Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 0160

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

 

Иргэдийн төлөөлөгч Х.Нурлан

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Б.Түвшинбат

Шүүгдэгч Б.Даваадорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Нарийн бичгийн дарга Н.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Даваадоржид холбогдох 201714000068 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 01 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн 33А-11 тоотод оршин суудаг, урьд нь 2007 оны 10 дугаар сарын 18-ны 82А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д заасан гэмт хэрэгт 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай гэх Хиргис овогт Бямбаагийн Даваадорж /РД:УЗ89011635/

Шүүгдэгч Б.Даваадорж нь согтуугаар 2017 оны 01 сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт Б.Түвшинбатыг утас авсан гэх шалтгаанаар маргалдаж хутгалан бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Даваадоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Тэр үед согтууруулах ундааны зүйл нилээн их уусан байсан. Хохиролд эхэлж 300.000 төгрөг дараа 200.000 төгрөг өгсөн гэж ар гэрийнхэн хэлсэн. Хохирогч бид хоёр бага сургуулийн найзууд. Ийм зүйл болсонд маш их гэмшиж, харамсаж байна. Архи ууснаас ийм зүйл боллоо. Дахиж архи, дарсны асуудал байж болохгүй гэж бодож байна. Хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Дахин гэмт хэрэг холбогдохгүй. Найзыгаа ийм байдалд оруулсандаа харамсаж байна. Оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Б.Түвшинбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид 2 багийн найзууд. Архи дарс ууснаас ийм зүйл боллоо. Манай найз урьд нь алдаж байсан. Одоо дахиж алдаасай гэж бодохгүй байна. Гомдол, санал алга. Хохиролд 500.000 төгрөг өгсөн. Одоогоор нэхэмжлэх зүйлгүй. Ялыг нь хөнгөрүүлж өгөхийг хүсч байна. Биеийн байдал зүгээр. Ажил хийгээд явж байгаа гэсэн мэдүүлэг,

-Гэрч Ч.Үүрийнцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Урангоо бид хоёр Дэнж багийн автобусны буудлын орчим зогсоод Далайбаатарыг хүлээгээд зогсож байсан, тэгээд Далайбаатар ирэхгүй удаад байхаар нь Урангоо бид хоёр гайхаад Далайбаатарын араас дэлгүүр рүү очсон чинь “Баян маргад” хүнсний дэлгүүрийн гадаа Далайбаатар, Даваадорж хоёр зогсож байсан, газар Түвшинбат хэвтэж байхаар нь юу болсон юм бэ гээд Далайбаатараас асуусан чинь “...Түвшинбат газар унасан, цус нөжтөйгөө холилдоод хэвтэж байна гэхээр нь нүүрийг нь харсан чинь зүгээр байсан, Түвшинбатын хаанаас цус гарсан нь тодорхойгүй байхаар нь Далайбаатард хандаж цамцыг нь сөхдөө гэсэн чинь цээжнээс зөндөө их цус гарсан байхаар нь эхлээд эмнэлэг рүү залгаад “... Дэнж багийн гурван байрны Баянмаргад дэлгүүрийн орчим хүн цус алдаад хэвтэж байна, хоёр хүн хоорондоо маргасан юм шиг байна...” гэсэн чинь цагдаа руу залга, цагдаа очихоор бид нар очдог юм гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн юм. Би дуудлага өгөхдөө өөрийнхөө 99073298 гэсэн дугаараас залгаж өгсөн юм гэсэн мэдүүлэг /хх 113 ху/,

-Гэрч Б.Золбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Цогоо ахын гэрт Энхболд бид 3 үлдээд архи ууж байгаад би Цогоо ахын гэрээс гарахад гадаа цагдаа нар ирчихсэн байсан. Түвшинбатыг Бөндөө хутгалчихлаа гээд Далайбаатар надад хэлсэн. Далайбаатар Бөндөөг хутгалсаныг хараагүй гэхдээ Бөндөө хажууд нь байсан. Бөндөө л хутгалсан байх гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 115 ху/,

 

-Гэрч А.Амгаланбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Даваа ахад лаазтай боргио пиво авч өгчихөөд дэлгүүрт зогсож байхад гаднаас нэг эгч хүүхдийн хамт орж ирээд гадаа хүн зодуулж байна гэж хэлсэн. Дэлгүүрээс Далай бид хоёр хамт гарахад үүдний шатны хэсэгт цус болчихсон байсан. Мөн шатан дээр Шонхойгийн малгай байхаар нь би Шонхойгийн малгай байна гэж хэлээд Далайбаатар авсан. Далайбаатар бид хоёр хамт дэлгүүрийн урд байсан цусыг дагаад явахад дэлгүүрийн зүүн талын гражын үүдэн дээр газарт Шонхой хэвтчихсэн, хажуу талд ногоон куртиктай намхан нуруутай залуу зогсож байсан. ..Би ногоон куртиктай залуугаас юу болсон талаар асуухад дуугарахгүй байсан. Далайбаатар, Цомко, түүний найз охин бид дөрөв хамт Шонхойгийн хажууд очоод харахад цээж хэсгээс цус гарчихсан байсан. Ногоон цамцтай залуу гартаа хутга барьчихсан байхаар нь би наад чинь хутгатай байна гэж хэлээд бид нар ногоон куртиктай залуугаас холдсон гэсэн мэдүүлэг /хх 117-118 ху/,

-Гэрч Р.Цэрэнлхамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Дэлгүүрийн шат руу өгсөж байхад дүүрэн цус болчихсон байсан. Би цусан дээр гишгэхгүйгээр дэлгүүр лүү орох гээд шатаар өгсөж байхад дэлгүүрийн зүүн талын булангийн цемент дээр нэг залуу дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэр залуугийн нуруу нь гарчихсан байсан. Тухайн үед замаар машин яваад гэрэлд нь харагдсан. Газар хэвтэж байсан залуугийн хажууд нэг залуу босооч ээ гээд хөлөөрөө өшиглөж байсан. Би тэр залууг чи яаж байна, наад хүн чинь амьд юм уу гэж хэлчихээд бага насны хүүхэдтэй явж байсан болохоор айгаад хурдан дэлгүүр лүү орсон” гэсэн мэдүүлэг /хх 119-120 ху/,

-Гэрч Н.Урангуагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Далайбаатар дэлгүүрээс гарч ирэхгүй байхаар нь Үүрцолмон бид хоёр урдаас нь очиход Далайбаатар дэлгүүрээс гүйж гарч ирсэн. Үүрцолмон Далайбаатараас яасан бэ, ямар их уддаг юм бэ гэж асуухад Далайбаатар дэлгүүрийн эгч гадаа зодоон болоод байгаа юм уу, юу болоод байгааг хараадхаач гэхээр нь би дэлгүүрээс гарахад Түвшинбат цус нөжтэйгөө холилдоод хэвтэж байна гэж хэлсэн. Дэлгүүрийн зүүн талын гражийн хаалганы урд нэг эрэгтэй хүн газар хэвтчихсэн, түүний хажууд ногоон куртиктай намхан нуруутай залуу зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх 123 ху/,

-Гэрч Э.Далайбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би дэлгүүрээс гараад зүүн талын булан тойроод явахад гаражийн үүдэнд Түвшинбат газар хэвтэж байсан. Хажуу талд нь Бөндөө зогсож байсан. Би Түвшинбатыг татаад зүгээр үү гэж асуухад энгэр хэсэг нь битүү цус гарчихсан байсан. Тэр үед Үүрцолмон найз охины хамт ирээд автобусны буудлаас ирээд юу хийгээд байгаа юм бэ гэхээр нь би Түвшинбат цустай холилдчихсон хэвтэж байна гэхэд Үүрцолмон цагдаад дуудлага өгөх хэрэгтэй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 125-126 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 147 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Түвшинбатын биед цээжний баруун талд 3-4-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч цээжний дунд тараагуур судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бугалганд зүсэгдсэн шарх үүсчээ. Гэмтлийн улмаас цус алдалтын шок, цус алдалтын дараах цус багадалт 3-р зэрэг үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн хатгах, хатгагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Цээжний баруун талд үүссэн 3-4-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч цээжний дунд тараагуур судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.11, 3.3.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, зүүн бугалганд үүссэн зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснь дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Учирсан 2 тооны гэмтэл нь нэг цаг хугацаанд дарааллаад үүссэн байж болно.

5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт болон гоо сайханд нөлөөлөхгүй.

6. Учирсан 2 тооны гэмтлийн дарааллыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /хх 36 ху/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1707 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх бээлийн дээр цус илрээгүй.

2. Хохирогчийн гэх бусад хувцаснууд дээр цус илэрсэн. АВО системээр А /П/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.

3. Сэжигтний гэх бээлий болон оймсон дээр цус илрээгүй.

4. Сэжигтний гэх бусад хувцаснууд дээр цус илэрсэн. АВО системээр А/П/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.

5. ХГҮ хураагдсан гэх хутган дээр цус илэрсэн. Бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна.

6. ХГҮ бэхжүүлсэн толбо нь үмхийрч муудсан тул шүүх биологийн шинжилгээ хийх боломжгүй байна.

7. Хохирогч Б.Түвшинбатын гэх цус АВО системээр А/П/, сэжигтэн Даваадоржийн гэх цус нь 0/I/ бүлгийн харъяалалтай байна гэсэн дүгнэлт /хх 86 ху/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 933 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Хар мөрөвчтэй өмдөнд гарсан 50мм, 20мм, саарал хүрмэнд гарсан 40мм, 40мм, цагаан саарал цамцанд гарсан 90мм, 75мм хэмжээтэй уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлээр тус тус гарсан ханзарсан уранхайнууд байна. Дээрх ханзарсан уранхайнуудын цагаан саарал цамцанд гарсан 90мм, 75мм хэмжээтэй уранхайнууд нь шинэ, бусад ханзарсан уранхайнууд нь хуучин байна. Дээрх ханзарсан уранхайнуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

2. Саарал хүрмэнд гарсан ЗОмм, 8мм хэмжээтэй уранхайнууд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан хуучин уранхайнууд байна.

3. Цагаан саарал цамцанд гарсан 7х4мм, бор алаг үстэй гуталд гарсан 17х8мм хэмжээтэй уранхайнууд нь хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан хуучин гогодсон уранхайнууд байна.

4. Богино ханцуйтай шар цамцанд гарсан 2х2мм хэмжээтэй уранхай нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ цоорхой байна.

5. Богино ханцуйтай шар цамцанд гарсан 680мм, 12мм, 14мм хэмжээтэй уранхайнууд нь олон удаагийн хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ таслагдсан уранхайнууд байна.

6. Хар мөрөвчтэй өмдөнд гарсан 17мм, саарал хүрмэнд гарсан 23мм цагаан саарал цамцанд гарсан 17мм, 15мм, богино хайнцуйтай шар цамцанд гарсан 21 мм, 19мм хэмжээтэй уранхайнууд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүссэн уранхайнууд байна. Хар мөрөвчтэй емдөнд гарсан 17мм хэмжээтэй зүссэн уранхай нь хуучин, бусад зүссэн уранхайнууд нь шинэ байна.

7. Дээрх саарал хүрмэнд гарсан зураг №18-д харуулсан 23мм, цагаан саарал цамцанд гарсан зураг №25-д харуулсан 15мм, богино ханцуйтай шар цамцанд гарсан зураг №32-д харуулсан 19мм хэмжээтэй зүссэн уранхайнууд нь нэг удаагийн үйлчлээр гарсан, саарал хүрмэнд гарсан зураг №21-д харуулсан 17 мм, богино ханцуйтай шар цамцанд гарсан зураг №28-д харуулсан 21 мм хэмжээтэй зүссэн уранхайнууд нь нэг удаагийн үйлчлээр гарсан, бусад зүссэн уранхайнууд нь тус тус нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна.

8.Шинжилгээнд ирүүлсэн хар бариултай хутганы ажлын хэсэг дээрээс илэрч буй хөх, улаан, саарал болон хөх, тунгалаг, ногоон, цэнхэр, хөх, саарал хөх өнгийн утасны сэмэрдэсүүд нь саарал хүрэмний хөх болон саарал, улаан, тунгалаг өнгийн утаслаг ширхэг, цагаан саарал цамцны саарал болон хөх, тунгалаг, цэнхэр өнгийн утаслаг ширхэгтэй өнгө ойролцоо байх тул дээрх саарал хүрэм болон цагаан саарал цамцанд гарсан зүссэн уранхайнууд нь шинжилгээнд ирүүлсэн хар бариултай хутгаар гарсан байж болно гэсэн дүгнэлт /хх 92 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 38 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдийн “5” гэж дугаарласан сэнжтэй, цэцэгтэй аяганаас гэж хаягласан мөрний 2, “7” гэж дугаарласан ногоон өнгийн аяганаас ирүүлж, бэхжүүлэв гэж хаягласан мөрний 2, 4, 6, “6” гэж дугаарласан 0,75 л “Ерөөл” архины шилнээс гэж хаягласан мөрний 1, 3, 5, 6 дугаарласан гарын мөрүүдийн шинжилгээнд тэнцэнэ, бусад гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2.  Шинжлэгдэж буй “6” гэж дугаарласан 0,75 л “Ерөөл” архины шилнээс гэж хаягласан мөрний 6 дугаартай гарын мөр MN003020001081 дугаараар санд бүртгэгдсэн Бямбаагийн Даваадоржийн зүүн гарын дунд хурууны хээний дардастай папилляр шугамын төгсгөл, нийлэлт зэрэг хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

3. Бусад шинжлэгдэж буй гарын мөрүүд Гарын хээний Папилон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас, гарын мөрүүдтэй болон Бямбаагийн Даваадорж, Батмөнхийн Түвшинбат нарын гарын хээний дардастай тохирохгүй байна гэсэн дүгнэлт /хх 102-103 ху/,

 

-Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-9, 14-17 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13, 18-22, 25-26, 28-29, 81, 93-97, 104-107, 174ху/

-Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх 23-24, 27 ху/

-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх 30 ху/

-Хохирогч Б.Түвшинбатын өвчний түүх /хх 40-75 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 132 ху/

-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 82А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 139- 142 ху/

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 207 дугаартай шүүгчийн захирамж /хх 146-147 ху/

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 173 ху/

-Б.Даваадоржийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 187-192 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Даваадорж нь согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт Б.Түвшинбатыг “утас авсан” гэх шалтгаанаар маргалдан хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.Түвшинбатын “...Архи дарс ууснаас ийм зүйл боллоо” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ч.Үүрийнцолмон /хх 113 ху/, Б.Золбаяр /хх 115 ху/, А.Амгаланбаатар / хх 117-118 ху/, Р.Цэрэнлхам /хх 119-120 ху/, Н.Урангуа /хх 123 ху/, Э.Далайбаатар /хх 125-126 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед цээжний баруун талд 3-4-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч цээжний дунд тараагуур судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бугалганд зүсэгдсэн шарх үүсчээ. Гэмтлийн улмаас цус алдалтын шок, цус алдалтын дараахь цус багадалт 3-р зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 147 тоот дүгнэлт, мөн шинжээчийн 1707, 38, 933, тоот дүгнэлтүүд, ял шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Даваадорж урьд нь 2007 оны 10 дугаар сарын 18-ны 82А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д заасан гэмт хэрэгт 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 сарын 18-ны өдрийн 207 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 18 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байх бөгөөд түүний ялтай байдал Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуульд хамаарахгүй болно.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн болон гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн “...гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой байна гэж үзэв.

Энэ хэргийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан боловч хохирогч нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирлын талаар ямар нэгэн бичгийн нотлох баримтыг ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “...нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хуванцар бариултай хутга, Ерөөл архины шил 0,75 литр 2 ширхэг, саарал өнгийн нэхмэл, дундаа том нүхтэй ноосон малгай, саарал өнгийн хоёр энгэртээ халаастай, урдуураа цахилгаантай даавуун хүрэм, босоо захтай, богино ханцуйтай “поло” загварын шар өнгийн подволка, цайвар саарал өнгөтэй босоо захтай, энгэр хэсэгтээ цахилгаантай, урт ханцуйтай ноосон цамц, цайвар өнгийн босоо 3 ширхэг өргөн хар судалтай дотоож, хоёр гуяны хэсгээрээ улаан өнгийн оруулгатай хар өнгийн өмд, хөх өнгийн ноосон өмд, хоёр хажуугаараа хээтэй цайвар саарал өнгийн 1 хос оймс, таван хурууны, ажлын цагаан өнгийн бээлий 1 хос, гадуураа үстэй түрийтэй гутал 1 хос, улаан өнгийн саравчтай, дээрээ бичигтэй хар хөх өнгийн саравчтай малгай, урдуураа цахилгаантай нимгэн синтофон материалтай ногоон хүрэм, ханцуй энгэр хэсэгтээ товчтой урт ханцуйтай босоо захтай даавуун хөх цамц, цайвар өнгийн дотоож, мөрөвчтэй хар өнгийн цасны өмд, хар өнгийн дотуур ноосон өмд, саарал өнгийн оймс 1 хос, хагас түрийтэй арьсан гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Даваадоржийн цагдан хоригдсон 123 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

                                                                                                                                                      

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хиргис овогт Бямбаагийн Даваадоржийг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар шүүгдэгч Б.Даваадоржийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлан 52.5.д зааснаар шүүгдэгч Б.Даваадоржид оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Б.Даваадоржийн цагдан хоригдсон 123 /нэг зуун хорин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1., 88.1.3.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар бариултай хутга, Ерөөл архины шил 0,75 литр 2 ширхэг, саарал өнгийн нэхмэл, дундаа том нүхтэй ноосон малгай, саарал өнгийн хоёр энгэртээ халаастай, урдуураа цахилгаантай даавуун хүрэм, босоо захтай, богино ханцуйтай “поло” загварын шар өнгийн подволка, цайвар саарал өнгөтэй босоо захтай, энгэр хэсэгтээ цахилгаантай, урт ханцуйтай ноосон цамц, цайвар өнгийн босоо 3 ширхэг өргөн хар судалтай дотоож, хоёр гуяны хэсгээрээ улаан өнгийн оруулгатай хар өнгийн өмд, хөх өнгийн ноосон өмд, хоёр хажуугаараа хээтэй цайвар саарал өнгийн 1 хос оймс, таван хурууны, ажлын цагаан өнгийн бээлий 1 хос, гадуураа үстэй түрийтэй гутал 1 хос, улаан өнгийн саравчтай, дээрээ бичигтэй хар хөх өнгийн саравчтай малгай, урдуураа цахилгаантай нимгэн синтофон материалтай ногоон хүрэм, ханцуй энгэр хэсэгтээ товчтой урт ханцуйтай босоо захтай даавуун хөх цамц, цайвар өнгийн дотоож, мөрөвчтэй хар өнгийн цасны өмд, хар өнгийн дотуур ноосон өмд, саарал өнгийн оймс 1 хос, хагас түрийтэй арьсан гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Даваадоржид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.БАЙГАЛМАА

      ШҮҮГЧИД                             Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                                     Ц.АЛТАНГАДАС