусаагүй ажил байгаагаа нуун дарагдуулсан гэж хардах нөхцөлийг бүрдүүлж байна.

3.7. “Х” ХХК нь “Е” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулж уг тендерт оролцсон. Дотуур байрны барилга 100 ор /Баян-Өлгий, А сум/ БШУЯ/202212010 дугаар”-тай тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.9-ийн Е-д “...түншлэлийн гишүүн бүр энэхүү ТӨХ-д заасан бүх мэдээллийг тус бүрдээ гаргаж, тендерийн хамт ирүүлнэ...”, ТӨХ-ийн 17.2.5-ын “4”-д “...Харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөргүй талаарх тодорхойлолтыг ирүүлнэ...” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, түшлэгч компани нь ТӨХ-ийн 17.9-ийн “Е”-д зааснаар ТӨХ-д заасан бүх мэдээллийг тус бүрдээ гаргаж, тендерийн хамт ирүүлэхээр заасан ба 17.2.5-ийн “4”-д зааснаар тендерт оролцогч компанитай адил харилцагч банкны хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөргүй талаарх тодорхойлолтыг ирүүлэхээр тусгасан байна.

Гэтэл “Х” ХХК-ны түншлэгч “Е” ХХК нь ТӨХ-ийн 17.2.5-ийн “4”-д заасан шаардлагыг хангаагүй буюу харилцагч банкны тодорхойлолтыг ирүүлээгүй нь тус компанийн тендерээс харагддаг.

3.8. Түншлэгч “Е констракшн” ХХК нь Баяннуур сумын багийн сургуулийн өргөтгөлийн барилга, Булган сумын спорт заалны барилгын ажил гүйцэтгэх тендерт шалгарч гэрээ байгуулсан ба үүнтэй холбоотой ажил гүйцэтгэсэн гэрээ, комисс хүлээж авсан дүгнэлтийн эхээс хийсэн хуулбар зэргийг ирүүлээгүй нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.9-ийн “е”-д заасан түншлэлийн гишүүн бүр энэхүү тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан бүх мэдээллийг тус бүрдээ гаргаж, тендерийн хамт ирүүлнэ, 17.6-д заасан ажил гүйцэтгэсэн гэрээ, комисс хүлээж авсан дүгнэлтийн эхээс хийсэн хуулбарыг ирүүлнэ гэж заасныг тус тус хангаагүй байна.

3.9. Ажиллах хүчний графикийг буруу тооцсон 2024 онд дуусгахаар тавьсан.

3.10. Төсөвт ажлын тоо хэмжээг дутуу оруулсан зэрэг алдаанууд харагдаж байгаа тул уг тендер шалгаруулах ажиллагаа шударга бус явагдсан гэж манай компанийн зүгээс үзэж байна.

3.11. Тендерийн Үнэлгээний хороо нь манай компанийн тендерийг шалгаруулаагүй үндэслэлээ “тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, 28-41 ХОҮ улсын дугаартай бонго маркийн авто машин тендер зарлагдсан өдрөөс хойш буюу 2022 оны 3 сарын 31-ний өдөр тухайн компанийн эзэмшилд шилжүүлсэн” гэжээ.

ТӨХ-ийн 17.6.1 -д “...Уг ажлыг гүйцэтгэхэд эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр доорх тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлэх шаардлагагүй. БА-3.1 тусгай зөвшөөрөл нь төлөөлөх эрх бүхий компанид байх шаардлагатай ...” гээд БА-8.1, БА-3.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4 зөвшөөрлүүдтэй байхыг шаардсан.

3.12. Манай компани нь тендер үнэлэхээс өмнө буюу 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулсан байсан /холбогдох баримтыг хавсаргав/. Гэтэл энэ үндэслэлээр манай тендерээс татгалзан нь хууль бус юм. Мөн 28-41 ХОҮ улсын дугаартай бонго маркийн авто машин тендер зарлагдсан өдрөөс хойш /2022 оны 3 сарын 31-ний өдөр/ тухайн компанийн эзэмшилд шилжүүлсэн буюу ТӨХ-ийн 17.6.3-д заасан “Шаардлагатай машин механизм нь тендер зарлагдсан өдрийн байдлаар тухайн компанийн эзэмшилд байсан байх” шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр манай тендерээс татгалзсан нь хууль бус юм.

Өөрөөр хэлбэл, дотуур байрны барилга 100 ор /Баян-Өлгий, А сум/ БШУЯ/202212010 дугаар”-тай тендерт шалгарсан гэх “Х” ХХК-ны дээр дурдсан алдаа зөрчлүүд нь манай компанийн тендерээс татгалзсан үндэслэлтэй харьцуулахад ноцтой бөгөөд хамгийн бага алдаатай тендерийг шалгаруулах нь тендер шалгаруулалтын үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцэх юм.

Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү.

 

4. Нэхэмжлэгчээс  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

4.1.  Манай компанийг шалгаруулалтаас тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, мөн Бонго машиныг тендер зарлахаас 30 хоногийн өмнө компанийн эзэмшилд байгаагүй гэдэг хоёр шалтгаанаар тендерээс хассан. Манай компани тусгай зөвшөөрөл нээгдсэн тухай албан тоот бичгүүд бүгд авагдсан байтал манай компанийг шалгаруулалтаас хассан. Тэгэхээр энэ нь шалгаруулалтаас хасах шалтгаан биш.

 Тендерийн шалгаруулах зааварчилгаанд ийнхүү заасан боловч энэ нь тендерээс татгалзах үндэслэл биш. Энэ бол манай компанийн дотоод асуудал бөгөөд машин, механизмаа байнга шинэчлэн сольж байдаг. Тэгэхээр энэ нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй. Манайх өрсөлдөгч компаниас үнийн саналын хувьд бага, мөн барилга угсралтын ажил хийх хугацаа богино байгаа. 2023 оны 8 дугаар сард хийж гүйцэтгэх тухай төслөө өгсөн. Мөн бусад тендерийн шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан гэж үзэж байгаа.

4.2. “Х” ХХК-ийг яагаад буруу шалгаруулсан талаар 2, 3 шалтгаануудыг дурдъя. Хамгийн гол нь санхүүгийн үзүүлэлтүүд шаардлага хангахгүй байна. Сүүлийн 3 жилийн аль нэгэнд нь 50 хувийн гүйцэтгэлтэй байх тухай шаардлагыг хангахгүй байна. Мөн ижил төстэй ажил 40 хувьтай байх ёстой шаардлагыг мөн хангахгүй байна. Манай зүгээс хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа иргэн Зангарын бариулсан байшинг улсын комиссын актад зарим хүмүүс болох Досжан, Галия, Шопанбек нар нь гарын үсэг зурж баталгаажаагүй бөгөөд хүчингүй акт байна. Мөн ижил төстэй ажлын санхүүгийн борлуулалтын шаардлагыг мөн хангахгүй байна. Урьд хийсэн ажлууд нь тодорхой бус бүрхэг байгаа. Гуравдагч этгээдийн ийнхүү гаргасан зөрчлүүд нь манай компанийн гаргасан шалтгаанаас илүү ноцтой шалтгаан гэж үзэж байгаа.

4.3. Тендерт хамгийн сайн төслийг шалгаруулна. Манай компанийг хассан шалтгаануудыг өрсөлдөгч “Х” ХХК-ийн шалтгаануудтай харьцуулахад өчүүхэн шалтгаан гэж үзэж байна. Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлого батлагдсан төсөвт өртөг 50 хувиас багагүй байх нь хангагдаагүй.

Иймд энэхүү нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.  

 

            5. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

            5.1. “Х” ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Захиалагч талын байгуулсан Үнэлгээний хороо Дотуур байрны барилга 100 ор /Баян-Өлгий, А сум/ БШУЯ/202212010 дугаартай нээлттэй тендерийг зарлаж, Үнэлгээний хороо хуралдаж дүгнэлтийг захиалагчид ирүүлсэн ба Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу хуулийн хугацаандаа “Х” ХХК-тай гэрээ байгуулах тухай мэдэгдлийг хүргүүлж гэрээг байгуулсан болно. Иймд “Х” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн  зөвшөөрөх боломжгүй тул бүхэл нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.

           

            6. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

6.1. Тус нэхэмжлэлтэй хэрэгт аймгийн Засаг даргын зүгээс тодорхой тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Аймгийн Засаг даргын зүгээс Үнэлгээний хороог захирамжаар байгуулж тус Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслээд “Х” ХХК-тай гэрээ байгуулсан. Тус тендерт хэд хэдэн компани орсон. Шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлтэй холбоотой Үнэлгээний хороо тус бүрдээ нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа.

Иймд Үнэлгээний хорооны тайлбарыг бүрэн дэмжиж байгаа гэв.

 

7. Хариуцагч Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, А сум/ ажлын тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны шүүхэд ирүүлсэн тайлбарт:

7.1. Тус аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/100 тоот захирамжаар байгуулагдсан үнэлгээний Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, А сум/ ажлыг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр цахимаар зарлаж, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нээлт хийхэд нийт 4 компани тендер ирүүлсэн. Үнэлгээний хороо 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, “Х” ХХК-ийг шалгаруулах тухай Үнэлгээний хорооны дүгнэлт гарсан. Үнэлгээний хороо “Х” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

7.2. Тендерийн өгөгдлийн хүснэгт (ТӨХ)-ийн 17.9-д “Түншлэл нь ТШЗ-ны 17.2, 17.6-д заасан доод шалгуур үзүүлэлт, шаардлагыг гишүүдийн тооноос үл хамааран хамтдаа бүрэн хангасан байна. ТШЗ-ны 17.2-т “борлуулалтын орлого, гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ, ТШЗ-ны 17.6-д ижил төстэй гэрээний үнийн дүнгийн шалгуур үзүүлэлтийг тус тус заасан бол төлөөлөх эрх бүхий гишүүн уг шалгуур үзүүлэлтийн 40 ба түүнээс дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна. Дээрх шаардлагыг түншлэлийн гэрээнд тусгаагүй тохиолдолд түншлэлийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” гэж заасан ба “Х” ХХК 2021 онд 1.000.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн А.Азимханы 8 айлын орон сууцны барилгыг хийж гүйцэтгэсэн /ТШЗ 17.6-шалгуурын 86 хувь/, Түншлэгч “Е констракшн” ХХК-ийн хувьд 359.395.958 төгрөгийн төсөвт өртөгтэй Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн “Оюутны үйлчилгээний төв”-ийн барилга угсралтын ажлыг /ТШЗ 17.6 шалгуурын 31 хувь/ тус тус гүйцэтгэсэн. Энэ нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д шаардсан “Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэгдсэн байвал зохих жилийн тоо: 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй: барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх” гэсэн шалгуурыг бүрэн хангаж байгаа.

7.3. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.7-д “ТӨХ-д шаардсан бол тендерт оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний талаарх мэдээллийг V бүлгийн Маягт 7-ын дагуу ирүүлнэ. ТШЗ-ны 17.2, 17.6-д заасан чадавхыг магадлахад энэ мэдээллийг ашиглана” гэж заасан бөгөөд тендерийн өгөгдлийн хүснэгтэд хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр эрх авсан мэдээлэл шаардаагүй тул дуусаагүй ажлын мэдээллийг ирүүлээгүй гэх гомдол нь үндэслэлгүй болно.

7.4. Харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй тухай тодорхойлолтыг компанийн санхүүгийн чадавхыг тодорхойлохын тулд шаарддаг ба “Х” ХХК, “Е констракшн” ХХК-ийн хоорондын хийсэн түншлэлийн гэрээний 3.1-д “Х” ХХК бүх төлбөр тооцоог хариуцаж байгаа тул “Е констракшн” ХХК-аас харилцагч банканд хугацаа хэтэрсэн өр зээлгүй тухай тодорхойлолт ирүүлэх шаардлагагүй болно.

7.5. Түншлэгч “Е констракшн” ХХК нь Баяннуур сумын “Ах арал” багийн сургуулийн өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэж байгаагүй, одоо хийж гүйцэтгэж байгаа Булган сумын спорт заалны барилгын ажлыг хийж дуусаагүй болно. 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр буюу тус тендер нээлт хийхээс 2 хоногийн өмнө гэрээ хийж эхэлсэн байна.

7.6. Тус ажлыг 2022 оны Төсвийн тухай хуулиар 2022 онд эхлүүлж 2024 онд дуусгахаар төлөвлөгдсөн байгаа тул “Х” ХХК ажлын графикийг батлагдсан хуулийн дагуу төлөвлөж хийсэн байгаа. Харин нэхэмжлэгч “Х” ХХК нь 2023 онд тус ажлыг дуусгахаар төлөвлөж ажлын график гаргаж ирүүлсэн нь зөрчил юм.

7.7. “Х” ХХК нь ажлын төсвийг мэргэшсэн төсөвчнөөр батлуулан төсөв хийлгэж ирүүлсэн. Тус ажлыг үнэ, хугацаанд багтаан зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэх баталгааг бичгээр гаргаж ирүүлсэн байгаа тул ажлыг тоо хэмжээ дутуу ирүүлсэн гэж тендерээс татгалзах үндэслэлгүй болно.

7.8. Үнэлгээний хороо компаниудын тендерт ирүүлсэн материалын хүрээнд үнэлгээ хийдэг. Тендер нээсэн өдрийн байдлаар “Х” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан, 28-41 X0Ү улсын дугаартай “Bongo Frontier” маркийн машин тендер зарлагдсан өдрөөс хойш буюу 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тухайн компанийн эзэмшилд шилжүүлсэн нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны ТШЗ 17.6.3-д заасан “Шаардлагатай машин механизм нь тендер зарлагдсан өдрийн байдлаар тухайн компанийн эзэмшилд байсан байх” гэх шалгууруудыг тус тус хангахгүй байгаа нь тус компанийн тендерээс татгалзах үндэслэл болж байгаа тул “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, А сум/ ажлын тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч, Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

8.1. Үнэлгээний хорооны гол эрх хэмжээ нь тендерт санал ирүүлсэн компаниудын хүрээнд л үнэлгээ хийдэг. “Х” ХХК нь тухайн материалуудаа ирүүлэхэд хүчинтэй хугацаа дууссан тусгай зөвшөөрөл ирүүлсэн. Уг тусгай зөвшөөрлийг цахимаар шалгаж үзэхэд мөн тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан.

8.2. Манайх тендер зарлахад машин механизм тендер зарласан өдрийн байдлаар тухайн компанийн нэр дээр байх тухай шаардлагыг тавьсан. Учир нь зарим компаниуд тендер зарлахад өөр компанийн машиныг аваад ирдэг. Тухайн шаардлагыг нэхэмжлэгч компани хангаагүй. Яагаад гэвэл, тухайн тендерт зориулж машин, механизмыг өөрийнх нь нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэ нь тухайн машин, механизмыг тухайн тендерт зориулж өөр компанийн машиныг өөрийнх нь нэр дээр шилжүүлж авсан хардлага үүсгэсэн, мөн тендерийн баримт бичгийн бусад шаардлагыг хангахгүй байсан учир татгалзсан.

8.3. Тендерийн баримт бичгийн шаардлагад заасан ямар нэгэн шаардлага хангаагүй тохиолдолд тус тендерээс шууд хасах үндэслэл болдог. Мөн сүүлд ирүүлсэн “Х” ХХК-ний тусгай зөвшөөрлийг хараад байхад тусгай зөвшөөрөл хавсралт гэрээний дагуу хүчин төгөлдөр байх тухай заасан байгаа. Харин “Х” ХХК нь тендер нээсний дараа буюу 4 дүгээр сарын 13-ны өдөр  гэрээ хийж ирүүлсэн байдаг.

8.4. Мөн захиалагч мэдэгдэл хүлээж авснаас хойш ажлын 5 хоногийн дотор Сангийн яаманд гомдол гаргах эрхтэй байтал нэхэмжлэгч талын зүгээс гомдол гаргаагүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тухайн ажлыг 2023 онд хийж гүйцэтгэж дуусгах тухай төлөвлөгөө гэж тайлбарлаж байна. Энэ нь тухайн компанийг тус тендерт ямар нэгэн судалгаагүй оролцсоныг харуулж байна. Учир нь, тус барилгын ажлыг Төсвийн тухай хуульд зааснаар 2024 онд тусгах тухай зохицуулсан гэв. 

9. Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

9.1. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэж заасан. Энэ тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт "Тендерт оролцогч нь “...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана’’ гэж тендерт оролцогч нь тендер захиалагч, Үнэлгээний хорооны шийдвэртэй холбогдуулан гомдол гаргах хугацааг хуульд өөрөөр нарийвчлан зохицуулсан байна. Сангийн Яамны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 03/2657 дугаар албан бичгээс үзвэл “Х” ХХК нь Баян-Өлгий аймгийн дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, А сум/ БШУЯ/202212010 дугаартай ажил гүйцэтгэгчийг шалгаруулах Тендерийн Үнэлгээний хорооны “Х” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрт хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр буюу захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

9.2. Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Баян-Өлгий аймгийн Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, А сум/ БШУЯ/202212010 дугаартай ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг хүлээн авах эцсийн хугацааг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цаг байхаар тогтоосон. Тус компани уг тендерт оролцож Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1-01/413 өдрийн албан бичгээр уг тендерт шалгарсан болохыг мэдэгдсэний дагуу 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тендер захиалагчтай XIII. 1.1.252, дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, А сум/ ажлын гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу тус компани барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авч, тухайн газрыг хашаалж, “Эл Эм Ланд” ХХК-аар барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулах, суурийн нүх ухах зэрэг ажлуудыг хийж дуусгасан. Тус компани төлөвлөгөө хуваарийн дагуу дараагийн шатны ажлыг эхлүүлэхээр 137 сая гаруй төгрөгийн үнэ бүхий төмөр арматур, тоосго, цемент, дээврийн төмөр зэрэг барилгын материал худалдан аваад байна. Өөрөөр хэлбэл тус компани одоогийн байдлаар 150 гаруй сая төгрөгийн бодит зардал гаргасан бөгөөд захиалагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу эхний ээлжийн ажлыг гүйцэтгэж дуусгаж 95,812,092 төгрөгийн санхүүжилтийг авч байна.

9.3. Тендерийн өгөгдлийн хүснэгт (ТӨХ)-ийн ТШ3.6.1-т: “Тусгай зөвшөөрөл: Уг ажлыг гүйцэтгэхэд эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр доорх тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлэх шаардлагатай. Тусгай зөвшөөрөл нь тендер хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Барилга хот байгуулалтын яам: 1./ БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил, 2./ БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил. 3./ БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, 4. БА-6.2. Барилгын барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, 5. БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, 6.БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт” гэсэн шаардлагууд тавигдсан.

Үнэлгээний хорооноос тендерийг нээхэд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хувьд тендерийг хүлээн авах эцсийн хугацааг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагийн байдлаар Тендерийн өгөгдлийн хүснэгт (ТӨХ)-ийн ТШ3.6.1-Т заасан шаардлагыг хангасан тусгай зөвшөөрөл ирүүлээгүй байсан. Дараа нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ БА-3.1, БА-6.1, БА-6.2, БА-7.1 заалтын дагуу авсан БУ43-174/22 дугаартай тусгай зөвшөөрлийн хуулбарыг ирүүлсэн боловч мөн Тендерийн өгөгдлийн хүснэгт (ТӨХ)-ийн ТШ3.6.1-Т заасан шаардлагыг хангаагүй болох нь харагдаж байна.

9.4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...Дотуур байрны барилга 100 ор /Баян-Өлгий, А сум/ БШУЯ/202212010 дугаартай тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6-т "...2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх..." гэж заасан боловч тендерт шалгарсан "Х" ХХК-ны дээрх онуудын аль нэг жилд тендерийн төсөвт өртөг болох 2.880.100.000 төгрөгийн 40 хувь буюу 1.152.040.000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга угсралтын ажил хийж гүйцэтгээгүй” гэжээ.

Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д "Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх“, тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.9-д "ТШЗ-ны 17.6-д ижил төстэй гэрээний үнийн дүнгийн шалгуур үзүүлэлтийг тус тус заасан бол төлөөлөх эрх бүхий гишүүн уг шалгуур үзүүлэлтийн 40 ба түүнээс дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна" гэж тус тус заасан.

Дээрх шаардлагын дагуу түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн "Х" ХХК 2019 онд иргэн З.Зангарын захиалгаар 540,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажил, 2020 онд иргэн А.Азиманы захиалгаар 1,000,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажил, түншлэлийн гишүүн "Е констракшн" ХХК 2020 онд 330,900,000 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн оюутны үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан тухай гэрээ, комисс хүлээж авсан дүгнэлт, захиалагчийн тодорхойлолт зэрэг материалуудыг өгсөн тул шаардлагыг хангасан гэж үзэж байна.

9.5.  “...”Х” ХХК нь 2021 онд зарласан 450.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй Цэцэрлэгийн барилга, 50 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, Улаанбайшинт" боомт/тендерт шалгарч, уг барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6-д "...Ажил гүйцэтгэсэн гэрээ, комисс хүлээж авсан дүгнэлтийн эхээс хийсэн хуулбар..."-ыг ирүүлэхээр заасан атал “Х” ХХК нь дээрх цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хэрнэ уг гэрээг ирүүлээгүй, ТӨХ-д заасан энэ шаардлагыг хангаагүй” гэжээ. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт болон тендер шалгаруулалтын зааварчилгаагаар дуусаагүй ажлын талаар жагсаалт ирүүлэх тухай байхгүй.

9.6. “...”Х” ХХК нь “Е” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулж уг тендерт оролцсон. ... Гэтэл “Х” ХХК-ны түншлэгч “Е“ ХХК нь ТӨХ-ийн 17.2.5-ийн 4-д заасан шаардлагыг хангаагүй буюу харилцагч банкны тодорхойлолтыг ирүүлээгүй нь тус компанийн тендерээс харагддаг” гэжээ. Манай компани “Е” гэсэн оноосон нэртэй компанитай түншлэлийн гэрээ байгуулаагүй, харин “Е констракшн” ХХК-тай түншлэлийн гэрээтэй ба уг компани нь Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас олгосон лавлагаагаар ямар нэгэн үүргийн зөрчилгүй юм.

9.7. “Ажиллах хүчний графикийг буруу тооцсон 2024 онд дуусгахаар тавьсан” гэжээ. Тус компани ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлыг 2022 онд эхлүүлж, 2024 онд дуусгахаар төлөвлөсөн тухай баримтаа тендерийн баримт бичигт хавсаргасан ба дээр дурдсанчлан уг төлөвлөгөөний дагуу эхний ээлжийн ажлыг хийж гүйцэтгээд байгаа. Манай компанийн хувьд Баян-Өлгий аймгийн дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, А сум/ БШУЯ/202212010 дугаартай ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт тавигдсан шаардлагуудыг бүрэн хангаж байгаа. Харин нэхэмжлэгч "Х" ХХК-ийн хувьд ажлыг 2023 онд дуусгахаар төлөвлөж ажлын график гаргаж ирүүлсэн нь үндэслэлгүй байсан.

Иймд “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

10.1. Гуравдагч этгээд “Х” ХХК-ний зүгээс 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбараа бичгээр шүүхэд хүргүүлсэн бөгөөд уг тайлбараа дэмжиж байгаа.  

10.2. Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргаас “Х” ХХК-д 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/01412 тоот албан тоотоор мэдэгдэл хүргүүлсэн. Тус албан тоотод тендерт шалгараагүй, мөн гэрээ байгуулахаас татгалзсан тухай 2 үндэслэлийг зааж хүргүүлсэн. Энэ нотлох баримтыг Сангийн яамны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Сангийн яамны хариу хүргүүлэх тухай албан тоотоос үзвэл хуульд заасан хугацаа буюу 5 хоногийн хугацаанд гомдол гаргаагүй гэдэг нь нотлогдож байна. Тэгэхээр нэхэмжлэгч талаас захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд хугацаандаа гомдол гаргасан гэдгээ өнөөдөр хүртэл нотолж чадаагүй. Энэ тухай өмнө нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцож байхад хэлж байхад гаргаж өгөөгүй бөгөөд удаа дараа гаргаж өгье гэж хэлж байсан боловч шүүхэд гаргаж өгөөгүй. Өнөөдрийг хүртэл аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд хугацаандаа гомдол гаргасан гэдгээ нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Үүгээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээж авахгүй байх нэг нөхцөл бүрдэж байна.  

10.3. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар гуравдагч этгээдийн зүгээс 7 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа дэлгэрэнгүй байдлаар бичсэн. “Х” ХХК-ний зүгээс тендерийн шаардлагыг хангаж байгаа тухай 4, 5 үндэслэлтэй тайлбар гаргасан бөгөөд уг тайлбараа дэмжиж байна.

10.4. Энэхүү тендерийг 2022, 2023, 2024 онууд хэсэгчилсэн байдлаар хувааж санхүүжилт аваад явдаг. “Х” ХХК-ний зүгээс 2022 онд төлөвлөгдсөн ажлыг 100 хувь гүйцэтгээд өнөөдрийн 140,000,000 төгрөгийн санхүүжилтээ Сангийн яамнаас авсан байдаг. Мөн дараа хийгдэх ажлын төлөвлөгөөний дагуу материал татсан бөгөөд энэ нь дараа жилийн үнийн өсөлтөөс сэргийлсэн худалдан авалт байсан. Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” хэмээн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баталж өгсөн. “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” хэмээн хуулийн аутентик тайлбарууд байдаг. Тендер шалгарсан тухай аймгийн Засаг даргаас хариу мэдэгдлийн дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.

10.5. Хуульд заасан хугацаанд бид нар хариу мэдэгдсэн хэмээн нэхэмжлэгч тал тайлбар гаргадаг. Нөгөө талдаа хариуцагч, гуравдагч этгээд гэрээ байгуулсан учраас шууд шүүхэд хандсан тухай тайлбарладаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Сангийн яамны бичиг болон захиалагчийн хариу мэдэгдлээс харахад 4 дүгээр сарын 12, 4 дүгээр сарын 27-ны өдөр гэж байна. Гэтэл ажил гүйцэтгэх гэрээ 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан байдаг. Гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэгчийн зүгээс холбогдох хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д зааснаар Сангийн яаманд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж чадаагүй бөгөөд үүгээр нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй хууль зүйн нөхцөл бүрдэж байна гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан  бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь харьцуулан судалж, үнэлээд нэхэмжлэгчээс   Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий аймаг, А сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Үнэлгээний хорооны Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий А сум/ БШУЯ/202212010 дугаартай ажил гүйцэтгэх тендерээс “Х” ХХК-ийг татгалзсан шийдвэрийг (1), “Х” ХХК-ийг тус тендерт шалгаруулсан шийдвэрийг (2), Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1-01/412 дугаартай мэдэгдлийг (3), захиалагч болон гуравдагч этгээд хоорондын байгуулсан  ажил гүйцэтгэх гэрээг (4) тус тус хүчингүй болгож,  Баян-Өлгий аймгийн дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий аймаг, А сум/ БШУЯ/202212010 дугаартай ажил гүйцэтгэх тендерийг дахин зарлахыг захиалагчид даалгах (5)” шаардлага  бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... тендерт шалгарсан гуравдагч этгээд нь ТШӨХ-ийн 17.6-д заасан “... 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх” шаардлагыг хангаагүй, мөн  2021 онд зарласан 400.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй цэцэрлэгийн барилга, 50 ор /Баян-Өлгий, Ногооннуур сум, “Улаанбайшинт боомт” тендерт гуравдагч этгээд шалгарч, уг барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан гэх атлаа гэрээний хувийг  тендерт ирүүлээгүй, түншлэгч компани нь  ТӨХ-ийн 17.9-ийн “Е”-д зааснаар ТӨХ-д заасан бүх мэдээллийг тус бүрдээ гаргаж, тендерийн хамт ирүүлэхээр заасан ба 17.2.5-ийн “4”-д зааснаар тендерт оролцогч компанитай адил харилцагч банкны хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөргүй талаарх тодорхойлолтыг ирүүлээгүй, ажиллах хүчний графикийг буруу тооцсон, иргэн З.Зангарын 20 айлын орон сууцны барилгыг хүлээлцсэн улсын комиссын актад зарим албан тушаалтнуудын гарын үсэг дутуу зэрэг нь гуравдагч этгээдийн тендер нь шалгарахгүй байх үндэслэлүүд, харин Үнэлгээний хорооны манай тендерээс татгалзсан үндэслэлүүд болох 2841 дугаартай ХОҮ Бонго маркийн машины эзэмшлийн асуудал нь компанийн дотоод ажил, компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа тендерийг нээх өдөр сунгагдсан байсан” гэж тайлбарлажээ.

 

3. Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, А сум БШУЯ/202212010 дугаартай тендерийн урилгыг Баян-Өлгий аймгийн Засаг дарга буюу захиалагч нь олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мэдээлсэн, уг урилгад тендерийн нээлтийг 2022 оны 4 дүгээр 01-ний өдөр хийхээр тусгасан, аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/100 дугаартай захирамжаар байгуулагдсан  Үнэлгээний хороо нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр  хуралдаж, тендерийн нээлтийг хийсэн байх ба нийт 4 компаниас ирүүлсэн тендерүүдэд үнэлгээ хийх ажиллагааг  тодорхой шалтгаанаар  хойшлуулах тухай шийдвэр гаргаж, үнэлгээг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн, тендерт нэхэмжлэгч нь 2.698.797.880 төгрөгийн, гуравдагч этгээд нь 2.864.505.888 төгрөгийн, үүнээс үнийн хөнгөлөлт хасаж 2.730.000.000 төгрөгийн, “Агайын” ХХК нь 2.939.659.986 төгрөгийн, “Көшелик” ХХК нь 2.599.289.973 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлснээр үнэлгээ хийж  гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” тендер гэж үзэн ажил гүйцэтгэгчээр шалгаруулах шийдвэрийг гаргаж, захиалагчид хүргүүлснээр захиалагч гэрээ байгуулах эрх олгож, улмаар 2022 оны 5 сарын 13-ны өдөр гуравдагч этгээдтэй  ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан зэрэг үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т ““тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг”, 12 дугаар зүйлийн 12.1-т “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 16 дугаар зүйлийн 16.1-т “Тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараах үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно”, 16.1.4-т “тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалт”   гэж тус тус заасан.

 

5. Хуулийн дээрх заалтуудаар захиалагч нь маргаан бүхий  100 ортой, Баян-Өлгий аймгийн А сумын сургуулийн дотуур байрны   барилгын ажлыг гүйцэтгэх   тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгүүдийг боловсруулж, тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.1-т уг ажлыг гүйцэтгэхэд шаардагдах эрх бүхий байгууллагаас олгогдсон хүчин төгөлдөр  тусгай зөвшөөрлүүдийн шаардлагыг тавьсан байх ба энэ шаардлага нь тендерт оролцогчийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан гэрээний үүргийн биелэлтийг хангах техникийн болон туршлагын  чадавхын шалгуур үзүүлэлтийг тодорхойлох зайлшгүй байх үндсэн шаардлага юм.

 

6. Тухайн тендерт захиалагчаас тогтоосон БА-3.1, БА-6.1, БА-6.2, БА-7.1 заалтын дагуу ажил, үйлчилгээ эрхлэх  БУ43-174/22 дугаартай тусгай зөвшөөрлийг  Барилга, хот байгуулалтын яамнаас нэхэмжлэгч компанид 2022 оны 3 дугаар сарын  31-ний өдрөөс таван жилийн хугацаатайгаар олгосон байх ба уг тусгай зөвшөөрөлд “тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй” гэж тусгагдсан, цаг хугацааны хувьд маргаан бүхий тендерийг нээх, үнэлгээ хийх үед эрх бүхий байгууллагаас шийдвэр гарч дээрх тусгай зөвшөөрөл нэхэмжлэгчид олгогдсон боловч уг тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байх нөхцөлд хамаарах “гэрээ” нь 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан нь хэрэгт авагдсан Монголын барилгын ассоциацийн гүйцэтгэх захирал болон нэхэмжлэгч компанийн захирал хоорондын “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлыг гэрээний үндсэн дээр хариуцагч, барилгын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан БУ43-174/22 дугаартай гэрээгээр тогтоогдсон.

 

7. Тодруулбал,  дээрх гэрээг байгуулаагүй байхад зөвхөн тусгай зөвшөөрөл олгогдсон огноог үндэслэж “хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй” гэж үзэж тендерт шалгаруулах  үндэслэлгүй тул тендерийн Үнэлгээний хорооны  “нэхэмжлэгчийн  тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан” үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан үйлдэл нь үндэслэлтэй байна.

8. Түүнчлэн,   гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмуудын жагсаалтыг тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6.3-т тусгасан, эдгээр нэрлэгдсэн машин механизмууд нь тендер зарлагдсан өдрийн байдлаар тухайн компанийн эзэмшилд байх нөхцөлийг захиалагч  заасан, өөрөөр хэлбэл, тухайн тендер зарлагдсан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар машин механизм нь тендерт оролцогчийн эзэмшилд байхыг  шаардсан байх ба нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэхэд санал болгосон  2841 ХОҮ дугаартай Bongo Frontier загварын бага оврын ачааны машиныг нэхэмжлэгч 2022 оны 3 дугаар  31-ний өдөр эзэмшилдээ авсан   нь Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байх тул энэ үндэслэлээр татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-т “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус зааснаар  дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан хариуцагч Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн мэдэгдэл нь нэхэмжлэгчийн тухайн  тендерт шалгарах  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.

 

10. Гуравдагч этгээдийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж  маргасан  нэхэмжлэгчийн үндэслэлүүдийн тухайд:

10.1. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6-т заасан “...2019, 2020, 2021 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр байх” шаардлагыг тавьсан байх боловч хэрэв тендерт оролцогч  нь дээрх шаардлагыг дангаар хангаагүй тохиолдолд хэрхэх талаар захиалагчаас хамгийн доод шалгуурыг тогтоосон байх ба энэ талаар  өгөгдлийн хүснэгтийн  17.9-т “Түншлэл нь ТШЗ-ны 17.2, 17.6-д заасан доод шалгуур үзүүлэлт, шаардлагыг гишүүдийн тооноос үл хамаарч хамтдаа бүрэн хангасан байна” гэж заасан, энэ нь гуравдагч этгээдийн болон түүний түншлэгчийн  дээрх 3 жилийн аль нэг жилд  гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөг  нь нийлээд дээрх 40 хувиас багагүй байх  шаардлагыг хангасан байхаар ойлгогдох  бөгөөд  гуравдагч этгээдийн  ирүүлсэн тендерийн хувьд 2020-2021 онд барьсан  иргэн А.Азиманы 1.000.000.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий барилгын үнэ болон түншлэгч компанийн 2020-2021 онд барьсан оюутны үйлчилгээний төвийн 359.395.958 төсөвт өртөг бүхий барилгын үнийн дүнгийн нийлбэр нь тухайн тендерийн батлагдсан төсвийн 40 хувь буюу 1.152.040.000 төгрөгийн үнийн дүнгээс багагүй байх шаардлагыг хангасан,  энэ талаарх хариуцагчийн тайлбар   үндэслэлтэй байна.

10.2. Мөн захиалагчаас одоо  хэрэгжүүлж байгаа ажлын гэрээг тендерт ирүүлэх шаардлагыг тавиагүй байх тул гуравдагч этгээдийн мэдээлсэн одоогийн хэрэгжүүлж байгаа “Цэцэрлэгийн барилга 50 ор, Ногооннуур сум, Улаанбайшинт боомт”-ын ажлын гэрээг ирүүлээгүйг шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй, ажлын графикийг буруу тооцож ирүүлсэн гэх тодорхой нөхцөл байдал тогтоогдохгүй байгаагаас гадна иргэн З.Зангарын 20 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 45/2020 дугаартай комиссын дүгнэлт дэх албан тушаалтнуудын гарын үсэг дутуу гэх зөрчил нь тухайн тендерийг  шалгаруулахгүй байх шалгуур үзүүлэлтэд хамаарахгүй юм.

10.3. Харин тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.9-ийн “e”-д “түншлэлийн гишүүн тус бүр энэхүү ТӨХ-т заасан бүх мэдээллийг тус бүрдээ гаргаж, тендерийн хамт ирүүлнэ” гэж заасан, гэтэл  гуравдагч этгээдийн түншлэгч нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн  17.2.5-ын 4-т зааснаар харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөргүй талаарх тодорхойлолтыг  ирүүлээгүй болох нь хэрэгт авагдсан түншлэгчийн тендерийн баримт, хариуцагчийн тайлбараар тус тус тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй  боловч энэ зөрчил нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө үзүүлэх хэмжээний зөрчил биш гэж үзлээ.

 

11. Иймд захиалагчаас нэхэмжлэгчид түүний  тендерийг шалгараагүй үндэслэлийг мэдэгдсэн нь, “хамгийн сайн тендер” гэж үнэлэгдсэн гуравдагч этгээдэд шалгарсан үндэслэлийг зааж, гэрээ байгуулах эрх олгосон нь, улмаар  ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”,  28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, 29 дүгээр зүйлийн  29.1-т “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэсэнтэй тус тус  нийцжээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.7.4,  29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т  заасныг тус тус баримтлан “Х” ХХК-аас  Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий аймаг, А сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Үнэлгээний хорооны “Баян-Өлгий аймгийн дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий А сум/ БШУЯ/202212010 дугаартай ажил гүйцэтгэх тендерээс “Х” ХХК-ийг татгалзсан шийдвэрийг (1), “Х” ХХК-ийг тус тендерт шалгаруулсан шийдвэрийг (2), Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1-01/412 дугаартай мэдэгдлийг (3), захиалагч болон гуравдагч этгээд хоорондын байгуулсан  ажил гүйцэтгэх гэрээг (4) тус тус хүчингүй болгож,  Баян-Өлгий аймгийн дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий аймаг, А сум/ БШУЯ/202212010 дугаартай ажил гүйцэтгэх тендерийг дахин зарлахыг захиалагчид даалгах (5)” шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                      

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          З.ГҮЛБАРША