| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2021/03621/И |
| Дугаар | 184/ШШ2022/01259 |
| Огноо | 2022-04-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2022/01259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ..... дугаар хороо, Ажилчдын гудамж, өөрийн байр хаягт байрлах, Х алба /рд:..../-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ..... дугаар хороо, Өнөр хороолол, ...дугаар байр, .... тоот хаягт оршин суух, О овогт Д.Г /рд:..../-д холбогдох,
6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.З, гэрч Б.Батсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Х сан нь газар тариалан, мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын тусгай сан юм. Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Тариалангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Бид үйл ажиллагааныхаа хүрээнд тариаланчдад түлш, шатахуун, ургамал хамгаалахад ашиглах бодис, бордоо, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж зэргийг зээлээр олгож гэрээнд заасан графикийн дагуу эргэн төлөлтийг тооцож авдаг. Иргэн Д.Г нь хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2015 оны 09 сарын 08-ны өдрийн Бот-2015/891 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээг байгуулж FT-250 маркийн трактор анжисны хамт 1 ширхэг 5,000,000 төгрөгийн үнэ бүхий техникийг хүлээн авсан. Гэрээний дагуу FT-250 маркийн трактор анжисны хамт үнийн дүнгийн 20 хувь 1,000,000 төгрөгийн урьдчилгааг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу 2016-2019 онуудад төлөхөөр хуваарьтай боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ хариуцагч тал биелүүлээгүй бөгөөд гэрээний 3.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцоход /4,000,000*0.3 хувь=-2190 хоног=13,140,000/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 4,000,000 төгрөгийн 50 хувь болох 2,000,000 төгрөгийн алдангийг үндсэн төлбөрийн хамт 6,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэн Д.Гтай байгуулсан 2015 оны 09 сарын 08-ны өдрийн Бот-2015/891 дугаартай бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Г миний бие нь уул уурхай, хүнд механизмын салбарт ажилладаг. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Х сан гэж огт мэдэхгүй. Би тариа тарьж үзээгүй. Энэ салбараас хол хүн. Энэ мөнгө нэхэмжлээд байгаа нь луйврын чанартай хийж байгаа үйлдэл гэж үзэж байна. Миний бие банкнаас зээл авсан ч эргэн төлөлтийн хугацааг нэг ч удаа хэтрүүлж байгаагүй. Х сан гэж ямар учиртай байгууллага надаас мөнгө нэхээд байгааг мэдэхгүй байна. Би 2012 онд иргэний үнэмлэх авсан бөгөөд 2015 онд иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн. Миний хаяж гээсэн иргэний үнэмлэхийг нотариатаар батлуулж зээл авсныг шүүхийн мэдэгдэх хуудас ирэх үед мэдсэн. Тэрнээс биш Х сан гэж мэдэхгүй. Би 2015 оны эхээр үнэмлэхээ хаяж, 1950 гэх зарын газарт зарлуулж, хүчингүй болгуулаад 2015 оны 04 сарын 29-ний өдөр шинээр иргэний үнэмлэх захиалж авсан. Гэтэл миний хүчингүй болсон иргэний үнэмлэхийг 2015 оны 08 сарын 11-ний өдөр Б.Батсүрэн гэх нотариатчаар гэрчлүүлэн, 09 сарын 08-ны өдөр гэрээ хийсэн байсан. Би нотариатын байгууллагаар үйлчлүүлж байгаагүй. Оршин суух хаягийн хорооноос хүртэл миний өмнөөс очиж тодорхойлолт гаргаж авсан байсан. Хорооны тодорхойлолт өгсөн хүнийг олж уулзах гэж очсон. Тодорхойлолт өгсөн ажилтан нь ажлаасаа гарсан гэж хэлдэг. Би ямар нэгэн трактор, анжис аваагүй. Гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...С.Бат-Өлзий миний бие Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд Морьтын өндөр ХХК-д холбогдох иргэний хэрэгт оролцож байгаа тул өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Х сангийн ажлын албаны 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 01/2100 дугаартай итгэмжлэл, 2021 оны 09 сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн акт, 2015 оны 09 сарын 08-ны өдрийн Бот/2015-891 дугаартай техник, тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудас, 2015 оны 09 сарын 08-ны өдрийн Бот/2015-891 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ, Д.Гы иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны орлогын мэдүүлэг, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 2-134 дугаартай тушаал, Х сангийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 16 дугаартай тогтоол, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2015 оны 09 сарын 07-ны өдрийн 1579 дугаартай тодорхойлолт, Х сангийн ажлын албаны 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 01/351 дугаартай, 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 01/568 дугаартай итгэмжлэлүүд,
Хариуцагч талаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн: Үүнд:Бүрдэл майнинг ХХК-ийн тодорхойлолт, Д.Гы гарын үсгийн чөлөөт, харьцангуй загварууд,
Шүүхийн журмаар дараах баримтуудыг гаргуулсан. Үүнд: Жимобайл ХХК-ийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 01/7513 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 10/8312 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Гы ХААТР-21А маягтууд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 04/644 дугаартай албан бичиг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 сарын 28-ны өдрийн 3387 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 10/2122 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаанууд, гэрчээр Б.Батсүрэнг асуусан тэмдэглэл /шүүх хуралдааны тэмдэглэлээр бэхэжсэн/ зэрэг бичмэл баримтуудыг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
5.Х сангийн ажлын алба нь хариуцагч Д.Гд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Х сангийн ажлын алба нь 2015 оны 09 сарын 08-ны өдрийн Бот-2015/891 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ-ний үүрэгт хариуцагчаас 6,000,000 төгрөг шаардсан бөгөөд хариуцагч тухайн гэрээг байгуулаагүй, трактор худалдан аваагүй гэж маргав.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ, 263 дугаар зүйлийн 263.1-д хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заажээ.
2015 оны 09 сарын 08-ны өдрийн Бот-2015/891 дугаар Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ-ээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 5,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг FT-250 маркийн бага оврын тракторыг анжисны хамтаар зээлээр худалдахаар тохиролцжээ. Худалдан авагч нийт үнийн дүнгийн 20 хувь буюу 1,000,000 төгрөгийг төлж, үлдэх 80 хувь буюу 4,000,000 төгрөгийг 2016, 2017, 2018, 2019 онуудад 1,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр гэрээнд заасан байна.
Хариуцагч Д.Г нь дээрх гэрээг байгуулаагүй, урьдчилгаа төлбөрт 1,000,000 төгрөг төлөөгүй, трактор болон анжис хүлээн аваагүй хэмээн маргаж гэрээ болон гэрээ байгуулахад бүрдүүлэн өгсөн төлбөрийн баримтууд дахь гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 сарын 28-ны өдрийн 3387 дугаартай дүгнэлтээр ...Шинжилгээнд ирүүлсэн 2015 оны 09 сарын 08-ны өдрийн Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ гэсэн баримтын 3 дахь хуудасны баруун доод хэсэгт Зээлдэгчийг төлөөлж гэсний доор, Д.Г гэсний урд зурагдсан, 9/8/2015 гэсэн огноотой Төрийн банкны №572900257459 гэсэн дугаартай Орлогын мэдүүлэг гэсэн баримтын доод хэсэгт Харилцагчийн гарын үсэг гэсний ард тус тус зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.Гы гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн галиглал, ерөнхий хэлбэр зэрэг гарын үсгийн бүтцийг илэрхийлэх шинж тэмдгүүдээрээ хоорондоо өөр байх тул шинжилж буй гарын үсгүүдийг харьцуулах загвараар ирүүлсэн Д.Гы гэх гарын үсгийн загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй гэжээ.
Хариуцагчаас гэрээ, төлбөр төлсөн баримт, техник тоног төхөөрөмжийг хүлээн авсан гэх баримтуудад бичигдсэн худалдан авагчийн гэх 98708314, 98611300 гэсэн үүрэн холбооны дугаарыг эзэмшиж, ашиглаж байгаагүй талаар тайлбарлаж гэрээ байгуулагдах цаг үед дээрх 2 дугаарын эзэмшигчийн талаарх лавлагааг шүүхийн журмаар гаргуулсан.
Жимобайл ХХК-ийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 01/7513 тоот лавлагаагаар ...98708314 дугаарыг Гаалин овогтой Санжжав /РД:РЭ51121074/, 2014.05.01-2018.03.14-ний өдөр хүртэл ашигласан байна. 98611300 дугаар 2016.12.22-нд анх худалдаанд гарсан болох нь тогтоогдов.
Хариуцагч өөрийн иргэний үнэмлэхийг гээгдүүлсэн байсан талаар мөн тайлбарлаж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн хариуцагч Д.Гы 2012 оны 06 сарын 08-ны өдөр олгож, 2022 оны 02 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй иргэний үнэмлэх, 2015 оны 04 сарын 29-ны өдөр олгож, 2022 оны 02 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй иргэний үнэмлэх, 2017 оны 01 сарын 17-ны өдөр олгож, 2022 оны 02 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй иргэний үнэмлэх, 2017 оны 09 сарын 14-ний өдөр олгож, 2022 оны 02 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй иргэний үнэмлэх, 2022 оны 02 сарын 28-ны өдөр олгож, хугацаагүй хүчинтэй иргэний үнэмлэхийг Д.Г нь авсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 10/2122 дугаар албан тоот, түүний хавсралтаар нотлогдов.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 04/644 дугаартай албан бичигт зааснаар тус архивт хадгалагдаж буй Хан-Уул дүүргийн тойргийн 325 тамганы дугаартай нотариатч Б.Батсүрэнгийн гэрчилсэн 2015 оны гэрээ болон бүртгэлийн дэвтрийг шүүн үзэхэд Дашзэвэгийн Гд холбогдох 1085 дугаартай байхгүй болно гэжээ. Хариуцагч нь 2012 оны 06 сарын 08-ны өдөр олгосон иргэний үнэмлэхээ 2015 оны 04 сарын 29-ны өдөр дахин шинээр авсан болох нь нотлогдож байх бөгөөд хариуцагчийн хүчингүй болсон иргэний үнэмлэх 2015 оны 08 сарын 11-ний өдөр нотариатчаар гэрчлэгдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Б.Батсүрэн ...2015 онд иргэний үнэмлэх хүчинтэй эсэхийг шалгах цахим систем нотариатын танхимд байгаагүй, бусдын иргэний үнэмлэхийг өөр бусад хүн хуулбарын үнэн зөвийг батлуулах боломжтой, харин тухайн бүртгэлийг 2015 оны бүртгэлийн дэвтэрт яагаад бүртгээгүй талаар санахгүй байна. Уг нь журамд зааснаар заавал бүртгэлийн дэвтэрт бүртгэх ёстой байдаг гэх мэдүүлэг өгчээ.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурж, эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж тооцохоор заасан. Дээр дурдсанаар талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээнд хариуцагчийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй, гэрээнд зурагдсан гарын үсэг Д.Гы гарын үсэгтэй тохирохгүй, түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагчид тракторыг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдсонгүй.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй, тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй байна.
Тиймээс хариуцагч Д.Гд холбогдох Х сангийн ажлын албаны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Х сангийн ажлын албаны нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зөв байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Гаас 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х сангийн ажлын албаны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Х сангийн ажлын албаны нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ