Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/02794

 

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/02794

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ......... тоотод байрлах А  /РД: ...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ..........тоотод байрлах Б  /РД:........./-д холбогдох,

бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 33.465.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч У.М  хариуцагчийн төлөөлөгч С.Э  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь  Б ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бэлтгэн нийлүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан юм. Ийнхүү байгуулахдаа уг гэрээний 4.2 дахь хэсэгт өмнө нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдлийг манай талд төлж барагдуулахаар график гаргасан боловч худалдан авагч талын хүсэлтээр графикийг дахин өөрчилж, хамгийн сүүлийн төлбөрийн тооцоог 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгахаар тохирсон. Энэхүү тооцоог 2 талын тооцооны ажилтнууд холбогдох баримтыг үндэслэн тооцоо нийлсэн актын дагуу гаргасан байдаг. Гэтэл хариуцагч нь энэхүү төлбөрөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй манай компанид санхүүгийн хүнд байдал үүсгэж, хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулаад байна. Бид энэхүү төлбөрийг удаа дараа шаарддаг боловч элдэв шалтаг тоочсоор хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн тул шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрсэн. Анх нэхэмжлэлээ шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хэдий ч хариуцагч хуулийн этгээд, түүний гүйцэтгэх удирдлага болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хаяг олдохгүй байснаас шалтгаалаад эрэн сурвалжлуулах ажиллагаа хийсээр 5 жил орчмын хугацаа өнгөрсөн байна. Иймээс бэлтгэн нийлүүлэх гэрээнд заагдсан өмнөх тооцооны үлдэгдэл 22.310.000 төгрөг болон гэрээний 5.3-т заасан алданги болох 11.155.000 төгрөг, нийт 33.465.000 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас гаргуулж өгнө үү. Бид хариуцагчаас борлуулалтын 2 цэгийн тоног төхөөрөмжийг авсан нь үнэн боловч өрөндөө авна гэж тохироогүй. Харин ажиллуулж байгаад өр төлбөрөөсөө хасъя гэж тохирсны дагуу 2 сар ажиллуулаад зөвшөөрөл киоск байсан тул үйл ажиллагаа зогсож, тоног төхөөрөмжөө буцаагаад өгсөн болно гэв.

Хариуцагч Б  ХХК-ийн төлөөлөгч С.Э шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч  Б ХХК нь Азиа линкс ХХК-аас авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өөрсдийн эд хөрөнгө болох бараа бүтээгдэхүүнээ үнэлэн өгч төлсөн болно. Тухайн үед А ХХК-ийг төлөөлж Г.Оюунсанаа,  Б ХХК-ийг төлөөлж С.Эрхэмбаяр миний бие ажиллаж байсан бөгөөд Г.Оюунсанаа нь манай борлуулалтын 2 цэгийг тоног төхөөрөмжийн хамт үнэ тохирон авлагандаа авч тухайн байрлалд талбай ашиглах түрээсийн гэрээг үргэлжлүүлэн хийж, манай хуучин борлуулалтын ажилчдаас цалин тохирч ажиллуулан миний мэдэхээр 6 сар хэртэй ажиллуулж байсан. Түүнээс хойш ахиж надтай холбоо бариагүй. Бид өглөгөндөө тухайн Жетро болон Хөлөг гэсэн хоёр газар ажиллуулж байсан борлуулалтын цэгийн тоног төхөөрөмжийг А ХХК-д үнэ тохирон өгсөн болохыг нотлох баримт, гэрчүүд хангалттай байгаа. Тухайн тоног төхөөрөмжүүдийг элэгдлийг нь хасан үнэлсэн саналаа цахим шуудангаар явуулж байсан. 2016 оноос хойш энэ асуудлаар цагдаад хоёр удаа дуудагдсан ба миний бие дээрх учир байдлыг тайлбарлан хэлж баримт сэлтийг үзүүлснээр тухайн асуудал дуусдаг. Гэвч яагаад дахин шүүхэд гарч ирээд байгааг ойлгохгүй байна. Миний утасны дугаар болон гэрийн хаяг бүгд хуучин хэвээрээ байсаар байтал над руу огт яриагүй, холбоо тогтоогоогүй мөртлөө эзэн холбогдогч олдоогүй удсан мэтээр ярьж, гүтгэж байгаад харамсаж байна. Бид нэг өрийг хоёр төлж чадахгүй. Хэрэв мөнгөө нэхээд байгаа бол тоног төхөөрөмжөө эргүүлж авсны дараа мөнгийг нь өгч болно гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хариуцагч Баркад монголиаХХК-ийн ...................., хариуцагчийн төлөөлөгч С.Э-ын .............. гэсэн нэртэй цахим шууданд тус тус үзлэг хийжхавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б  -нд холбогдуулан бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 33.465.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 18.327.631 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 15.137.369 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, хариуцагч Б нь нэхэмжлэгч Азиа линксХХК-аас ОХУ-ын Саянский Бройлер үйлдвэрийн бүтэн тахианы махыг худалдан авч, төлбөрийг бүтээгдэхүүнийг хүлээн авсан өдөртөө бэлэн болон бэлэн бусаар төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

Энэхүү гэрээгээр талууд бараа, бүтээгдэхүүнийг зээлээр буюу борлуулалт хийгдсэний дараа төлөх нөхцөлтэйгээр байгуулсан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн төлнө гэсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулж байгаа боловч гэрээний гол нөхцөлд хүү төлөхөөр тохиролцоогүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч АХХК нь хариуцагч БХХК-д дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу ямар нэгэн бараа бүтээгдэхүүний нийлүүлээгүй байх ба харин уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар хоёр талын тооцооны ажилтнуудын холбогдох баримтыг үндэслэн тооцоо нийлсэн актын дагуу өмнөх тооцооны үлдэгдэл болох 22.310.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тохиролцсон, талууд энэ талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч АХХК-аас хариуцагч БХХК-ийг худалдах, худалдан авах гэрээний 4.2-т заасан өмнөх тооцооны үлдэгдэл болох 22.310.000 төгрөгийн төлбөрөө төлж барагдуулаагүй тул гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс тооцсон алданги 11.155.000 төгрөгийн хамт нийт 33.465.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч БХХК нь уг төлбөртөө Жетро болон Хөлөг худалдааны цэгт үйл ажиллагаа явуулж байсан тоног төхөөрөмжүүдийг үнэлэн шилжүүлснээр төлбөрийг барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч Баркад монголиаХХК нь нэхэмжлэгч Азиа линксХХК-тай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнөх хугацааны тооцоог нийлэхэд 22.310.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байсныг талууд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж бэлтгэн нийлүүлэх гэрээний 4.2-т тусгаж өгчээ.

Гэвч хариуцагч Б нь энэхүү хугацаанд дээрх төлбөр төлж чадаагүй учир Жетро, Хөлөг, Сансар амгалан гэсэнхудалдааны цэгүүдийн тоног төхөөрөмжийн элэгдлийг хасаж тооцон төлбөртөө тооцон шилжүүлэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч А хүлээн зөвшөөрч, Жетро болон Хөлөг худалдааны цэгт үйл ажиллагаа явуулж байсан тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар, хариуцагч Б болон хариуцагчийн төлөөлөгч С.Э нарын цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Б ХХК нь Жетро худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байсан 7 төрлийн эд хогшил, тоног төхөөрөмжийн элэгдлийг хасаж тооцон нийт 8.640.131 төгрөг, Хөлөг худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байсан 7 төрлийн эд хогшил, тоног төхөөрөмжийн элэгдлийг хасаж тооцон нийт 6.560.131 төгрөг тус тус үнэлсэн үнийн санал явуулсныг эс зөвшөөрсөн хариу ирээгүй байх тул хүлээн авагч болох АХХК-аас хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Гэхдээ Жетро худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байсан 7 төрлийн эд хогшил, тоног төхөөрөмжийн элэгдлийг хасаж тооцонүнэлэхдээ жагсаалтын 6 дугаарт бичигдсэн Кёскаг 6.000.000 төгрөгөөр үнэлээд элэгдэл 950.000 төгрөгийг хасахад 5.050.000болсныг 5.905.000 төгрөг буруу тооцсон байна.

Дээрх тооцооллын дагуу нэхэмжлэгч АХХК-д шилжүүлсэн Хөлөг болон Жетро худалдааны төвийн тоног төхөөрөмжүүдийн үнийг зөвтгөн тооцоход нийт 14.345.262 төгрөг болж байна.

Хариуцагч БХХК-ийн нэхэмжлэгч АХХК-д шилжүүлсэн Хөлөг болон Жетро худалдааны төвийн тоног төхөөрөмжүүдийн нийт үнэ 14.345.262 төгрөг болсон байхад 22.310.000 төгрөгийн төлбөрийг худалдааны цэгт үйл ажиллагаа явуулж байсан тоног төхөөрөмжөө шилжүүлэн өгөх байдлаар бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хариуцагч БХХК нь Сансар амгалан худалдааны цэгийн тоног төхөөрөмжүүдийн үнийн саналыг цахим шуудангаар явуулсан боловч тухайн цэгийн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч А хүлээн аваагүй байх тул дээрх төлбөрөөс хасч тооцох боломжгүй.

Нэхэмжлэгч А ХХК-аас хариуцагч Б -аас түүний Хөлөг болон Жетро худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байсан тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан боловч 2 сар үйл ажиллагаа явуулаад буцаан өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч буцаан хүлээлгэн өгсөн болохоо нотолж, түүнтэй холбоотой баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, хариуцагчаас тоног төхөөрөмжүүдийг буцаан өгсөн болохыг зөвшөөрөхгүй байна.

Иймд хариуцагч Б -ийг 22.310.000 төгрөгийн төлбөрөөс өөрийн Хөлөг болон Жетро худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байсан тоног төхөөрөмжүүдийг АХХК-д шилжүүлэн өгөх байдлаар 14.345.262 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан байх тул үлдэгдэл 7.964.738 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Мөн талуудын хооронд байгуулсан бэлтгэн нийлүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т энэ гэрээнд дурдсан төлбөрийн үлдэгдлээс болон үүргийн гүйцэтгэлээс хэтэрсэн хугацаанд ийнхүү хэтрүүлсэн хоног тутам 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцон хугацаа хэтрүүлсэн тал нөгөө талдаа төлнө гэж заасны дагуу алданги тооцоход алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч БХХК нь 3.982.369 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч БХХК-аас худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 7.964.738 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 3.982.369 төгрөг, нийт 18.327.631 төгрөг гаргуулж нэхэмжлэгч АХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.137.369 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 249.588 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч БХХК-аас 18.327.631 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.137.369 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -аас улсын тэмдэгтийн хураамжид 249.588 төгрөг гаргуулж нэхэмжлэгч АХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР