Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ154

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

     2024           11           19                                       2024/ШЦТ/154

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох эрүүгийн 2404000000167 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                 Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                Б.Баттуяа

 Хохирогч                                                       Ц.*******

 Шүүгдэгч                                                       М.******* нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, Халх, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизм мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Багануур дүүргийн 3 дугаар хороо, *******гийн 5 дугаар гудамжны 9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* ******* ургийн овогт *******ын ******* (РД:*******).

Яллагдагч М.******* нь согтуурсан үедээ хохирогч Ц.*******тай маргалдаж, толгойгоороо нүүр хэсэгт 1 удаа мөргөсний улмаас эрүүл мэндэд нь дээд үүдэн 11 дүгээр шүдний бүрэн булгаралт, 21 дүгээр шүдний ганхалт, дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2024 оны 9 дүгээр сарын 15-ны орой ангийн найзтайгаа хамт   “” баар орсон. Тэгээд баарны гадна үүрийн 04 цагийн үед *******тай маргалдаж бие биенийгээ түлхэж, би *******ыг толгойгоороо мөргөсөн чинь ******* газар суугаад өгсөн. Эмчилгээний зардалд 3.900.000 төгрөг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 28, 62, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч Ц.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2024 оны 9 дүгээр сарын 15-ны шөнө 03-05 цагийн үед “” баарны гадна 2 найз маргаад байхаар нь салгасан. ******* надтай маргалдаж байгаад намайг мөргөхөд үүдэн шүд маань унасан. Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй. Эмчилгээний зардалд 3.900.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Гэрч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “найзуудын хамт 00 цагийн үед “” нэртэй бааранд орсон. Би архи уудаггүй юм. Баарны үүдэнд очиход Ц.*******ын нүүр ам цус болсон байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад ******* намайг цохичихлоо гээд байж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16),

            Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №275 дугаартай шинжээчийн “Ц.*******ын биед дээд үүдэн 11 дүгээр шүдний бүрэн булгаралт, 21 дүгээр шүдний ганхалт, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. Дээрх шүдний булгаралт уналт гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5% алдагдуулна” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 23-24),

          Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 28/119 дугаартай “Иргэн Ц.******* нь 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламж 106.190 төгрөгийн яаралтай, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна.” гэсэн албан бичиг (хх-ийн 13),

          Хохирогч Ц.*******ыг согтуурлыг драгер багажаар шалгахад 1.60 хувийн согтолттой” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6),

          Хохирогчийн үүдэн шүдийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7),

“Эсби” шүдний эмнэлгийн эмчилгээний хуудаст “Рентгенд 11 дүгээр шүд хугарч ёзоор үлдсэн, 21 дүгээр шүд 2 дугаар зэргийн хөдөлгөөнтэй, 21 дүгээр шүдэнд бэхэлгээ хийж ажиглах, цаашид хөдөлгөөнгүй болох магадлалтай, 11 шүдний үлдсэн ёзоорыг авч шүдэлбэр хийх, хийх шүдэлбэр нь өөрийн сонголтоор хийгдэнэ” гэжээ (хх-ийн 8),

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх “М.******* нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх лавлагаа болон шийтгэх тогтоолын хуулбар

 (хх-ийн 37, 40-43),

          Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны албан тоотод “******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор М.*******д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон” гэжээ (хх-ийн 45),

Иргэний үнэмлэхний “******* ******* овгийн *******ын *******, РД:*******” гэх лавлагаа болон хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 31-36) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Шүүгдэгч М.******* нь 2024 оны 9 дүгээр сарын 15-ны шөнө Багануур дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “” бааранд найз хохирогч Ц.******* болон найз нарын хамт согтууруулах ундааны зүйлийг хэрэглэжээ.

Улмаар 2024 оны 9 дүгээр сарын 15-ны үүрээр 05 цагийн үед “” нэртэй баарны гадна хохирогч Ц.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүнийг мөргөсний улмаас эрүүл мэндэд нь дээд үүдэн 11 дүгээр шүдний бүрэн булгаралт, 21 дүгээр шүдний ганхалт, дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

           -шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “*******ыг толгойгоороо мөргөсөн чинь газар суугаад өгсөн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.*******ын мэдүүлсэн “******* намайг мөргөхөд миний үүдэн шүд унасан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №275 дугаартай шинжээчийн дүгнэлт, согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн дээрх үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хүнийг зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд оруулж, улмаар дээрх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэх нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэх нөхцөл болдог.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үг үйлдлээ хянах чадвар нь алдагдаж, уур бухимдлаа зохицуулж чадаагүй байдал нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.******* нь хохирогч Ц.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

              Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.******* нь хохирогч Ц.*******ын биед дээд үүдэн 11 дүгээр шүдний бүрэн булгаралт уналт бүхий хөнгөн хохирол учруулсан ба шүүх хуралдаанд хохирогчийн зүгээс “сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, эмчилгээний зардалд 3.900.000 төгрөг авсан” гэж мэдүүлсэн.

              Мөн шүүгдэгч М.******* нь хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 106.190 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлсөн (хх-ийн 81) болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

Улсын яллагчаас “Шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаагүй.

Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эмчилгээний зардалд 3.900.000 төгрөг, хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 106.190 төгрөгийг тус тус төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримталдаг нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. ******* ******* овгийн *******ын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.*******д 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг М.*******д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.*******д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мөнх-Эрдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. М.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА