| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2021/04984/И |
| Дугаар | 101/ШШ2022/00740 |
| Огноо | 2022-02-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2022/00740
2022 02 21 101/ШШ2022/00740
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Н -т холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 15,851,463 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч ... нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХК-тай ... улсын дугаартай И ХХК нь 2019 оны 07 дугаар зарын 05-ны өдөр “Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулсан. Тус автомашиныг Г.Г нь И ХХК-аас санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээслэн эзэмшдэг байна. 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр .... маркийн автомашиныг жолоодож явсан. Г.Г нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт эмээлтийн ТЭС ШТС урд замд .... улсын дугаартай, ....маркийн Б групп ХХК-ийн өмчлөлийн М.Н жолоодож явсан автомашинтай мөргөлдсөний улмаас даатгалын тохиолдол үүссэн. Зам тээврийн осол, хэргийн үзлэгийг тээврийн цагдаагийн алба гүйцэтгэж, М.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т “жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэж заасныг зөрчсөн гэдгийг тогтоосон байна. Даатгалын тохиолдлын газар дээрх үзлэг хийгдэх үеийн тэмдэглэлийг М ХК давхар үйлдсэн. Хохирлын хэмжээг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ашид Билгүүн ХХК нь 1104 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар гаргаж 18,425,710 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон байна. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр И ХХК нь Мөнххада ХХК-ийн засварын үнийн саналын дагуу 17,656,763 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрт тооцон шилжүүлэхийг нэхэмжилсэн. Буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх хэлцлийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Г.Гтэй байгуулсан. Ийнхүү М ХК нь 15,851,463 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрт тооцон олгохоор шийдвэрлэн, даатгуулагчид шилжүүлсэн болно. Иймд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 15,851,463 төгрөгийг буруутай этгээд болох М.Наас гаргуулж өгнө үү.
Манайх нэхэмжлэл гаргахдаа И компанийн өмчлөлийн ...маркийн автомашиныг жолоодож явахдаа осол гарган даатгалын нөхөн төлбөр авсан Ганхүүтэй байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэх эрх шилжүүлэх хэлцлийн үндсэнд М.Наас 15,851,463 төгрөгийг гаргуулах шаардах эрхийг олж авсан тул 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу шаардах эрх нь манайд шилжсэн. Маас И компанид ... дугаартай автомашинд учирсан хохирол болох 18,425,710 төгрөгөөс 15,851,463 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, тус мөнгийг хариуцагчийн Хаан банк дахь данс руу шилжүүлсэн. И Иргэний хуулийн 221.1-т зааснаар төлсөн тул Иргэний хуулийн 443, Даатгалын тухай хуулийн 8.7-д зааснаар шаардах эрх манайд ирсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагчийн эд хөрөнгө, мөнгийг нийт 30,439,862.10 төгрөгөөр битүүмжлүүлэх хүсэлт гаргасан байна. Дээрх нэхэмжлэгч талын гаргасан хүсэлт нь илтэд хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буюу нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэтэрсэн байна. Иймд хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагаас 10,184,552 төгрөгийг зөвшөөрч байгаа. Хариуцагч хэрэг гарсан өдрөөс хойш учирсан хохирлыг өөрийн зардлаар хариуцах санал гаргасныг тухайн үед жолоодож байсан Г.Г, М компани нар нар үл харгалзсан. Хариуцагч бид хохирлыг төлөхгүй байсан бол даатгалаас төлүүлнэ гэсэн зохицуулалт байгаа. Тэргүүн ээлжинд хохирол учруулсан хүн нь төлнө гээд байхад төлүүлээгүйд маргаан байна. Одоо нэхэмжлээд байгаа зардал нь зах зээлийн ханшаас өндөр. Тус машиныг анхных шиг нь сэргээн засварлах боломжтой. Хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн 2 хуудас баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, цааш шилжиж баталгаажсан нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 сая төгрөгийг даатгалын сангаас авах боломжтой талаар 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр М компани нь хариу бичсэн байдаг. Тус мөнгийг нэхэмжлэгч авчихсан мөртлөө баримт байхгүй тул дахин нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХК, хариуцагч М.Нт холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 15,851,463 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 5,666,911 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч 10,184,552 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт нотлох баримтаар авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч М.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т “жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж И ХХК-ийн өмчлөлийн иргэн Г.Г-ийн жолоодож явсан ... маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 18,425,710 төгрөгийн хохирол учруулсан нь Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал”, 28-ны өдрийн co-207 тоот “Эрх бүхий албан тушаалтны магадлагаа”-аар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 11-20, и29-33 дахь тал/
И ХХК нь нэхэмжлэгч М ХК-тай Авто тээврийн хэрэгслийн гэрээг байгуулж даатгалын тохиолдлын хугацааг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 04-ний хугацаагаар байгуулжээ. Даатгалын .....тоот гэрээний дагуу нэхэмжлэгч нь Мөнххада ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ...тоот тодорхойлолт, үнийн санал, тооцооны хуудас, И ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20/130 тоот хүсэлт, нэхэмжлэх зэргийг үндэслэн даатгалын нөхөн төлбөрт 15,868,192.5 төгрөгийн гурван удаагийн гүйлгээгээр иргэн Г.Г, Ашидбилгүүн ХХК нарт шилжүүлжээ. /хавтаст хэргийн 6-7, 9-10, 21-28 дахь тал/
Нэхэмжлэгчийн зүгээс зам тээврийн ослын улмаас хохирсон даатгуулагчид төлсөн 15,851,463 төгрөгийг хариуцагч М.Наас гаргуулахаар И ХХК-тай байгуулсан 90C1930000351 тоот Авто тээврийн хэрэгслийн гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэх эрх шилжүүлэх хэлцэл”-ийг үндэслэн нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасантай нийцэж байна. Даатгуулагч нь даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхээ 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн а20/0013 тоот гэрээгээр нэхэмжлэгчид шилжүүлсэн байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчаас даатгуулагчид төлсөн нөхөн төлбөр, гарсан зардлын хэмжээгээр шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас даатгуулагч И ХХК-ийн өмчлөлийн ... маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 18,425,710 төгрөгийн хохирол учруулсан нь дээрх баримтаар тогтоогдсон учир нэхэмжлэгчийн шаардсан буюу даатгалын нөхөн төлбөрт шилжүүлсэн бодит зардал болох 15,851,463 төгрөгийн шаардлагын хэмжээгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хариуцагчийн зүгээс даатгуулагч нь хариуцагч жолоочийн хариуцлагын даатгалгүй нь байсан үндэслэлээр жолоочийн даатгалын сангаас 5,000,000 төгрөгийг авсан, авах боломжтой байсан гэх, мөн хохирлын үнэлгээ хэт өндөр бөгөөд хариуцагч хохирлыг өөрөө арилгах хүсэлтийг даатгуулагч хүлээн аваагүй, хэт өндөр үнэлгээгээр тооцон төлбөр гаргуулсныг зөвшөөрөхгүй гэжээ. Хариуцагч тал татгалзлаа нотлох үүргийн хүрээнд Вьетнам авто засварын газрын үйлчилгээний хуудас, техникийн сэлбэг хэрэгслийн үнийн санал илэрхийлсэн Зарлагын баримтыг тус тус нотлох баримтаар гаргасныг тээврийн хэрэгслийн сэлбэгийн зах зээлийн үнийг бодитой илэрхийлсэн нотлох баримт гэж үзэхгүй ба Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, ... маркийн тээврийн хэрэгслийн албан ёсны борлуулагч Мөнххада ХХК-ийн үнийн саналыг тус тус үгүйсгэхгүй байна. Мөн жолоочийн даатгалын сангаас 5,000,000 төгрөгийг даатгуулагчид олгох боломжтой байхад нэхэмжлэгч өөрөө төлж хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй гэж хариуцагч тайлбарласан ба нэхэмжлэгч, жолоочийн даатгалын сангаас 5,000,000 төгрөгийг даатгуулагчид олгогдоогүй үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн олгосон тухай тайлбарыг гаргаж шүүхэд зохих баримтыг гаргажээ.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч М.Наас даатгалын нөхөн төлбөрт 15,851,463 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг баримтлан хариуцагч М.Наас 15,851,463 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,210 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Наас 237,210 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ