Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2022/01400

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .... дугаар хороо, Одонт ....дугаар гудамж, .... тоот хаягт оршин суух, Т овогт Н.Б /РД:..... /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .... дугаар хороо, Хилчин хотхон гудамж, ..... тоот хаягт оршин суух, О овогт Л.Н /РД:..... /-д холбогдох,

 

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь Л.Н..тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2021 оны 12 сарын 17-ны өдөр 5 сая төгрөгийг Л.Н...д зээлдүүлж өгсөн. Тус 5 сая төгрөгөө шилжүүлэн өгөхдөө бичгээр гэрээ хийлгүй аман хэлэлцээрээр 5 сая төгрөгөө өгсөн. Тус тохиролцоондоо 5 сая төгрөгөө 1 сарын дараа буцааж бэлнээр нь өгнө, мөн найздаа тус болсон юм чинь гээд гүрмэл боорцог өгнө гэж харилцан тохиролцсон. Гэвч миний мөнгийг одоо болтол өгөхгүй байгаа тул Л.Н...д хуулийн дагуу арга хэмжээ авч мөнгийг минь буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2021 оны 12 сарын 16-ны өдөр манай найз А гэдэг хүүхэн надад Н гэдэг хүн боорцог хийх гэтэл мөнгөгүй болчихлоо. 10 сая төгрөг хэрэгтэй гэнэ хоёулаа хамтраад 5, 5 сая төгрөг гаргаад энэ хүмүүстэй нийлэх үү, тэгвэл бид хоёрын өгсөн 5, 5 сая төгрөгийг буцааж өгөөд дээр нь нэмээд 2000 ширхэг боорцог өгье гэж байна гэж хэлсэн. Ингээд би А....тай хамт Н дээр очиход эхнэр О....гээ хамт байсан. Бид 5 сая төгрөгийг буцааж өгөөд дээрээс нь 2000 ширхэг боорцог өгье гэж тохиролцсон. Уг нь ашгаа хуваая гэж байгаад ашгаа болъё, найз нь өр төлбөр ихтэй байна, тиймд та хоёрт 5, 5 сая төгрөгийг нь буцааж өгөөд дээрээс нь 2000 ширхэг боорцог өгье гэж тохиролцоод маргааш нь буюу 2021 оны 12 сарын 17-ны өдөр 5 сая төгрөгийг хүнээс зээлж аваад Нгийн данс руу би өөрөө шилжүүлсэн. Ингээд Н би байр сав олсон бүгдээрээ 19-нд ажлаа эхлүүлье гээд 12 сарын 19-нд ажлаа эхлүүлсэн. Ариунаа бас 5 сая төгрөг Н...д шилжүүлсэн. Бид 2 бараа татахад нь тусалж очих уу гэхэд байраа олоод хэлье гэсэн. Бид нар боорцог хийсэн газар болох Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхоны .... тоот хашаа байшинд очоод цагаан сарын гүрмэл боорцог хийх ажлаа эхэлсэн. Ингээд 1 сарын 20-ныг хүртэл би ажиллана, түүнээс хойш ажиллаж чадахгүй, чадахаар чинээгээрээ бид хийлцэнэ гэж ярьсан. Надаас гадна тэр боорцог хийж байгаа газар надтай хамт 5, 6 хүн ажилласан.

Н болон түүний эхнэр миний өгсөн 5 сая төгрөгөөр бүх материалаа 17-ны өдөр татсан. Н өөрөө бас боорцгийн цехтэй ба тэндээ миний өгсөн мөнгөөр бас боорцгоо хийсэн. Бид нар тусдаа боорцгоо хийсэн. Ингээд би 1 сарын 20-ныг хүртэл ажиллаад боорцог, мөнгө төгрөгөө авмаар байна гэхэд чи ямар ч байсан 1800 ширхэг боорцог авч бай гээд надад 1800 ширхэг боорцгийг Х гэж залуугаар тоолуулаад өгсөн. 5 сая төгрөгөө хэзээ өгөх вэ гэхэд удахгүй өгнө гэж хэлээд өдийг хүрсэн. Би 12 сарын 19-ний өдрөөс 1 сарын 20-ны өдөр хүртэл ажиллахдаа хамт ажиллаж байсан А, Б, Х, Д бид нар нийлээд 8500 ширхэг боорцог тэр байранд хийж Н...д хүлээлгэж өгсөн. Н миний өгсөн 5 сая төгрөгөөр авсан материалаар өөрийнхөө цехэд 11250 ширхэг боорцог хийсэн. Яг тоо ширхгийг нь мартаад байна. Ингээд миний өгсөн 5 сая төгрөгөөр авсан материалаараа нийтдээ 21000 гаруй боорцог хийсэн. Зөвхөн миний өгсөн мөнгөөр авсан материалаар л хийгээд байгаа. А...гийн мөнгө яасан гэдгийг мэдэхгүй байна. Ариунаа бид 2 авсан материалыг нь бодохоор 3 сая гаран төгрөгийн материал л орсон. 2 тонн 80 шуудай гурил буулгаж өгсөн. Энэ нь 3,200,000 төгрөг болж байгаа юм. Үлдсэн 2 сая гаран төгрөгөөр нь тос бусад материал авсан байх. Гэхдээ миний тооцоогоор тос бусад материал нь нэг сая гаран төгрөг л болж байгаа юм. Н...тэй хамт материал татахад явъя гэхэд байж бай гээд дагуулж явдаггүй байсан. Ингээд үржүүлээд бодоод үзэхээр миний өгсөн 5 сая төгрөгөөр 84,400,000 төгрөгийн ашиг олсон байгаа юм. Иймд би ашиг нэхээгүй өгсөн 5 сая төгрөгөө авмаар байна. Ашгаа хэрвээ хуваавал бас өөр дүн гарна гэв.

 

2.Хариуцагч Л.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Л.Н миний бие хувиараа гүрмэл боов хийж борлуулдаг. 2021 оны 12 сарын 17-ны өдөр урьд нь манайд цалинжиж ажилладаг байсан Н.Б ирж би 5 сая төгрөг гаргаад тантай хамтарч ажиллаад ашгаа хувааж авъя гэхээр нь би одоо оройтчихлоо амжихгүй байх гэхэд Н.Б яаж ийгээд хийгээд амжуулчихна гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд 2022 оны 01 сарын 20-ны өдөр хүртэл ажиллаад 6500 ширхэг боов хийсэн. Ингээд анх хийхээр тохирсон 24000 ширхэг боов хийж амжихгүй болсон тул би Н.Бд 1800 ширхэг боов өгөөд чи наад боовоо зараад нөгөө 5 сая төгрөг болон илүү гарсныг нь ашиг болгож ав гэж хэлээд өгч явуулсан юм. Тухайн үед 1 ширхэг боов 4000 төгрөгийн үнэтэй байсан ба 1800 ширхэг боов 7,200,000 төгрөг болж байсан юм. Н.Б нь анх ирэхдээ хамтарч ажиллах санал тавиад 5 сая төгрөг нийлүүлсэн болохоос өөрөөр бол би Н.Бгаас мөнгө зээлсэн асуудал байхгүй болно. Иймд уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

Б нь 2020 онд манай боорцгийн цехэд туслахаар ажиллаж байгаад гарсан. 2021 онд өөрөө ирээд боорцог хиймээр байна гэхээр нь ажлын байр тоног төхөөрөмж гаргаж өгөөд ажиллуулсан. Ингээд ажиллуулаад 1800 ширхэг боорцог хийж аваад явсан. Би өөрт нь ашгаа өөрөө гаргаж ав гэсэн. Тухайн үеийн ханшаар 7,200,000 төгрөгийн боорцог хийж 2,2 саяын ашигтай ажилласан. Би ямар ч байр тоног төхөөрөмжийн хөлс нэхээгүй. Гэтэл одоо надаас 5 сая төгрөг нэхэж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Ямар үндэслэл тооцоогоор 5 сая төгрөг нэхэж байгааг ойлгохгүй байна. Хэрэв Б нь ингэж үндэслэлгүй мөнгө нэхвэл би байр, тоног төхөөрөмжийн түрээс, хөлс нэхэж болох л юм байна. Өөрөө ажиллаад хийсэн боорцгоо өөрөө авч явчхаад одоо ямар мөнгө нэхэж байгааг ойлгохгүй байна. Иймд Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 5 сая төгрөгөөс нь би нэг ч төгрөг хэрэглээгүй. Б надад 5 сая төгрөг зээлсэн ямар ч гэрээ хэлцэл байхгүй. Би Бд тусалсан юм. Бүх материалыг би татаж өгсөн. Үүнд: 1.гурил-50 уут*26,000 төгрөг=1,300,000 төгрөг, 2.Тос-20 ширхэг*130,000 төгрөг=2,600,000 төгрөг, 3.сахар 150кг*2,400 төгрөг=360,000 төгрөг, 4.масло 150 кг*6,500 төгрөг=975,000 төгрөг, 5.наранцэцэгийн тос 700,000 төгрөг, 6.өөхөн тос 150,000 төгрөг, 7.хайрцаг 650,000 төгрөг, 8.уут 1,300,000 төгрөг, нийт 8,035,000 төгрөг байна. Энэ тооцоогоор би 3 сая гаруй төгрөгийг гаргажээ. 9.Хоол 5 хүн өдөрт 5,000 төгрөгөөр 25 хоногт 650,000 төгрөг. Үүнийг би төлсөн гэжээ.

 

3.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Голомт банкны дансны хуулга,

 

4.Хариуцагч талаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн: Үүнд:Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас П.О....т олгосон батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түрээслүүлэгч Д.Н, түрээслэгч Л.Н, О нарын хооронд 2020 оны 11 сарын 01-ний өдөр байгуулсан Ажлын байр түрээслэх гэрээ зэрэг бичмэл баримтуудыг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Н.Б нь хариуцагч Л.Нд холбогдуулан зээлийн үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

6.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

7.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...5,000,000 төгрөгийг 1 сарын дараа буцаан авахаар Л.Нд зээлдүүлсэн, мөнгө зээлдүүлсний хариуд 2000 ширхэг гүрмэл боорцог өгнө гэсэн, 1800 ширхэг гүрмэл боорцог өгсөн боловч зээлсэн 5,000,000 төгрөгөө эргүүлэн төлөхгүй байгаа тул хариуцагчаас гаргуулна хэмээн тайлбарлав.

 

8.Хариуцагч ...Н.Б нь анх ирэхдээ хамтарч ажиллах санал тавиад 5,000,000 төгрөг нийлүүлсэн болохоос би Н.Бгаас мөнгө зээлсэн асуудал байхгүй, хамтран ажиллахаар тохиролцож, 1 ширхэг нь 4000 төгрөгийн үнэтэй, 1800 ширхэг гүрмэл боов өгсөн. 7,200,000 төгрөг болно. Үүнээс Н.Б өөрийн 5,000,000 төгрөг болон ашиг 2,200,000 төгрөг гаргаж авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргав.

 

9.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ хэмээн заасан.

 

Н.Б нь 2021 оны 12 сарын 17-ны өдөр Голомт банк дахь өөрийн 1715114727 тоот данснаас 2,500,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр 5,000,000 төгрөг Bazaraagaas утгатайгаар Н, Хаан төв банкруу шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг хүлээн авсан үйл баримтын тухайд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь зээлийн гэрээгээр зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг бол нэхэмжлэгч нь зээлийн 5,000,000 төгрөгөөс гадна 2000 ширхэг гүрмэл боорцог авахаар тохирсон тухай тайлбарлаж, 1800 ширхэг гүрмэл боорцгийг авсан үйл баримтын тухайд талууд маргадаггүй. Хэдийгээр нэхэмжлэгч 5,000,000 төгрөг зээлдүүлсний шан, харамж гэх агуулгаар 2000 боорцог авахаар тохиролцсон гэж тайлбарладаг боловч түүний тайлбар баримтаар нотлогдсонгүй.

 

10.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заажээ.

Нэхэмжлэгчийн ...Л.Н өөрөө бас боорцгийн цехтэй ба тэндээ миний өгсөн мөнгөөр 12600 ширхэг боорцог, бид нар тусдаа 8500 боов хийсэн. Бид 1 сар гаруйн хугацаанд 5-уулаа ажилласан гэх тайлбар, хариуцагчийн ...өөрөө ажиллаад хийсэн боорцгоо өөрөө авч явсан, Н.Бд 1800 ширхэг боов өгөөд чи наад боовоо зараад нөгөө 5 сая төгрөг болон илүү гарсныг нь ашиг болгож ав гэж хэлээд өгч явуулсан

гэх тайлбараас үзэхэд Н.Б, Л.Н нар нь ашиг олох зорилгоор цагаан сарын гүрмэл боорцог хийхээр тохиролцжээ. Тиймээс талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Хариуцагч Л.Н нь эхнэр П.О....ийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт Гүрмэл боовны цех ажиллуулах зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг болох нь хариуцагчаас ирүүлсэн худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх Батламж-аар нотлогдов. Талуудын тайлбараас Н.Б нь хариуцагчийн нарийн боовны цехэд бус Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхоны ....тоот хашаа байшинд 4 хүний хамтаар 2021 оны 12 сарын 19-ний өдрөөс 2022 оны 01 сарын 20-ны хооронд 1 сар гаруйн хугацаанд ажиллажээ.

 

Нэхэмжлэгч Н.Бгийн шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т зааснаар гэрээнд оролцогчдын хураамж гэж үзэх бөгөөд тэдгээрийн хамтын үйл ажиллагаа нь тодорхой хугацаанд буюу сар шинийн баяраас өмнө 1 сарын хугацаанд гүрмэл боорцог хийх, түүнийгээ худалдан борлуулж, ашиг олсноор гэрээ дуусгавар болох буюу маш богино хугацаанд хэрэгжих, 1 удаагийн шинжтэй байжээ.

 

Н.Б нь ...Л.Н нь гүрмэл боорцгийг нэг бүрийг нь 4000 төгрөгөөр зах зээл дээр худалдан борлуулдаг, 21100 ширхэг боорцгийг 4000 төгрөгөөр зарж 84,400,000 төгрөгийн ашиг олсон... гэж, мөн хариуцагч нь ...4000 төгрөгийн үнэтэй, 1800 ширхэг, 7,200,000 төгрөгийн боорцгийг нэхэмжлэгчид өгсөн гэх талуудын бичгээр гаргасан тайлбараар боорцгийн 1 ширхгийн үнэ нь 4000 төгрөг болох нь тогтоогдов.

 

Зохигчдын тайлбараар 1 ширхгээр ууталж, савласан гүрмэл боорцгийн үнэ 4000 төгрөг байсан нь маргаангүй тул нэхэмжлэгч гэрээ дуусгавар болох үед 7,200,000 төгрөгийн үнэ бүхий боорцгийг хүлээн авсан байна. Нэхэмжлэгч нь ...5,000,000 төгрөг өгөөд 781,000 төгрөгийн материал орсон боорцог авсан, боорцгоо 2500 төгрөгөөр худалдан борлуулж 2,138,000 төгрөг олсон гэж тайлбарладаг боловч тэрээр энэхүү тайлбараа баримтаар нотлоогүйн дээр өөрийн авсан боорцгоо хэдэн төгрөгөөр худалдан борлуулах үнийг тэрээр өөрөө тогтоох учиртай. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Н.Б нь хамтын үйл ажиллагаа дуусгавар болоход өөрийн оруулсан 5,000,000 төгрөгөө 7,200,000 төгрөгийн хэмжээнд буцаан авсан гэж үзнэ.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч Н.Б нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлоогүй тул хариуцагчаас 5,000,000 төгрөг гаргуулах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ...Л.Н надад 5,000,000 төгрөг төлнө гэж ярьсан гар утасны бичлэг байгаа талаар ярьдаг бөгөөд тухайн баримтаа шүүхэд гаргаж өгөх эсэхийг тодруулахад тэрээр баримт өгөхгүй, хурлаа үргэлжлүүлье гэсэн ба шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлдэггүй болохыг тус тус тайлбарласан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд туссан болохыг дурдах нь зүйтэй.

 

12.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.1-т зааснаар хариуцагч Л.Нгээс 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.


       

 


 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Д.УРАНЗУЛ